Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0199

 

2020 оны 03 сарын 19 өдөр           Дугаар 221/МА2020/0199                          Улаанбаатар хот

“Н...” ХХК, “Ю...” ХХК-уудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Н...” ХХК, “Ю...” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.9, 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 48 дугаар зүйлийн 48.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н...” ХХК, “Ю...” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “Н...” ХХК, “Ю...” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шүүгч би ... маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Шүүгч зөвхөн хуульд захирагдах, шударга ёсны зарчим болон шүүгчийн ёс зүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн бол холбогдох сахилгын болон хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрхийг 4 жилээр олгодог.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.5 га талбай газрыг “Н...” ХХК-д, 0.3 га газрыг “Ю...” ХХК-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байдаг.

Хууль зөрчсөн, буруу зориулалттай, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “Н...” ХХК,  “Ю...” ХХК-ийн газар ашиглах эрхийн Монгол Улсын Засгийн газрыг тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зүйл заалтыг гол үндэслэл болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10, 11, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгохыг хориглосон байхад хуулийг буруу хэрэглэн 17 дугаар зүйлийн 17.3 дахь буюу байгалийн цогцолборт газрын дэглэмд холбогдох зориулалтыг дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин анх олгосон сайдын тушаалыг хүчингүй болгосон.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр хуулийг зөрчиж, буруу хэрэглэн аялал жуулчлалын зориулалтаар олгосныг дэмжсэнээр нийтэд илэрхий тодорхой харагдах тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын бүсэд 9-15 давхар түүнээс дээш өндөртэй орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж ихээр баригдаж байгалийн унаган төрх байдал, дэглэм алдагдаж, сөрөг нөлөөлөл үзүүлж, нийслэлийн бусад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг дэмжсэн шийдвэр юм.

Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс тодорхой арга хэмжээ авч, алдааг засаж хуульд нийцүүлэн захиргааны акт гаргахад, анхан шатны шүүх нь дээр хуулийн тодорхой заалт, илэрхий харагдах баримтыг үнэлээгүй, анх олгосон тушаал хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр хуулийн гажуудлыг нэгэнт хуулиа зөрчөөд яваад ирсэн, бусад газар ашиглагчийг адил хүчингүй болгох ёстой гэх ойлгомжгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Иймд хуулийг үндэслээгүй, нотлох баримтыг үнэлээгүй, мөн шүүгч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж, зөвхөн хуулийг үндэслэж, захирагдах үндсэн зарчмаасаа ухарсан шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 25 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн бөгөөд уг тушаалд нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаал багтаж, хүчингүй болсныг нэхэмжлэгч хуулийн этгээдүүд эс зөвшөөрч маргасан байна.

            1. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгох зохицуулалтын талаар:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 33 дугаар зүйлийн 1-д дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор зохицуулсан бөгөөд харин уг хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм буюу тус бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг заажээ.

Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, уг зохицуулалт нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохдоо зөвхөн дээрх зохицуулалтын дагуу түр буудаллах (эсхүл түүнтэй дүйцэхүйц байдлаар) орон байрыг ашиглах эрхтэй байх агуулгатай бөгөөд уг хуулийн 12 дугаар зүйлийн 5-д зааснаар “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.

Өөрөөр хэлбэл, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулж болох зохицуулалт нь зөвхөн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийхээр хязгаарлагдана гэж ойлгохоор байна.

            2. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон тухайд:

Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн хүсэлт гаргасан газар нь Богдхан уулын Зайсангийн ам буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.

Нэхэмжлэгч нараас “аялал жуулчлалын цогцолбор байгуулах зорилгоор” газар ашиглах хүсэлтээ гаргасан бөгөөд уг хүсэлтэд тухайн газартаа үйлчилгээний барилга, үйлчилгээний өрөөнүүдтэй зочид хүлээн авах буудал бүхий барилга, гэр буудал, зуны болон өвлийн байшин зэрэг бусад барилга байгууламж барих төсөл хэрэгжүүлэх талаар хавсарган ирүүлж байжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нар тухайн газартаа буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байнгын үйл ажиллагаа эрхлэхээр барилга байгууламж барих зорилгоор газар ашиглах хүсэлт гаргажээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газар Зайсангийн аманд “Н...” ХХК-д 0,5 га газрыг, “Ю...” ХХК-д 0,3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгожээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заажээ.

Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тодорхой зориулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр хязгаарлагдахаар байна

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалт нь аялагч эсвэл зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх буюу байнгын бус түр үйл ажиллагаа явуулахаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрсөн. Харин дархан цаазат газарт өөр барилга байгууламж барихыг хуулиар хориглодог байхад хариуцагчаас энэ зорилгоор газар ашиглах эрх олгосон нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна.

            3. Хариуцагч нь маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/179 дүгээр тушаалыг хүчингүй болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж заасны дагуу байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд үйлчлэх зохицуулалтыг үндэслэн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар ашиглах эрх олгогдсон гэсэн нь үндэслэлтэй байна.

            Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзал болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-д заасан зориулалтаар буюу барилга байгууламж барих зориулалтаар олгогдсон нь хууль зөрчсөн тул хүчингүй болгосон талаар тайлбарлан маргасан. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” үйл ажиллагаа явуулахыг дархан цаазат газарт хориглосонтой нийцсэн байна.

             Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламж барихыг зөвшөөрдөг. Гэтэл нэхэмжлэгч нарт дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон нь аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зохицуулалтад нийцээгүй байжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламж барихыг зөвшөөрсөн агуулгаар бус аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь дархан цаазат газарт зохих журмын дагуу баригдсан “түр ажиглалт хийх” зэрэг зориулалт бүхий орон байрнаас өөр барилга байгууламж барихыг хориглосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д нийцээгүй байна.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны өдрийн А/179 дүгээр тушаалаар нэхэмжлэгч нарт 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заажээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон ... захиргааны актыг ойлгоно” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд[1] сөргөөр нөлөөлсөн” бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох буюу энэ тохиолдолд дархан цаазат газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан “Н...” ХХК, “Ю...” ХХК-уудаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “Н...” ХХК, “Ю...” ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

 


[1] Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолд “... нийтийн эрх, ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж, ... орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж ихээр баригдаж байгалийн унаган төрх байдал, дэглэм алдагдаж, сөрөг нөлөөлөл үзүүлж, нийслэлийн бусад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа” гэжээ.