Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/48

 

Г.Б, Ж.Г  нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Н.Энхнаран   

Прокурор                                                        Д.Нямдэлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч             Д.Г, Д.Х

Өмгөөлөгч                                                      М.Энхтуяа

Шүүгдэгч  нарын өмгөөлөгч                          Д.Галтогтох

Шүүгдэгч                                                         Г.Б, Ж.Г нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/287 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Б, Ж.Г нарт холбогдох эрүүгийн 1721000000057 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Б овогт Гын Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1964 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, Б овогт Ж.Г.

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны .................. тоот хашаанд Г.Отэй маргалдаж улмаар хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр Ж.Гтай бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот өөрийн гэртээ Г.Бийг гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нямдэлэг шүүгдэгч  Г.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар,

шүүгдэгч Ж.Гыг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/287 дугаар шийтгэх тогтоолоор:

- Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

шүүгдэгч Гын Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

- Шүүгдэгч Г.Бийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож,

-  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Гын Бийг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 933 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.Бээс гэм хор учруулсан хохиролд сар бүр 671.904 төгрөг гаргуулж О.Т-г 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь түүний асран хамгаалагч Д.Гд олгож,

- Энэ хэрэгт шүүгдэгч Г.Бийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Баянтүмэнгийн ______ тоотын ________ дугаартай гэрчилгээтэй 0.7 га газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч Ж.Гын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэнгийн 2-11 тоотын _____ дугаартай гэрчилгээтэй 630 м.кв газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн модон иштэй хутга 1 ширхэг, 3 хөлтэй төмөр сандал 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн фудволк, хар хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотуур өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг дурдаж,

- Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Ж.Г нь 330 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Г.Бийн _____________ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ж.Гын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “2020.09.04-ний шүүх хуралдаанд оролцсон шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгч Н.Баярбаатар, Хэнтий аймгийн шүүхийн шүүгч Э.О нар нь Б, Г нарт холбогдох эрүүгийн _______ дугаартай хэргийг хянан хэлэлцээд Ж.Гыг Г.Бийг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн ятгасан үйлдлийг үзүүлсэн байхад Ж.Гыг хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэж байгаа нь дээрх гурван шүүгч өөрийн дотоод үнэлэмжээр хэрэгт шударгаар дүгнэлт хийж чадаагүй илт нэг талыг барьж эрх мэдэл, албан тушаалаа ашиглан санаатайгаар Ж.Г гэм буруутай байна гэж буруутайг тогтоочихоод хэргийг хэрэгсэхгүй болгож ялгүй салгаж байгааг юу гэж ойлгох вэ.

1. Ж.Г нь Бийг хутга аваад гарч байхыг харсан.

2. Г.Бийг боль гэхийн оронд алаад өг, алаад өг гэж бахирч байсан байдаг. Ингэж бахирснаас хойш гэдсэн тус газарт хутгалан амь насыг нь хөнөөсөн.

3. Ж.Г нь ятгах, өш хонзон, атаа жөтөө дэвэргэх аргыг хэрэглэсэн байхад ялгүй салгаж байгааг юу гэж ойлгох вэ.

4. Ж.Г нь Г.Бийг ятгаж амь нас хөнөөхөд хатгасны улмаас хүний амь нас хөнөөсөн. Г.Бийг хүний амь нас хөнөөхөд, гэмт хэрэгт түлхэн яг аминд хүрэх үйлдлийг хийтэл турхирсан хүн бол Ж.Г мөн. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд Гын үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн Гт холбогдох заалтыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Г.Бээс гэм хор учруулсан хохиролд сар бүр 671 904 төгрөг гаргуулж, О.Тийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь түүний асран хамгаалагч Д.Гд олгуулахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Шүүгдэгч Г.Бийн үйлдлийн улмаас Г.Огийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх цалин тэтгэмжийн зөрүү, цалингийн зээлийн үлдэгдэл нийт 10.024.637 төгрөг нэхэмжилсэн бөгөөд цалин тэтгэмжийн зөрүү нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон өдрөөс хойш олгогдох тул нөхөн гаргах хуулийн зохицуулалт байхгүй байна. Цалингийн зээлийн үлдэгдэл нь гэм хор учруулсан шууд хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар талийгаач Г.Огийн цалингийн дунджаас О.Тийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хасч сар бүр 671.904 төгрөгийг гэм хор учруулсны төлбөрт шүүгдэгч Г.Бээс гаргуулж О.Тийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь түүний асран хамгаалагч Д.Гд олгох нь зүйтэй байна...” гэж дүгнэжээ.

6 дугаар хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд Шинь Шинь ХХК-ийн хүний нөөцийн дарга Б.Эрдэнийн 2020.03.26-ны өдрийн тодорхойлолтоор талийгаач Ог 2017 оны 6-р сард 599 907 төгрөг, 2017 оны 7-р сард 904 403 төгрөг, 2017 оны 8-р сард 585 425 төгрөгийн цалин авсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл сарын 696 459 төгрөгийн дундаж цалин хөлстэй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж заажээ.

Г.О нь нас барахаасаа өмнө хүү О.Ттэй хоёулаа амьдардаг байсан болох нь тогтоогдсон бөгөөд түүний 1 сарын дундаж цалин 348 230 төгрөг хасаад О.Тд ноогдох 348 230 төгрөгнөөс тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг хасч зөрүүг түүнд олгуулах ёстой.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г мэдүүлэхдээ О.Т нь сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэмжид 280 000 төгрөг авдаг талаар хэлж байсан. Иймд О.Тт ноогдох 348230 - 280000= 68230 төгрөгийг сар бүр Г.Бээс гаргуулан О.Тт 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь түүний асран хамгаалагч Д.Гд олгох ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хариу тайлбартаа: “Д.Галтогтох, Г.Б нар давж заалдах гомдолдоо амь хохирогч Г.Огийн хүүд олгох гэм хор учруулсны төлбөрийг багасгах талаар бичиж тооцоо гаргаж өгчээ. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Амь хохирогч Огийн цалинг зөвхөн гарт ирэх бэлэн мөнгөөр тооцож байгаа нь үндэслэлгүй.

2017 оны 6-р сард 751 119 төгрөг, 7-р сард 1 114 250 төгрөг, 8-р сард 739 413 төгрөгийн цалин авсан болох нь даатгалын хэлтсийн лавлагаа, Шинь Шинь ХХК-ийн 2017 оны 2-7 сарын цалингийн хүснэгтээр нотлогдож байгаа болно. Шинь Шинь ХХК-ийн хүний нөөцийн дарга 2020.03.26-нд тодорхойлолт өгөхдөө гарт олгогдох дүнгээр тодорхойлж өгсөн байсан тул дахин хөөцөлдөж байж цалингийн тооцооны хүснэгтийг гаргуулсан болно.

Мөн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингийн бүрэлдэхүүнийг тодруулах зорилгоор архивын лавлагаа авсан. Үүгээр сарын дундаж цалин 868 260 төгрөг гэж гарч байгаа.

Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж 188 000 төгрөгөөр тогтоогдсон. Монгол Улсын хэмжээнд хүүхэд бүрт корона вирусын өвчлөлийн асуудалтай холбоотойгоор өгч буй 100 000 төгрөг бол тэжээгчээ алдсаны тэтгэмж биш билээ. Иймд 1 хүнд ноогдох цалингаас энэ 100 000 төгрөг хасагдах ёсгүй болно.

Харин талийгаач 2017.09.04-өөс хойш 2020.04.20 хүртэлх хугацаанд цалингийн тэтгэмжийн зөрүү 5 827 653.80 мөнгө нэхэмжилснийг шүүхээс үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон. Энэ талаар гомдолдоо дурьдах байснаа орхигдуулжээ.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон өдрөөс хойш олгогдох ёстой гэсэн ойлголт хуульд заагдаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд эрүүл мэндээрээ хохирсон хүн авч чадаагүй цалин хөлсөө шаардах эрхтэй гэж байхад, гэм буруутайг тооцсоноос хойш олгоно гэж шүүх тайлбарлаж хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Үүнийг шүүх анхаарч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г гаргасан тайлбартаа: Гомдолтой байна. Энэ хүмүүс нэг нь боль, байг гэхийн оронд “...ал ал, алаад өг...” гэж хашгирч, нөгөө нь гэдсэн дээр нь гарч хутгалж, дэндүү яргалж алсан. Гэтэл өнөөдөр яагаад “...хүүгийн минь ялыг багасгаад өг. Намайг ялгүй болгоод өг...” гэж гуйгаад байгаа юм бэ. Ах, дүү нар нь шүүхээр байна. Арай хэтэрч байна. Ял өгөхгүй байх тусам би гомдлоо гаргаж явна. Гт ял өгүүлнэ. Би эцсээ хүртэл тэмцэнэ. Хүүгийнх нь нүдэн дээр эцгийг нь санаатайгаар яргалж алчихаад өнөөдөр яагаад ичихгүй ял гуйгаад, шүүхийн ах, дүү нараараа хөөцөлдүүлээд байгаа юм бэ. Анхан шатны шүүх нөхөн төлбөрийг нас барсан өдрөөс нь эхлэн гаргаагүй. Нас барсан өдрөөс нь гаргуулах ёстой гэж бодож байна. Хүү нь аавыгаа санаад зовж шаналж байна шүү дээ. “...Ах, дүү нар маань шүүхээр байдаг. Би ялгүй болсон. Одоо хүүгээ ялгүй болгоно...” гээд яриад явж байна гэсэн. Хүний урманд уучлал гуйгаагүй. Хутга аваад гарахыг нь харсаар байж болиулж болоогүй юм уу. Огийн хувьд аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Хүү маань 9 сард нас барсан. “...10 сард зээл авч байранд орно...” гэж ярьж байсан. Би үнэхээр гомдолтой байна. Эцсээ хүртэл тэмцэх болно гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Гын хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна...” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Учир нь, Бийг хутга аваад гарахыг Г харж байсан. Болиулах байтал араас нь дагаж гараад “...наадахаа алаад өг...” гэж хашгирсан байдаг. Энэ нь тогтоогдож байгаа талаар шүүх өмнө нь тогтоолдоо дурдсан байгаа. Хохирогчийн гэдсэнд хутгалснаас болж амь хохирсон. Гэрчүүд “...эхлээд араас нь хоёр ч удаа хатгасан. Эргээд харахад нь доогуур нь хатгаад байсан. Түүний дараа газар унагаж байгаад гэдэс рүү нь хатгасан...” талаар тодорхой хэлдэг. Г “...алаад өг...” гэхийн оронд очоод салгасан бол амьд байх боломжтой байсан. Өнөөдөр Б “...би тэгж хэлэхийг нь сонсоогүй...” гэдэг. Ямар ч хүн аавыгаа тэгж хэлсэн гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Хамгийн сүүлийн амь насанд хүрсэн хутгалалтаас өмнө салгасан бол яах байсан юм. Тиймээс “...гэмт хэрэг хийхэд өдөөсөн, түлхсэн. Эцэг, хүү хоёр бүлэглэж, санаатай алсан...” гэдэг байдлаар гомдол гаргасан. Гэрт байхад хүртэл Бийн доороос арай гэж өндийгөөд, босож ирж байхад нь сандлаар цохиж байгаа юм. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг дээр маш тодорхой байгаа. Талийгаач хүүтэйгээ амьдарч байсан. ...Хэрүүл маргааныг Б үүсгэсэн байдаг. Огийн ээжийг “...танай гичий, янхан ээж чинь...” гэх зэргээр хэлсэн. Ямар хүн ээжийгээ тэгж хэлүүлээд зүгээр байх юм бэ. Энэ асуудлаас болж хэрүүл маргаан үүссэн.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б гаргасан тайлбартаа: Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байгаа. Намайг үнэхээр уучлаарай. Миний аав Г намайг хутга аваад гарч байхыг хараагүй. Би хүн хутгалчихаад гэр лүүгээ гүйгээд ороход аав гэртээ л байсан. Гэрээс огт гараагүй. Намайг хүн хутгалсныг ч мэдээгүй. Намайг гэр лүү гүйж ороод “...би хүн хутгалчихлаа...” гэж хэлэхэд л мэдсэн. Энэ талаар гэрчүүд анхны хоёр мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Аав надтай хамт цагдан хоригдож байгаад эдгээр мэдүүлэгт үндэслэж, аавд авсан байсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг гаргасан. Түүнээс хойш “...алаад өг...” гэсэн үгийг нэмж хэлсэн байдаг. Ингээд одоог хүртэл “...алаад өг...” гэдэг үгийг ярьсаар л байгаа. Миний аав энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Миний хувьд Тт олгох тэтгэмжийн хэмжээг арай өндөр гаргасан гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Г гаргасан тайлбартаа: Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх гэм хор учруулсны хохиролд Бээс сар бүр 678 904 төгрөгийг гаргуулж, Тт олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ асуудал дээр Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. “Шинь шинь” ХХК-аас Огийн гарт олгогдох цэвэр цалингийн хэмжээг 3 сараар гаргаж өгсөн байдаг. Энэ 3 сарын цалингаас дундаж цалингийн хэмжээг гаргахад 696 459 төгрөг гарч байна. Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн цалингийн хэмжээ бол ямар нэгэн шимтгэл суутгал хасагдаагүй дүн байгаа. Шимтгэл суутгалыг хасаж, тухайн өрхөд ирж байгаа цэвэр цалинг өөрийнх нь орлого гэж үзэх ёстой. ...Талийгаач Огийн хувьд хүү Тийн хамт амьдардаг байсан. Иймд өрхөд ирж байгаа цэвэр дүнгээс өөрт нь оногдох хэсэг буюу 348 230 төгрөг нь хасагдаж, үлдсэн мөнгө нь Тт оногдох учиртай байсан. Мөн Т нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг төрөөс авч байгаа. Хохирогчийн гаргаж өгсөн дэвтрээс харахад 2020 оны 03 дугаар сар хүртэл авч байсан тэтгэмжийн хэмжээ нь 188 000 төгрөг гэж харагдаж байсан. ...Тэтгэмж хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 05 сарын 01-ээс 288 000 төгрөг болсон талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлж байна. Иймд энэ дүнг хасаж тооцох ёстой. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “...шүүх гэм хорын хохирлыг гэм буруутай нь тогтоогдсоноос хойш гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Гэмт хэрэг гарсан үеэс тогтоох ёстой...” гэж тайлбарлаж байгаатай санал нэг байна. Энэ нь хүн ёсны, шударга ёсны зарчимд нийцнэ.

Миний хувьд хохирлын зөрүүний асуудлыг дундаж цалинг тодорхойлох зааврын дагуу шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Ингээд 6, 7, 8 дугаар сарын цалингийн дундажийг гаргахад 868 260 төгрөг болж байсан. Тэтгэмжийн зөрүүний асуудлыг шүүхээс буруу тооцсон гэж үзэж байгаа. Түүнчлэн хүүхэд аавыгаа нас барсан өдрөөс эхлээд тэжээн тэтгүүлэх асуудал нь байхгүй болсон шүү дээ. Гэтэл анхан шатны шүүх гэм буруутай нь тогтоогдсон үеэс буюу 2020 оны 09 дүгээр сараас тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байна. 288 000 төгрөгийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу ойлгоод хариулчихлаа гэж бодож байсан. Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х гаргасан тайлбартаа: Энэ хэрэг бол 2017 оны 09 сарын 03-ны өдөр болсон хэрэг. Өнөөдрийг хүртэл 4 жил шахуу болж байна. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад гэрчийн анхны мэдүүлгийг урж хаясан. Тухайн үед улсын яллагчаар Мөнхбаяр байхдаа “...Гын зүйлчлэлийг өөрчилж байгаад таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоно...” гэж байсан. Мөн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн шүүх хурал дээр энэ хүмүүсийн хамаатан болох Ө.Нарансувд орж байсан. Энэ бүгдээс харахад энэ хүмүүс анхнаасаа арын хаалгатай, аль болох ялгүй салгах, хэргийг хэрэгсэхгүй болгох гэж нэг талыг барьж ирсэнд хуулийнханд гомдолтой байгаа. Энэ алуурчин миний дүүг олон удаа хутгалж амь насыг нь хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Миний дүүгийн амь насыг хохирооход Г “...ал ал, алаад өг...” гэж хашгирч, гол үүрэг гүйцэтгэсэн. Эрүүгийн хуульд “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно. Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасан. Энэ заалтыг Гт хэрэглэх байсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад шударгаар дүгнэлт хийж чадахгүй, эрх мэдэл албан тушаалаа ашиглан, шүүхийн байгууллагад ажиллаж байгаа танилын нүүр халуун гэдгээр хатгагчийг ялгүй салгаж, ял завшуулж байгаад гомдолтой байна. Бийн хувьд ял нь багадсан. Энэ хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Энэ хүн “...ал ал, алаад өг...” гэж хашгираагүй бол миний дүү амьд байх байсан. Энэ хүн миний дүүг хөдөлж чадахгүй, түшүүлж гарах хэмжээний болтол сандлаар цохиогүй байсан бол зугтаачих байсан. Иймд энэ хүнийг ялгүй салгаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Цаашдаа гомдлоо гаргаад явна. Шүүхэд энэ хүмүүсийн хамаатан хоёр ч нарийн бичиг байсан. Нэг нь одоо ч байгаа. Тиймээс энэ алуурчинг ялгүй салгаж байгаа юм гэв.

Прокурор Д.Нямдэлэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлд зааснаар учруулсан хохирлыг гэм буруутай этгээд төлөх ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...иргэний журмаар шийдвэрлэж болно...” гэж байх шиг байна. Эрүүгийн хуульд гэм хор, хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх талаар зохицуулж өгсөн байгаа. Иймд хамтад нь шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн Бд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзсэн. Гын хувьд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэсэн асуудлыг буруу гэж үзэхгүй байна. Иймд прокуророос эсэргүүцэл бичээгүй гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдолд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Нэг: Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот хашаанд Г.Отэй маргалдаж онц харгис хэрцгийгээр буюу амь хохирогч Г.Огийн биед олон удаа хутгалж, олон тооны шарх, гэмтэл учруулж улмаар хэвлийн хөндий рүү нэвтэрч баруун бөөрний өөхөн эд, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан болох нь шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.М, О.Т, М.Х, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ж.Г, гэрч Н.Э, А.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102, 103, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 91 тоот дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 43 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дахин шинжилгээ хийсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 493 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүх шүүгдэгч Г.Бд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүнийг бүлэглэж алсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Түүнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан төдийгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд бүрэн тохирсон байна.

Хоёр: Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны 2-11 тоот өөрийн гэртээ Г.Бийг гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Амь хохирогч Г.О нь  шүүгдэгч Г.Бийн үйлдлийн улмаас биедээ олон тооны шарх гэмтэл авч улмаар хэвлийн урд хананд хүйсний баруун дээд хэсгээр урдаас арагш, доороос дээш чиглэлтэй хэвлийн хөндий рүү нэвтэрч баруун бөөрний өөхөн эд, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шүүгдэгч Ж.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Ж.Гын үйлдлийн хувьд 2017 оны 09 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед амь хохирогч Г.О өөрийн хүү О.Тийг авахаар очиход Г.Б нь Г.Отэй маргалдан улмаар зодолдох үед Ж.Г нь хохирогч Г.Огийн толгой руу төмөр сандлаар цохисон гэдэг нь тогтоогдсон харин гадаа гараад “алаад өг, алаад өг” гэж хашгирсан гэх үйлдэл нь эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Тухайн хэрэг үйлдэгдэх үед 15 настай М.М, 13 настай М.Х, 9 настай О.Т нар хажууд нь байсан бөгөөд насанд хүрээгүй гэрч М.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 5 удаа /1-р хх-64-67, 78-79, 4-р хх-16-17, 6-р хх-1-3, 68-71/ мэдүүлэг өгөхдөө “...Ж.Г ах гэрээсээ гарч ирээгүй, түүний алаад өг, алаад өг гэж хэлэхийг сонсоогүй...” гэж мэдүүлсэн бол насанд хүрээгүй гэрч О.Т 2017 оны 09 дүгээр сарын 06, 25-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэгтээ “...Г өвөө гэрээсээ гарч ирээгүй, гэртээ байсан...” гэж мэдүүлж байсан боловч 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “...Г гэрийнхээ довжоон дээр зогсоод “алаад өг, алаад өг” гэж хэлж байсан...” гэж мэдүүлсэн;  насанд хүрээгүй гэрч М.Х 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...би айгаад гэрээс гараад хашааны гадна талд гарч зүүн хойшоо яваад нэлээд хол очоод зогсож байхад хэсэг хугацааны дараа М эгч, Т нар О ахыг хоёр талаас нь түшээд Г ахын хашаанаас гараад ирэхээр нь би өөдөөс нь очоод ахыг түшилцээд явсан...” гэж /1-р хх-72-73/ мэдүүлж байсан бол  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  “...О ахыг Б хашаан дотор унагаад цохиж зодох үед би хашааны дотор талд ороод хаалганы хажууд тэднийг хараад зогсож байсан. Тэр үед Г довжоон дээрээ зогсоод “Наад муугаа алаад өг, алаад өг” гэж бахирсан” гэж /2-р хх-139-140/, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “...Би хашааны хаалганы хойд талд зогсож байсан. О ахыг гадаа газар уначихсан байхад нь Б ах дээрээс нь сууж байгаад гэдэс рүү нь хутгалж байсан. ...Г гэрийнхээ довжоон дээр зогсоод “алаад өг, алаад өг” гэж хэлж байсан...” гэж /4-р хх-14-15/ тус тус мэдүүлжээ.

Эдгээр насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж үзэхэд О.Т эхний өгсөн мэдүүлэгтээ “... Г өвөө гэрээсээ гарч ирээгүй, гэртээ байсан...” гэж мэдүүлж байсан боловч 2 жилийн дараа  2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “...Г гэрийнхээ довжоон дээр зогсоод “алаад өг, алаад өг” гэж хэлж байсан...” гэж мэдүүлсэн;  М.Хүслэн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “...М эгч, Т нар О ахыг хоёр талаас нь түшээд Г ахын хашаанаас гараад ирэхээр нь би өөдөөс нь очоод ахыг түшилцээд явсан...” гэж мэдүүлж байсан бол 3 сарын дараа дахин мэдүүлэг өгөхдөө “...О ахыг Б хашаан дотор унагаад цохиж зодох үед би хашааны дотор талд ороод хаалганы хажууд тэднийг хараад зогсож байсан. Тэр үед Г довжоон дээрээ зогсоод “Наад муугаа алаад өг, алаад өг” гэж бахирсан” гэж өөрөөр мэдүүлсэн, эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авахдаа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гг оролцуулсан нь мэдүүлгийн үнэн зөв, бодит байдалд эргэлзэх үндэслэл бүхий эргэлзээг үүсгэж байна.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Гыг хүн алах гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэдэг нь тогтоогдоогүй өөрөөр хэлбэл Ж.Гын үйлдэлд “хүнийг санаатай алах” талаар өдөөн түлхсэн, ятгасан, энэхүү гэмт хэргийг үйлдэх талаар бусадтай урьдчилан хүсэл зоригоо нэгтгэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд гарцаагүй хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэх шинжийг хангасан үйлдэл гаргаагүй гэж үзэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ггийн “...Анхан шатны шүүхийн Гт холбогдох заалтыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Гэхдээ анхан шатны шүүх Ж.Гт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа түүнийг цагаатгалгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнээс гадна шүүх шүүгдэгчээс гэм хорын төлбөрийг гаргуулахдаа “Амь хохирогчид” оногдох хэсгийг хасахгүйгээр тооцсон нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгтэй нийцээгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Мөн төлбөрийг амь хохирсон үеэс тооцож нөхөн гаргуулах нь зүйтэй байх тул дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Амь хохирогч Г.Огийн цалингийн дундажийг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7а-д заасны дагуу түүний ажилласан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцлоо.

Г.О нь “Шинь шинь” ХХК-д 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласнаас хойш 2017 оны 6 дугаар сард 751119 төгрөгийн, 7 дугаар сард 1114250 төгрөгийн, 8 дугаар сард 739414 төгрөгийн нийт 2,604,782 төгрөгийн цалин авсан ба дундаж цалин нь 868260 төгрөгөөр тогтоогдов. Үүнээс нас барагчид оногдох хэсгийг хасахад 434130 төгрөг, мөн нас барагчийн хүү О.Тийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид авч буй 188000 төгрөгийг хасч тооцоход 246130 төгрөг гарч байна.

Иймд шүүгдэгч Г.Бээс гэм хор учруулсны төлбөрт 246130 төгрөгийг сар бүр гаргуулж, бага насны хохирогч О.Тт одоогоор асран хамгаалагчаар тогтоогдсон Д.Гд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолын 5 дахь хэсгийн 5.3-т “нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шааардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр 288000 төгрөг олгох”-оор шийдвэрлэсний дагуу О.Т нь 2020 оны 05 дугаар сараас сар бүр 288 000 төгрөг авчээ.

Иймд дээрх тогтоолыг үндэслэн нэмж олгогдож буй 100,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хасаж 146130 төгрөгийг /Засгийн газрын тогтоол хүчинтэй байх хугацаанд/ сар бүр, түүнээс хойш О.Тийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл 246130 төгрөгийг сар бүр олговол зохино.

Түүнчлэн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сар хүртэлх нийт 36 сарын гэм хор учруулсны төлбөрийг нөхөн гаргуулахдаа шүүгдэгчийн сар бүр төлөх 246130 төгрөгөөр тооцож, 8860680 төгрөгөөс О.Тийн 2020 оны 05 дугаар  сараас 8 дугаар сарыг дуусталх хугацаанд авсан 400000 төгрөгийг /Засгийн газрын 2020 оны 167 дугаар тогтоолоор/ хасч үлдэх 8460680 төгрөгийг шүүгдэгч Г.Бээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Г.Огийн цалингийн зээлийн үлдэгдлийг шүүгдэгчээр төлүүлэхийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ дүгнэж бичсэн боловч тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул 4196983 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/287 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

Шүүгдэгч Гын Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,  

“Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Жодовын Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

Шүүгдэгч Гын Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж;

6 дугаар заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.Бээс гэм хор учруулсан хохиролд сар бүр 671.904 төгрөг гаргуулж О.Тийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь түүний асран хамгаалагч Д.Гд олгосугай” гэснийг,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бээс амь хохирогч Г.Огийн хүү О.Тт гэм хор учруулсны төлбөрт 8460680 /найман сая дөрвөн зуун жаран мянга зургаан зуун ная/ төгрөгийг нөхөн гаргуулахаар тогтоож; гэм хор учруулсны төлбөрт цаашид 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл буюу Засгийн газрын 2020 оны 167 дугаар тогтоолын үйлчлэх хугацаанд сар бүр 146130 /нэг зуун дөчин зургаан мянга нэг зуун гуч/ төгрөгөөр; түүнээс хойш  О.Тийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл  сар бүр 246130 /хоёр зуун дөчин зургаан мянга нэг зуун гуч/ төгрөгөөр тооцон гаргуулж О.Т (одоогоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г)-т тус тус олгож; амь хохирогч Г.Огийн цалингийн зээлийн үлдэгдэлд нэхэмжилсэн 4196983 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ггийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                                        ШҮҮГЧИД                                            З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                                     Ж.ДОЛГОРМАА