Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 162

 

“Буянт Салхит Өргөө” сууц

өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00995/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1086 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч “Буянт  Салхит Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Бүргэд овогт О-ын О-д холбогдох 

          “Хог хаягдлын үйлчилгээний төлбөр тооцооны хөлс болох 152.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Буянт  Салхит Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны захирал Б.Жаргалсайхан, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сумын Засаг даргын тамгын газрын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Салхит 3 дугаар багийн ахуйн хог тээвэр гүйцэтгэх зориулалтаар нийлүүлэгдсэн Hyundai porter маркийн цагаан өнгийн ******* ДАХ улсын дугаартай автомашины ашиглалтын зардлыг хямдруулах, үр ашгийг нэмэгдүүлэх ажлын бэлэн байдлыг хангахтай холбогдсон гэрээний дагуу “Буянт  Салхит Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь тус Салхит 3 дугаар багт хог хаягдлын үйлчилгээг эрхлэн явуулдаг. Хог тээвэр гүйцэтгэх зориулалтаар нийлүүлэгдсэн тус авто машиныг “Буянт  Салхит Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны захирал Б.Жаргалсайхан 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай гэрээ байгуулсны үндсэн дээр багийн аж ахуй нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, айл өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэх, буулгах үйл ажиллагааг явуулдаг.

Харин нийтийн орон сууцны айл өрхийн хог хаягдлыг цэвэрлэх, ачих,тээвэрлэх, буулгах үйлчилгээг эрхэлдэг. Иргэн, иргэнийхээ үүргийг ухамсарлан гэрээний, гэрээний бусаар хог хаягдлын үйлчилгээний төлбөр тооцоог Дархан-Уул аймаг болон Хонгор суманд мөрдөгдөж буй хууль, тогтоол, хуралдааны тогтоосон төлбөр тооцоогоор авдаг. Гэтэл О.О- нь нийтийн орон сууцны хог хаягдлын төв цэг 100 метр хүрэхгүй зайд 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сарыг дуустал үсчин, оёдолчны бизнес эрхэлж үйл ажиллагаа явуулж байх үедээ хог хаягдлын үйлчилгээний төлбөр тооцоо хийхгүй удаа дараа шаардуулан, гэрээ хийхээр очиход хүлээн зөвшөөрөхгүй, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг дэмждэггүй, иргэний эрх үүрэг байхгүй, хууль бус үйл ажиллагаа, ямар ч дүрэм журам байхгүй, хариуцлага хүлээх чадваргүй, хогныхоо мөнгө бүх юмаа өөрсдийн дураар болон сонирхлоор хийсэн гэж төлбөр тооцоогоо хийхгүй байгаа. “Буянт  Салхит Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны орлогын байцаагч С.******* нь О.О-ы ярьсан яриаг СD-д буулган хавсаргав. Мэдэгдэл өгч, гэрээ хийхээр очиход хүлээж авдаггүй. Дээрх иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг боловч хуулиар заасан иргэний үүргээ биелүүлдэггүй. Хог хаягдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дүгээр хэсэгт заасан Иргэн аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

            УБТЗ-ын Б.О.С-ны 1 дүгээр ангитай 2014 оны 09 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл ажлын байр түрээсэлсэн. Сууц өмчлөгчдийн холбоонд хогны мөнгө төлөх үндэслэл байхгүй учир нь манай түрээслүүлэгч байгууллага төлдөг. Би давхар төлөх учиргүй. Мөн хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 03 дугаар сарын 04-ний тогтоол, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23/03 тогтоолоор сард 2000 төгрөг төлөх ёстой болно. 2015 оны 10 дугаар сарын 28-ны 2/872 тоот Хонгор сумын засаг даргын захирамжийн дагуу үүргээ биелүүлээгүй учир хог тээвэрлэх гэрээ цуцлагдсан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/533 тоот албан бичгийн дагуу уг Сууц өмчлөгчдийн холбоо нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Өөрийн ажлын байр гаргаж, жижиг бизнес эрхэлж эхэлсэн боловч Сууц өмчлөгчдийн холбооны удаа дараагийн дарамт шахалтаас болж ажлын байраа өгсөн. Би сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, журмыг дагаж мөрдөх ёстой. Би сууц өмчлөгчдийн холбооны гишүүн биш. Иймд сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Би хариуцагч биш. Жинхэнэ хариуцагчийг Б.О.С-ны 1 дүгээр анги гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1086 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч О.О-аас  76.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Буянт Салхит Өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, 76.000  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилантөсөн 5210 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1086 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт хийж чадаагүй, буруу үнэлж шийдвэр гаргасан. “Буянт Салхит Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо өмнө нь Хонгор сумын засаг даргын тамгын газартай гэрээ хийж ажиллаж байгаад гэрээний үүрэг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээ нь цуцлагдсан байсан. Дахин үйл ажиллагаа явуулах гэрээг хийгээгүй дур мэдэн үйл ажиллагаа явуулж оршин суугчид болон түрээслэгчдээс үндэслэлгүй мөнгө нэхэж байгаа юм. Хонгор сумын засаг даргын тамгын газраас ирүүлсэн албан тоотоор энэ нотлогдоно. Б.Жаргалсайхан гэж хүн дураараа өөрийгөө сууц өмчлөгчдийн холбооны дарга гэж нийтэд зарлаж мөнгө нэхээд байгаа болохоос бүрэн утгаараа ажиллаад оршин суугчдын дундын өмчийг харж хамгаалж засаж сэлбэж байгаа зүйл огт байхгүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй зөвшөөрөлгүй этгээдийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч ”Буянт салхит өргөө” СӨХ  хариуцагч О.О-аас  хог хаягдлын хураамж 152.000  төгрөгийг нэхэмжилснээс 78.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоо нь 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдаж / хх-6 хуудас/ хуульд заасан чиг үүргийн дагуу  үйл ажиллагаа явуулж  байгаа бөгөөд  Хонгор сумын Салхит багийн  Засаг дарга нь  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.19-д заасны дагуу харьяалсан нутаг дэвсгэрт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх энэ талаар гарсан  Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг биелүүлэх үүднээс  тус сууц өмчлөгчдийн холбоотой  хог хаягдлыг зайлуулах ажлыг зохион байгуулах  чиглэлд хамтран ажиллах  нийтийн эрх зүйн гэрээг байгуулан ажиллажээ.

Сууц өмчлөгчдийн холбоо нь дээрх гэрээг хэрэгжүүлж байгаа чиг үүргийн дагуу хог татаж зайлуулсан тээвэрлэлтийн үйлчилгээний хураамж  төлөөгүй иргэд байгууллагаас тус хөлсийг нэхэмжилж байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасан нэхэмжлэл гаргах эрхэд нийцэж байх тул хариуцагчийн нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Тухайн СӨХ-ны үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэрт үсчин, оёдолчны үйл ажиллагаа явуулж байгаа хариуцагч нь тус СӨХ-той хог хаягдлыг тээвэрлүүлэх  гэрээ хийгээгүй бөгөөд  үйлдвэрлэл үйлчилгээнээс гарсан хог хаягдлыг өөрөө татаж  зайлуулдаг талаар шүүхэд баримт ирүүлээгүй, хэргийн 38 дугаар хуудаст  Улаанбаатар төмөр замын барилга ашиглалт үйлчилгээний нэгдүгээр ангийн 2016 оны 217 тоот албан бичгээр  түрээслэгч О.О- нь хог хаягдлыг татан зайлуулах гэрээ хийгээгүй тул төлбөр төлдөггүй болохыг  тодорхойлсон байна.

Хэдийгээр СӨХ-той хог хаягдлын гэрээ байгуулаагүй ч өөрийн гаргасан хог хаягдлыг татан зайлуулах, зайлуулсны төлбөр төлөх үүргийг Хог хаягдлын тухай хуулийн 20 дугаар зүйлээр  иргэн аж ахуйн нэгжид оногдуулсан байна.

Энэ утгаараа СӨХ-ны нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь шаардлагаа шүүхэд нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Учир нь  хариуцагч 2014 оны 9 сараас 2016 оны 3 сар хүртэлх хугацаанд тухайн СӨХ-ны үйл ажиллагааны хамрах нутаг дэвсгэрт байрлах байранд түрээсийн гэрээгээр  үйл ажиллагаа явуулж байжээ.

Нэхэмжлэл болон хэргийн материалаас тухайн этгээд хувиараа хөдөлмөр эрхэлж байсан эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан эсэх нь тодорхойгүй байна.

Дээрх саруудын хог хаягдлын хураамжийн хэмжээг тодорхойлохдоо нэхэмжлэгч үсчин болон оёдолчин гэж 2 аж ахуйн нэгжээр хураамжийг тооцсон нь  хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрсөн нэг үндэслэл болсон байна.  Иймд хариуцагчийг хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн алин болохыг шүүхэд нотлох шаардлагатай байжээ.

Түүнчлэн гэрээгүй учраас тухайн орон нутагт эрх бүхий этгээдийн тогтоосон үнээр хураамж нэхэмжилсэн гэж байгаа боловч тухайн тарифийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

           Өөрөөр хэлбэл  хувиараа үйлчилгээ эсхүл аж ахуй эрхэлж байгаа иргэнээс сард авах хураамжийн хэмжээ тодорхойгүй байна.

Хэргийн 21 дүгээр хуудаст Дархан уул аймаг Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23/03 тоот хог хаягдлын тээвэрлэлтийн үйлчилгээний үнийг шинэчлэн тогтоосон тогтоол авагджээ. Энэ тогтоолын үйлчлэл нь 2014 оны 9 сараас 2013 оны 3 сар хүртэлх  хугацаагаар тооцсон нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Уг тогтоолоор өмнө нь үйлчилж байсан 2013 оны 03/04 тоот тогтоолыг хүчингүй болгосон гэж дурдсан бөгөөд хүчингүй болсон тогтоолыг шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх хугацаанд үйлчилгээний хөлс хэдэн төгрөг байсан нь тодорхойгүй байна.

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь  шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагад нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргаж буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЦЭЦЭГ                       

                                       ШҮҮГЧИД                                             С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                     О.НАРАНГЭРЭЛ