Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 815

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 28 өдөр          Дугаар 181/ШШ2016/00815          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар   

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой 1 дүгээр гудамж, 17 тоотод оршин суух, Цагаан шилт овогт Лодойсамбуугийн Болормаа /РД:ЦЖ77072360/-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,  

 

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Болормаа,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаар шийдвэрээр Л.Болормаагаас 71,807,850 төгрөгийг гаргуулж М.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны, 1 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008115 дугаарт бүртгэлтэй 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээч 70,365,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлж, шийдвэр гүйцэтгэгч түүнээс бууруулж 70 хувь 49,255,500 төгрөгөөр үнэлж, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах нь хууль зөрчиж байна гэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан.

Шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожав нь үнэлгээний мэдэгдэл болон анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15 цагт хүлээлгэж өгсөн.

Төлбөр төлөгч Л.Болормаа би Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Анхтуяад 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 3 хоногийн дотор хуульд заасны дагуу хуулийн хугацаандаа гомдол гаргасан. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Анхтуяа нь гаргасан гомдлын талаар хариуг өгөхдөө хуулийн хугацаа хэтэрсэн байна гэж учир битүүлгээр гомдлын хариуг өгсөн байна. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээж аваад 3 хоногийн дотор тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байхад хугацаа хэтэрсэн гэх худлаа ойлгомжгүй хариуг өгсөн.

Тус албанаас зохион байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дээрх орон сууцыг 49,255,500 төгрөгөөр үнэ бууруулж оруулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаар шийдвэрээр Л.Болормаагаас 71,807,850 төгрөгийг гаргуулж М.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Болормаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны, 1 тоотод байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008115 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 159/05 лугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Л.Болормаа болон тухайн байрны өмчлөгч М.Долгорсүрэн нараас 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/16749, 3/16750 дугаартай албан бичгээр үнийн саналыг авахад үнийн саналыг ирүүлээгүй, төлбөр авагч М.Гантулгын зүгээс шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн.

Тус албанаас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-аар тогтоолгоход 70,365,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг байрны өмчлөгч М.Долгорсүрэнд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/19477 албан бичгээр, төлбөр төлөгч Л.Болормаад тус өдрийн 3/19478 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж, төлбөр төлөгчийн 91911510 дугаартай утсаар үнэлгээг танилцуулж, нөхөр Ж.Жанчивдоржид мэдэгдлийг үлдээх талаар төлбөр төлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу мэдэгдлийн 1 хувийг үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсан.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 49,255,500 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Долгорсүрэн, төлбөр төлөгч Л.Болормаа нарт 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20563, 3/20564 дугаартай албан бичгээр мэдэгдэж төлбөр төлөгчийн 91911510 дугаарын утсанд холбогдож эрх, үүргийг танилцуулж, тэмдэглэл хөтөлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Төлбөр төлөгч Л.Болормаад 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/19474 дугаартай албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж тэмдэглэл хөтөлсөн анхны албадан худалдаанд оруулах мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаагүй, урьдчилан шийдвэрлүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд М.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Н.Гомбожав нь хуулийн дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах явцад төлбөр төлөгч Л.Болормаа нь хугацаа хожиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилгоор илт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, төлбөр авагчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.

Шийдвэр гүйцэтгэгч Н.Гомбожав нь цаг тухай бүрт нь ажиллагаа хийж, мэдэгдэл хүргүүлж, төлбөр төлөгчид мэдэгдэж байсан, мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заагдсаны дагуу барьцаа хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээ болох 70,365,000 төгрөгийн 70%-аар тооцон, 49,255,500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж байгаа үйлдэл нь хууль зөрчөөгүй болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Болормаа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан.  

 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан ба гуравдагч этгээд хариуцагчийн татгалзлыг дэмжиж байна. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.    

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаар захирамжид үндэслэн бичигдсэн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1089 тоот гүйцэтгэх хуудсыг хүлээн авч, Л.Болормаагаас 71,807,850 төгрөг гаргуулж М.Гантулгад олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үүсгэжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008115 дугаарт бүртгэлтэй М.Долгорсүрэнгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот хаягт байршилтай 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 159/05 тоот актаар битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны дотор төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хураан авах мэдэгдэл өгч, улмаар 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 159/07 тоот актаар хураасан ба 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дотор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа өгөхийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/16750, 3/16749 тоот мэдэгдлүүдээр өмчлөгч М.Долгорсүрэн болон төлбөр төлөгч Л.Болормаа нарт мэдэгдсэн байна.

 

Өмчлөгч болон төлбөр төлөгч нар заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч М.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилж, орон сууцны үнэлгээг тогтоолгохоор болжээ.

 

Шинжээч нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 16/34 тоот дүгнэлтээрээ уг орон сууцыг 70,365,000 төгрөгөөр үнэлсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоогдсон дээрх үнэлгээний 70 хувь болох 49,255,500 төгрөгөөр тогтоох болсныг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Л.Болормаад 91911510 дугаарын утсаар мэдэгдэж, өөрийнх нь зөвшөөрлийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/19478 тоот мэдэгдлийг нөхөр Ж.Жанчивдоржид нь үлдээсэн бол өмчлөгч М.Долгорсүрэнд хамт амьдардаг насанд хүрсэн Э.Нарантуяад нь 3/19477 тоот мэдэгдлийг гардуулж, хэн алинд нь үнэлгээн дээр гомдолтой тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж өгсөн байна.

 

Улмаар 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, энэ тухай нийтэд Үндэсний шуудан сонины 106 дугаараар дамжуулан мэдээлж, төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20563, 3/20564 тоот мэдэгдлүүдээр мэдэгдэж, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт анхны дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, орон сууц худалдан борлогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээний 70%-иар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйн зэрэгцээ нэхэмжлэгч нь үнэлгээтэй холбоотой гомдлоо өөрт мэдэгдсэн өрдөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульд заасан хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийн тогтоосон үнэлгээг Л.Болормаад 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр утсаар мэдэгдэж, энэ тухай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/19478 тоот мэдэгдлийг хамт амьдардаг насанд хүрсэн хүнээр нь дамжуулан хүргэсэн болох нь тогтоогдсон тул тэрээр үнэлгээтэй холбоотой гомдлоо 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор шүүхэд гаргах ёстой байсан боловч хугацаа хэтрүүлж 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд тус тус гомдол гаргажээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул “Лэндс” ХХК-ийн үнэлгээ хүчин төгөлдөр, уг үнэлгээний 70%-аар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д нийцсэн гэж үзнэ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдэж, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлж, тогтоогдсон үнэлгээний талаар болон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4-т заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдааны үнэ тогтоож, албадан дуудлага худалдааг зохион байгуулсныг хуулиар тогтоосон ажиллагааны журам зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.Болормаагийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон    

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн Л.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА