Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 960

 

 

 

 

 

 

 

  2019           9            26                                              2019/ДШМ/960                                 

 

Н.Чт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Амгаланбаатар,

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Хүдэрцэцэгийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 31 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Н.Чт холбогдох 1909011060686 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

...... Ч, 1992 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “......” ХХК-д үйлчилгээний машины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

Н.Ч нь 2019 оны 3 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Шинэ дэлхий” төвийн гадна байсан Б.Түшигийн эзэмшлийн 59-54 УНА улсын дугаартай, “Toyota pruis 20” загварын автомашины эд анги болох зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Авзага овогт Няравмаамын Чийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл Н.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор И.Хүдэрцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Н.Ч нь 2019 оны 3 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Шинэ дэлхий" төвийн гадна байсан Б.Түшигийн эзэмшлийн 59-54 УНА улсын дугаартай "Тоyota prius 20" загварын автомашины эд анги болох зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Мөнхзаяа яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Н.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тухайн зүйл, хэсэгт байхгүй ял оногдуулсан байна. Иймд Н.Чт холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Мөнхзаяа нь Н.Чт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийн оролцогчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гарган, шүүгдэгч Н.Чтой 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байхгүй ял тохиролцож шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх  мөн зүйл ангиар тохиролцсон ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

 

Н.Ч нь 2019 оны 3 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Шинэ дэлхий” төвийн гадна байсан Б.Түшигийн эзэмшлийн 59-54 УНА улсын дугаартай, “Toyota pruis 20” загварын автомашины эд анги болох зөөлөн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд хэргийн оролцогчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг хангаж прокурор тогтоол гарган /70 хх/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулж, прокурорын сонсгосон ялыг Н.Ч хүлээн зөвшөөрсөн байна. /75 хх/

 

Анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Н.Чт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, тухайн зүйл, хэсэгт байхгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг заасан байхад тухайн зүйл, хэсэгт байхгүй ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаарх дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Чт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Цаашид шүүгч, прокурор нар нь илтэд ийм хайнга, хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг үүгээр анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 688 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Чт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Н.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН