| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оросоогийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 135/2016/00656/и |
| Дугаар | 163 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 163
Х.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/00656/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 923 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Улаангууд овогт Х-ийн Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Бүргэд овогт Ж-ын С-д холбогдох
“Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 18 дугаар байр 25 тоот 18 мкв талбай 1 өрөө орон сууцны зориулалттай байрны өмчлөгч болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюун-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Х.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Х.Б- миний бие хүргэн ах Ж.С-гийн хүсэлтээр түүний найз, бизнесийн хамтрагч болох 19 дүгээр сургуульд (Д.Амартүвшин) 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 40.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай өөрийн хадгаламжийг барьцаалан зээл авч өгсөн. 19 дүгээр сургууль нь надаас зээлсэн мөнгөө төлж барагдуулах боломжгүй байсан тул өөрийн эзэмшлийн 11 дүгээр баг, 18-25 тоот байрыг зээлийн зөрүү төлбөрт 37.500.000 төгрөгөөр худалдан авахыг санал болгосон. Миний бие уг саналыг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тус байрыг худалдан авсан. Дээр дурдсан байрыг анх миний эгч Х.Оюунбаяр, хүргэн Ж.С- нар Худалдаа Хөгжлийн Банкны орон сууцны зээлээр худалдан авч байсан. 19 дүгээр сургууль нь 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Х.Оюунбаяр, хүргэн Ж.С- нарын нэр дээр үргэлжлүүлэх нөхцөл бүхий орон сууц худалдах гэрээгээр худалдан авсан юм. 19 дүгээр сургууль тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр банкны зээлийг бүрэн төлж барагдуулснаар энэ байрны эзэмшигч болсон. /10 дугаар сарын 24-ны өдөр Ж.С- нь өөрөө Оюу Толгойд ажиллаж байсан тул эхнэртээ байрыг 19 дүгээр сургуульд шилжүүлж өгөх итгэмжлэл хийж байсныг үзнэ үү/. Гэвч өөрийн болгож авсан энэхүү байраа 19 дүгээр сургууль надад худалдахаар болсон тул зардал хэмнэх үүднээс үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэлгүй, эх хувиар нь түлхүүрийн хамт надад хүлээлгэн өгч үл хөдлөхийн гэрчилгээний нэр шилжүүлэх ажлыг байрны анхны эзэмшигч болох миний эгч Х.Оюунбаяр, хүргэн ах Ж.С- нарт итгэн даатгасан юм. Тодорхой шалтгааны улмаас эгч дүүс бидний дунд итгэлцэл байсан учраас бид энэ байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрчлөх гэж тухайн үед яараагүй юм. Өнгөрсөн оны 3 дугаар сараас Ж.С- нь эхнэрээ үндэслэлгүй хардаж өөрийн оюутан охины хамт гэрээсээ хөөж явуулсан. Мөн гэр бүлийн өмч хөрөнгийн маргаандаа миний худалдан авсан байрыг оролцуулж надад шилжүүлж өгөхгүй, өөрийнх нь гэж дайрах болсон. Түүгээр зогсохгүй тус байрыг түрээслэгчид руу утастах, мессеж бичиж, өөрийн биеэр очих, бусдыг явуулах зэргээр байрнаас хөөж, өөртэй нь түрээсийн гэрээ хийхийг шаардах зэрэг үйлдэл хийсээр байгаа. 19 дүгээр сургууль нь 2009 оны 12 дугаар сарыг дуустал орон сууцны зээлийн төлбөрийг төлөхдөө хэсэг хугацаанд Ж.С-гийн данс руу мөнгөө шилжүүлж, түүгээр дамжуулж төлбөрөө хийдэг байсан. Ж.С- нь үүнийг ашиглан, миний байр би өөрөө төлбөрийг нь төлдөг байсан гэж маргалдаж яваа юм. Тэрээр хэсэг хугацаанд дансанд нь 19 дүгээр сургуулиас шилжүүлгээр орж ирсэн мөнгийг тухайн дүнгээр нь дамжуулан төлж байснаас биш өөрөө хувиасаа гаргаж төлж байгаагүйг Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаас шалгана уу. 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус байрыг захиран зарцуулах түүний эрх дуусгавар болж, захиран зарцуулах ямар ч үйлдэл хийгээгүй. Тиймээс та бүхэн миний нэхэмжлэлийг судлан үзээд энэхүү байрны жинхэнэ эзэмшигчийг Х.Б- миний бие болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.С- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэлд дурдагдсан улсын бүртгэлийн эрхийн 2003007084 дугаар бүхий Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол 18 дугаар байр 25 тоот 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай байрыг Х.Оюунбаяр, Ж.С- бид хамтран 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Машбатаас худалдан авсан юм. Уг орон сууцыг бид /өмчлөгч Х.Оюунбаяр, Ж.С- нар/ Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч худалдан авсан бөгөөд зээлийг 2013 онд бүрэн төлж дуусган хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд үүнээс хойш одоог хүртэл уг хөрөнгөнд хамааралтай ямар нэгэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ хэлэлцээр хийгдэж үүрэг хүлээлгэсэн зүйл байхгүй болно. Миний бие уг эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн эхийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Х.Оюунбаярт өгсөн. Өмчлөгч бид 2008 онд иргэн Даваацэцэгт уг орон сууцыг худалдахаар гэрээ хийж тохирсон байсан боловч иргэн Даваацэцэг нь уг байрыг худалдан авахаас татгалзсанаар энэхүү гэрээ биелэгдээгүй юм. Нэхэмжлэгч Х.Б- нь уг эд хөрөнгийн өмчлөгч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд дурдагдсан бусад зүйлс нь мөн адил иргэн Ж.С- надад болон Х.Оюунбаяр нарт хамаарах хувийн өмч хөрөнгө, гэр бүлийн дотоод асуудал гэж үзэж буй тул Х.Б-т тайлбар өгөхийг зохимжгүй гэж үзэж байна. Иргэн Х.Б-ын төрсөн эгч болох Х.Оюунбаяр болон Ж.С- бидний хооронд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаантай асуудал 2015 оны 5 дугаар сараас эхлэн үүсэж одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа. Х.Оюунбаяр бид хоёрын дундын өмчлөлд байгаа Дархан-Уул аймагт орших орон сууцны зориулалттай 3 ширхэг байр, Улаанбаатар хотод орших нийтийн орон сууцны зориулалттай 1 ширхэг байр, Дархан-Уул аймагт орших амины орон сууцны зориулалт бүхий 1505 мкв эзэмшлийн газар, автомашины зориулалт бүхий гарааж зэрэг хөрөнгүүдтэй холбоотой маргаан үүссэн байгаа. Миний бие энэхүү маргааныг эвлэрлийн журмаар шийдэхээр Х.Оюунбаярт олон удаа хандаж санал тавьж тохиролцсон боловч Х.Оюунбаяр нь тохиролцооноосоо буцаж надаас бэлэн мөнгө болон нэмж хөрөнгө шаардсанаар уг асуудал эвлэрлийн журмаар шийдэгдэх боломжгүй болсон юм. Миний бие шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан ба эцэслэн шийдвэрлүүлж чадаагүй байгаа юм. Нэхэмжлэлд дурдагдсан улсын бүртгэлийн эрхийн 2003007084 дугаар бүхий Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 18 дугаар байр, 25 тоот 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай байрны өмчлөгч нь Х.Оюунбаяр, Ж.С- бид болохыг нотолсон эрх бүхий байгууллагын баталгаажуулсан баримт, лавлагааг өмнөх тайлбартай хавсралтаар хүргүүлсэн. Миний бие эд хөрөнгийн маргаантай асуудлаар хамтран өмчлөгч Х.Оюунбаяртай ярилцаж тохиролцсоны (шүүхэд хандахгүйгээр маргаантай зүйлсээ шийдвэрлэж дуусгахаар тохирсон байсан) үндсэн дээр дээрх байрыг захиран зарцуулах бүх эрхийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Х.Оюунбаярт 443 тоот итгэмжлэл нотариатаар баталгаажуулж өгсөн байсан. Гэвч Х.Оюунбаяр нь надтай ярьж тохирсноо биелүүлэхээс татгалзаж надаас бэлэн мөнгө болон эд хөрөнгө нэмж шаардсан юм. Энэ шаардлагыг нь миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосон нотариатчид хандан хуульд заасан үндэслэлийн дагуу Х.Оюунбаярт олгосон эд хөрөнгө захиран зарцуулах 306 тоот итгэмжлэлээсээ татгалзаж хүчингүй болгуулсан. Х.Оюунбаярт олгосон (2 ширхэг орон сууцны байр захиран зарцуулах) итгэмжлэлээс татгалзаж хүчингүй болгуулсан үеэс хойш Х.Оюунбаярын төрсөн дүү болох Х.Оюун-Өлзий нь нөхөр Л.Батцэнгэлийн хамтаар надаас удаа дараа бэлэн мөнгө болон байр нэхэж хэл амаар доромжилж дарамталж байсан бөгөөд энэ үйлдлийг нь миний бие Цагдаагийн байгууллагаар хянуулж шалгуулахад Л.Батцэнгэлийн хууль зөрчсөн үйлдэлд цагдаагийн байгууллагаас захиргааны шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан.Гэтэл одоо Х.Оюунбаярын төрсөн дүү Х.Б- нь дээрхи хөрөнгийн өмчлөгч болохоор Х.Оюунбаяр болон Ж.С- бидний хамтын өмчлөлийн эрх рүү халдах үйлдэл гаргаж байгааг зүй бус үйлдэл гэж үзэж буй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Ж.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2006 онд хамтран амьдрагч Х.Оюунбаярын хамт Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч энэ байрыг авсан. Х.Оюунбаяр нь Н.Даваацэцэг багштай гэрээ хийсэн байдаг. Байрны өмчлөгч нь 2 хүн байхад Х.Б-ыг ингээд яваад байгааг ойлгохгүй байна. Иргэний хэргийн шүүх дээр дундын өмч хуваах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байгаа. Миний хувьд энэ байрыг шилжүүлэх боломжгүй яагаад гэвэл би Худалдаа хөгжлийн банкны зээлийг төлсөн. Н.Даваацэцэг багш төлбөр төлөөгүй. Мөн 19 дүгээр сургуультай холбоотой ямар нэгэн худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй. Х.Оюунбаяр бид хоёрын дундын өмчийн маргаантай холбоотой асуудал. Байрны төлбөрийн хувьд би оролцоогүй. Түрээсийн хувьд сүүлд амьдарч байсан айл дээр нэг удаа очиход хүн байхгүй байсан. Дараа нь дугаарын олоод түрээсийн гэрээгээ шинэчилж надтай хий гэсэн шаардлага тавьсан гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 923 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Б-ыг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 18 дугаар байр, 25 тоот 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай байрны өмчлөгч болохыг тогтоож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 22 -ны өдөр ХААН банк төрийн сан 190000941 тоот дансанд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-гээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-т олгож,
Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 18 дугаар байр, 25 тоот 18 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007084 дугаарт бүртгэлтэй орон сууцыг Х.Б-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл статистикийн газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж шийдвэрлэсэн. Х.Б- нь шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “Энэхүү байрны жинхэнэ эзэмшигч нь Х.Б- миний бие болохыг тогтоож өгнө үү” гэжээ. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр тодруулж асуулгүйгээр шийдвэрлэхдээ шийдвэрийнхээ 1 дэх заалтад: нэхэмжлэгч Х.Б-ыг тус орон сууцны зориулалттай байрны өмчлөгч болохыг тогтоосугай гэж нэхэмжлэлийн шаардлагыг дур мэдэн өөрчилсөн байна. Мөн Ж.С-гээс Х.Оюунбаярт 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон итгэмжлэл нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хугацаа нь дуусч байхад энэхүү итгэмжлэлийг шүүх “2008 онд хүчинтэй байсан байх үед” гэж цаг хугацааны хувьд 5 жилийн дараа хийгдсэн итгэмжлэлийг 2008 онд хүчинтэй байсан мэтээр ташаа дүгнэлт хийсэн байна. 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан гэх Н.Даваацэцэг нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулж тайлбарыг нь авах ёстой байтал тухайн орон сууцны хамтран өмчлөгч Х.Оюунбаярын өмчлөх эрхийг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн байна. /хх-33/ талд хэргийн материал танилцуулсан баримтад хариуцагч Ж.С- гарын үсэг зураагүй, /хх-38/ талд авагдсан баримтад нэхэмжлэгч Х.Б- гарын үсэг зураагүй, шийдвэрийн 1 дүгээр хуудсанд “хариуцагч” гэсний ар талд хариуцагч Ж.С-гийн овог нэр бичигдээгүй процессийн алдаа гарсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зөв гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Ж.С-д холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эзэмшигчийг өөрчлөх” гэсэн шаардлагатай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн төгсгөл хэсэгт маргаан бүхий байрны жинхэнэ эзэмшигчийг Х.Б- миний бие болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь тодорхой биш байгаа тохиолдолд шүүх тус хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авахаас татгалзах, нэгэнт хүлээн авсан бол түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах үүрэгтэй бөгөөд ингэснээрээ шүүх нэхэмжлэгчийн хүсэж байгаа зүйлийг шийдвэрлэх юм.
Түүнчлэн маргаан бүхий байр нь 2 хүний дундын өмчлөлийн байр /хх-4 хуудас/ болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр нотлогдож байхад зөвхөн нэг өмчлөгчид нь холбогдуулж нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлоогүйд шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хамтран өмчлөгч Х.Оюунбаяртай гэр бүлийн тэр тусмаа тухайн байрны дундын өмчлөлийн маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа явагдаж байгаа талаар 2 удаагийн тайлбар болон шүүх хуралдаанд /хх-28, 39, 59, 60/ тодорхой тайлбарласаар байхад шүүх энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчсөн байна гэж үзнэ.
Түүнчлэн хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулаагүй, танилцсанаас хойш ирсэн бичгийн баримтуудыг танилцуулаагүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж мэтгэлцэх боломжоор шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.
Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 923 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
О.НАРАНГЭРЭЛ