Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 879

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 05 өдөр            Дугаар 181/ШШ2016/00879              Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                      

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 78 дугаар байр, 3 тоотод оршин суух, Богд Очирваань овогт Хүдэрийн Төгсбилэг /РД:ХЕ78091007/-ийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.                                  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1633 дугаар шүүгчийн захирамжаар Х.Төгсбилэг нараас 140,154 ам.доллар, 589,479 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Х.Төгсбилэг нарын зүгээс 14,000,000 төгрөгийг төлж барагдуулаад байгаа бөгөөд төлбөр авагчийн хүсэлтээр шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байгаа болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хураан авсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 27/1 дүгээр байрны 1 давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013200 дугаарт бүртгэлтэй, 498 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зах зээлийн үнэ тогтоолгох шинжээч томилж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 170 дугаар шинжээчийн дүгнэлт гарч, 1,245,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг үнэлгээг хийлгэхдээ төлбөр төлөгч Х.Төгсбилэгээс үнийн санал аваагүй, мөн үнэлгээ хийх болон хийсэн талаар мэдэгдээгүй болно. Х.Төгсбилэг миний бие 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд очиж, Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэгтэй танилцах үедээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргаж өгсөн нотлох баримтаас мэдсэн бөгөөд зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн байсныг мэдсэн.

Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж байгаа бөгөөд төлбөр төлөгч Х.Төгсбилэгээс үнийн санал аваагүй, үнэлгээ гарсныг мэдэгдэлгүй ажиллагаа явуулсан байна.

Иймд төлбөр төлөгч Х.Төгсбилэг нарын барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 27/1 дугаар байрны 1 давхарт байрлах 498 м.кв 10 өрөө үйлчилгээний объектыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1633 дугаар захирамжаар Э.Баярчулуун, Х.Төгсбилэг нараас 140,154 ам доллар, улсын тэмдэгтийн хураамж 589,479 төгрөгийг тус тус гаргуулж Хас банкинд оргохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/01 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 498 м.кв талбайтай 10 өрөө бүхий үйлчилгээний зориулалттай объектыг битүүмжилж, хураасан.

Төлбөр төлөгч Э.Баярчулуунтай шийдвэр гүйцэтгэгч н.Дунгармаа 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр биечлэн уулзаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1- д заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2/3088 тоот хугацаатай мэдэгдлийг өгсөн.

Мөн төлбөр төлөгч Х.Төгсбилэгтэй шийдвэр гүйцэтгэгч н.Дунгармаа нь 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр биечлэн уулзаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2/3088 тоот албан бичгээр өгсөн.

Төлбөр төлөгч Э.Баярчулуунтай биечлэн уулзаж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа ирүүлэх тухай 2014.02.24-ний өдрийн 2/3407 тоот албан бичгийг дахин өгч Х.Төгсбилэгт мэдэгдэхийг сануулсан.

Төлбөр төлөгч Х.Төгсбилэгт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2/3407 тоот албан бичгийг Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар 2014 оны 2 дугаар 26-ны өдөр хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй.

Төлбөр төлөгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/01 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 498 м.кв талбайтай 10 өрөө бүхий үйлчилгээний зориулалттай объектыг 1,245,000,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Э.Баярчулуунд биечлэн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3/5449 тоот албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгч Х.Төгсбилэгт 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2/5450 тоот албан бичгийг Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр оршин суух хаягаар хүргүүлсэн болно.

Төлбөр төлөгч Э.Баярчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 8032 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх, нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж гарч уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно.

  1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 19- ний өдрийн 2391 дүгээр шийдвэрээр,
  2. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 812 дугаар магадлалаар,
  3. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 702 дугаар тогтоолоор гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч Э.Баярчулуун, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа нь “Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж, төлбөр төлөгч Х.Төгсбилэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа нь “Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 6548 дугаартай “шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж гарч уг захирамжийн дагуу 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

- Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3908 дугаар шийдвэрээр “Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай” нэхэмжлэгч Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нарын нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн төлбөр төлөгч Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нар нь дахин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг 871,500,000 төгрөгөөс дуудан албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон ажиллагаа болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн гомдол гаргасныг дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 41082 дугаартай “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж гарч уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8039 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 354 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2016/00481 дүгээр тогтоолоор гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Х.Төгсбилэг дахин Баянзүрх,       Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний      хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 сарын 09-ний өдрийн 101/Ш32016/10143 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Төгсбилэгийн “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн.

Гэтэл төлбөр төлөгч Х.Төгсбилэг нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны дүгээр шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 101/Ш32016/21190 дугаартай “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж гарч уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 4 дэх удаа түдгэлзүүлээд байна.

Төлбөр төлөгч Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нар нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 1633 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байж удаа дараа албадан дуудлага худалдаа болон үнэлгээ хүчингүй болгох асуудлаар шүүхэд ээжлэн нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасаар байна. Төлбөр төлөгч Х.Төгсбилэг, Э.Баярчулуун, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлүүд нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болж, гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэж байсан.

Иймд дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор төлбөр төлөгч Х.Төгсбилэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэнгийн нэхэмжлэл няцаагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэгчийн “үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Төгсбилэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.     

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1633 дугаар захирамжаар Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нараас 140,145 ам.долларыг  улсын тэмдэгтийн хураамж 589,479 төгрөгийн хамт гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 148/01 тоот “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013200 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 27/01 дүгээр байрны 1 давхарт байрлах 498 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг битүүмжилж, 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 148/02 тоот актаар хурааж, 2014 оны 2 дугаар сарын 24-ний дотор үнийн талаар саналаа өгөхийг төлбөр төлөгчид 2/3088 тоот албан бичгээр мэдэгдэж, уг албан бичгийг 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Х.Төгсбилэгт танилцуулсан байна.

 

Мөн 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2/3407 тоот албан бичгээр үнийн санал авах хугацааг 2014 оны 2 дугаар сарын 27-ны 10 цаг болгон сунгаж, энэхүү мэдэгдлийг Х.Төгсбилэгт баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/01 дүгээр байрны 1 давхарт байрлах 498 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектын зах зээлийн үнийг 1,245,000,000 төгрөгөөр тогтоолгосон ба үнэлгээний талаарх 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3/5450 тоот мэдэгдлийг 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар Х.Төгсбилэгт хүргүүлжээ.

 

Ийнхүү Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үнэлгээний талаарх санал авах мэдэгдэл, шинжээчийн тогтоосон үнийн талаарх мэдэгдэл зэргийг төлбөр төлөгч Х.Төгсбилэгийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т нийцсэн гэж үзнэ.

 

Харин төлбөр төлөгч Х.Төгсбилэг үнэлгээний талаарх гомдлоо хамгийн анх 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул шүүх түүний гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Үүний зэрэгцээ Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нараас 140,145 ам.долларыг 589,479 төгрөгийн хамт гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1633 дугаар захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад

- “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Э.Баярчулуун нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2391 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 812 дугаар магадлал, Улсын Дээд шүүх 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 702 дугаар тогтоолоор “эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэж хэрэгсэхгүй болгож,

-2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нарын нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3908 дугаар шийдвэрээр “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нэхэмжлэгч Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нарын эрхийг хязгаарласан, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй” гэж хэрэгсэхгүй болгож,

-Үл хөдлөх эд хөрөнгийг 871,500,000 төгрөгөөс дуудан албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон ажиллагаа болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нарын нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8039 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 354 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 481 дүгээр тогтоолоор “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, уг ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн” гэж хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байх ба эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр болжээ.

 

Хүчин төгөлдөр дээрх шийдвэрүүдээр Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нараас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй нь тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар энэ үйл баримтыг дахин нотлохгүй болно.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Х.Төгсбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон    

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.Төгсбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.       

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА