| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 151/2017/0083/Э |
| Дугаар | 2017/ДШМ/22 |
| Огноо | 2017-05-10 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2017/ДШМ/22
О.Цэрэндаваад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Нансалмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Д.Энхцэцэг, Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан гомдлоор О.Цэрэндаваад холбогдох эрүүгийн 2017 1900 0001 дугаартай 1 хавтас 158 хуудас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Яс үндэс халх, эрэгтэй, 55 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр 3 хүүхэд, ач зээ нарын хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн Аргал гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх 86 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Баяуд овгийн Оргойн Цэрэндаваа, /РД:НА62041773/.
Шүүгдэгч О.Цэрэндаваа нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Даваадоржийг “уурын зуухны өрөөнд архи уулгасангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Б.Даваадоржийн зүүн гуян тус газар нь хутгалж хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаар шүүгчийн захирамжаар: Шүүгдэгч Баяуд овгийн Оргойн Цэрэндавааг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар О.Цэрэндавааг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Цэрэндаваад оногдуулсан 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, ногоон өнгийн хөвөнтэй өмд 1 ширхэг, хар өнгийн цэнхэр канттай биеийн тамирын өмд 1 ширхэгийг хохирогч Б.Даваадоржид буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Байгалмаад тус тус даалгаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэрэндаваагийн өмчлөлийн хоёр тооны адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, ялтан О.Цэрэндаваа нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Ялтан О.Цэрэндаваа нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Цэрэндаваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Даваадорж давж заалдах гомдолдоо: “Алтанбулаг сумын 1-р баг иргэн Б.Даваадорж миний бие нь 2016.11.29-ны орой ажил дээрээ байж байхад 18.00 цагийн үед О.Цэрэндаваа ах сумын 3 хүнтэй хамт орж ирээд архи уух гэтэл би уулгахгүй гэсний улмаас бид 2 маргалдаж миний өвдөгний дээд хэсэгт хутгаар өнгөцхөн хатгасан юм. Цэрэндаваа ах бид 2 урьд өмнө танил, хааяа хөдөөнөөс орж ирсэн үед нь тааралдвал ганц шил архи уучихдаг байсан. Цэрэндаваа ах 183.1-ээр 3 жил 5 сар хоригдох ял авлаа. Цэрэндаваа ах намайг хөөж туулгаж, зодож цохиж танхайраагүй учир бид 2 эвлэрсэн. Эмнэлгийн магадлагаа, хохирол байхгүй. Хувийн сэдэлттэй маргалдсан учир миний гомдолгүй байдлыг харгалзан үзэж 99.1 болгон өөрчилж ялыг хөнгөлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч О.Цэрэндаваа давж заалдах гомдолдоо: Алтанбулаг сумын иргэн О.Цэрэндаваа би 2016.11.29-нд сумын төвд сургуулийн уурын зууханд 3 нөхрийн хамт 1 шил архи уух гээд ортол Б.Даваадорж гарч байсан. Даваадорж бид хоёр урьдны танил тааралдсан үедээ нэг шил архи уудаг байсан. Бид 4 архиа уух гэтэл болохгүй камертай болсон гээд маргалдаад байж байтал гаднаас Энхжаргал гэдэг залуу орж ирээд юун улс вэ? гадны хүмүүс энд байж болохгүй харьцгаа гэсэн. Би та нар хэзээ ийм болчихсон юм бэ? урьд нь ууж идээд болоод л байсан одоо яагаад байгаа юм бэ гээд тонгойтол идэш хийх гээд дэлгүүрээс 1 хутга аваад өвөрт явсан үзүүр нь гэдсэнд хүрэнгүүт гаргаж гутлынхаа түрийнд хийх гээд гаргаж ирээд Даваадорж руу чичтэл үзүүр нь өвдөгний дээд хэсэгт нь зүсчихсэн юм. Надад 181.3-аар 3 жил 5 сар хорих ял оноолоо. Би энэ ялыг зөвшөөрөхгүй. 1. Даваадоржийг зодож, цохиж, хөөж туулгаж танхайраагүй
2. Эмнэлгийн магадлагаа байхгүй,
3. Төлбөр байхгүй
4. Хохирогч гомдолгүй гэж бид 2 эвлэрсэн. Хувийн сэдэлттэй маргаан байсан байдлуудыг харгалзан үзэж ялыг хөнгөлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.20-ны өдрийн 94-р шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. О.Цэрэндаваа нь хохирогч Б.Даваадоржийг яг хаана нь ямархуу байдалтай байхад нь босоо байхад нь сууж байхад аль үед нь ямар санаа зорилгоор хутгалсан болох нь зөрүүтэй буюу эргэлзээтэй байхад шүүх танхайрч санаатайгаар хутгалсан гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь учир дутагдалтай боллоо гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж, хэргийг бүхэлд нь хянан үзэж 2017.03.20-ны өдрийн 94-р шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, аль эсвэл эргэлзээтэй байдлыг мөн шүүгдэгчийн хувийн байдлыг анхааран үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч О.Цэрэндаваад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Шүүгдэгч О.Цэрэндаваа нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн уурын зуухны ажлын байранд иргэн Б.Даваадоржийг “уурын зуухны өрөөнд архи уулгасангүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Б.Даваадоржийн зүүн гуянд хутгалж, биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5, 7-13/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-69-71, 72-74/, яаралтай тусламжийн хуудас /хх-18/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-28,76/, хохирогч Б.Даваадорж /хх-31, 77-78, 134-136/, гэрч М.Энхжаргал /хх-32,136-137/ нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Чаминчулууны /хх-ийн 37-36/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 588 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-41/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 022 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-86/, эд зүйлийн үнэлгээ /хх-24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-57-58/, О.Цэрэндаваагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг эрүүгийн хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлуудыг тогтоосон, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс О.Цэрэндаваагийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Хохирогч Б.Даваадорж, ялтан О.Цэрэндаваа, ялтны өмгөөлөгч Б.Энхтуяа нарын давж заалдах гомдолд дурдагдсан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, эсвэл зүйлчлэлийг ЭХ-ийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, ялыг хөнгөрүүлэх” тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгахад гэмт этгээдийн гэм буруугийн сэдэлт, зорилго зэрэг субъектив талын шинж, түүнчлэн хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, үр дагавар, нөхцөл байдлыг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой байдгаас гадна уг үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтой байдаг.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Даваадоржийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... намайг галчаар ээлжинд гарч байхад...орж ирээд архи ууна гэхээр нь би ажлын байран дээр архи ууж болохгүй” гэхэд Цэрэндаваа ах “чи хэзээ ийм том болсон бацаан бэ?” гээд бид хоёр маргалдсан. Энхжаргал орж ирээд гадны хүмүүс энд байж болохгүй тарцгаа гэхэд Цэрэндаваа ах гэнэт өврөөсөө хутга гаргаж ирээд “хэзээ та нар ийм болсон юм бэ? та хоёрын хэнийг түрүүлж дүрэх вэ” гээд босож ирээд миний зүүн хөлрүү хутгаар хатгасан. Энхжаргал бид 2 гараад зугтсан гэсэн мэдүүлэг,
гэрч М.Энхжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... ажлын байран дээр нь очтол Даваадорж... тэд нарыг гар гээд зогсож байсан, би ...та нар явцгаа” гэхэд Цэрэндаваа гэдэг хүн орон дээр сууж байгаад гэнэт босож ирээд өврөө ухаад хутга гаргаж ирээд “та хоёрын хэнийг нь эхэлж дүрэх вэ” гэхээр нь би гараад зугтаасан. Даваадорж араас гарч ирсэн, бид хоёр цагдаа дуудсан,... Даваадоржийн хөлийн өвдөгний дээхэн талд зүсэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Чаминчулууны мөрдөн байцаалтанд өгсөн “... бид дөрөв уурын зуухан дээр очиход галчаар Даваадорж ажиллаж байсан. Бид хэдийг очсонд Даваадорж дургүйхэн байсан, гаднаас Энхжаргал гэдэг залуу орж ирсэн. Тэгээд байж байтал Энхжаргал, Даваадорж хоёр гараад гүйхээр нь Цэрэндаваа араас нь гарсан. Намайг байхад маргаан, хутга шөвөг гаргаагүй, би хараагүй” гэсэн мэдүүлэг,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны “Б.Даваадоржийн биед зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 588 дугаар шинжээчийн дүгнэлт,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн биеийн тамирын өмдөнд үүссэн 5,5 см-ын хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин ханзархай уранхай, 3,9х0,5см хэмжээтэй уранхай нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн шинээр зүсэгдсэн уранхай, 2,5х0,3см уранхай нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн шинээр зүсэгдсэн уранхай, ногоон өнгийн хөвөнтэй өмдөнд үүссэн 2,5х0,3см хэмжээтэй уранхай нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас шинээр үүссэн зүсэгдсэн уранхай байна гэсэн 022 дугаар шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, бусад нотлох баримтуудад тулгуурлан ялтан О.Цэрэндавааг согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн уурын зуухны ажлын байранд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Б.Даваадоржийн зүүн гуянд хутгалж, биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.
Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан О.Цэрэндаваагийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн бусад гэрчүүдийн мэдүүлэг, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан тухайн хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийснээрээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Даваадорж, ялтан О.Цэрэндаваа, ялтны өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогч Б.Даваадорж, ялтан О.Цэрэндаваа, ялтны өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Г.БОЛОРМАА