Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 999

 

Э.Б-ад холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Э.Б-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1342 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906024111685 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Э.Б-, 1995 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 28 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1011 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

            Э.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ниссан гараж” авто засварын гадна байрлуулсан 16-35 УНХ улсын дугаартай, “Nissan Xtrail” загварын тээврийн хэрэгсэл дотроос иргэн Г.Ганбаатарын эзэмшлийн “I car soft JPV 26.0” загварын оношилгооны төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэрээр бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхгийг хадгалж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр, 3-8 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Энхжаргал нь тархины хүнд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, группд орсон. Байнгын эмчийн хяналтад байдаг. Би бусдад төлөх төлбөргүй бөгөөд миний ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэн хорих ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад Э.Б-ын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал” зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1-ээс 5 жилийн хугацаагаар тэнсэж болохоор зохицуулсан. Шүүгдэгч Э.Б-ын хувьд урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан тул үүнийг харгалзан анхан шатны шүүх түүнд хуульд зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Э.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр согтуурсан үедээ, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ниссан гараж” авто засварын гадна байрлуулан тус засварын газраар үйлчлүүлж байсан 16-35 УНХ улсын дугаартай, “Nissan Xtrail” загварын тээврийн хэрэгсэл дотроос ажилтан Г.Ганбаатарын эзэмшлийн “I car soft JPV 26.0” загварын оношилгооны төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Г.Ганбаатар нь “...14 цаг 30 минутын үед 16-35 УНХ улсын дугаартай, “Nissan Xtrail” загварын автомашиныг засварлаж байхад уг автомашины бүхээг дотроос “I car soft JPV 26.0” загварын оношилгооны төхөөрөмжөө алдсан. Миний төхөөрөмжийг цэнхэр куртик, жинсэн өмд, цагаан пүүзтэй 30 орчим насны залуу намайг уг автомашины урд копудыг сөхөөд юм хийж байх хооронд хулгайлаад авч байгаа нь манай хажуу талын “Амар” зочид буудлын дүрс бичлэгт бичигдсэн байсан...” /хх-ийн 10-11/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, болсон үйл явдал, гэмт этгээдийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч С.Өлзийбаясахын “...Б-тай сэлбийн голын эрэг дээр нэг шил архи хувааж уучихаад гүүрний зүүн талаар гараад явж байхад Б- нь “Хүнтэй уулзая” гэхээр нь Дарь-Эхийн зам руу ороод явахад нэг айхтар том биетэй залуу бид хоёрыг барьж авсан. Мөн ажлын хувцастай 2-3 залуу хамт дагаад явж байсан санагдаж байна. ...” /хх-ийн 18/,

яллагдагч Э.Б-ын “...Өлзийбаясах ах бид хоёр архиа ууж дуусчихаад гүүрний наад талын худгийн хойно байрлах автомашин засварын газрын хажуугаар явж байтал нэг автомашины жолоочийн эсрэг талын хаалга онгорхой байсан. Тэгээд гэнэт надад хулгай хийх санаа төрж Өлзийбаясах ахад хэлэхгүйгээр түүнээс салж яваад уг автомашин дотроос оношилгооны төхөөрөмж хулгайлж аваад ... “Авто Плаза” төв орж, нэг хүнд 100.000 төгрөгөөр худалдсан. Тэр мөнгөө хувьдаа хэрэглэж дуусгасан. Тэгээд цагдаад баригдсан хойноо би хулгайлж авсан төхөөрөмжөө буцаан авч хохирогчид хүлээлгэн өгсөн. ...” /хх-ийн 67-68/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэрэг гарсан байдлыг харуулсан хяналтын дүрс бичлэг, түүнээс хуулбар хийсэн 1 ширхэг “Сиди”, түүнийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 56-57/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 21/, алдагдсан эд хөрөнгийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 55/ зэргээр давхар нотлогджээ.

Дээрх гэмт хэрэгт Э.Б-аас өөр бусад этгээд хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Э.Б-ын гэмт үйлдэл нь хуульд заасан хүндрүүлэх шинжийг агуулаагүй болно.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Б-ын засварын газраар үйлчлүүлж байсан хаалга нь нээлттэй автомашинаас эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Дээрх заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгоогүй юм.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэдийгээр шүүгдэгч Э.Б- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, алдагдсан эд хөрөнгийг буцаан өгөх замаар хохирлоо барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байх боловч тэрээр урьд хулгайлах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан, ингэхдээ шүүхээс тухай бүрт нь хуульд заасан доод хэмжээнд ял оногдуулсан байхад энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг тодорхойлж байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын “...хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1342 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                               ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН