Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 488

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,     

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,     

иргэдийн төлөөлөгч М.Ч,

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Л.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б овогт Ц.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808022320289  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баянгол дүүргийн 23-р хороо, зүүн наран, 9-220а тоотод бүртгэлтэй, өөрийн гэх орон гэргүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц.Э РД: ЧО...............  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ц.Э нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 18:30 цагийн үед хохирогч Я.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зүүн дал орчим хутгаар хутгалж, Я.Г биед цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушигны доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээжний хөндийн шингэн цус болон хий хуралдалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар :

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлахад:Үүнд

Шүүгдэгч  Ц.Э 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед хохирогч Я.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас марган түүний зүүн дал орчим хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :    

- хохирогч Я.Г:..2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зах дээр ганцаараа 0,3 грамм архи уучихаад 16 цагийн үед ажлаа тараад гэрлүүгээ харихаар...21-р хороолол орох Тахилт-Зайсангийн чиглэлийн 93-17 УНН дугаартай автобусанд суугаад явж байтал араас халуун дүүгээд явчихаар нь тэмтрээд үзэхэд цус болсон байсан...тэнд байсан хүмүүс ярагдаад миний зүүн далны хэсэгт хутгалаад цус гарсныг мэдээд харахад тэнэмэл залуу намайг хутгалчихаад арын суудал дээр хутгаа хаячихсан, сууж байсан. Би тэр залууг намайг дагаад автобусанд орж ирснийг хараагүй. Тэнд байсан хүмүүс тэр залууг бариад цагдаад өгсөн...Би тэр залуутай маргалдсан зүйл байхгүй, намайг шууд гэнэдүүлж хутгалсан байсан...надаас цус их алдсан тул автобуссанд ухаан балартаад эмнэлэгт сэргэсэн...Цэргийн нэгдсэн эмнэлэгт шууд мэс заслын хагалгаанд ороод уушгинд оёдол тавьсан, эмнэлгээс гараад дахин Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 6 хоног хэвтсэн.../х-48, 49/,

- шинжээчийн дүгнэлт: Я.Г биед зүүн далны доор далны дунд шугамаар 7, 8-р хавирганы дунд шугамаар цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушигны доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээжний хөндийн шингэн цус болон хий хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...Учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.../хх-57/,

- амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-68-72/,

- өвчтний өвчний түүх /хх-75-88/,

- гэрч  Ц.Ц:..2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 18:30 минутын үед Ган хийц-Зайсан чиглэлийн 93-17 УНН улсын дугаартай автобусанд явж байхад Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо 32-ийн автобусны буудал дээрээс согтуу 2 залуу  “мөнгө байхгүй” гээд суусан. Тэгээд явж байхад тэр 2 залуу зааланд хоорондоо маргалдаад Геологийн лабораторийн автобусны буудал дээр ирэхэд зорчигчид энэ 2 маргалдаж байгаад нэгнийгээ хутгалчихлаа гэхээр нь автобусаа зогсоогоод яваад очтол намхан биетэй залуу хутгалчихсан гэхээр нь тэр залууг барьж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, хутгалсан залууг цагдаа авч явсан...гэх мэдүүлэг /хх-28-29/,   

- гэрч Ц.Ц:..Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо лабраторийн автобусны буудал дээр Ган хийц чиглэлийн Ч-45 автобусанд согтуу хүн нэгнийгээ хуталчихлаа гэх дуудлагаар очиход автобусанд  орчим насны 2 эрэгтэй нэгнийгээ хутгалчихсан байдалтай, автобусны жолооч хаалган дээр гаргахгүй зогсож байсан. Тухайн 2 согтуу хүний хутгалсан гэх 50 орчим насны Энхбаатар гэх, хар царайтай намхан нуруутай эрэгтэй хойд хаалганаас урагш хоёр дахь сандал дээр урагшаа хараад суусан, сандлынхаа доод буланд бор иштэй эвхэгддэг хутга хаясан байсан...Энхбаатар нилээн согтолттой байсан, өөрийнхөө юу ярьж байгааг мэдэхгүй байсан, түүнийг саатуулах байранд хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-42/,  

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл:..2018 оны 05  дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт 93-14 УНН улсын дугаартай автобусанд хүн хутгалсан хүн мөн байна, би намхан нуруу улаандуу царай, туранхайдуу бие зэрэг онцлог содон шинж тэмдгээр нь таньж байна.../хх-50/,  

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл:..93-17 улсын дугаартай автобусанд хүн хутгалуулсан гэх хэргийн газар очив...автобуссны шалан дээр цус мэт хүрэн өнгийн бодис цацарч туссан байсныг Q гэж тэмдэг тавьж, гэрэл зургаар бэхжүүлэв...сандлын дор 17 см урттай ажлын хэсэг 7.5 см хутгыг O гэж тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан тухай /х-12-13/,    

- хохирогч Я.Г өмсөж явсан хүрмэнд үзлэг хийсэн тэмдэглэл /х-17/,  

- кримналистикийн шинжээчийн дүгнэлт :...Хүрэн хүрмэнд гарсан 22 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Бор бариултай хутганы ажлын хэсээс хөх болон бор өнгийн утасны сэмэрдсүүд илэрч байна. Дээрх хутганы ажлын хэсэг дээр илэрч буй утасны сэмэрдэсүүд шинжилгээнд ирүүлсэн хүрэн хүрэмний гарсан зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно.../хх-59-63/,  

- Ц.Э-н эрүүлжүүлэгдсэн карт /х-124-126/,  

- Ц.Э-г зөвшөөрөлгүй баривчилсан тухай баримт /х-127/,

- Ц.Э-н  сэжигтнээр өгсөн мэдүүлэг:...Би 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр...32-ын буудлаас 21-р хороолол орохоор Зүүн салааны автобусанд арын суудал дээр нь сууж байтал намайг дагаж орж ирсэн нэг согтуу залуу “чи цаашаа суу”  гэхээр нь чамд зай тавиад өглөө, өшөө яах гэсэн юм гээд уурласан чинь нөгөө залуу нүүр ам руу самардаад мангасдахаар нь халаасандаа байсан хутгыг гаргаад айлгах санаатай далайсан, тэгтэл түүнийг хутгалсан байсан.  Би арай хутгалчихаагүй байх гэж бодсон боловч түүний зүүн далны хэсэгт хутгалсан байсан...гэх мэдүүлэг /хх-120-121/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

Шүүгдэгч Ц.Э нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж буюу шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, идэвхтэй үйлдэл ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.   

Хутга бол хүйтэн зэвсэг мөн. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, “хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухай шинжээчийн дүгнэлт” зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлогдож байх тул “хутгыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол” хуульд нийцээгүй гэх нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэснийг нотолж буй баримтуудыг бүхэлд нь үгүйсгэх, тус хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй байна.    

Тус хутгыг эд мөрийн баримтаар тооцох тогтоолыг нотлох баримтын эх сурвалжаар үнэлэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 хэсэг нь “эд мөрийн баримтад юуг тооцох буюу хамааруулахыг заасан” утга агуулга ба хүрээ хязгаарыг илэрхийлж байгаа болохоос эд мөрийн баримтаар тооцох эсэхийг мөрдөгч шийдвэрлэх эрх олгосон заалт биш тул эд мөрийн баримтаар тогтоол үйлдэх биш эд мөрийн баримтаар хураан авах ажиллагааны тэмдэглэл үйлдэх нь хуульд нийцэх бөгөөд тухайн тэмдэглэл нь нотлох баримтын эх сурвалж болно.   

 

Тус хэрэгт “хэргийн газар үзлэг хийсэн “тэмдэглэл байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйл, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.7, 6 дахь хэсэгт зааснаар хэргийн газар үзлэг хийх тухайн тохиолдолд эд мөрийн баримтыг бэхжүүлж, хураан авахыг мөрдөгчид хуулиар зөвшөөрсөн байх бөгөөд тухайн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлахыг тусгаагүй, мөрдөгч хэргийн газрын үзлэгийг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтыг бэхжүүлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.        

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд “хутгыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол” хууль бус тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн гэж үзэхгүй буюу хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай” шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.        

Иймд шүүгдэгч Ц.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:        

Хохирогч нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхийн хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1000,000 төгрөг нэхэмжилсэн байх боловч /х-48-49/ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан  хагалгааны 330000 төгрөг, цусны аппарат авахад 195.000 төгрөг /х-48/, цэргийн эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардал-160.293 төгрөг /х-75/, шинжээчийн дүгнэлт гаргуулах зардал 8000 төгрөг /х-55/ нийт 693293 төгрөгийг хохирогчийн мэдүүлэг, өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн тухай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд хангаж, бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч, шүүгдэгч нар аль аль нь согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан байх ба гэрчийн мэдүүлгээр “хохирогч, шүүгдэгч нар хоорондоо маргалдсан”, мөн шүүгдэгч нь “маргахад нөгөө залуу нүүр ам руу самардаад мангасдсан” тухай мэдүүлсэн байх тул тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн харилцааны зүй бус байдлаас шалтгаалсныг үгүйсгэх боломжгүй тул тухайн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан үндэслэлд хамааруулж үзэв.     

Шүүгдэгч нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, уг хэргийг үйлдэхдээ согтуурсан байсан, 2019 онд архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан, гэр бүлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, 1 ширхэг хутга эд мөрийн баримтаар хураагджээ.   

 

Шүүгдэгч Ц.Э нь 2018.05.05-ний өдрөөс 2018.05.07-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан /х-1127/, 2019.03.13-ний өдрөөс /х-100/ хойш 2019.05.02-ны өдрийн байдлаар нийт 52 хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :  

  1. Шүүгдэгч Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай

учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 7  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Ц.Э-д  оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-н цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.     

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 693.293 төгрөг гаргуулж, хохирогч Я.Г-д олгосугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг хутгыг зохих журмын дагуу утгасугай.   

7. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг болон тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Ц.Э-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолсугай.        

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ц.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР

                                                 ШҮҮГЧИД                                          Б.ДАШДОНДОВ

                                                                                                            М.МӨНХБААТАР