Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 572

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

Шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Цагаан дугар овогт О.Нд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Б-н Г нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180901000117 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 19 дүгээр гудамж 4а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: НИ 91050215 / Боржигон овогт Б-н Г,

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эх гудамж 35-1848 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  / РД: УП91120916 / Цагаан дугар овогт О.Н нар нь:

 

-О.Н нь Б.Наранбаатартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 19/а байрны 4 дүгээр давхарт БНХАУлсын иргэн Сүн Шью Чүн-д хүч хэрэглэн, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, биет 6.000.000 төгрөг, 951.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,

 

-Б.Г нь О.Н, Б.Наранбаатар нарын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 19/а байрны 4 дүгээр давхарт БНХАУлсын иргэн Сүн Шью Чүн-д хүч хэрэглэн, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, биет 6.000.000 төгрөг, 951.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилан, зохион байгуулагчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 3-6 /

 

Хохирогч Сүн Шью Чү-ний бусдад дээрэмдүүлсэн гэх эд хөрөнгийг хураан авч, үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 23-29 /

 

Хохирогч Сүн Шью Чү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр залуучууд араас гүйж ирээд намайг барьж аваад нэг нь миний хоолойд хутга тулгаад миний цүнхийг дээрэмдэж авсан. Тэгээд тэр 2 залуу миний цүнхийг аваад шууд доошоо шатаар зугтаагаад явчихсан. Үүргэвчин дотор зөөврийн компьютер, “Скайтовер” ХХК-ний бичиг баримтууд, компьютерын дагалдах хэрэгслүүд байсан. Мөн хэрэглээний 2.600.000 төгрөг, компаний 4.800.000 төгрөг байсан. Намайг яг цохиж зодсон асуудал байхгүй. Цүнхээ өгөхгүй гэхэд хоолойд хутга тулгасан. Миний хүзүүнд жижиг хэмжээтэй хутганы зүсэгдсэн сорвинууд байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт хохирлоо барагдуулж авсан учир гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийн материалтай танилцахгүй гэжээ. / хх 44-48 /

 

Гэрч А.Санжаажанчив мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Гармаа над руу залгаж Сүн Шюь Чүг дээрэмдүүлсэн талаар хэлсэн. Ажилдаа байнга зөөврийн компьютертой явдаг бөгөөд гэртээ харихдаа аваад явдаг. Хэд хэдэн удаа боодолтой мөнгөтэй явж байхыг нь харсан гэжээ. / хх 51 /

 

Яллагдагч О.Н-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: ...Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 35-1848 тоот хашаанд очиж мэдүүлгийг газар дээр шалгахад гэрээс ертөнцийн зүгээр 2-3 метр зайд цэнхэр өнгийн зүйлээр хучигдсан төмрийн баруун доод хэсэгт мөнгөн дэвсгэрт нуусан байсныг О.Нгаар заалгаж гэрэл зургийг бэхжүүлэн авав. Мөнгөн дэвсгэртийг шалгахад 20.000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг буюу нийт 2.000.000 төгрөгийг хураан авч тэмдэглэлд тусгав гэжээ. / хх 30-33 /

 

Яллагдагч Б.Г-ийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 19-4а тоотод үзлэг хийж таазны уналттай гэрлийн завсраас нийт 490.000 төгрөг хураан авсан гэжээ.  / хх 38-41 /

 

Хохирогч Сун Шюь Чү-ний амьдран суудаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр
хороо, 19/а байрны хяналтын камерийн бичлэгт:  ...Уг бичлэгийн 18 цаг 23 минутад
яллагдагч Б.Г, Б.Наранбаатар нарын орц руу орж буй бичлэг, хохирогч Сун
Шью Чү нь 18 цаг 43 минутад орц руу орж буй билэг, Б.Гийн 18 цаг 44
минутад орц руу орж буй бичлэг, Б.Г, Б.Наранбаатар, О.Н нарын  18 цаг 45 минтутад хохирогчийн эд зүйлийг дээрэмдэн орцноос гарч буй бичлэг байв гэжээ. / хх 190 /

 

Яллагдагч Б.Наранбаатар нь сэжигтнээр мэдүүлэхдээ: ...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрт нь хэвтэж байхад Г “ Манай эхнэрийн ажлын газарт нэг хятад байнгын цүнхтэй мөнгө авч явдаг. Түүнийг дээрэмдье”  гэж хэлсэн. Хятад улсын иргэний гэрийн гадна буюу хаягийг нь мэдэхгүй. Улаан өнгөтэй хоёр орцтой нэг байрны хоёр дахь орц руу Г бид хоёр ороод 4 давхар руу шатаар гараад намайг нэг хаалганы хажууд зогсоогоод өөрөө буугаад явчихсан. Ингээд би тэр хаалганы хажууд зогсож байхад Нямаа орж ирээд бид хоёр хүлээгээд байж байхад Нямаатай Г утсаар яриад “ Нөгөө хятад чинь орж байна “ гэж хэлсэн. Ингээд цахилгаан шатаар дээш хятад хүн 4 давхарт гараад ирэхээр нь бид хоёр тосож байгаад би куртикээр нь хоолойг нь боогоод хутга хүзүүнд тулгасан. Нямаа түүнийг хоёр удаа өшиглөөд үүрч явсан цүнхийг нь Нямаа аваад бид хоёр шууд доошоо гүйгээд орцоор гарахад Г байж байсан. Бид гурав шууд цаашаа гүйгээд хэдэн тийш тараад зугтаасан. Дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаачлагыг Г гаргасан бөгөөд урьд өмнө Г, Нямаа хоёр тэр Хятад иргэнийг дээрэмдэх гэж байгаад бүтээгүй гэж Г хэлж байсан гэжээ.  / хх 100 /

 

Яллагдагч О.Н нь сэжигтнээр мэдүүлэхдээ : ...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Г над руу 88868885 гэсэн дугаараас залгаад “Нөгөө хятад хүн чинь мөнгөтэй болчихсон байна. Өнөөдөр очих уу “ гэхээр нь Энхтайвны гүүрний баруун талд байдаг улаан өнгийн 9 давхар байран дээр такси бариад очсон. Дараа нь Наранбаатар бид хоёр 20-25 минут хүлээгээд байж байхад Г утсаар “ Гаднаас орж байна шүү нөгөө хятад чинь “ гэж утсаар хэлсэн. Тэгээд дээрээс доошоо харахад нэг хүн лифт рүү орж байсан. Тэгээд лифт ирэхийг нь хүлээж байтал лифтнээс буугаад ирсэн. Тэгэхээр шат руу татаад Наранбаатар хоолой руу хутга тулгаад үүрсэн цүнхийг нь би аваад доошоо шатаар буугаад зугтаасан гэжээ. / хх 101 /

 

Яллагдагч Б.Г нь сэжигтнээр мэдүүлэхдээ: ...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Н, Наранбаатар бид 3 "Бөмбөгөр" худалдааны төвийн гадна уулзалдаад Хятад улсын иргэний амьдардаг газар болох "Моннис" төвийн хойно байрлах 19 дүгээр байран дээр 18 цаг 10 минутын үед очоод Наранбаатар бид хоёр орцны хаалга татаж онгойлгоод 2 давхарт гараад Наранбаатарыг тэндээ үлдээсэн. Би буцаж гарахад Н орцны хаалга онгойлгож зөрж орсон. Би "Наран" худалдааны төвийн хойд талын "БМБ"-ийн гадна очоод хятад иргэнийг ажиглаад зогсож байтал хятад иргэн 19 дүгээр байрны хойд талын засмал зам дагаад алхаж ирэхийг нь хараад би өөрийн 88868885 дугаараас Нгийн 88838287 дугаар руу залгаад “ Хятад орж байна “ гэж хэлээд хэсэг хугацааны дараагаар араас нь дагаад 19 дүгээр байрны орц руу ороод шатны завсраар дээшээ харахад дээрээс Н Наранбаатар хоёр гүйж гарч ирсэн. "...Манай эхнэрийн ажлын газрын нягтлан бодогч нь миний дансаар доод тал нь 3.000.000-4.000.000 төгрөг оруулж гаргаад байдаг юм. Тэгээд би эхнэр Даваасүрэнгээс “ Энэ хятад мөнгөтэй юм уу “ гэж асуухад манай эхнэр “ Байнга мөнгөтэй явдаг. Өдөр болгон мөнгө орж ирдэг. Тэр мөнгөө биедээ авч явдаг “ гэж хэлсэн. Миний "Хаан" банкны карт эхнэр Даваасүрэнд байдаг. Түүнийг нь тэр хятад нягтлан ашиглаж, байнгын мөнгө шилжүүлж аваад манай эхнэрээр бэлэн мөнгөний машинаас авахуулдаг гэсэн. Дансны мэдээлэл бол миний гар утсанд мессежээр ирдэг юм. Н бид хоёр “ Миний дансаар их мөнгө байнга орж гардаг. Цүнхэндээ байнгын мөнгөтэй явдаг “ гэж ярилцаж байгаад цүнхийг нь авах санааг гаргасан юм. Тэгэхээр Н бид хоёр анх дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа гаргасан гэжээ. / хх 99, 107 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3058 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Сүн Шью Чүг-ний биед хүзүүний зүсэгдсэн шархнууд бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх  77 /

 

Шүүгдэгч Б.Г-ийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 53-54 /

 

Шүүгдэгч О.Н-г 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 55-56 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 158-159 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Б.Г, О.Н нар нь Б.Наранбаатартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 19/а байрны 4 дүгээр давхарт БНХАУлсын иргэн Сүн Шью Чүн-д хүч хэрэглэн, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, биет 6.000.000 төгрөг, 951.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэмт хэргийг О.Н нь гардан гүйцэтгэсэн, Б.Г нь санаачилж, удирдан төлөвлөж, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилан, зохион байгуулсан, О.Н нь Б.Наранбаатартай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 3-6 /,   ...Хохирогч Сүн Шью Чү-ны бусдад дээрэмдүүлсэн эд хөрөнгийг хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 23-29 /,  ...2 залуу хоолойд хутга тулгаад миний цүнхийг аваад шууд доошоо шатаар зугтаагаад явчихсан. Үүргэвчин дотор зөөврийн компьютер, “Скайтовер” ХХК-ний бичиг баримтууд, компьютерын дагалдах хэрэгслүүд байсан. Мөн хэрэглээний 2.600.000 төгрөг, компаний 4.800.000 төгрөг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн  хохирогч Сүн Шью Чүгийн мэдүүлэг / хх 44-48 /, Гармаа над руу залгаж Сүн Шюь Чүг дээрэмдүүлсэн талаар хэлсэн. Ажилдаа байнга зөөврийн компьютертой явдаг бөгөөд гэртээ харихдаа аваад явдаг гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Санжаажанчивын мэдүүлэг  / хх 51 /,  ... Цэнхэр өнгийн зүйлээр хучигдсан төмрийн баруун доод хэсэгт мөнгөн дэвсгэрт нуусан байсныг О.Нгаар заалгаж гэрэл зургийг бэхжүүлэн авав. Мөнгөн дэвсгэртийг шалгахад 20.000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг буюу нийт 2.000.000 төгрөгийг хураан авч тэмдэглэлд тусгав гэсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 30-33 /,   ....Б.Гийн гэрийн таазны уналттай гэрлийн завсраас нийт 490.000 төгрөг хураан авав гэсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / хх 38-41 /,   ...Уг бичлэгийн 18 цаг 23 минутад  яллагдагч Б.Г, Б.Наранбаатар нарын орц руу орж буй бичлэг, хохирогч Сун Шью Чү нь 18 цаг 43 минутад орц руу орж буй билэг, Б.Гийн 18 цаг 44 минутад орц руу орж буй бичлэг, Б.Г, Б.Наранбаатар, О.Н нарын  18 цаг 45 минтутад хохирогчийн эд зүйлийг дээрэмдэн орцноос гарч буй бичлэг байв гэсэн хохирогч Сун Шюь Чү-ны амьдран суудаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 19/а байрны хяналтын камерийн бичлэг  / хх 190 /,  ... Улаан өнгөтэй хоёр орцтой нэг байрны хоёр дахь орц руу Г бид хоёр ороод 4 давхар руу шатаар гараад намайг нэг хаалганы хажууд зогсоогоод өөрөө буугаад явчихсан. Ингээд би тэр хаалганы хажууд зогсож байхад Нямаа орж ирээд бид хоёр хүлээгээд байж байхад Нямаатай Г утсаар яриад “ Нөгөө хятад чинь орж байна “ гэж хэлсэн. Ингээд цахилгаан шатаар дээш хятад хүн 4 давхарт гараад ирэхээр нь бид хоёр тосож байгаад би куртикээр нь хоолойг нь боогоод хутга хүзүүнд тулгасан. Нямаа түүнийг хоёр удаа өшиглөөд үүрч явсан цүнхийг нь Нямаа аваад бид хоёр шууд доошоо гүйгээд орцоор гарахад Г байж байсан. Бид гурав шууд цаашаа гүйгээд хэдэн тийш тараад зугтаасан. Дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаачлагыг Г гаргасан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Наранбаатарын мэдүүлсэн мэдүүлэг  / хх 100 /,   ... Д.Г утсаар “ Гаднаас орж байна шүү нөгөө хятад чинь “ гэж хэлсэн. Тэгээд дээрээс доошоо харахад нэг хүн лифт рүү орж байсан. Тэгээд лифт ирэхийг нь хүлээж байтал лифтнээс буугаад ирсэн. Тэгэхээр шат руу татаад Б.Наранбаатар хоолой руу хутга тулгаад, үүрсэн цүнхийг нь би аваад доошоо шатаар буугаад зугтаасан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч О.Нгийн мэдүүлсэн мэдүүлэг / хх 101 /, ...Манай эхнэрийн ажлын газрын нягтлан бодогч нь миний дансаар доод тал нь 3.000.000-4.000.000 төгрөг оруулж гаргаад байдаг юм. Тэгээд би эхнэр Даваасүрэнгээс “ Энэ хятад мөнгөтэй юм уу “ гэж асуухад манай эхнэр “ Байнга мөнгөтэй явдаг. Өдөр болгон мөнгө орж ирдэг. Тэр мөнгөө биедээ авч явдаг “ гэж хэлсэн. ... 2 давхарт гараад Б.Наранбаатарыг тэндээ үлдээсэн. Би буцаж гарахад О.Н орцны хаалга онгойлгож зөрж орсон. О.Нгийн 88838287 дугаар руу залгаад “ Хятад орж байна “ гэж хэлээд хэсэг хугацааны дараагаар араас нь дагаад 19 дүгээр байрны орц руу ороод шатны завсраар дээшээ харахад дээрээс О.Н, Б.Наранбаатар хоёр гүйж гарч ирсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн яллагдагч Б.Гийн мэдүүлэг / хх 99, 107 / Сүн Шью Чүг-ны биед хүзүүний зүсэгдсэн шархнууд бүхий гэмтэл тогтоогдсон нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3058 дугаар шинжээчийн дүгнэлт / хх  77 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч О.Н, Б.Г нарыг Б.Наранбаатартай  бүлэглэн бусдын эд хөрөнгийг  зэвсэг хэрэглэн, хүч хэрэглэж, авахаар довтолсон, О.Нг Б.Наранбаатартай бүлэглэн бусдын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнг  хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж мэдүүлсэн болно. Гэвч шүүгдэгч нар мөрдөн байцаалтын явцад хутга хэрэглэснээ үгүйсгэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г хэрэглэх боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, тэдгээрийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Н-гийн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь хохирогчийн  6.000.000 төгрөг болон зөөврийн компьютерыг буцаан өгсөн, хохирогч Сүн Шью Чү нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй / хх 44-48 / гэсэн тул шүүгдэгч нар нь төлөх төлбөргүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.Н, Б.Наранбаатар нар нь хохирогчийн хоолойд хутга тулгасан болохоо мөрдөн шалгалтын явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хүлээн мэдүүлсэн / хх 101, 99, 107 /, хохирогч Сүн Шью Чү-д хууль сануулан хохирогчоор мэдүүлэг авахад хутга тулгасан гэж мэдүүлсэн / хх 44-48 /,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3058 дугаартай дүгнэлтээр хохирогч Сүн Шью Чүг-ны биед хүзүүний зүсэгдсэн шархнууд бүхий гэмтэл тогтоогдсон нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон / хх  77 /,   ...Дээрх гэмтэл нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Наранбаатарын гэх  лууны дүрстэй бөгж болон хүний хумсаар үүсгэгдэх боломжгүй гэсэн шинжээч эмч  Б.Ундармаагийн мэдүүлэг /  хх 217-218 / зэргээр  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лууны хээтэй бөгж нь энэ хэрэгт хамааралгүй болох нь нотлогдож байна. Гэвч хэргийн хамт шүүхэд ирүүлсэн учир тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч О.Н, Б.Г нар нь тус бүр 190 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцов.

 

Дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн Б.Наранбаатар нь улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах газрын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-5а/11084 тоот албан бичгээр нотлогдсон тул түүнд холбогдох хэргийг  прокурорын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1809000001011 дугаартай прокурорын тогтоолоор тусгаарласан болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Чинзоригийн яллагдагч Наранбаатар нь хутгыг шүүгдэгч нарт хэлэлгүй авч явж хэрэглэсэн учир зөрчиж гүйцэтгэсэн гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч нар нь урьдаас төлөвлөж бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн, сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө түүнийг хутга хэрэглэсэн гэж мэдүүлснээс бус зөрчиж гүйцэтгэсэн талаар мэдүүлээгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 2,  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаан дугар овогт О.Н-г бүлэглэн зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон, бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Боржигон овогт Б-н Г-ийг бүлэглэн зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон,  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг   журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих,  Б-н Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.2 дугаар зүйлийн 1,  3.3 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Н, Б.Г нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Н, Б.Г нар нь тус бүр 190 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лууны дүрстэй бөгжийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж, сидиг хэрэгт хавсаргаж,  О.Н, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. О.Н, Б.Г нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  Б.Г, О.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      ОЮУНЧИМЭГ

 

     ШҮҮГЧИД                                    Б.ДУЛАМСҮРЭН

 

                                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ