Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1342

 

 

 

 

 

 

 

 

  2019        08          29                                   2019/ШЦТ/1342   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бад холбогдох эрүүгийн 1906 02411 1685 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Э.Б,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ниссан граж авто засварын гадны байрлуулсан 16-35 УНХ улсын дугаартай Ниссан Экстрайл тээврийн хэрэгсэл дотроос иргэн Г.Ганбаатарын эзэмшлийн I car soft JPV 26.0 маркийн оношилгооны төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                              

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Э.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ниссан Граж” ХХК-д автын засварчин ажилтай. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд 16-35 УНХ улсын дугаартай Nissan Xtrail машиныг засварлаж байхад уг машины кабин дотор тавьсан I CAR SOFT JPV 26.0 маркийн 900.000 төгрөгийн үнэтэй машин оношлогооны төхөөрөмжөө алдсан. Миний уг төхөөрөмжийг 35 орчим насны хар нүдны шил зүүсэн, хар савхин куртик, саарал өмдтэй, саарал гутал, хар саравчтай малгайтай хүн ойр орчмын хүнийг харж байхад түүнтэй түүнтэй хамт явсан цэнхэр куртик, цэнхэр жинсэн өмд, цагаан пүүзтэй 30 орчим насны залуу намайг уг машины урд копудыг сөхөөд юм хийж байх хооронд хулгайлаад авч байгаа нь манай хажуу талын Амар зочид буудлын камерт бичигдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

 

Гэрч С.Өлзийбаясахын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 17.00 цаг өнгөрч байхад 32 дугаар тойргийн 57 дугаар буудлын орчимд урд талын нийтийн байранд амьдардаг байсан Буянбат гэх залуутай Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн төвийн орчимд тааралдсан. Ингээд сэлбийн голын эрэг дээр хамт нэг шил архи хувааж уучихаад гүүрний зүүн талаар гараад явж байхад Буянбат нь хүнтэй уулзая гэхээр нь дарь эхийн замруу ороод явж байгаад нэг айхтар том биетэй залуу бид хоёрыг барьж авсан. Мөн ажлын хувцастай 2-3 залуу хамт дагаж явж байсан санагдаж байна. Ингээд цагдаагийн байгууллага дээр ирээд саатуулах байранд хоносон гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 

            -гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

            -хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 7 тал/,

-Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний №БЗД2-19-472 дугаартай:

 Icar soft брэндийн Multi-system car diagnostic tool jp v2.0 автомашины компьютер оношлогооны төхөөрөмж 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 720.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22 тал/,

-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 56-57 тал/,

 

Шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 4 дүгээр сарын 20-ны орой 17-18 цагийн үед Дарь эхийн дунд буудлын тэнд ганцаараа явж байгаад өөрийн танил Өлзийбаясах ахтай тааралдсан юм. Тухайн үед Өлзийбаясах ах архи уучихсан согтуу байсан ба надтай ганц шил архи хувааж ууя гээд дэлгүүрээс 1 шил “Хараа” нэртэй архи авсан юм. Тэгээд Өлзийбаясах ах бид хоёр гудамжинд сууж байгаад архиа хувааж уугаад дууссан ба архи ууж дуусчихаад хамт 100 айл орох гээд явж байгаад гүүрний наад талын худагны хойд талд байх авто машин засварын газрын хажуугаар явж байтал нэг жижиг машины хаалга нь жолоочийн эсрэг талын хаалга онгорхой байсан юм. Тэгээд гэнэт надад хулгай хийх санаа төрж Өлзийбаясах ахад хэлэхгүйгээр түүнээс салж яваад машин дээр очиж машин дотроос машин оношлогооны хар өнгийн төхөөрөмжийг нь хулгайлж авсан юм. Тухайн үед машины хажууд ямарч хүн байгаагүй ба намайг хулгай хийх үед Өлзийбаясах ах согтуурсан байдалтай худагны цаад талд байж байсан юм. Тэгээд би хулгай хийсэн гэдгээ Өлзийбаясах ахад хэлэхгүйгээр цаашаа дагуулан хамт явж байгаад Өлзийбаясах ахыг 100 айлын гүүрний тэнд үлдээгээд би түүнээс салж яваад авто плаза төв орж төхөөрөмжийг нэг хүнд 100.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд тэр мөнгөө хувьдаа хэрэглэж дуусгасан ба энэ хэргийг хийчихээд маргааш өдөр нь гадуур явж байгаад дахин Өлзийбаясах ахтай тааралдсан хамт явж байгаад баригдсан юм. Тэгээд цагдаад баригдсан хойноо би өөрөө авто плаза төв орж хулгайлж авсан төхөөрөмжийг надаас худалдаж авсан ахыг олоод тэр хүнд мөнгийг нь буцааж өгөөд зарсан төхөөрөмжөө буцаан авч хохирогчид хүлээлгэн өгч хохирогчийг гомдолгүй болгосон юм гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Э.Бын эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26, 27, 28, 29-37, 55 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ниссан граж авто засварын гадны байрлуулсан 16-35 УНХ улсын дугаартай Ниссан Экстрайл тээврийн хэрэгсэл дотроос иргэн Г.Ганбаатарын эзэмшлийн I car soft JPV V2.0 маркийн оношилгооны төхөөрөмжийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч Э.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Э.Бын дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хохиролыг төлж барагдуулан хохирогчийн гомдол нэхэмжлэлийг барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг арилсанд тооцон Э.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Э.Бад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ