Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 880

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 05 өдөр            Дугаар 181/ШШ2016/00880               Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                      

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, 24/3 дугаар байр, 8 тоотод оршин суух, Хатиган овогт Гөлгөөгийн Энхболд /РД:ЛЮ68061736/-ын нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох хурлын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Г.Энхболдын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, 24/3 дугаар байрны 8 тоот 62.26 м.кв 2 өрөө орон сууцны үнэлгээг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 170,000,000 төгрөгийн 70 хувь буюу 119,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.

Дээрх харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 170,000,000 төгрөгийн үнийн саналыг Г.Энхболд тухайн үед байраа зарах бодолгүй байсан болохоор тэр хавийн байр ямар үнэтэй болохыг мэдэлгүй хэлсэн санал бөгөөд манай байрны байрлаж байгаа газар зэрэглэл, байрны чанар зэргийг харгалзаж үзвэл 190,000,000 төгрөгөөс доошгүй үнэлгээтэй болохыг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаанаас харж мэдсэн болно.

Мөн 170,000,000 төгрөгийн үнийн саналын 70 хувиар тооцож, дуудлага худалдааны анхны үнийг тогтоох талаар шийдвэр гүйцэтгэгчээс түүнд хэлж, тайлбарлаагүй тул Г.Энхболдын өмчлөлийн байрыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна.

Түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05991 дүгээр шийдвэрээр Г.Энхболдоос 157,540,950 төгрөгийг гаргуулж Д.Оюунсувдад олгохоор шийдвэрлэснээс биш заавал дээрх хаягт байрлах байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрлээгүй бөгөөд тэрээр дээрх төлбөрийг С.Батмөнх гэх иргэнээс авах газрыг зарж борлуулж, барагдуулахаар хөөцөлдөж байгаа талаар хэлж, тайлбарлаж байсан боловч заавал байрыг нь зарах гээд байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Иймээс түүний өмчлөлийн байрыг зах зээлийн үнээс доогуур үнэлж, дуудлага худалдааны анхны үнийг тогтоож, албадан дуудлага худалдаа зарласан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/194 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэж өгнө үү.

Энэхүү нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 дахь албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулах тогтоол гарсан байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/186 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг мөн хүчингүй болгож өгнө үү.

Тэрчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох хурлаар Г.Энхболдын орон сууцыг хураахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү. Учир нь уг ажиллагааны талаар түүнд урьдчилан мэдэгдээгүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, хуурч мэхэлж явуулсан.

Иймд анхны албадан дуудлага худалдааны тогтоол, үнэлгээг хүчингүй болгуулах, хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05991 дүгээр шийдвэрээр Г.Энхболдоос 157,540,950 төгрөгийг гаргуулж Д.Оюунсувдад олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон /17041/, Туул гол гудамж, 24/3 дугаар байрны 8 тоот орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 190/05 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 190/06 тоот тогтоолоор хураан авч 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч Г.Энхболдоос үнийн санал авахад 170,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцсон тогтоосон үнэ болох 170,000,000 төгрөгийн 70 хувиар 119,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 3/14897 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/194 тоот тогтоолыг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагвад мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Г.Энхболдын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хурлаар шийдвэрлэсэн. Энэ хуралд төлбөр төлөгч Г.Энхболд өөрийн биеэр оролцсон бөгөөд эрх үүргийг тайлбарлаж өгөхөд Г.Энхболд ямар нэгэн хүсэлт гомдол гаргаагүй болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан ба Г.Энхболд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж хугацаа авах зорилгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхболд нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.     

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5991 дүгээр шийдвэрээр Г.Энхболдоос 156,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 940,950 төгрөгийн хамт гаргуулж Д.Оюунсувдад олгохоор шийдвэрлэсний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3279 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16290042 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019957 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, 24/3-8 тоотод байршилтай 62.26 м.кв талбайтай орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 190/05 тоот актаар битүүмжилж, төлбөр төлөх 7 хоногийн хугацаа тогтоосон ба тогтоосон хугацаанд төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 190/06 тоот актаар орон сууцыг хураан авсан байна.

 

Төлбөр төлөгч Г.Энхболд нь хураагдсан орон сууцаа 170,000,000 төгрөгөөр үнэлж байгаа тухайгаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр мэдэгдсэний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба мөн өдөр түүнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу уг үнэлгээний 70%-аар тооцож, анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохыг анхааруулж, эрх, үүргийг нь тайлбарлан танилцуулсан байна.

 

Улмаар төлбөр авагч нь төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 170,000,000 төгрөгийн үнэлгээний 70% болох 119,000,000 төгрөгөөр тогтоох болсныг Г.Энхболдод 99003580 дугаарын утсаар мэдэгдэж, энэ талаарх 3/14897 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, энэ тухай нийтэд Өнөөдөр сонины 099 /5792/ дугаараар дамжуулан мэдээлж, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/16315 тоот албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Г.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагвад гардуулжээ.

 

Анхны албадан дуудлага худалдаа 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт явагдсан боловч Г.Энхболдын өмчлөлийн орон сууцанд үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь заалтын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хоёр дахь дуудлага худалдааг явуулах үндэслэлтэй болж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг товлож, оролцогчоос санал болгох доод үнийг 85,000,000 төгрөгөөр байхаар нийтэд мэдээлсэн ба энэ тухай 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагвад мэдэгдэж, 3/20497 тоот мэдэгдлийг гаруулсан байна. 

2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан боловч Г.Энхболдын өмчлөлийн орон сууцанд мөн үнийн санал ирээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр санал болгох комиссын хурал зохион байгуулж, төлбөр төлөгч Г.Энхболд, төлбөр авагч Д.Оюунсувд нарыг байлцуулан хийсэн уг хурлаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй Г.Энхболдын өмчлөлийн орон сууцыг төлбөр авагчид санал болгосон ба уг саналыг төлбөр авагч зөвшөөрсөн тул зөвшөөрсөн үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлбөрөө бүрэн төлөөлөөгүй тохиолдолд орон сууцыг Д.Оюунсувдын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заагаагүй хөрөнгөөс ажиллагаа явуулсан, зах зээлийн үнээс хэт доогуур үнэ тогтоогдсон, үнийн саналын 70%-аар албадан дуудлага худалдааны доод үнэ тогтоогддог талаар тайлбарлаагүй, санал болгох хуралд өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Г.Энхболдын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019957 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, 24/3-8 тоотод байршилтай 62.26 м.кв талбайтай орон сууцнаас төлбөр гаргуулах үндэслэлээр орон сууцыг битүүмжилж, хурааж, төлбөр төлөгч болон төлбөр авагчаас үнийн санал авч, 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцож авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, 37 дугаар зүйлийн 37.1, 43 дугаар зүйлийн 43.1, 45 дугаар зүйлийн 45.1, 48 дугаар зүйлийн 48.7, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 177 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Өмчийн эзэн хөрөнгөө үнэлэхдээ тодорхой тооцоо, судалгаа хийгээгүй байдалд шүүх хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул үнэлгээний талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, тэрчлэн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр түүний өгсөн үнэлгээний 70%-аар тооцон албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох талаар хариуцагч тайлбарласан нь мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралд биечлэн оролцсон Г.Энхболд хурлын үед өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлт, санал гаргаагүй нь мөн өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын протоколоор тус тус тогтоогдсон тул “үнийн саналын 70%-аар албадан дуудлага худалдааны доод үнэ тогтоогддог талаар тайлбарлаагүй”, “санал болгох хуралд өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаагүй” гэх нэхэмжлэгчийн гомдол мөн адил үндэслэлгүй байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэж үзэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон    

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай Г.Энхболдын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА