Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1728

 

Б.***ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2016/00656 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.***ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.**ад холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 230 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Ч.**ад өөрийн өмчлөлийн Камаз маркын 20 тоннын ачааны машиныг 16 000 000 төгрөгөөр тооцож зээлээр худалдахаар болж машины үнийг 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд төлүүлэхээр зээлийн гэрээг байгуулсан ба зээлийн гэрээнд хүү тооцохгүй, харин хугацаа хэтрүүлсэн хоног дутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохирч энэ тохиролцоогоо нотариат дээр орж зээлийн гэрээ болгон бэлэн мөнгө өгч авалцсанаар баталгаажуулсан.

Түүнээс хойш өнөөг хүртэл 16 000 000 төгрөгийг өгөхгүй 3 жил гаруй болох хугацаанд хэл ам таталж, маш их чирэгдэл болж 12 400 000 төгрөгийг өгсөн. Харин машины үлдэгдэл үнэ 3 600 000 төгрөгийг өгөөгүй. Машин одоо Ч.**ын өмчлөл, эзэмшилд бүрэн шилжсэн байгаа. Гэрээнд заасан алдангийг гэрээ дууссан 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тооцсон.

Иймд зээлээр худалдсан машины үлдэгдэл төлбөр 3 600 000 төгрөг, алданги             630 000 төгрөг, нийт 4 230 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.**ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.** нь 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.***аас Камаз маркын ачааны машиныг 16 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тэгээд уг мөнгө дээрээ зээлийн гэрээ хийж машиныг авсан. Ингээд маргааш нь 12 400 000 төгрөгийг Б.***ын дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөөс    1 500 000 төгрөгийг Б.***д өгсөн бөгөөд үлдэгдэл 2 100 000 төгрөгийг Б.***ын ах Цогоод өгсөн. Мөнгө өгсөн он, сар өдрийг нь сайн мэдэхгүй. Хамт ажиллаж байсан хүмүүс учраас тухайн үедээ бага багаар өгч байсан байдаг.

Автомашин зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон болохоос бодитойгоор 16 000 000 төгрөг зээлж ерөөсөө аваагүй. Тиймээс энэ хийсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчилах зорилгоор хийсэн гэрээ юм.

Талуудын хооронд байгуулах гэрээнд төлбөр төлөх сүүлийн хугацааг 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэж заасан бөгөөд энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа тоологдох юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусаж байхад нэхэмжлэлээ 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.***ын хариуцагч Ч.**ад холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж,

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.**аас 3 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.***д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 630 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.**аас улсын тэмдэгтийн хураамжид 82 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.***д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Ч.**, Б.*** нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч Ч.** нь Б.***аас 16 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг худалдан авч, үнийг хэсэгчлэн төлж дуусгасан атал нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн зээлийн гэрээг үндэслэн 4 230 000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг бодитойгоор байгуулаагүй гэж зөв дүгнэсэн атлаа зээлийн гэрээний үндсэн дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээг бодитойгоор байгуулагдаагүй гэдгийг удаа дараа хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Мөн шүүх хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 3 400 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч нь 3 400 000 төгрөгийг хариуцагчаас аваагүй гэдгийг нотолсон баримтыг мөн адил шүүхэд ирүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, ямар баримтыг үндэслэн хангаж шийдвэрлсэн талаараа дурдаагүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндэслэл болгосон зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг мэдсэн, хүлээн зөвшөөрсөн атлаа хэргийн материалд ямар ч зээлээр худалдах, худалдан авах гэрээ авагдаагүй байхад өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн дээрх зээлийн гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэн хөөн хэлэлцэх хугацаа нь 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дууссан байхад Иргэний хуулийн 82 дугаар сарын 82.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуульд заасан хугацааг ялимгүй хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хөөн хэлэлцэх хугацааг ялимгүй хэтрүүлсэнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар уг хугацааг хэтрүүлсэн болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад үндэслэлгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч Ч.**ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 230 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг үндэслэсэн ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь        16 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон боловч талуудын хооронд Камаз маркийн ачааны машиныг 16 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.

 

Дээрх байдлыг шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн нь буруу болжээ. Учир нь талуудын хооронд гэрээний үнийг төлөх хугацаа тогтоосон нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүү төлөх үндсэн нөхцөлд хамаарахгүй юм. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Гэрээний үнэд хариуцагчаас 12 400 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаангүй байна.

 

Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үнийг төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр ачааны машины үнийг хэсэгчлэн төлж дуусгасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул гэрээний үнийн үлдэгдэл 3 600 000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь гэрээний үнэд 12 400 000 төгрөг төлөхдөө 8 000 000 төгрөгийг нь 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үндэслэлд хамаарах тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусахаар байх бөгөөд уг хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг шүүх сэргээсэн нь буруу тул шийдвэрийн тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгов.

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний үндсэн дээр 16 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлж өгөөгүй, тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч энэ гэрээний үндсэн дээр алданги шаардах эрхгүй юм.

 

Түүнчлэн зохигчид зээлийн гэрээ нэртэй гэрээг байгуулахдаа худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилготой байсан гэх баримтгүйгээс гадна хэлцэл хийгч тал нь уг хэлцлийг хэрэгжүүлэх, эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байх шинжийг агуулаагүй байна. Иймд хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2016/00656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг “1” гэж дугаарлаж, мөн заалтын “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА