Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 849

 

 

2019           8             22                                             2019/ДШМ/849                                 

 

Д.Г-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            шүүгдэгч Д.Г,  

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Г-ид холбогдох 1810021650114 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овгийн Д-гийн Г, Увс аймагт 1968 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, СКА-2-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/,

 

Д.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny side twin house” нэртэй барилгын хашааны үүдэнд барилгын инженер Г.О-ыг “барилгын хашаа руу оруулахгүй” гэж шаардлага тавьсанд нь уурлаж, түүний хоолойг боон хашаа руу түлхэж унагах, зүүн гарын шуунаас нь базах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Отгонжаргал нь өөрт учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах гомдолдоо: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байтал гэмт хэрэг гарсан байдлыг нотолж чадаагүй. Прокурорын яллах дүгнэлтэд 2018 оны 9 дүгээр сарын 8-ны шөнө гэмт хэрэг үйлдэгдсэн гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр уг маргааны асуудал өдрийн цагаар буюу 12-13 цагийн үед болсон байдаг. Мөн уг хэрэг маргааны үед хохирогч Г.О нь гэрч Г.А-гийн биед халдаж гэмтэл учруулсан бөгөөд Г.А-гийн бие махбодид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн талаар баримтыг анхан шатны шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хэвлэгдсэн байна. Хохирогч Г.О нь компьютер томографийн зургийг 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр авхуулсан байхад уг шинжилгээний хариуг үндэслэж өмнөх өдөр нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шүүхээс гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 8-ны шөнө биш өдөр гарсан болохыг тогтоож залруулсан боловч гэрч Г.А- нь 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр үзүүлсэн байдалд дүгнэлт хийгээгүй. Дээрх цаг хугацааны зөрүүтэй байдлуудаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд уг хэрэг маргаан чухам хэдийд болсныг тогтоож чадаагүй байна.
  2. Хэрэгт хохирогч Г.О болсон асуудлын талаар өөр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Тухайлбал, мөрдөн байцаалтын шатанд “ер нь тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байна” гэж мэдүүлж байсан атлаа шүүх хуралдаанд хэрэг маргаан, болсон асуудлын талаар мэдэж, санаж байгаа мэтээр мэдүүлэг өгсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болохгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.О-ын мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгуулах, бүрэн бодитой шалгаж тогтоолгохоор прокурорт буцааж өгнө үү  ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Гид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Прокуророос Д.Г-ийг 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny side twin house” барилгын хашааны үүдэнд барилгын инженер Г.Отгонжаргалыг “хашаанд оруулахгүй” гэсэн шаардлага тавьсанд уурлаж, түүний хоолойг боож хашаа руу түлхэж унаган, зүүн гарын шуунаас нь базаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Д.Г нь хүү Г.А-гийн хамт байгууллагын хашааны хаалгыг хөрөөдөж өмч хөрөнгөд халдсан, шаардлага тавьсан ажилтныг хүч хэрэглэн эсэргүүцэж гэмтээсэн, энэ үйлдлийг оршин суугчид болон хашаанд орох гэж байсан автомашины жолооч нар харсан нөхцөл байдлын талаар гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байхад мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгалгүй, орхигдуулснаас хэргийн зүйлчлэл зөв тогтоогдсон эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

Мөн хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болохуйц “Sunny side twin house” хотхоны оршин суугчид болон Д.Гийн гэрийн хаалгыг сольж өгөхөөр ирж, хашаанд нэвтэрсэн автомашины жолооч, үйлчилгээ үзүүлсэн ажилчдыг байцааж, гэрчийн мэдүүлэг аваагүй зэргээр мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт биш хийжээ.

   

Гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ноцтойгоор нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулснаас шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул тогтоолыг хүчингүй болгож, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр Д.Гид холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаасан учраас өмгөөлөгч А.Золжаргалын “гэмт хэрэг гарсан цаг хугацаа, гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй тогтоолгох” талаарх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтойг дурьдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Г-ид холбогдох эрүүгийн хэргийг тухайн шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Д.Г-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН          

 

ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

  ШҮҮГЧ                                                          М.ПҮРЭВСҮРЭН