Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2029

 

 

Г.Энхболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00880 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Энхболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол болон 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох хурлын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхболдын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон, Туул гол гудамж, 24/3 дугаар байрны 8 тоот 62.26 м.кв 2 өрөө орон сууцны үнэлгээг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 170 000 000 төгрөгийн 70 хувь буюу 119 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. Дээрх харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 170 000 000 төгрөгийн үнийн саналыг Г.Энхболд тухайн үед байраа зарах бодолгүй байсан болохоор тэр хавийн байр ямар үнэтэй болохыг мэдэлгүй хэлсэн санал бөгөөд манай байрны байрлаж байгаа газар зэрэглэл, байрны чанар зэргийг харгалзаж үзвэл 190 000 000 төгрөгөөс доошгүй үнэлгээтэй болохыг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаанаас харж мэдсэн болно. Мөн 170 000 000 төгрөгийн үнийн саналын 70 хувиар тооцож, дуудлага худалдааны анхны үнийг тогтоох талаар шийдвэр гүйцэтгэгчээс түүнд хэлж, тайлбарлаагүй тул Г.Энхболдын өмчлөлийн байрыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна. Түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05991 дүгээр шийдвэрээр Г.Энхболдоос 157 540 950 төгрөгийг гаргуулж Д.Оюунсувдад олгохоор шийдвэрлэснээс биш заавал дээрх хаягт байрлах байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрлээгүй бөгөөд тэрээр дээрх төлбөрийг С.Батмөнх гэх иргэнээс авах газрыг зарж борлуулж, барагдуулахаар хөөцөлдөж байгаа талаар хэлж, тайлбарлаж байсан боловч заавал байрыг нь зарах гээд байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймээс түүний өмчлөлийн байрыг зах зээлийн үнээс доогуур үнэлж, дуудлага худалдааны анхны үнийг тогтоож, албадан дуудлага худалдаа зарласан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/194 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэж өгнө үү.

Энэхүү нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 дахь албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулах тогтоол гарсан байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/186 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг мөн хүчингүй болгож өгнө үү.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох хурлаар Г.Энхболдын орон сууцыг хураахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү. Учир нь уг ажиллагааны талаар түүнд урьдчилан мэдэгдээгүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, хуурч мэхэлж явуулсан. Иймд анхны албадан дуудлага худалдааны тогтоол, үнэлгээг хүчингүй болгуулах, хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05991 дүгээр шийдвэрээр Г.Энхболдоос 157 540 950 төгрөгийг гаргуулж Д.Оюунсувдад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон /17041/, Туул гол гудамж, 24/3 дугаар байрны 8 тоот орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 190/05 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 190/06 тоот тогтоолоор хураан авч 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч Г.Энхболдоос үнийн санал авахад 170 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцсон тогтоосон үнэ болох 170 000 000 төгрөгийн 70 хувиар 119 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 3/14897 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/194 тоот тогтоолыг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагвад мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Г.Энхболдын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хурлаар шийдвэрлэсэн. Энэ хуралд төлбөр төлөгч Г.Энхболд өөрийн биеэр оролцсон бөгөөд эрх үүргийг тайлбарлаж өгөхөд Г.Энхболд ямар нэгэн хүсэлт гомдол гаргаагүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан ба Г.Энхболд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж хугацаа авах зорилгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай Г.Энхболдын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Ц.Чинтуяа нь утсаар дуудсаны дагуу ажил дээр нь очиход "байрныхаа үнэлгээг хэдээр үнэлэх вэ?" гэж асуухаар нь цаад учрыг нь огт ойлгоогүй, тэгээд ч байраа зарах бодолгүй, С.Батмөнхөөс төлбөрөө гаргуулах хүсэлтэй байсан учир тэр хавийн байр ямар үнэтэй болохыг мэдэлгүй 170 000 000 төгрөг гэж хэлэхэд үнийн санал гэж надаар бичүүлж авсан. Өөрөөр хэлбэр Ц.Чинтуяа нь 170 000 000 төгрөгийн үнийн саналын 70 хувиар тооцож дуудлага худалдааны анхны үнийг тогтоох талаар хэлж тайлбарлаагүй хууль зүйн учир холбогдлыг нь ойлгуулж хэлээгүй. Дараа нь манай байрны байрлаж байгаа газар, зэрэглэл, барилгын чанар болон бусад давуу талуудыг өөрөө болон холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаанаас харж мэдээд байрныхаа үнэлгээг зохих газраар нь дахин гаргуулах хүсэлт тавьсан боловч анхны хууран мэхлэх замаар бичүүлж авсан үнэлгээгээр үнэлсэнд гомдолтой байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.5-д заасныг зөрчсөн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/194 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна.

2016 оны 5 дугаар сарын 27-ны едрийн 6/186 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4, 34 дүгээр зүйлийн 34.4, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасны дагуу түдгэлзүүлж өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй. 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр Г.Энхболдыг утсаар дуудсаны дагуу очиход "та наанаа хүлээж бай" гэж хүлээлгэж байгаад гэнэт санал болгох хуралд ямар ч ойлголтгүйгээр, юу болох гэж байгааг ч тайлбарлалгүйгээр оруулсан бөгөөд тэрээр өмгөөлөгчтэйгээ хамт энэ хуралд оролцьё гэхэд түүний хүсэлтийг хүлээн аваагүйгээр хурлын протоколд энэ талаар бичигдээгүй байдаг. Г.Энхболд нь Д.Оюунсувдаас өөрийн байрыг барьцаалан 100 000 000 төгрөгийг авч С.Батмөнхөд нэг ч төгрөг авалгүй шууд шилжүүлсэн баримт байдаг бөгөөд энэ байдлаас болж байраа алдахад хүрч байна. Г.Энхболд нь хууль зүйн мэдлэггүйгээсээ мөн шийдвэр гүйцэтгэгч Ц.Чинтуяа нь удаа дараа Г.Энхболдыг хууран мэхлэх замаар учир холбогдлыг нь тайлбарлаж ойлгуулаагүйгээс болж өвлийн хүйтэнд түүний эхнэр хүүхдийн эрх ашгийг ч ноцтойгоор хөндөж орон байргүй болгож байгаад гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Энхболд нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/05991 дүгээр шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.Энхболдоос 156 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунсувдад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                                                           /Хэргийн 37-38 дугаар тал/

 

Уг шийдвэрийн биелэлтийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч Г.Энхболдын эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явагджээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон Туул гол гудамж 24/3 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 190/05 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 190/06 тоот тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байна.         /хэргийн 45-47 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч Г.Энхболд нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон Туул гол гудамж 24/3 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 170 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгснийг төлбөр авагч Д.Оюунсувд зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний талаар талууд харилцан тохиролцсон гэж үзнэ.        

/хэргийн 48, 50 дугаар тал/

 

Дээрх орон сууцыг 170 000 000 төгрөгийн 70 хувь буюу 119 000 000 төгрөгөөр үнэлж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/194 дүгээр тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нарын харилцан тохиролцсон 170 000 000 төгрөгийн 50 хувь буюу 85 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/186 дугаар тогтоолоор 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй болох нь хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын протоколоор тогтоогдож байна.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч Д.Оюунсувдад санал болгож, барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт бүрэн бүтэн байдлаар сайн дураар султган чөлөөлж шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг шүүх хянан шийдвэрлэх журмыг зохицуулжээ.

 

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурал болж төлбөр төлөгч нь төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагч Д.Оюунсувдад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мөрөөдөл хотхон Туул гол гудамж 24/3 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг шилжүүлэхээр шийдвэрлэжээ.                           /хэргийн 84-86 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, хуулиар тогтоосон журам зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн санал болгох комиссын хурлыг хуульд заасан журмын дагуу хийх ёстой ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэгч хийсэн байгаа тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Энхболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                          ШҮҮГЧИД                                               С.ЭНХТӨР

 

                                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ