Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 166

 

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх

сүлжээ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 135/2016/00695/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн  шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч О.Нарангэрэл, С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1124 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХК-д холбогдох

           “Цахилгаан эрчим хүч хэрэглэсэний төлбөр 585.970.634 төгрөг”  гаргуулах тухай иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний  өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатар,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “*******” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Нэргүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, Г.Сувд-Эрдэнэ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*******” ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /БХ-50-1011/2014/- нд заасан үүргээ 2014 оноос биелүүлээгүй, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхгүй 2014 оны жилийн эцсийн үлдэгдлээр 500,516,108 / таван зуун сая таван зуун арван зургаа мянга зуун найман төг/ -ийн өртэй, 2015 оны эцсийн үлдэгдэл 545,699,714 /таван зуун дөчин таван сая зургаан зуу ерөн есөн мянга долоон зуун арван дөрвөн төгрөг/-ийн үлдэгдэлтэй байна. Тус компанийн цахилгаан эрчим хангамжийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьж ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд: Цахилгаан эрчим хүч хэрэглэсэний төлбөр болох /545,699,714 / таван зуун дөчин таван сая зургаан зуун ерөн есөн мянга долоон зуун арван дөрвөн төгрөг / алданги

40,270,920 / дөчин сая хоёр зуун далан мянга есөн зуун хорин төгрөг / нийт төлбөр 585,970,634 / таван зуун наян таван сая есөн зуун далан мянга зургаан гучин дөрвөн төгрөг /-ийг төлүүлж, хохирлыг барагдуулж өнгө үү гэжээ.

Хариуцагч “*******” ТӨХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 433 дугаар тогтоолоор “*******” ТӨХК-ийн 200,0 сая төгрөгийг суутган тооцох замаар хаалт хийхээр шийдвэрлэсэн тул үүнийг хасаж тооцуулах мөн “*******” ХК, “*******” ТӨХК нарын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6.5-6.7 хүртэлх заалтыг хүчингүй болгосон тул алдангийг хасч тооцож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1124 дугаар  шийдвэрээр

     Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “*******” ТӨХК-иас 585.970.634 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д олгож,

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.725.645 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ТӨХК-аас 8.725.645 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатар давж заалдсан гомдолдоо:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1124 дугаартай шийдвэрийг  эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

           Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлдээ 585,970,920 төгрөг гэж, нэхэмжлэлийн шаардлагадаа 509,283,186 төгрөг гэж хоёр өөр тоо тавьж хариуцагчаас нэхэмжилдэг. Нэхэмжлэгч өөрсдөө хариуцагчаас хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхой мэдэхгүй, тэрийгээ ч  сайн хуулийн хүрээнд тайлбарлаж чадахгүй байхад шүүх өөрөө санаачилгаараа нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан тоог авч хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэлийн шаардлагаас давсан мөнгөн дүн болох 585,970,920 төгрөг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэх нэгдүгээр үндэслэл мөн. Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 433 дугаар “Өр, авлага хаах тухай” тоггоолын 1 дүгээр зүйлийн “Г”-д “*******” хувьцаат компаниас “*******” хувьцаат компанид төлөх цахилгааны үнэ 200,0 сая төгрөгийг “*******” хувьцаат компаниас “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” хувьцаат компаниас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” хувьцаат компанид, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” хувьцаат компаниас “Дарханы дулааны цахилгаан станц” хувьцаат компанид, “Дарханы дулааны цахилгаан станц” хувьцаат компаниас “Багануур” хувьцаат компанид төлөх өрөнд тус тус суутган тооцох замаар хаах” гэж маш тодорхой хоёрдмол утгагүй зааж өгсөн. Харин уг тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу шийдвэрлэх боломжтой байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Татан буугдсан Төрийн өмчийн хорооны эрхийг залгамжлагч байгууллага бол  Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газар. Өнөөдрийн байдлаар дээрх Төрийн өмчийн хорооны 433 дугаар тогтоолыг өөрчилсөн, хүчингүй болгосон хууль зүйн ямар нэгэн эрхийн акт байхгүй. Дээрх тогтоолыг нэхэмжлэгч, хариуцагч хоёр тал хүлээн зөвшөөрч өөрсдийн тооцоондоо авч 6 жил 4 сар өнгөрсөний дараа буюу Төрийн өмчийн хороо татан буугдах үед гэнэт ухаан орсон юм шиг нэхэмжлэгч тал шүүхэд хандаж түүнийг шүүх 1124 дугаар шийдвэрээр уг тогтоолыг үндсэндээ хүчингүй болгосон нь шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэх хоёрдугаар үндэслэл мөн.

          Иймд Төрийн өмчийн хорооны хүчин төгөлдөр 2009 оны 433 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн нийт шаардлагаас зарим хэсгийг буюу 200,0 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Гэрээний алданги болох 40,270,920 төгрөгийн тухайд:

          Нэхэмжлэгч талаас цахилгаан эрчим хүчээр хангах БХ-4-1006/2015 гэрээг шүүхэд нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн. Уг гэрээний 6-р заалтын төлбөр тооцооны журам-ын 6.5-д "Хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хүртэл хувьтай тэнцэх алдангийг хангагчид төлнө” гэснийг, мөн 6.7 дахь заалтуудыг хариуцагч тал нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ нэхэмжлэгч талд илэрхийлж, гэрээний дээрх заалтуудыг дарж хажууд гарын үсгээ зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Г.Сувд-Эрдэнэ нь хариуцагч талд цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээгээ өөрсдөө эхлэн баталгаажуулж гарын үсэг зурж, тамга тэмдгээ дараад энэ гэрээн дээр гарын үсгээ зур эсвэл цахилгаан эрчим хүчээр хангахгүй гэсэн нэг ёсны тулган шаардалт тавьсан. Харин хариуцагч тал энэ гэрээний 6-р заалтын төлбөр тооцооны журмын зарим заалтыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариуг тэр өдөрт нь өгсөн. Үүнээс 2 сарын дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ манай компанид дээрээс шалгалт ирлээ гэрээний зөвшөөрөхгүй заалтаа дараад гэрээгээ явуул гэж утсаар тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Чинбатад мэдэгдсэн. Энэ дагуу хариуцагч тал Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу “гэрээг бичгээр байгуулахаар ... талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж... нөгөө тал хүлээн авснаар“ гэж үзэж гэрээний 6.5, 6.7 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж дараад гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж нэхэмжлэгч талд хүргүүлсэн нь уг гэрээг байгуулсан огноо байхгүй байгаагаар тайлбарлагдана. Энэ талаар нэхэмжлэгч талаас уг гэрээг хэсэгчлэн болон бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тухай хариуг хариуцагч талд албан бичгээр ирүүлээгүй, мөн мэдэгдээгүй тул цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээг байгуулсанд тооцсон. Хэрвээ нэхэмжлэгч тал гэрээнд заагдсан төлбөр тооцооны журмыг зөвшөөрөхгүй гэж үзсэн бол эрчим хүчээр хангахгүй байх бүрэн боломжтой тул уг гэрээгээр алданги төлөх хуулийн үндэслэл байхгүй.

          Мөн шүүхийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “ ... хариуцагч нь 2005 оноос хойш цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлж байсан боловч төлбөрийн үлдэгдэл хуримтлагдсан болох нь тогтоогдож...” байх тул 545,699,714 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэжээ. Нэхэмжлэгч өөрийн талын баримтаар 536,945,606 төгрөг нэхэмжилж байхад шүүх түүнийг өсгөж 545,699,714 төгрөг болгож байгаа нь шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэх гуравдугаар үндэслэл мөн.

          Нэхэмжлэгч тал 2005 оноос хойш үүссэн өр гэж 536,945,606,төгрөг гэж тодорхойлсон 536,945,606 х 0,5% х 15 хоног = 40,270,920 төгрөгийн алданги гэж тооцоолжээ. 2005 оноос хойш 10 жилийн хугацаанд үүссэн өрийг зөвхөн 2015 онд байгуулсан гэх харилцан тохиролцож байгуулаагүй гэрээний заалт баримталж алданги тооцож байгаа нь шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэх дөрөвдүгээр үндэслэл мөн. Төлбөр тооцооны журамд тусгагдсан алданги нэхэмжлэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариуцагчид илэрхийлсэн, мэдэгдсэн тухай нотлох баримтаа өгөөгүй тул нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй юм. Ийнхүү шийдвэрлэж буй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой зарчимтай үл нийцэж байна. Иймд нэхэмжлэлийн нийт шаардлагаас алданги болох 40,270,920 төгрөг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Нэхэмжлэгч тал болох “*******” хувьцаат компани нь “Эрэл цемент” ХК, “Дархан ус суваг” ХК, “*******” ТӨХК гэх мэт 5 компанийг шүүхэд өгч, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 8,725,645 төгрөг төлсөн байдаг. Гэтэл шүүх эдгээр 5 компанийн шүүхээр шийдвэрлэгдэх хэрэгт зөвхөн хариуцагч “*******” Төрийн өмчит хувьцаат компанийг буруутай болгож 8,725,645 төгрөгийг гаргуулж хувийн компанид олгохоор шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Хэрвээ шүүх хариуцагчаас 585,970,634 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн юм бол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 3,087,803.17 төгрөгийг төлөх ёстой. Гэтэл шүүх өөрөө хуулиас давсан эрх эдлэж 8,725,645 төгрөг болгож байгаа нь хэт нэг талыг улайран хамгаалж шийдвэр гаргасан гэж үзэх тавдугаар үндэслэл  мөн.

Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянан үзнэ үү гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах  нь  зүйтэй  байна.

            Нэхэмжлэгч “*******” ХК нь  хариуцагч “*******” ХК-д  холбогдуулан 2005-2015 онд  хэрэглэсэн  цахилгааны төлбөрийн үлдэгдэл   545.699.714  төгрөг, алданги 40.270.920 төгрөг нийт 585.970.634  төгрөг  гаргуулахаар  нэхэмжилснийг  хариуцагч эс зөвшөөрч  “Төрийн өмчийн хорооны  2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн  433 дугаар тогтоолоор  “*******“ ТӨХК-ийн 200.0 сая төгрөгийг суутган тооцох  замаар  хаалт хийхээр шийдвэрлэснийг хасах, 2015 оны цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний  6.5-6.7 хүртэл  заалтыг хүчингүй болгосон тул алдангийг хасч  тооцож  өгнө үү“ гэжээ. 

            Монгол улсын Төрийн өмчийн хорооны  2009 оны  12 дугаар сарын  17-ны өдрийн 433 дугаар тогтоолын 1-ийн  “г”-д  “*******” ХК-иас  “*******” ХК-д компанид төлөх  200.0 сая төгрөгийг  “Дархан Сэлэнгийн  цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас   “Төвийн бүсийн  цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-д..., ...төлөх өрөнд  суутган тооцох замаар  хаах...,  2-т  дээрх  асуудлыг  Эрчим хүчний компаниудын хувь нийлүүлэгчдийн хуралдаанд оруулж эцэслэн шийдвэрлэж дүнг  2010 оны нэгдүгээр улиралд багтаан, Төрийн өмчийн хороонд ирүүлэхийг даалган   шийдвэрлэжээ.

            Анхан  шатны  шүүх дээрх тогтоолын  дагуу хэрхэн шийдвэрлэсэн  талаар нотлох баримтыг ирүүлээгүй, цахилгаан эрчим хүч  ашигласан төлбөрөө  төлөөгүй, алдангийн асуудлыг хамтарч шийдвэрлэсэн гэж  байгаа боловч  гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, тохиролцсон нь  тогтоогдохгүй байна гэж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцүүлэн дүгнэжээ.

            Нэхэмжлэгч нь  хариуцагчаас цахилгаан эрчим хүч  ашигласны төлбөрийг  иргэний хуульд  зааснаар   шаардах  эрхтэй. Түүнийг шаардах эрхээ эдлэхэд  Төрийн өмчийн хорооны  тогтоол  саад болохгүйгээс гадна  одоог хүртэл  уг тогтоолын заалт  бүрэн биелэгдээгүй  болох нь  тогтоодсон  байх тул    нэхэмжлэлийг  хүлээн авч  шийдвэрлэх   үндэслэлтэй  гэж үзнэ.

           Шүүх   маргааны  харилцааг  зохицуулсан  хуулийг  зөв сонгож хэрэглээгүй  нь буруу  боловч  уг алдааг  давж заалдах шатны  шүүхээс  зөвтгөж  шийдвэрлэх боломжтой   бөгөөд  энэ нь хуульд  харшлахгүй юм.

           Хариуцагч  “*******” ХК нь  нэхэмжлэгч компанитай  “цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”  байгуулж,  харилцан  үүрэг хүлээсний дагуу  цахилгааны  үнийг  төлөх  үүрэгтэй  болох нь  Эрчим хүчний тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1.2-т  зааснаар  тодорхойлогдоно. Алданги  нь “Иргэний хуульд зааснаар хүлээсэн үүргээ  гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй тал  хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой  мөнгөн төлбөр, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар  эрчим хүчний төлбөрөө  төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй  хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд   төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн  0.5  хүртэл хувьтай  тэнцэх  алданги  ногдуулна...” гэсний  дагуу   хүлээлгэх хариуцлага гэж  ойлгох нь зүйтэй.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан  улсын  тэмдэгтийн хураамжийн  талаарх  гомдол нь  үндэслэлтэй  бүхий  байна.

           Татварын Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс   *******” ХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн сангийн 190000941 тоот дансанд  орсон 8.725.645 төгрөгийг,  хэд хэдэн хариуцагч байгууллага  үүнээс “*******“ ХК-д холбоотой нь  3.087.803,17  төгрөг  гэж   залруулсан байх тул  \хх-5 дугаар хуудас\   төрийн сангийн орлогод хэвээр үлдээх хэсгийг  зөвтгөвөл зохино.

            Дээрх  үндэслэлүүдээр анхан шатны  шүүхийн шийдвэрт өөрчлөлт  оруулж, давж заалдсан гомдлын  зарим хэсгийг  хангах  боломжгүй  гэж  шийдвэрлэлээ.               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1124 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтыг, 

“Эрчим хүчний тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д  заасныг тус тус баримтлан...”  гэж , 2 дахь заалтын  “...8.725.645 төгрөгийг...”  гэснийг “...3.087.803  төгрөгийг...”  гэж  тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар “*******” ТӨХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.359.305 төгрөгийг Төрийн сангийн  орлогоос шүүгчийн захирамжаар  буцаан гаргасугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.АМАРСАНАА  

                           ШҮҮГЧИД                                                 О.НАРАНГЭРЭЛ 

                                                                                             С.ЭНХЖАРГАЛ