Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2016/00656

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 22 өдөр                Дугаар184/ШШ2016/00656         Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 70 тоотод оршин суух, Тугчин овогт Бямбацэрэнгийн Отгонням  /регистрийн дугаар: ЧП72121879/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хичлний 106 гудамж, 11 тоотод оршин суух, Лам хорлоо овогт Чунагын Энхбат /регистрийн дугаар: АМ80011812/-д холбогдох,

 

          “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,600,000 төгрөг, алданги 630,000 төгрөг, нийт 4,230,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнгөнцэцэг, өмгөөлөгч Д.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Отгонням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Отгонням нь 2012 оны 11 дүгээр сарын 09-ний  өдөр хариуцагч Ч.Энхбатад өөрийн өмчлөлийн Камаз маркын ачааны 20 тоннын машиныг 16,000,000 төгрөөр тооцож зээлээр худалдахаар болж машины үнийг 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд төлүүлэхээр зээлийн гэрээг байгуулсан ба зээлийн гэрээнд хүү тооцохгүй, харин хугацаа хэтрүүлсэн хоног дутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохирч энэ тохиролцоогоо нотариат дээр орж зээлийн гэрээ болгон бэлэн мөнгө өгч авалцсанаар баталгаажуулсан.

Түүнээс хойш өнөөг хүртэл 16,000.000  төгрөгийг өгөхгүй 3 жил гаруй болох хугацаанд хэл ам таталж, маш их чирэгдэл болж 12,400,000  төгрөгийг өгсөн. Харин машины үлдэгдэл үнэ 3,600,000 төгрөгийг өгөөгүй. Машин одоо Ч.Энхбатад өмчлөл, эзэмшилд бүрэн шилжсэн байгаа. Зээлээр худалдахаар тохиролцсон учраас гэрээг зээлийн гэрээ гэж байгуулсан. Хариуцагч 3,600,000 төгрөгийг огт төлөөгүй ба 12,400,000 төгрөгийг увуулж, цувуулж өгсөн. Гэрээнд заасан алдангийг гэрээ дууссан 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тооцсон.

Иймд зээлээр худалдсан машин үлдэгдэл төлбөр 3,600,000 төгрөг, алданги 630,000 төгрөг, нийт 4,230,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ч.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  “Ч.Энхбат нь 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Отгоннямаас Камаз маркын ачааны машиныг 16,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тэгээд уг мөнгө дээрээ зээлийн гэрээ хийж машиныг авсан. Ингээд маргааш нь 12,400,000 төгрөгийг Б.Отгоннямын дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөөс 1,500,000 төгрөгийг Б.Отгоннямд өгсөн бөгөөд үлдэгдэл 2,100,000 төгрөгийг Б.Отгоннямын ах Цогоод өгсөн. Мөнгө өгсөн он, сар өдрийг нь сайн мэдэхгүй. Хамт ажиллаж байсан хүмүүс учраас тухайн үедээ бага багаар өгч байсан байдаг.

Автомашин зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон болохоос бодитойгоор 16,000,000 төгрөг зээлж ерөөсөө аваагүй. Тиймээс энэ хийсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчилах зорилгоор хийсэн гэрээ юм.

Талуудын хооронд байгуулах гэрээнд төлбөр төлөх сүүлийн хугацааг 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэж заасан бөгөөд энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа тоологдох юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дуусаж байхад нэхэмжлэлээ 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Отгонням нь хариуцагч Ч.Энхбатад холбогдуулан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,600,000 төгрөг, алданги 630,000 төгрөг, нийт 4,230,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ч.Энхбат нь 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Б.Отгоннямаас Камаз маркын ачааны автомашиныг 16,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож, автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан бөгөөд автомашины төлбөрт 12,400,000 төгрөгийг Б.Отгоннямд төлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа ба зохигчид нь тээврийн хэрэгслийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн болон 12,400,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн эсэх талаар маргаагүй байна.

 

Зохигчид болох Ч.Энхбат, Б.Отгонням нар нь автомашин зээлээр худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон боловч энэ талаар бичгээр гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ” болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ч.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэгч Б.Отгоннямын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... автомашин зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон болохоос бодитойгоор 16,000,000 төгрөг зээлээгүй. Тиймээс энэ хийсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчилах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. Зээлийн үлдэгдэл төлбөр 3,400,000 төгрөгийг төлсөн. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дуусаж байхад нэхэмжлэлээ 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан ...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Ч.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Эрдэнэ нь гэрээний үлдэгдэл төлбөр 3,400,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй ба нэхэмжлэгч тал хариуцагчийн уг тайлбарыг эс зөвшөөрч маргаж байна.

  

Зохигчид нь 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг бодитойгоор байгуулаагүй бөгөөд харин уг гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр байгуулсан байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд алданги тооцохоор харилцан тохиролцсон байх боловч энэхүү зээлийн гэрээг бодитойгоор байгуулаагүй тул шүүх нэхэмжлэгч Б.Отгоннямын алданги 630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул хариуцагч Ч.Энхбатаас автомашины үлдэгдэл төлбөр 3,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Отгоннямд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Отгоннямын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх сүүлийн хугацаа буюу 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд үргэлжлэнэ.

 

Нэхэмжлэгч Б.Отгонням нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод төлж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан байна.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Отгонням нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргахаар улсын тэмдэгтийн хураамжийг төлж, нэхэмжлэлээ хуульд заасан хугацааг ялимгүй хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Отгоннямын хариуцагч Ч.Энхбатад холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.

 

2. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Ч.Энхбатаас 3,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгоннямд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 630,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Отгоннямаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Энхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 82,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Отгоннямд олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ЦОЛМОНБААТАР