Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 127/2019/0007/З |
Дугаар | 221/МА2020/0142 |
Огноо | 2020-02-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2020/0142
2020 оны 02 сарын 20 өдөр Дугаар 221/МА2019/0142 Улаанбаатар хот
“Г...” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х нарыг оролцуулан Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “Г...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Г...” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №09/1355 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Г...” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан ба тус өргөдлийн хариуг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №09/1355 тоот албан бичгээр өгснийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хууль бус болохыг тогтоож өргөдлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа хийхийг хариуцагчид даалгасан нь:
Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, /Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даасан шийдвэрлэж болно./, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 /Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ/-д тус тус заасны дагуу Мөрөн сумын нутгийн өөрөө удирдах байгууллага болох Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тогтоолыг аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст бүртгүүлэхээр хүргүүлсэн байсан ба тус тогтоол нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хүчин төгөлдөр захиргааны акт байсан тул “Г...” ХХК-ийн өргөдлийг бүртгэх ажиллагаа хийх боломжгүй байсан.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 127/ШШ2019/0013 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасны дагуу хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгч “Г...” ХХК-аас Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан ““Г...” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, мөн Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн № 09/1355 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч хуулийн этгээдээс тус компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Хэнтий аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, мөн Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн № 09/1355 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохоор буюу хоёр тусдаа захиргааны байгууллагын үйл ажиллагаатай маргасан байхад анхан шатны шүүх энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрийг (захиргааны акт) хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.
2. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 9/1355 дугаар албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн солбицлыг шүүж” орон нутгийн тусгай хамгаалалттай газар, өөр хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайтай давхцалтай байгаа гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай мэдэгдсэн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна”, 14.1.3-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж тус тус заасантай нийцсэн эсэх талаар дүгнэж, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын уг үйл ажиллагаа нь анхан шатны шүүлт гэх ойлголтод хамаарах эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл анхан шатны шүүлт хийх болон өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан ... талбайтай давхцаж байгаа эсэх зэрэг ажиллагаа нь өөр өөр захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарахаар байх бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүлтээр ямар үндэслэлүүдийг шалган тогтоох боломжтой талаар, нэхэмжлэгч хуулийн этгээдийн өргөдлийг бүртгэхээс татгалзсан Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын үйлдэл нь анхан шатны шүүлт хийх талаар хуулиар олгогдсон эрх хэмжээнд нь хамаарах эсэх талаар дүгнэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д зааснаар аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд анхан шатны шүүлт хийж, хуулийн шаардлага хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байна.
Гэтэл анхан шатны шүүх “өргөдлийг хүлээн авч анхан шатны шүүлт хийсний дараа ... давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд гагцхүү төрийн захиргааны байгууллага нь дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоосны үндсэн дээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэхээр байна” гэж дүгнэсэн нь буруу байна.
Түүнчлэн, Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тогтоол Ашигт малтмал, газрын тосны газарт хүргэгдээгүй байгаа нь Засаг дарга анхан шатны шүүлт хийж хүчин төгөлдөр байгаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн өргөдлийг шийдвэрлэх үндэслэл болох эсэх, нэхэмжлэгчийг өргөдөл гаргахаас өмнө орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаж байгаа эсэх, хэрэв давхцаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх боломжтой талаар дүгнэх шаардлагатай.
Түүнээс хойш 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/22 дугаар тогтоолоор тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, уг тогтоолын дагуу орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн талаар нотлох баримт авагдсан байгааг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дүгнэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ