Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1992

 

ХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/00833 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч ХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ход холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 2 100 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: "ХХ" ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Таксины үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд иргэн Х нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ТТ-14-099 дугаартай автомашин түрээслэх гэрээг байгуулж манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох машиныг гэрээний дагуу эзэмшиж байсан билээ. Хтой байгуулсан гэрээнд түрээслэгч автомашиныг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл автомашин түүний нэмэлт тоноглолд өөрийн өмчийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийх мөн актаар хүлээн авахаар гэрээнд заасан. Х нь тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа 2 600 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй учир гэрээнд заасны дагуу барьцаанд тушаасан 500 000 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 2 100 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс тус компанитай гэрээ байгуулж, 2015 оны 08 дугаар cap хүртэл 13-12 УНМ улсын дугаартай автомашиныг эзэмшиж ирсэн. Эзэмшиж эхэлсэн хугацаанаас эхлээд хураалгах хүртэл энэ компанид урьдчилгаа төлбөрөөс гадна 10 000 000 гаруй төгрөг төлсөн. Би 2015 оны 4 дүгээр сараас хойш машинаа хураалгах хүртэл эрүүгийн хэрэгт холбогдон 2-3 cap Замын-Үүд суманд байх болсон бөгөөд 7 дугаар cap хүртэл орлогоо тушааж байсан. Нэхэмжлэгч компанид би энэ тухай мэдэгдсэн бөгөөд сүүлийн cap орлогоо өгөөгүйн улмаас 2015 оны 8 дугаар сард манай дүү болох ХХХХХийг гэрчээр дагуулан очиж машиныг хураан авсан байсан бөгөөд намайг ирэхэд миний машиныг өөр хүнд шилжүүлж ажилд гаргасан байсан. Нэхэмжлэгчийн нэхэж байгаа 2 660 000 төгрөг бол 76 хоног буюу 2 cap гаруйн орлого юм. Учир нь миний гэрээний хугацаа дуусч байсан, уг гэрээг сүүлд 2014 онд сунгаж шинээр хийснээс биш 2013 оноос эхлэн ажиллаж нийт 13 715 000 төгрөг төлсөн байгаа, машиныг өөр этгээдэд түрээслэсэн, компанид хохирол учраагүй, харин ч ашиг олсон байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийй 315.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Хоос санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "ХХ" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХгийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх
шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхад түүнийг буруугаар тайлбарлаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч "ХХ" ХХК нь хариуцагч Хоос Түрээсийн гэрээний дагуу автомашиныг түрээсийн гэрээгээр ашигласан хугацааны төлбөрийг л шаардсан. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1-ийг баримталсан ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Нэхэмжлэгч тал турээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт 13 750 120 төгрөг авсан, гэрээг цуцалж түрээслүүлсэн автомашинаа хураан авсан, гэрээг цуцалснаас хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна" гэж үндэслэлгүй дүгнэжээ.

Учир нь хариуцагч Х болон нэхэмжлэгч "ХХ" ХХК нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 2 жил 3 сарын хугацаатай "Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ"-г байгуулсан бөгөөд тус гэрээний 15.2 дэх хэсэгт "Гэрээнд дараах зуйлийг хавсаргах бөгөөд хавсралтууд нь гэрээний салшгүй нэг хэсэг болно. Үүнд: ...Түрээсийн төлбөрийн нийт хэмжээ болон түүнийг төлөх хуваарь" гэж зааж өгсөн. Түрээслэгч Х гэрээ болон хавсралтуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний дагуу үлдэгдэл 2 100 000 төгрөгийг буюу автомашиныг ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1
дэх хэсэгт зааснаар "Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа
үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд
заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход
шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж заасан.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Хын шүүхэд болон
шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд дээр үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.
Тухайлбал хариуцагч шүүх хуралдааны үед өгсөн тайлбартаа "Машиныг өөр
этгээдэд турээслэсэн. компанид хохирол учраагүй, харин ч ашиг олсон" гэдэг
ба энэ талаар хэрэгт ямар ч нотлох баримт авагдаагүй байхад шүүхээс хариуцагч Хын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч хохирол шаардаагүй байхад хохирол учраагүй байна гэж үзсэн нь шүүх хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ямар ч хохирлын тухайд биш санхүүгийн түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх анхаарч үзэхгүй шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2016/00833 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон дүгнэлтийн өөрчлөлт оруулж байна.

 

            Нэхэмжлэгч "ХХ" ХХК нь хариуцагч Ход холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “түрээсийн төлбөрт 13 715 000 төгрөг төлсөн, гэрээг нэхэмжлэгч талаас санаачлан цуцалж, автомашиныг хураан авч, өөр этгээдэд шилжүүлсэн” гэж маргажээ.  

 

            Зохигчдын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр түрээслүүлэгч буюу "ХХ" ХХК нь Хьюндай Элентра маркийн автомашиныг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 жил 3 сарын хугацаанд түрээслэх, түрээслэгч буюу Х нь сар бүр 660 000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцсон ба уг гэрээг байгуулагдсан талаар маргаагүй.   

       

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Х түрээсийн төлбөрт 13 715 120 төгрөг, урьдчилгаанд 500 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч "ХХ" ХХК 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 28, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 4 дүгээр сарын 16, 7 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр Автомашины санхүүгийн түрээсийн гэрээг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, автомашиныг буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ... нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт 13 750 120 төгрөг авсан, гэрээг цуцалж түрээслүүлсэн автомашинаа хураан авсан, гэрээг цуцалснаас хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна” гэж тодорхойлохдоо нэхэмжлэлийн үндэслэлийн талаар асууж тодруулаагүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэлт хийх замаар анхан шатны шүүхийн дүгнэлтэд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор өөрийн байгууллагын дансны хуулга / хх.18-20/ буюу нэг талын баримтыг гаргаж өгсөн байх ба үүнийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүрэгт 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй ба гаргаж өгсөн нотлох баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч тал гэрээг цуцалснаас үүссэн үр дагаврыг шаардаагүй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 315 дугаар зүйлийн 315.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалт нь тухайн маргаанд хамааралгүйгээс гадна шаардах эрхийн үндэслэл нь биш байна.

 

            Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Хоос 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "ХХ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/00833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Хоос санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "ХХ" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч "ХХ" ХХК-ийн төлсөн 48 550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА  

           

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ     

                                                                                                         

                                                                                                А.МӨНХЗУЛ