Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/20

 

 

 

 

 

 

 

  Б.Пүрэвбатад холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Т.Нансалмаа                       

Нарийн бичгийн дарга                                         А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн аймгийн прокурорын эсэргүүцлээр Б.Пүрэвбатад холбогдох эрүүгийн 2017 1900 0169 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1984 оны 11 сарын 08-нд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Тенхун ХХК-нд инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын Нарт 1 дүгээр хэсгийн 02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Бат-Өлзийгийн Пүрэвбат, /РД:НЙ84110118/.

Шүүгдэгч Б.Пүрэвбат нь Төв аймгийн Борнуур сумын төвд 2017 оны 02 дугаар сарын 21-нд архидан согтуурч улмаар 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө өөрийн эхнэр Сарангэрэлийг хэл амаар доромжлон үсдэж толгой руу нь олон удаа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны 95 дугаар шийтгэх тогтоолоор: Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Пүрэвбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

 Шүүгдэгч Боржигон овгийн Бат-Өлзийгийн Пүрэвбатыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Пүрэвбат нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Пүрэвбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Пүрэвбатад оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Аймгийн прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Б.Пүрэвбат нь Төв аймгийн Борнуур сумын төвд 2017 оны 02 дугаар сарын 21-нд архидан согтуурч улмаар 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө өөрийн эхнэр Сарангэрэлийг хэл амаар доромжлон үсдэж толгой руу нь олон удаа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” гэх үйлдэлтэй хэргийг Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж шүүхэд шилжүүлснийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Пүрэвбатад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэг болгон өөрчилж, мөн өдөр 95 дугаартай шийтгэх тогтоол гаргасныг хүлээн авч ХЯНАВАЛ: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоол нь “хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн хуулийн заалтыг хангаагүй байна.

Тухайлбал: Шүүгдэгч Б.Пүрэвбат нь 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуугаар Төв аймгийн Борнуур сумын Нарт 1 дүгээр хэсгийн 02 тоотод байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Сарангэрэлийн толгойн тус газар гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч С.Сарангэрэлийн Б.Пүрэвбат бид хоёр 2008 онд гэр бүл болсон манай нөхөр намайг өмнө нь зодож байгаагүй. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй. Нөхөр маань миний хийж байгаа ажлыг хүндэтгэдэггүй, өөрт нь халамж анхаарал бага тавьж байгаа болохоор тэгж байгаа байх гэх мэдүүлэг,

Шинжээчийн 107 дугаартай дүгнэлтэнд “С.Сарангэрэлийн биед тархи доргилт, зүүн гарын хуруунд зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, толгойд хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх,

Гэрч Б.Чулуунбаатарын “Б.Пүрэвбат нь манай төрсөн эгч Намидын хүргэн нь байгаа юм. Би Пүрэвбатыг багаас нь мэднэ нэг нутгийн, нэг хонхорын хүмүүс байгаа юм. ...Пүрэвбат гэр орондоо хэрүүл маргаан хийж, агсам согтуу тавьж, эхнэрээ зодож байхыг хараагүй, сонсоогүй гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх хохирогч С.Сарангэрэлийг хэл амаар доромжлон зодож, харгис хэрцгий хандаж, догшин авирласан гэж дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Пүрэвбатад холбогдох хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэх гэмт хэргийг үйлдсэн гэж, нотлох баримтанд буруу дүгнэлт хийж, зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, шийдвэрлэсэн байна.

Мөн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б.Пүрэвбатад холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг прокурорт ирүүлэхдээ 2 хувийг ирүүлсэн бөгөөд 1 хувьд нь 2017 оны 03 сарын 23-ны өдөр шийтгэх тогтоолд 95 гэсэн дугаар олгосон атлаа шүүгчийн гарын үсэггүй, 1 хувьд нь огноо дугааргүй атлаа шүүгч гарын үсэг зурсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 294.3, 295 дугаар зүйлийн 295.1.2 дах хэсгийг тус тус зөрчсөн байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр, мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдийг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуороос: “... бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” 284.2-д “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэж заасан шаардлагад нийцээгүй байна.

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Пүрэвбатад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд гаргасан шүүх хуралдааны ажиллагаанд оролцогч тал болох прокурорт хүргүүлсэн шийтгэх тогтоолд даргалагч шүүгч гарын үсэг зураагүй, тамгагүй, он, сар, өдөр, огноо, дугааргүй байгаа нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.2-д “тогтоолыг хэзээ, хаана гаргасан”, мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д “Шийтгэх ба цагаатгах тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолыг агуулгыг энэ хуулийн 294.2, 294.3 дахь хэсэг, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр, бичгээр үйлдэж ...прокурорт гардуулан өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэн гаргасан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.5-д заасан үндэслэл илэрсэн тохиолдолд тогтоолыг заавал хүчингүй болгох зохицуулалтай тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Харин уг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, хэргийн зүйлчлэлтэй холбоотой  гаргасан  прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг хэлэлцэн дүгнэлт хийх боломжгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2., 317 дугаар зүйлийн 317.1.3., 320 дугаар зүйлийн 320.1.5, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Пүрэвбатад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Төв аймгийн прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Хэрэг шүүхэд очтол Б.Пүрэвбатад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. . Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

                            ШҮҮГЧИД                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                  Т.ЭНХМАА