Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1925

 

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2016/01925

 

 

Х.Төгсбилэгийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00879 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Төгсбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэнгийн шүүхэд гагасан нэхэмжлэлийг дэмжиж өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1633 дугаар шүүгчийн захирамжаар Х.Төгсбилэг нараас 140,154 ам.доллар, 589,479 төгрөг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Х.Төгсбилэг нарын зүгээс 14,000,000 төгрөгийг төлж барагдуулаад байгаа бөгөөд төлбөр авагчийн хүсэлтээр шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байгаа болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хураан авсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 27/1 дүгээр байрны 1 давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013200 дугаарт бүртгэлтэй, 498 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зах зээлийн үнэ тогтоолгох шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 170 дугаар шинжээчийн дүгнэлт гарч, 1,245,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг үнэлгээг хийлгэхдээ төлбөр төлөгч Х.Төгсбилэгээс үнийн санал аваагүй, мөн үнэлгээ хийх болон хийсэн талаар мэдэгдээгүй болно. Х.Төгсбилэг миний бие 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд очиж, Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэгтэй танилцах үедээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргаж өгсөн нотлох баримтаас мэдсэн бөгөөд зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн байсныг мэдсэн. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж байгаа бөгөөд төлбөр төлөгч Х.Төгсбилэгээс үнийн санал аваагүй, үнэлгээ гарсныг мэдэгдэлгүй ажиллагаа явуулсан байна. Иймд төлбөр төлөгч Х.Төгсбилэг нарын барьцаа хөрөнгө Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 27/1 дугаар байрны 1 давхарт байрлах 498 м.кв 10 өрөө үйлчилгээний объектыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1633 дугаар захирамжаар Э.Баярчулуун, Х.Төгсбилэг нараас 140,154 ам доллар, улсын тэмдэгтийн хураамж 589,479 төгрөгийг тус тус гаргуулж Хас банкинд оргохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/01 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 498 м.кв талбайтай 10 өрөө бүхий үйлчилгээний зориулалттай объектыг битүүмжилж, хураасан.

Төлбөр төлөгч Э.Баярчулуунтай шийдвэр гүйцэтгэгч н.Дунгармаа 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр биечлэн уулзаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2/3088 тоот хугацаатай мэдэгдлийг өгсөн. Мөн төлбөр төлөгч Х.Төгсбилэгтэй шийдвэр гүйцэтгэгч н.Дунгармаа нь 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр биечлэн уулзаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2/3088 тоот албан бичгээр өгсөн. Төлбөр төлөгч Э.Баярчулуунтай биечлэн уулзаж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа ирүүлэх тухай 2014.02.24-ний өдрийн 2/3407 тоот албан бичгийг дахин өгч Х.Төгсбилэгт мэдэгдэхийг сануулсан. Төлбөр төлөгч Х.Төгсбилэгт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2/3407 тоот албан бичгийг Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй.

Төлбөр төлөгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ хийлгэхэд барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/01 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 498 м.кв талбайтай 10 өрөө бүхий үйлчилгээний зориулалттай объектыг 1,245,000,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Э.Баярчулуунд биечлэн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3/5449 тоот албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгч Х.Төгсбилэгт 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2/5450 тоот албан бичгийг Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр оршин суух хаягаар хүргүүлсэн болно.

Төлбөр төлөгч Э.Баярчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 8032 дугаартай хүсэлт шийдвэрлэх, нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарч уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2391 дүгээр шийдвэрээр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 812 дугаар магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 702 дугаар тогтоолоор гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч Э.Баярчулуун, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа нь Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж, төлбөр төлөгч Х.Төгсбилэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа нь Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 6548 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарч уг захирамжийн дагуу 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3908 дугаар шийдвэрээр Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нарын нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн төлбөр төлөгч Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нар нь дахин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг 871,500,000 төгрөгөөс дуудан албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон ажиллагаа болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн гомдол гаргасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 41082 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарч уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8039 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 354 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2016/00481 дүгээр тогтоолоор гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Х.Төгсбилэг дахин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 сарын 09-ний өдрийн 101/Ш32016/10143 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Төгсбилэгийн Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн. Гэтэл төлбөр төлөгч Х.Төгсбилэг нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны дүгээр шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 101/Ш32016/21190 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарч уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 4 дэх удаа түдгэлзүүлээд байна. Төлбөр төлөгч Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нар нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 1633 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байж удаа дараа албадан дуудлага худалдаа болон үнэлгээ хүчингүй болгох асуудлаар шүүхэд ээлжлэн нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасаар байна. Төлбөр төлөгч Х.Төгсбилэг, Э.Баярчулуун, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлүүд нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болж, гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэж байсан.

Иймд дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор төлбөр төлөгч Х.Төгсбилэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэнгийн нэхэмжлэл няцаагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэгчийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.Төгсбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Залуучуудын өргөн чөлөө 27\1 дүгээр байрны 1 давхарт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013200 дугаарт бүртгэлтэй, 498 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зах зээлийн үнэ тогтоолгох шинжээч томилон, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 170 дугаар шинжээчийн дүгнэлт гаргаж, 1.245.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээг хийлгэхдээ төлбөр төлөгч Х.Төгсбилэгээс үнийн санал аваагүй, мөн үнэлээгээ хийх болон хийсэн талаар мэдэгдээгүй болно. Х.Төгсбилэг нь 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд очиж, Х.Төгсбилэг, Э.Баярчулуун нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэрэгтэй танилцах үедээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргаж өгсөн нотлох баримтаас мэдсэн бөгөөд зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн байсныг мэдлээ. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд төлбөр төлөгч Х.Төгсбилэгээс үнийн санал аваагүй, үнэлгээ гарсныг мэдэгдэлгүй явуулсан байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181\ШШ2О16\00879 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ. 

 

Нэхэмжлэгч Х.Төгсбилэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...үнэлгээ хуулийн дагуу явагдсан”  гэж маргажээ.

 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1633 дугаар захирамжаар Э.Баярчулуун, Х.Төгсбилэг нараас 140 145 ам.долларыг Хас банкинд олгох шийдвэртэй гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч Э.Баярчулуун, Х.Төгсбилэг нарт төлбөрийг сайн дураар гүйцэтгэх тухай мэдэгдэл хүргүүлж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Залуучуудын өргөн чөлөө 27\1 дүгээр байрны 1 давхарт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013200 дугаарт бүртгэлтэй, 498 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг битүүмжилж, хураан авсан, уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, ажиллагаа хуулийн дагуу явагджээ. /х.х-ийн  48-50 хуудас/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч нараас үнийн санал авахаар мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч тэдгээр нь саналаа ирүүлээгүй байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. /хх-51, 55, 58/

 

Шинжээчийн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр дээрх 498 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгын үнэлгээг 1 245 000 000 төгрөгөөр тогтоосон ба үнэлгээ тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Х.Төгсбилэгт 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн, хамтран төлбөр хариуцагч Э.Баярчулуунд биечлэн мэдэгдэж гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагджээ. Төлбөр төлөгч Х.Төгсбилэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргах байтал  2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээг үгүйсгэх үндэслэл бүхий баримтыг шүүхэд гаргаагүй, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00879 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

Ш.ОЮУНХАНД