Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 833

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Улаанбаатар такси танспорт сервис”  ХХК

Хариуцагч:  Шинэ-Од

Түрээсийн гэрээний үүрэгт  2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвсүрэн, хариуцагч Х.Шинэ-Од, нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.

          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар такси танспорт сервис”  /УБТТС/  ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Таксины үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд иргэн Х.Шинэ-Од нь 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ТТ-14-099 дугаартай автомашин түрээслэх гэрээг байгуулж манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох машиныг гэрээний дагуу эзэмшиж байсан билээ. Х.Шинэ-Одтой байгуулсан гэрээнд түрээслэгч автомашиныг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл автомашин түүний нэмэлт тоноглолд өөрийн өмчийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийх мөн актаар хүлээн авахаар гэрээнд заасан. Х.Шинэ-Од нь тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа 2 600 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгү учир гэрээнд заасны дагуу барьцаанд тушаасаан 500 000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 2 100 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс тус компанитай гэрээ байгуулж 2015 оны 8 дугаар сар хүртэл 13-12 УНМ улсын дугаартай автомашиныг эзэмшиж ирсэн. Эзэмшиж эхэлсэн хугацаанаас эхлээд хураалгах хүртэл энэ компанид урьдчилгаа төлбөрөөс гадна 10 000 000 гаруй төгрөг төлсөн. Би 2015 оны 4 дүгээр сараас хойш машинаа хураалгах хүртэл эрүүгийн хэрэгт холбогдон 2-3 сар Замын-Үүд суманд байх болсон бөгөөд 7 дугаар сар хүртэл орлогоо тушааж байсан. Нэхэмжлэгч компанид би энэ тухай мэдэгдсэн бөгөөд сүүлийн сар орлогоо өгөөгүйн улмаас 2015 оны 8 дугаар сард манай дүү болох Х.Түвшинтөгсийг гэрчээр дагууулан очиж машиныг хураан авсан байсан бөгөөд намайг ирэхэд миний машиныг өөр хүнд шилжүүлж ажилд гаргасан байсан. Нэхэмжлэгчийн нэхэж байгаа 2 660 000 төгрөг бол 76 хоног буюу 2 сар гаруйн орлого нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний гэрээний хугацаа дуусч байсан, уг гэрээг сүүлд 2014 онд сунгаж шинээр хийснээс биш 2013 оноос эхлэн ажиллаж нийт 13 715 000 төгрөг төлсөн байгаа, машиныг өөр этгээдэд түрээслэсэн, компанид хохирол учраагүй, харин ч ашиг олсон байгаа болно.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч Х.Шинэ-Одод холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт  2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал хариуцагчийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан ТТ-14-099 дугаартай Автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ белүүлээгүйгээс гэрээг цуцласан, төлөх ёстой түрээсийн төлбөр 2 100 000 төгрөгийг төлөөгүй гэж, хариуцагч тал түрээсийн төлбөрт 13 715 000 төгрөг төлсөн, гэрээг нэхэмжлэгч талаас санаачлан цуцалж, автомашиныг хураан авч өөр этгээдэд шилжүүлсэн тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт “санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт “түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ” гэж, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон санхүүгийн түрээсийн гэрээг баримтална” гэж,  мөн зүйлийн 16.2 дахь хэсэгт “түрээслүүлэгч, түрээслэгчийн аль нэг нь гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд гэрээнээс татгалзах, ийнхүү татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж тус тус заажээ.

Талууд 2013 оны 9 дүгээрсарын 24-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, гэрээгээ 2014 оны 4 дүгээр сарын сарын 24-ний өдөр шинэчлэн байгуулж хугацааг 6 сараар сунгасан, түрээсийн төлбөрт түрээслэгч Х.Шинэ-Од 13 715 120 төгрөг, мөн урьдчилгаа 500 000 төгрөг төлсөн, түрээслүүлэгч талын санаачилгаар 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцласан талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч тал “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г цуцалж, гэрээний зүйл болох  13-12 УНМ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, Хьюндай Элентра маркын автомашиныг түрээслэгч  Х.Шинэ-Одоос хураан авч төлөгдөөгүй төлбөрт 2 100 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Улаанбаатар такси танспорт сервис” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн “Түрээсийн төлбөрийн хуулга” /хх-ийн 17-р тал/ гэх баримтаас үзэхэд  түрээслэгч Х.Шинэ-Од нь  төлөх ёстой нийт төлбөр 16 315 120 төгрөгөөс 13 715 120 төгрөгийг  төлсөн, энэхүү тооцоог анх гэрээ байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс гэрээг цуцласан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг  хүртэл тооцсон  нь тогтоогдож байна.

Хариуцагч Х.Шинэ-Од татгалзлын үндэслэлээ гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд төлбөрийн ихэнхи хэсгийг төлсөн, эзэмшиж байх хугацаанд эвдрэл гэмтэл гараагүй, гэрээний зүйлийг түрээслүүлэгч буцаан авсан тул түрээсийн төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй, мөн сөрөг нэхэмжлэл гаргаагүй, харин нэхэмжлэгч талаас уг автомашиныг өөр этгээдэд түрээслэсэн эсэх талаар баримт, 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр анх  хариуцагчтай байгуулсан гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт 13 750 120 төгрөг авсан, гэрээг цуцалж түрээслүүлсэн автомашинаа хураан авсан, гэрээг цуцалснаас хохирол учирсан болох нь баримтаар  тогтоогдохгүй байна. 

Иймд хариуцагч Х.Шинэ-Одоос 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Улаанбаатар такси танспорт сервис”  ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х.Шинэ-Одоос санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Улаанбаатар такси танспорт сервис” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ