Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Батзоригт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор О.Баасанхүү,

          Ялтан М.Батзоригийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, Ж.Хандсүрэн,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Батзориг, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор О.Баасанхүүгийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр М.Батзоригт холбогдох 2016 2400 1040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Энх овгийн Мишигийн Батзориг, 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18 дугаар гудамжны 504 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НХ87121615/,

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ М.Батзориг нь Чингэлтэй дүүргийн нутагт 2016 оны 12 дугаар сарын 1-ний шөнө 01 цагийн орчим “Ниссан ноте” загварын, 85-82 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Б.Баясгаланг мөргөж, амь насыг хохироосон, хохирогч Б.Мөнх-Эрдэнийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөн,

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 б, в дэх заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн ослын газрыг явганаар санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн Прокурорын газраас: М.Батзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

М.Батзоригийг тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс бусдын амь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн зам тээврийн ослын газрыг санаатай орхиж явганаар зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар М.Батзоригийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар М.Батзоригт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Батзоригт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, М.Батзоригийн 524315 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын харьяа лицензийн төвд хүргүүлж, М.Батзориг цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, М.Батзориг нь хохирогч Б.Мөнх-Эрдэнэд төлөх төлбөргүй, хохирогч Д.Баярмагнай цаашид гарах зардлаа, иргэний нэхэмжлэгч С.Мишиг өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний хариуцагч С.Мишигийн эзэмшлийн “Ниссан ноте” загварын, 85-82 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Батзориг гаргасан давж заалдах гомдолдоо: “... Иргэн Б.Баясгалангийн амь нас хохирч, иргэн Б.Мөнх-Эрдэнийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсандаа би ихэд харамсаж, тэднийг их өрөвдөж байгаа бөгөөд энэ тухайгаа би шүүх хуралдаанд илэрхийлж, хохирогч болон тэдний ар гэрийнхнээс уучлалт гуйсан бөгөөд одоо ч гэсэн энэхүү давж заалдах шатны шүүх хурлаар уламжлан тэднээс дахин уучлалт гуйж байна.

Тийм ч учраас би бусдаас мөнгө зээлж хохирогчийн нэхэмжлэгч Д.Баярмагнайд 7.224.000 төгрөгийг бэлнээр, даатгалаас 4.558.000 төгрөг, бүгд 11.782.000 төгрөгийг, хохирогч Б.Мөнх-Эрдэнэд бэлнээр 1.105.000 төгрөг, даатгалаар 441.900 төгрөг, бүгд 1.546.900 төгрөгийг өгч хохирлыг тус тус барагдуулаад байна.

Гэвч намайг зам тээврийн ослын газрыг санаатайгаар орхиж, явганаар зугтсан гэм буруутай гэж шүүх үзэж шийтгэсэн. Гэтэл би Сүхбаатар дүүргийн Замын цагдааг хэргийн газар иртэл машиныхаа дэргэд байж, дуудлагаар ирсэн цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбатад жолооны үнэмлэх, машины бичиг баримтаа өгсөн. Гэтэл цагдаатай дохионы хэлээр харилцах боломж байхгүй учраас би арга буюу дохионы хэлний орчуулагч олохоор явсан бөгөөд хэргийн газрыг санаатайгаар орхиогүй юм.

Би орчуулагч багшаа ололгүй хэргийн газар буцаж очсон боловч машин болон цагдаа байгаагүй тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэсэг дээр очиж асуусан. Бичгээр харилцах гэж оролдсон боловч ойлголцож чадаагүй. Энэ нь санаатайгаар хэргийн газрыг орхиж явах бодол санаа агуулаагүйг минь харуулж байна. Хэрэв би ослын газрыг зориуд санаатайгаар орхин зугтах бодол, санаа агуулсан бол машинаа хэргийн газар орхихгүйгээр унаад явах байсан байх.

Машинаа хэргийн газар орхиж зугтаагаад хэргээс мултрахгүй, энэ нь эрүүл ухаантай хүнд байж боломгүй асуудал юм. Энэ бүхэн нь хэлгүй, дүлий зэрэг хөгжлийн бэрхшээлтэй миний хувьд цагдаа, мөрдөн байцаагч, прокурор, шүүх бүрэлдэхүүнд өөрийнхөө санаа, сэдэл, үйлдлийг ойлгуулж чадаагүйтэй холбоотой ч байж мэдэх юм. Тийм учраас намайг хэргийн газрыг зориуд санаатайгаар орхиж явсан гэж буруутгахгүй, болсон явдлыг үнэнээр нь ойлгохыг давж заалдах шүүх бүрэлдэхүүнээс хүсье.

Мөн хэргийн газраас зугтаагүй болохыг хохирогч Б.Баясгалангийн найз болох гэрч Э.Нандинцэцэг, хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нар анхан шатны шүүх хуралдаанд гэрчилж мэдүүлсэн.

Нөгөө талаар би баруун талаас зүүн зүг рүү хөдөлгөөн үйлдэж байхдаа миний өмнө нэгдүгээр эгнээнд машин зогсож байсан тул би хоёрдугаар эгнээгээр явсан. Гэтэл замын урдаас гэнэт хоёр хүн нэгдүгээр эгнээнд зогсож байсан машины өмнүүр тулан гарч ирмэгц би тормос гишгэсэн ч тухайн үед зам хөлдүү, халтиргаатай байсан тул яах ийхийн зуургүй осол болсон.

Хэрэв хохирогчид явган хүний гарцаар болон миний өмнө нэгдүгээр эгнээнд зогсож байгаа машины хойгуур гарсан, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гарахыг хориглосон зэрэг хууль, дүрмийг биелүүлж хөдөлгөөнд оролцсон бол энэ осол гарахгүй байсан.

Мөн хохирогчид бааранд архи, пиво зэрэг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, шинжээчийн дүгнэлтээр гарсанчлан хүнд зэрэглэлийн согтолттой, хоорондоо зодолдож, уусан архи, пивоныхоо үнийг төлөхөөс зайлсхийн яарч, сандарч, зугтан гүйж явсан зэрэг сэтгэл санааны хямралт байдал нь хохирогчдыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцож осолд ороход хүргэсэн.

Би урьд өмнө төрийн хуулийг зөрчиж байгаагүй, мөн хэлгүй, сонсголгүй зэрэг хөгжлийн бэрхшээлтэй буюу хөдөлмөрийн чадварын 90 хувийн алдалттай, өндөр настай эцэг, эх, эхнэр минь бас хэлгүй, сонсголгүй, 0-10 насны 4 хүүхэдтэй зэрэг амьдралын хүнд нөхцөл байдлыг болон гэмт хэрэг хийсэндээ сэтгэлээсээ гэмшиж, хохирогчдын хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсье ...” гэжээ.

 

Ялтан М.Батзоригийн өмгөөлөгч М.Цэрэндэжид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүнийг байцаагаагүй, нэг талыг барьж, гүйцэд биш хийсэн, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байна.

М.Батзоригийг нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслээр зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмын заалтыг зөрчсөн болох нь ЗЦГ-аас гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна гэж дүгнэн, зөвхөн жолооч М.Батзоригийг буруутгасан нь үндэслэлгүй байх бөгөөд хэт нэг талыг барьж, буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Учир нь Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч нар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн хуулиар хориглосон заалтыг зөрчсөн гэм буруутай нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байхад буруутай байдалд нь зохих ёсоор дүгнэлт өгөөгүй нь хууль, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ” гэж тодорхой заасан байдаг, мөн хуулийн 12 дугаар зүйлд замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлон заахдаа “Замын хөдөлгөөнд оролцогч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих эрхтэй” байхаар заасан байна.

Хэрэг гарсан нөхцөл байдлаас харахад тухайн зам тээврийн осол нь Замын хөдөлгөөнд оролцогчдын хэний буруутай үйлдлээс үүдэлтэйгээр гарсан бэ гэдгийг хэргийн газар дээр очиж ажилласан цагдаагийн бүрэлдэхүүн, мөн Замын цагдаагийн албаны техникийн шинжээч хэрэг гарсан нөхцөл байдлыг үндэслэлтэй, зөв тогтоогоогүйгээс дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч М.Батзоригийг буруутгах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

1. Жолооч М.Батзоригийг 2016 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө ажлаа тараад гэртээ харьж явах замд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Тэс петролиум” шатанхуун түгээх станцын арын замд, 85-82 УНЕ улсын дугаартай, “Ноте” загварын автомашин жолоодож, баруунаас зүүн зүг зорчин явахад ертөнцийн зүгээр замын урд талаас нэгдүгээр эгнээнд зогсож байсан цагаан өнгийн жижиг машины өмнүүр 2 явган зорчигч гэнэт гарч ирсэн байх ба жолооч М.Батзориг ойролцоогоор 1 метрийн зайнаас хараад тормос гишгэсэн боловч машинаа шууд зогсоож чадаагүй зам тээврийн осол гарсан байдаг. Уг ослын улмаас явган зорчигч Б.Баясгалан газар дээрээ нас барж, явган зорчигч Мөнх-Эрдэнийн биед хүндэвтэр гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байдаг.

Хэрэг гарсан нөхцөл байдлаас харахад жолооч М.Батзориг тухайн замд 3 эгнээ замын 2 дугаар эгнээгээр зорчин, эгнээ байрлалаа зөв эзлэн явсан байдаг. Тухайн үед замын нөхцөл байдал цастай, халтиргаа гулгаатай байсан нь тогтоогдсон. Хоёр явган зорчигч үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлаас буюу 1 дүгээр эгнээнд зогсож байсан машины өмнүүр гэнэт гарч ирэн машинд мөргөгдсөн байна.

Уг осол болсны дараа хэргийн газарт дуудлагаар Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ажилтан А.Эрдэнэбатыг ирэхэд жолооч М.Батзориг байсан ба машиныхаа бичиг баримт, жолооны үнэмлэхээ үзүүлэн хүлээлгэн өгсөн, мөн эмнэлгийн түргэн тусламжийн машин ирэхэд байсан байдаг.

М.Батзориг нь ослын газарт анх ирсэн замын цагдаагийн ажилтантай үг хэлээ ойлголцохгүй байсан учраас М.Батзориг дохионы багш олж ирье гэж бодоод багшийнхаа сургууль дээр явганаар очоод, эргээд ирэх хооронд хэмжилт хийгээд явсан, хэргийн газарт машин нь байхгүй байсан тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст очиж бичгээр харьцан машинаа асуухад мэдэхгүй гээд гаргасан байдаг. Тэр шөнөдөө явганаар явж Баянбүрдийн ойролцоо найзындаа очиж аав, ээж ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж Замын цагдаагийн газарт очсон байдаг.

Мөрдөн байцаалтын явцад 2017 оны 1 дүгээр сарын 25-нд Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлт гарч М.Батзоригийг зам тээврийн ослын газрыг санаатай орхин зугтаасан, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, цагдаагийн ажилтан иртэл хүлээнэ гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дахь заалтыг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл бодит байдалд жолооч М.Батзориг тухайн үед цагдаагийн ажилтан ирэхэд байсан, мөн эмнэлгийн машин ирэхэд байсан байх ба тэрээр хөгжлийн бэрхшээлтэй байдлын улмаас өөрийгөө ойлгуулж чадаагүй өнгөрсөн байдаг. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ажиллахдаа хэмжилтийн бүдүүвч зураглалд 2 явган зорчигчийг замын хойноос урагш зам хөндлөн гарсан байдлаар зурж маршрутыг буруу гаргасан байдаг.

Техникийн шинжээч дүгнэлт гаргахдаа 2 явган зорчигчийн замыг буруу зурсан зураглалд үндэслэсэн нь дүгнэлт буруу гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. М.Батзориг нь хэлгүй, сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн. Байцаан шийтгэх ажиллагаанд бие даан шууд оролцох боломжгүй, түүний бусдаас хараат байдлыг харгалзан, судлан үзэхгүйгээр эргэлзээтэй, үндэслэлгүй дүгнэлтээр буруутгаж шүүгдэгчид ял оногдуулсан нь хуульд нийцээгүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2. Хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүнийг байцаагаагүй нь мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн, нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл болж байна. Үүнд:

Хавтаст хэргийн 73, 144 дүгээр талд байгаа гэрч болох А.Эрдэнэбатын тодорхойлолт. 2017 оны 2 дугаар сарын 18-нд М.Батзориг өөрийн биеэр, анх хэргийн газарт дуудлагаар очсон замын цагдаагийн зохицуулагч А.Эрдэнэбатыг олж уулзахад тэрээр тодорхойлолт хийж өгсөн байдаг ба “шаардлагатай бол эргээд холбогдоорой” гээд өөрийн гараар тодорхойлолт гаргаж, утасны дугаараа бичиж өгснийг М.Батзоригийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлэг өгөх хүнийг гэрчээр асуулгах талаар Тээврийн прокурорт удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Мөн шүүгч Баярмаад хүсэлт гаргасан боловч хэргийг мөрдөн байцаалтад буцаагаагүй, хэргийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан. Энэ байдлаас дүгнэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, бүрэн гүйцэд хийгээгүй, нэг талыг барьсан гэж үзэж байна.

3. М.Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн субьектив, обьектив талын гэм буруутай үйлдэл байж гэмээнэ буруутгагдах ёстой.

Хавтаст хэргийн 12, 94 дүгээр талуудад байгаа буруу зурсан зураглал, мөн буруу гаргасан зураглалд үндэслэсэн шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Хэргийн 91 дүгээр талд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд хийсэн үзлэг оношилгоо хийсэн шинжээчийн дүгнэлтээр М.Батзоригийн жолоодож явсан 85-82 УБЕ улсын дугаартай, “Ниссан ноте” загварын автомашины ашиглалтын байдал нь тухайн осол хэрэгт нөлөөлөхгүй гэж дүгнэгдсэн нь тээврийн хэрэгсэл нь ашиглалтын журам зөрчөөгүйг харуулж байна.

4. М.Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгээр буруутган ялласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. М.Батзоригт хэргийн газраас санаатай зугтаах, хариуцлагаас зайлсхийх гэсэн субьектив санаа зорилго байгаагүй нь бодит байдлаас харагддаг. Тухайлбал, М.Батзориг мэдүүлэгтээ: “... би хэргийн газар анх ирсэн цагдаагийн ажилтантай үг хэлээ ойлголцохгүй байсан болохоор машины гэрчилгээ, жолооны үнэмлэхээ өгсөн, дараа нь дохионы багшаа олж ирэхээр яваад сургууль дээр нь очоод буцаж ослын газар иртэл машин байхгүй байсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүртэй бичгээр харилцаж машинаа асуусан ...” гэж мэдүүлсэн мэдүүлгийг мөрдөн шалгаж, холбогдох гэрчүүдийг асуугаагүй атлаа үндэслэлгүй ялласан гэж үзэж байна.

Мөрдөн байцаалтын явцад бүрэн гүйцэд хийгдээгүй, хэргийн эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах үүднээс гэрч Дэлгэрмааг дахин асуулгах, мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийн талаар ач холбогдол бүхий байдлыг сайн мэдэх гэрч А.Эрдэнэбатыг асуулгах талаар хяналтын прокурорт хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хангахаас татгалзаж, 14 хоногийн дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 15-нд хариу өгөхдөө “эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан атлаа 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр яллагдагч М.Батзоригт яллах дүгнэлтээ үйлдсэн нь хэт нэг талыг барьж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, хуулиар олгосон боломжийг олгохгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг барьсан үйл ажиллагаа гэж үзэж байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд байгаа ЗХД-ийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд саад бий болсон болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь тухайн үед жолооч аюул саадыг 1 метрийн зайнаас хараад тормос гишгэхэд халтиргаа, гулгаатай замд тээврийн хэрэгсэл зогсох боломжтой эсэхийг магадлан, үндэслэлтэй тогтоогоогүй.

М.Батзориг шүүх хуралдаанд “миний машины тормосны мөр харлаад харагдаж байсан” гэж мэдүүлдэг. Мөн болсон үйл явдлыг шууд харсан гэрч Нандинцэцэг, Дэлгэрмаа нарын мэдүүлэгт “машин маш хүчтэй тормослоод 10 аад метр гулсаад зогссон” гэж мэдүүлдэг.

Гэтэл шинжээчийн дүгнэлтэд “зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл нь тормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй” гэж дүгнэгдсэн нь Замын Цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэмжилт хийхдээ тормосны мөр байсаар атал жолооч хаанаас эхлэн тормос гишгэсэн байдлыг үнэн зөв тогтоогоогүй орхигдуулсан байгааг харуулж байна.

Явган зорчигчид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ зөрчиж улмаар дүрмийн 3.9-ийн а, б, в, г-д заасан явган зорчигчид хамааралтай хуулиар хориглосон заалтуудыг зөрчсөн байгааг мөрдөн байцаагч, прокурор, шүүх явган зорчигдын буруутай байдалд зохих ёсоор үнэлэлт өгөөгүй, хуулийг зөв хэрэглээгүй, хэт нэг талыг барьж М.Батзоригийг шууд буруутгасан нь хууль болон шударга ёсонд нийцээгүй, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд маш их хохиролтой байна.

5. М.Батзоригийн хувийн байдал. Тэрээр  хэл, сонсголын хөгжлийн бэрхшээлтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18-504 тоотод амьдардаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, тахир дутуугийн группийн мөнгөөр гэр бүлээ тэжээхийн зэрэгцээ “Зэт эм стийл” ХХК-д барилгын угсрагчаар ажилладаг байсан. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. М.Батзориг нь ажлаа тараад гэртээ харих замд зам тээврийн осол гарч, хүний амь нас, эрүүл мэнд хохирсонд маш их харамсаж байгаа.

Гэхдээ М.Батзориг тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг үнэн зөв тогтоолгож, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэж үзэж байна.

М.Батзориг, түүний аав С.Мишиг нар нь зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсонд харамсаж, сайн дураараа талийгаач Баясгалангийн оршуулгын зардалд 11.782.028 төгрөгийг, мөн Мөнх-Эрдэнийн эрүүл мэндийн хохиролд 1.546.100 төгрөгийг тус тус төлсөн. Иргэний хариуцагч С.Мишиг нь хүү М.Батзоригоос нэхэмжлэх зүйлгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүү маань миний асрамж, хараа хяналтад байдаг талаараа ярьсан болно.

М.Батзориг нь тухайн нөхцөлд хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэж байгаа тул хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг үнэн зөв тогтоолгох, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргуулах, хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгөх гэрч А.Эрдэнэбатыг гэрчээр асуулгах шаардлагатай байна.

Иймд М.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2.1 дэх хэсэг, 319 дүгээр зүйлийн 319.1, 319.1.2 319.1.4 дэх хэсэг, 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

 

Ялтан М.Батзоригийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэсэлтэй байна, миний үйлчлүүлэгчийг батлан даалтад гаргаж өгнө үү ...” гэв.

 

Прокурор О.Баасанхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт зааснаар “шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино” гэсэн заалтыг хангаагүй байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар “Үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг ...хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолно” гэж заасан байхад шийтгэх тогтоолд энэ тухай заалт оруулаагүй нь нэмэгдэл ялыг хэзээнээс тоолж эхлэх нь тодорхойгүй орхигдуулсан байна.

2. Улсын дээд шүүхийн 2006 оны 27 дугаар тогтоолын 9 дэх хэсэгт “Тээврийн
хэрэгсэл жолоодож явсан этгээд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн хэд хэдэн
хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон бол тухайн зүйлийн
хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж
тайлбарласан. Гэтэл шийтгэх тогтоолын 1 дэх заалтад хохирогч Б.Мөнх-Эрдэнийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг орхигдуулсан байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, 321 дүгээр зүйлийн 321.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн, одоо давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт М.Батзоригт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг яллахаас татгалзаж байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

  М.Батзориг нь Чингэлтэй дүүргийн нутагт 2016 оны 12 дугаар сарын 1-ний шөнө 01 цагийн орчим “Ниссан ноте” загварын, 85-82 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Б.Баясгаланг мөргөж, амь насыг хохироосон, хохирогч Б.Мөнх-Эрдэнийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн “... Баянбүрд төвийн урд таксидаж очиж буугаад ертөнцийн зүгээр зүүн тийш алхаж байгаад урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарсан. Зам гарахын өмнө согтуу эмэгтэй “ахаа гар утсаар чинь яръя” гэж гуйсан. Тэгээд би гар утсаа тэр эмэгтэйд өгөх гэж байтал нөгөө эмэгтэй зам хөндлөн гүйгээд гарсан. Би араас нь алхаж байтал нэг мэдэхэд газар ухаан алдаад уначихсан байсан ...” /хх 22-23/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярмагнайгийн мэдүүлсэн “... 2016 оны 12 дугаар сарын 1-ний өглөө 08 цагийн орчим над руу манай охин Баясгалангийн найз Нандинцэцэгийн эцэг Эрдэнэбилэг залгаж манай охиныг осолд орсон талаар хэлсэн ...” /хх 35-36/,

 

 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дэлгэрмаагийн мэдүүлсэн “... хар куртиктэй эмэгтэй зам дагуу нэг залуутай зам гарах гээд зогсож байсан ба зам хөндлөн алхаад гартал ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хар өнгийн “Ниссэн ноте” загварын жижиг тэрэг зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр хурдтай орж ирээд нөгөө эмэгтэй болон эмэгтэйгийн зэрэгцээ алхаад зам гарч байсан залуу хоёрыг мөргөөд нилээд урт тормослоод зогссон. Тэгээд уг автомашин дотроос 25-30 орчим насны, бор өнгийн куртиктай, хар өмдтэй хүн бууж ирээд автомашины ард хэвтэж байсан залуу дээр очиж харчихаад эргээд автомашиныхаа урдуур тойроод газар хэвтэж байсан эмэгтэй дээр очиж харчихаад автомашиныхаа хаалгыг онгойлгоод зогссон ...” /хх 52/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Нандинцэцэгийн мэдүүлсэн “... гэнэт миний хойно, зам дээр автомашин тормослож, шил хагарах чимээ гарсан. Эргээд хартал хар өнгийн, “Ниссан ноте” загварын, 85-82 УБЕ улсын дугаартай автомашин зорчих хэсгийн 1, 2 дугаар эгнээний голд зогсож байхаар нь Баясгаланг мөргүүлчихсэн юм байхдаа гэж бодоод тойроод очтол Баясгалан дээшээ харсан байдалтай, ямар ч ухаангүй, хөдөлгөөнгүй, толгой нь зүүн тийш чиглэлтэй, хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан ...” /хх 58/,

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч С.Мишигийн мэдүүлсэн “... “Ниссан ноте” загварын, 85-82 улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг юм. Би уг автомашиныг өөрийн хүү Батзоригт өгсөн юм. Яагаад нэр дээр нь шилжүүлээгүй гэхээр миний хүү хэлгүй болохоор автомашины татвар болон үзлэг, оношилгоонд ороход нь би өөрөө явж байя гэж бодоод шилжүүлээгүй юм. Уг автомашиныг хүү Батзориг байнга унадаг бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр автомашиныг ажил руугаа унаад явсан ...” /хх 59-60/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хүзүүний 1 дүгээр нугаламын их бие гавлын том нүхтэй үелэх хэсгээр бүрэн мултрал, нугасны бүрэн тасрал, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гол судасны гадаргуу, баруун, зүүн уушгины уг, үнхэлцэг хальсны цус хуралт, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, дух, уруул, цээжинд зулгаралт, баруун шанаа, цээж, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, гэмтэл авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй, талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй, талийгаач О/I бүлгийн цустай байна, талийгаачийн цусанд 3.6 промилли спиртийн зүйл илэрсэн байна, энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно ...” гэсэн 2199 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 66-69, 70-71/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... хохирогч Б.Мөнх-Эрдэнийн биед баруун тохойд шарх, баруун дал, баруун сүүжний дэлбээн их бие дайрсан зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй ...” гэсэн 16449 тоот шинжээчийн дүгнэлт /хх 76/,

 

Авто тээврийн үндэсний төв, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн “... Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчиний гудамж, өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 85-82 УБЕ улсын дугаартай, “Ниссан ноте” загварын автомашинд шинжээчийн дүгнэлт хийв, С.Мишигийн эзэмшлийн “Ниссан ноте” загварын, хар өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэсэн, 85-82 УБЕ улсын дугаартай, Е11332492 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 12.05 цагаас 12.55 цаг хүртэл MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж шалгасан үзүүлэлт нь тухайн осол хэрэгт нөлөөлөхгүй гэж үзэж байна ...” гэсэн 17/493 тоот дүгнэлт /хх 89-91/,

 

Замын Цагдаагийн албаны “... 85-82 УБЕ улсын дугаартай “Ниссан ноте” загварын, тээврийн хэрэгслийг жолоодон явсан М.Батзориг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Баясгалан нар нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг болон фото зургийн үзүүлэлтээр 85-82 УБЕ улсын дугаартай “Ниссан ноте” загварын тээврийн хэрэгсэл нь тормосны мөр байхгүй тул тээврийн хэрэгслийн тухай үед явж байсан хурдыг тодорхойлох боломжгүй ...” гэсэн 41 тоот шинжээчийн дүгнэлт /хх 93-95/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2, 3-6/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7, 8-10/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 12-13/, цогцосны хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/,  автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх 20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 21/, хохирлын баримтууд /хх 17-33, 44-51/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2, 3-6/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7, 8-10/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 12-13/, цогцосны хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/,  автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-16/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх 20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 21/, хохирлын мөнгө хүлээн авсан баримтууд /хх 39, 185, 188, 211-212/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 62/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх 63/, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 64-65/, ялтан М.Батзоригийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

М.Батзоригт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд чухал ач холбогдолтой байж болох зүйлийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн ялтны гэм бурууд тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэсэн ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ялтан М.Батзоригийн, хохирогч Б.Мөнх-Эрдэнийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг орхигдуулж шийдвэрлэсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан нэмэгдэл ялыг хэзээнээс тоолох хугацааг заагаагүй байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт болон нэмэлт заалт оруулах нь хуульд нийцнэ.

 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор О.Баасанхүү нь “... прокуророос М.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлснийг яллахаас татгалзаж байна ...” гэсэн тайлбарыг гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3 дахь хэсэгт зааснаар М.Батзоригт холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоосон, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул ялтан М.Батзоригийн “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...”, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжидийн “... хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Гэвч М.Батзориг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад учирсан материаллаг хохирлын зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн, хөгжлийн бэрхшээлтэй, 0-10 насны 4 хүүхэдтэй зэрэг хувийн байдал болон хэрэг үйлдэгдэхэд хохирогч нарын буруутай ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж М.Батзоригт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоох боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3 дахь хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Батзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад:

“... Энх овогтой Мишигийн Батзоригийг тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчснөөс бусдын амь нас хохирсон гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд, Мөн зам тээврийн ослын газрыг санаатай орхиж явганаар зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай ...” гэснийг “... Энх овгийн Мишигийн Батзоригийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай ...” гэж,

 

2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батзоригийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1. дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3. дахь хэсэгт зааснаар М.Батзоригийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ...” гэж,

 

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, “5” дахь заалтыг “4” гэж, “4” дэх заалтыг “5” гэж дугаарыг зөвтгөн өөрчилж,

 

Шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэгт зааснаар М.Батзоригт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдсугай ...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан М.Батзориг, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧИД                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ