Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01085

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02578 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний 75,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 54,753,429 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2016 оны 07 сарын 07-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах ******* м.кв 3 өрөө орон сууцыг *******д 165,000,000 төгрөгөөр, ******* м.кв авто зогсоолыг 15,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож орон сууц болон авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. ******* нь дээрх 2 гэрээний төлбөрт 2016 оны 08 сарын 10-ны өдөр 120,000,000 төгрөг, 2016 оны 08 сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 130,000,000 төгрөгийг төлсөн ч үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Талууд 2017 оны 01 сарын 23-ны өдөр орон сууцны үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөх, худалдагчаас худалдан авагчид нэмэлт хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд төлөөгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор хэлцэл хийсэн. Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байгаа тул хариуцагчаас орон сууцны үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөг, алданги нийт 75,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 2016 оны 07 сарын 07-ны өдөр орон сууц болон авто зогсоолыг 180,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн. Орон сууцны урьдчилгаа төлбөрт 65,300,000 төгрөгийн барааг тооцож 2016 оны 05 сарын 05-ны өдөр хэлцэл хийсэн. Үлдэгдэл төлбөрийг Капитрон банкнаас зээлж авч 80,000,000 төгрөгийг төлсөн. Мөн уг байр нь ******* гэж хүний барьцаанд байсан тул 40,000,000 төгрөгийг нь төлсөн. Бас байр түрээсэлж байсан хүмүүст нь *******ын өмнөөс 7,000,000 төгрөг төлж гаргасан. ******* нь 6,000,000 төгрөгийг *******ад зээлсэн баримтгүй байна гээд *******ыг завгүй байхад нь хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авсныгаа ******* ашиглаж байрны үнийг гүйцээж төлөх хэлцэл гэсэн зүйл зохиож бичин 50,000,000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Хариуцагчийн тооцооллоор худалдах, худалдан авах гэрээний тооцоо дууссан. Гэтэл тооцооноос гадна орон сууцны контор, СӨХ-д мөнгө тушаасан байрыг нэхэмжлэгч чөлөөлж өгөөгүй учраас түрээсийн хүмүүсийг гарахад нь 7,000,000 төгрөгийн асуудал үүсч 6,000,000 төгрөг дээр 1,000,000 төгрөгийг нэмж 2017 оны 01 сарын 24-ний өдөр түрээслэгч ******* гэж хүнд шилжүүлсэн. Мөн ******* нь *******аас 2017 оны 01 сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг, 02 сарын 02-ны өдөр 200,000 төгрөг, 03 сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 04 сарын 05-ны өдөр 200,000 төгрөг, 16-ны өдөр 100,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг авсан ч буцааж өгөөгүйг нэхэмжилж байна. Мөн 2014 оноос хойш СӨХ, конторын мөнгөнд 4,695,927 төгрөг, орон сууц болон грашийн төлбөрт илүү төлсөн 14,300,000 төгрөг, нийт 29,195,927 төгрөгийг шаардаж байна. Түүнчлэн орон сууц худалдаж авахаар 2016 оны 05 сарын 05-ны өдөр урьдчилгаа 85,557,000 төгрөг төлж, үлдэгдэл 120,000,000 төгрөгийг 2016 оны 08 сарын 10-ны өдөр төлснөөр нийт 205,551,520 төгрөгийг төлсөн. Уг нь 180,000,000 төгрөг төлөхөөс 25,557,502 төгрөг илүү төлөгдсөн. Иймд нийт 54,753,429 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Талууд үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийг 180,000,000 төгрөг байхаар тохиролцож 2016 оны 08 сарын 19-ний өдөр төлнө гэж үүрэг хүлээсэн. ******* нь эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн ч хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 80,000,000 төгрөг болон *******д төлсөн 40,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй. Үүнээс өөрөөр хариуцагч гэрээний үнэд тооцуулж мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаагүй. *******т төлбөр төлсөн баримтгүй, ямар учраас төлбөр төлсөн нь тодорхойгүй. Мөн гэрээ байгуулахаас өмнөх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй хэрэгтэй холбоотой барааны мөнгө шилжүүлснийг орон сууцны гэрээнд тооцуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үнэхээр орон сууцны үнэ төлж байгаа бол 2016 оны 07 сарын 07-ны өдөр банкнаас зээл гаргуулж төлсөн нь хариуцагчийн орон сууцны зээлээс харагдана. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Гуравдагч этгээд *******ын тайлбарын агуулга: Миний бие 10 жилийн өмнө тухайн орон сууцны хамтран эзэмшигч болж байсан. 2017 онд гадагшаа явах болоод итгэмжлэл хийж өгсөн. Миний хувьд нэхэмжлэгч талыг дэмжиж байна гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 40,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ын эрх залгамжлагч *******д олгож, нэхэмжлэгч *******ын эрх залгамжлагч *******аас 4,695,927 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 34,500,000 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 50,057,502 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,060,950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 360,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлсөн 589,740 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаас 90,085 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүхийн шийдвэрт: "******* нь дээрх 2 гэрээний төлбөрт 2016.08.10-ны өдөр нийт 120,000,000 төгрөг 2016.08.14-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 130,000,000 төгрөгийг төлөөд үлдэх төлбөрийг төлөөгүй байна" гэж дүгнэн *******аас 40,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн дүгнээгүй гэж үзэж байна.

Учир нь *******, ******* нарын хооронд хамгийн анх 2016 оны 04 сарын 05-ны өдөр "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" байгуулж гэрээний дагуу 2016 оны 05 сарын 05-ны өдөр хэлцэл хийж ******* нь барааг 2016 оны 05 сарын 04-ний өдрийн ам.долларын ханш 2,022 төгрөгөөр бодож 64,382,502 төгрөгөөр эцэслэн тооцож ******* дүүрэг, ******* хороо, ******* дүгээр байрны ******* тоот орон сууцны урьдчилгаанд тохиролцов. Мөн бэлэн мөнгө 21,175,000 төгрөгийн бэлнээр авч нийт 85,557,502 төгрөгийг байрны урьдчилгаанд хүлээн авч, гарын үсгээр баталгаажуулсан баримт үйлдсэн. Үүнээс улбаалан 2016 оны 07 сарын 07-ны өдөр тохиролцоог баталгаажуулан "Орон сууц худалдах, худалдан авах" гэрээг байгуулсан ба гэрээний 3-т "Төлбөрийг талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө, эсхүл эд хөрөнгийн хэлбэрээр хийж болно" гэж заасныг нь өмнөх урьдчилгааг баталгаажуулсан агуулгатайг шүүх үнэлж, дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан шийдвэр болсон байна.

 

7.2. Нэхэмжлэгч нь тухайн үед хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан баримтад 33,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр бичсэн болон урьдчилгаа төлбөрт бараа, мөнгө төлснийг хуурамч баримт мэтээр мөн өөрийн гараар бичсэнийг шүүх үл харгалзан 2017 оны 01 сарын 23-ны өдөр Байрны үнийг гүйцээж төлөх хэлцэл гэрээ" гэж гараар бичсэн баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай болсон байна.

Учир нь талуудаас гаргаж өгсөн баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь харьцуулж үнэлээгүйгээс гадна хариуцагчийн гаргасан баримтыг яагаад эргэлзээтэй гэж дүгнэснээ шүүх үндэслэлтэйгээр тайлбарлаагүй байна.

 

7.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу бараагаар 64,382,502 төгрөг, 2015 оны 03 сараас 2016 оны 05 сар хүртэл төлсөн 21,175,000 төгрөг буюу нийт 85,557,502 төгрөг, мөн 130,000,000 төгрөг, нийт 215,557,502 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан хариуцагч ******* болон ******* нараас ******* руу шилжүүлсэн банкны дансны хуулга, бусад бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдож байхад хариуцагчаас байрны төлбөрт 40,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7.4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч *******, түүний ээж ******* нар нь *******д байрны төлбөрт 180,072,000 төгрөгийг, мөн *******од зээлдүүлсэн болон илүү төлсөн 39,857,502 төгрөгийг төлсөн нь хэргийн баримтаар нотлогдсон байхад шүүхээс тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримт бүрэн үнэлээгүй, судлаагүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үнээс илүү төлбөр төлсөн, хожим үйлдсэн баримт нь хоосон цаасанд гарын үсэг зуруулсан гэсэн агуулгаар тайлбарлаж, гэрээний үнэд илүү төлсөн 54,753,429 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талуудын хооронд 2016 оны 07 сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц болон автозогсоол худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******тоот хаягтай ******* м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 165,000,000 төгрөг, мөн хаягт орших ******* м.кв автозогсоолыг 15,000,000 төгрөг, нийт 180,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч ******* нь гэрээний үнийг 2016 оны 08 сарын 07-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон, орон сууц, автозогсоол хариуцагчийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлжээ.

Нэхэмжлэгч ******* 2024 оны 08 сарын 10-ны өдөр нас барж, түүний охин *******т 2024 оны 10 сарын 31-ний өдөр олгогдсон ******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн шүүх нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд нийцсэн байна.

Иймээс мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар эрх залгамжлагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан нэхэмжлэгчийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээх тул цаашид нэхэмжлэгч гэж тооцогдоно.

 

4. Хариуцагч гэрээний үнээс 50,000,000 төгрөгийг дутуу төлснийг алданги 25,000,000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргаснаас шүүх 40,500,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч гэрээний үнэ, зардалд 54,753,429 төгрөгийг илүү төлснийг буцаан гаргуулахаар шаардсанаас шүүх 4,695,927 төгрөгийн сөрөг шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймээс үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

4.1. Зохигч 2017 оны 01 сарын 23-ны өдөр Байрны үнийг гүйцээж төлөх хэлцэл гэрээ гэсэн баримт үйлдэн дээрх орон сууц, автозогсоолын үнээс 50,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүйг дурдаж, 17,000,000 төгрөгийг мөн сарын 25-ны өдөр төлөх, үлдэх 33,000,000 төгрөгөөс нэг сард 1,700,000 төгрөг төлөх замаар 19 сарын хугацаанд төлж дуусгахаар заажээ. Үүнээс хариуцагч 2017 оны 07 сарын 24-ны /7+2.5/ 9,500,000 төгрөгийг төлсөн нь 2 дахь хавтаст хэргийн 124, 126 дахь талд авагджээ. Хариуцагч энэ төлбөрөөс гадна нэмж төлбөр төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ баримтыг хариуцагч эс зөвшөөрч хоосон цаасанд гарын үсэг зуруулж 33,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр бичсэн гэсэн тайлбарыг анхан шатны шүүхэд гаргаж, энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 2705 дугаартай шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгджээ. Шинжээчийн дүгнэлтээр дээрх баримтын "******* гэж бичсэний урд зурагдсан гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэгтэй тохирч байгааг тогтоожээ.

Хариуцагч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлт хэргийн бусад баримтаар үгүйсгэгдээгүй байх тул дээрх хэлцлийг бодитой хийгдсэн гэж дүгнэж, хариуцагч *******аас /50,000,000-9,500,000/ 40,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх тус 2705 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас 25,000,000 төгрөгийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т хариуцагчийн /80+40+7+2,5/ төлбөр төлсөн үйл баримтыг шүүх дүгнэхдээ 129,500,000 төгрөг төлснийг 139,500,000 төгрөг гэж зөрүүтэй дүгнэж, улмаар хариуцагч 9,500,000 төгрөгийг төлсөн гэж дахин тодорхойгүй байдлаар дүгнэснийг залруулна. Хэргийн баримтаар хариуцагч 129,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид бодитой төлсөн ч талуудын хамгийн сүүлд үйлдсэн баримтыг үндэслэн /50,000,000-9,500,000/ 40,500,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

4.2. Мөн талууд 2016 оны 05 сарын 05-ны өдөр үйлдсэн Хэлцэл-ээр 64,382,502 төгрөгийг 40 тоот орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцож, 21,175,000 төгрөгийг бэлнээр авч, нийт 85,557,502 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд ******* хүлээн авсныг баталгаажуулж *******, ******* болон *******ын ээж ******* нар гарын үсэг зуржээ.

Талууд орон сууц, автозогсоолыг нийт 180,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон ч хариуцагч 2016 оны 06 сарын 30-нд 6,750,000 төгрөг, 08 сарын 01-ны өдөр 80,000,000 төгрөг, мөн 10-ны өдөр 33,250,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөг төлснөөс гадна энэхүү 85,557,502 төгрөгийг нэмж тооцвол 205,557,502 төгрөгийг хариуцагч орон сууц, автозогсоолын төлбөрт төлсөн гэж дүгнэгдэхээр байна. Гэвч үүнээс хойш талууд 2017 оны 01 сарын 23-ны өдөр үлдэгдэл төлбөрийн талаар хэлцэл хийж, нэмж 9,500,000 төгрөгийг төлж байснаас дүгнэвэл хариуцагч 85,557,502 төгрөгийг нэхэмжлэгчид бодитой төлсөн гэж үзэхээргүй байна.

Хариуцагч ******* орон сууц, автозогсоолын төлбөрт 85,557,502 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэхгүй тухай шүүхийн дүгнэлт үндэслэлтэйгээс гадна 2017 оны 01 сарын 23-ны өдрийн баримтаар давхар няцаагдаж байна.

Иймээс эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэсэн агуулгаар үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 50,057,502 төгрөгийн шаардлагыг хангуулахаар гомдол гаргасан байна.

Хариуцагч орон сууц болон автозогсоол худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй үндэслэлээр түүнээс 40,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн тул орон сууцны үнэд 39,857,502 төгрөгийг илүү төлсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчид 3,200,000 төгрөг зээлдүүлсэн тухай сөрөг шаардлагаа хариуцагч нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Мөн 7,000,000 төгрөгийн шаардлагыг орон сууцны үнэд тооцон үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 4,695,927 төгрөгийн шаардлагаас бусдыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талын төлсөн 610,740 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Э.ЭНЭБИШ