Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч А.Золжаргал, нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т овогт Д-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810021650114 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Увс аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ...... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Д-ийн Г  .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... хаус барилгын хашааны үүдэнд барилгын инженер ажилтай Г. О-ыг барилгын хашаа руу оруулахгүй гэж шаардлага тавьсны улмаас уурлаж, улмаар түүний хоолойг боож хашаа руу түлхэх, зүүн гарын шуунаас базах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Г-: “...Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлгээ өгсөн учир нэмж мэдүүлэг гаргахгүй, би хохирогчийг зодоогүй, хаалга онгойлгуулахгүй гэхэд түүнийг араас нь тэвэрч холдуулсан, өөрөөр биед нь гар хүрээгүй, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г. О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “...... хаус” компанид менежер болон талбайн инженерийн ажлыг давхар хариуцан хийдэг. 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр намайг цэвэрлэгээ хийж байхад 40 гаран насны хүн ирээд хашааны хаалгаа онгойлго дотогшоо орьё гэхээр нь би хаана байдаг вэ гэхэд гарч яваад хашааны хаалган дээр зогсоод байсан. Тэгэхээр нь би очиход хашааны хаалганы гинжийг хөрөөдөөд, дотогшоо ормоор байна гээд байхаар нь би хөрөөдүүлэхгүй гээд хашааны дэргэд очоод зогсоход намайг гарын шуугаараа хоолой руу боогоод хашаа руу түлхсэн, хүүхэд нь намайг 3-4 удаа тонгорч унагаасан. Би босож ирээд хөрөөдүүлэхгүй гэхэд Г намайг түлхэж унагаагаад, хүүхэд нь үргэлжлүүлж хашааны хаалгыг хөрөөдсөн. ...Г миний хоолойг боож, хашаа руу түлхсэн, манаачийн байр руу түлхэж унагаасан, гарын шуунаас базсан..." /хх-ийн 23-24, 42/ гэсэн,

 

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...Манайх “Саяд твин хаус” хотхонд хувийн эзэмшлийн хаустай 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манайх байрандаа тавилга оруулж тавих гээд очиход  О гарч ирээд битгий оруул гээд байхаар нь тавилга угсарч өгөх гэж байсан хүмүүсээс хөрөө аваад хашааг нь хөрөөдөж эхлэхэд  О гарч ирээд болиоч гээд маргаан үүсгээд хаалганаас холдохгүй байхаар нь аав Г тэврээд холдуулсан, тэр хоёр хоорондоо нилээн удаан ноцолдсон. Тэгээд аав үргэлжлүүлээд хашааны гинжийг хөрөөдөж байхад  О ирээд хөрөөг хугалсан боловч аав үлдсэн хэсгээр нь хөрөөдөөд, би  О-ыг араас нь тэврээд холдуулсан. Энэ үед  О-ын бие сулраад газарт унасан..." /хх-ийн 28-29/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Саяд твин хаус барилга дээр миний эзэмшлийн гурван ширхэг хаус байдаг. Би захиалгаар гэртээ тавилга хийлгээд түүнийгээ угсруулахаар хүмүүс явуулахад тэр хүмүүс над руу яриад бид  нарыг хөөгөөд гаргачихлаа гэхээр нь би хүү А, эхнэр Азжаргал нарын хамтаар очиход барилгын хашааны хаалга цоожтой, тавилга угсрах гэж байсан хүмүүс гадаа зогсож байсан. Би манаачид гэрт оруулж тавилга угсрах юм гэхэд асуугаадхая гэж хэлчхээд таг алга болчхоор нь хашааг давж ороод юу болсныг асуухад  О-аас асуу гэж хэлсэн. Тэгээд би ах нь тавилга оруулж тавих гэсэн юм гэхэд оруулахгүй гээд байхаар нь тавилга угсрах гэж байсан хүмүүсээс хөрөө авч хаалгыг цоожилсон байсан гинжийг хөрөөдөж эхлэхэд  О гарч ирээд хаалгаа тэврээд зогсоод байхаар нь би тэвэрч хойш нь холдуулаад контейнер рүү шахаад зогссон. Энэ хооронд манай хүү А хаалгыг онгойлгосон боловч  О машин зам дээр хөлөө жийгээд суухаар нь би өргөж холдуулаад машинаа оруулсан..." /хх-ийн 52-55/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №11006 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г. О-д зүүн бугалганд зулгаралт, баруун бугалга, зүүн хацрын шонтонд цус хуралт, уруулд шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 35/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын №639 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г. О-ын биед зүүн бугалганд зулгаралт, баруун бугалга, зүүн хацрын шонтонд цус хуралт, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. 6. Г. О-ын бүсэлхийн нуруунд гэмтэл тогтоогдсонгүй, 2018.09.09-ний өдрийн Мөнгөнгүүр эмнэлэгт авахуулсан бүсэлхийн нурууны КТГ-ын зурагны хариунд: Бүсэлхий лордоз хэвийн, бүсэлхий нуруу баруун тийш бага зэрэг мурийсан, гулсалтгүй, L2, L3 нугалмын зах ирмэгт остеофит яс ургалттай. Th10-L3 нугалмын төгсгөлийн ялтас цөмөрч жижиг Шморлын ивэрхий үүссэн. Нугалмуудын арын үений зай жигд, гадаргуу тархмал бага зэрэг хатуурсан. Хоёр талын ууц-сүүжний үений зай жигд хэвийн L5/S1 түвшинд нугалам хоорондын зай бага зэрэг намсаж, жийргэвч мөгөөрс нугасны суваг руу бага зэрэг цүлхийсэн. Нугалмуудын хажуугийн зөөлөн эд булчингийн бүтэц хэвийн гэсэн байна. Дээрх КТГ-н зураг дахь бүсэлхийн нугалмуудад гарсан өөрчлөлтүүд нь гэмтэл авахаас өмнө үүссэн, гэмтлийн бус шалтгаантай, архаг өөрчлөлтүүд байна...” гэсэн дүгнэлтүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 11/,

- Шинэ үе констракшн ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 61/,

- Компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 36/,

- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 45-47/,

- Шүүгдэгч Д.Г-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Г-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... хаус барилгын хашааны үүдэнд барилгын инженер ажилтай Г. О-ыг барилгын хашаа руу оруулахгүй гэсэн шаардлага тавьсаны улмаас уурлаж, улмаар түүний хоолойг боож хашаа руу түлхэх, зүүн гарын шуунаас базах зэргээр эрүүл мэндэд нь зүүн бугалганд зулгаралт, баруун бугалга, зүүн хацрын шонтонд цус хуралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г. О-ын “...Г намайг түлхэж унагаагаад, хүүхэд нь үргэлжлүүлж хашааны хаалгыг хөрөөдсөн. ...Г миний хоолойг боож, хашаа руу түлхсэн, манаачийн байр руу түлхэж унагаасан, гарын шуунаас базсан..." /хх-ийн 23-24, 42/ гэсэн, гэрч Г.А-гийн "... 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манайх байрандаа тавилга оруулж тавих гээд очиход  О гарч ирээд битгий оруул гээд байхаар нь тавилга угсарч өгөх гэж байсан хүмүүсээс хөрөө аваад хашааг нь хөрөөдөж эхлэхэд  О гарч ирээд болиоч гээд маргаан үүсгээд хаалганаас холдохгүй байхаар нь аав Г түүнийг тэврээд холдуулсан, тэр хоёр хоорондоо нилээн удаан ноцолдсон..." /хх-ийн 28-29/ гэсэн, шүүгдэгч Д.Г-ийн “...Би ах нь тавилга оруулж тавих гэсэн юм гэхэд оруулахгүй гээд байхаар нь тавилга угсрах гэж байсан хүмүүсээс хөрөө авч хаалгыг цоожилсон байсан гинжийг хөрөөдөж эхлэхэд  О гарч ирээд хаалгаа тэврээд зогсоод байхаар нь би тэвэрч хойш нь холдуулаад контейнер рүү шахаад зогссон. Энэ хооронд манай хүү А хаалгыг онгойлгосон боловч  О машины зам дээр хөлөө жийгээд суухаар нь би өргөж холдуулаад машинаа оруулсан..." /хх-ийн 52-55/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №11006, мөн хүрээлэнгийн 2019 оны бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын №639 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г. О-д зүүн бугалганд зулгаралт, баруун бугалга, зүүн хацрын шонтонд цус хуралт, уруулд шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 35/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Г-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Яллах дүгнэлтэд уг гэмт хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө гарсан гэж бичсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр уг гэмт хэрэг өдөр гарсан байх тул шүүх залруулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэв. Ингэж зөвтгөсөн нь шүүгдэгч Д.Г-ид холбогдох хэргийн зүйлчлэл болон бусад нөхцөл байдалд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэж байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г. О-ын эрүүл мэндэд зүүн бугалганд зулгаралт, баруун бугалга, зүүн хацрын шонтонд цус хуралт, уруулд шарх бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой 916,200 төгрөгийн баримтыг гаргаж, шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгч Д.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлууд биш, нурууны гэмтэлтэй холбоотой эмчилгээний баримтууд байх тул шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч Г. О нь өөрт учирсан хөнгөн хохиролтой холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн ажил эрхэлдэггүй хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810021650114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч А.Золжаргал нараас “...Д.Г тухайн гэмт хэргийг үйлдээгүй, хөнгөн хохирлыг санаатай, эсхүл болгоомжгүй аль хэлбэрээр учруулсан нь тогтоогдоогүй учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Д.Г-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулиар хөнгөн хохирлыг санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр учруулсан байхыг шаардахгүйн дээр шүүгдэгч нь өөрийн хийж байгаа үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар гэмтэл учрахыг мэдэж байсан, түүнд зориуд хүргэсэн идэвхтэй үйлдэл байх тул Д.Г-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

 

1. Шүүгдэгч Т овогт Д-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Доржжанцангийн Г-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Г-ид оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810021650114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Г. О нь өөрт учирсан хөнгөн хохиролтой холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Д.Г-оос нэхэмжлэх эрхтэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

      

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР