Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 668

 

 

   2019        07          05                                 2019/ШЦТ/668

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

          Улсын яллагч Я.Мөнхзаяа,

          Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, “МН Жойн” ХХК-нд үйлчилгээний машины жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт  , ял шийтгэлгүй гэх Н.Ч,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 04-нөөс 03 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шинэ дэлхий" төвийн гадна байсан Б.Түшигийн эзэмшлийн 59-54 УНА улсын дугаартай “Тоёото приус-20” автомашины эд анги болох зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Н.Ч-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Н.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 04-нөөс 03 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шинэ дэлхий" төвийн гадна байсан Б.Түшигийн эзэмшлийн 59-54 УНА улсын дугаартай “Тоёото приус-20” автомашины эд анги болох зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэх мэдүүлэг, 

          Хохирогч Б.Түшигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ажлын газрын гадаа машинаа байрлуулчихаад ажил дээрээ хонож ажиллаж байсан.  Тэгээд өглөө 06 цагийн үед машинаа асаасан чинь сонин дуугараад байхаар нь үзсэн чинь янданг нь аваад явсан байсан. Тэгээд цагдаад хандсан. ...Би ажлын гадаа гудамжинд ил тавьсан байсан. ...машинаа түгжээд орсон бөгөөд яндан машины доор ил байдаг. ... Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

 

          "Дамно" ХХК-ийн СБ2-19-300 дугаартай “..тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 03 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлэгдэв" гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

          Яллагдагч Н.Ч нь хохирогч Б.Түшигийн ХААН банкны 5070082350 дугаарын дансанд хохирлын мөнгө 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг шилжүүлсэн болохыг гэрчлэх дансны хуулга / хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

          Яллагдагч Н.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03

дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө “Шинэ дэлхий” телевизийн байрны хажууд 59-54 УНА улсын дугаартай цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашины зөөлөн янданг хулгайлж авсан. ...би хохирлыг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буюу хэрэг үйлдсэн өдрийн нөгөөдөр нь бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,           

 

          Хохирогч Б.Түшигийн хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,                        

          Шүүгдэгч Н.Ч-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 51 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

         

          Шүүгдэгч Н.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож хохирлоо нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Н.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Ч-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Н.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Н.Ч-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Ч-г шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.         

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ