Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 942

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 Б.Г-, О.Н- нарт холбогдох

               эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэг,

шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/572 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г-, О.Н- нарт холбогдох эрүүгийн 180901000117 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овгийн Б.Г-, 19.. оны .. дугаар сарын 2-ны өдөр Төв аймгийн ....... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ........ дүүргийн ....... дүгээр хороо, ....... дүгээр гудамжны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД................/;

2. Цагаан дугар овгийн О.Н-, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын  засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............... хамт ........ дүүргийн ..... дугаар хороо,............. гудамж, .............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

 

О.Н- нь Б.Н-тай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 19/а байрны 4 дүгээр давхарт Хятад улсын иргэн С  Ч-д хүч хэрэглэн, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, 6.000.000 төгрөг, 951.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,

 

Б.Г- нь О.Н-, Б.Н- нарын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 19/а байрны 4 дүгээр давхарт Хятад улсын иргэн Сүн Шью Чүн-д хүч хэрэглэн, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж 6.000.000 төгрөг, 951.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилан, зохион байгуулагчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цагаан дугар овгийн О.Н-г бүлэглэн зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Боржигон овгийн Б.Г-ийг бүлэглэн зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хорих ял, Б.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н-, Б.Г- нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Н-, Б.Г- нар тус бүр 190 хоног цагдан хоригдсон болохыг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лууны дүрстэй бөгжийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж, Сиди-г хэрэгт хавсаргаж, О.Н-, Б.Г- нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, О.Н-, Б.Г- нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Тогтоох хэсэгт “...шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд хутга хэрэглэснээ үгүйсгэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэх боломжгүй” гэж үзэж шүүгдэгч Б.Г-ийн эрх зүйн байдлыг дордуулж ял халдаажээ. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Үүнд:

 

Б.Г- нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд бүх байцаалтдаа дээрмийн хэргийг санаачилж, эхлүүлсэнээ шударгаар мэдүүлдэг бөгөөд хх-15 хуудаст яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “цүнхийг булааж авах санал гаргасан” гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Энэ талаар хохирогч Сүн Шью Чү хх-45 дугаар хуудаст мэдүүлэхдээ “хоёр хүн зогсож байсан. Шууд зуураад нэг нь үүргэвчийг булаах гэж оролдсон” гэж мэдүүлцгээдэг.

 

Б.Г-ийн хувьд хохирогчийг дээрэмдэж байх явцад яг хажууд нь байгаагүй бөгөөд тийм ч учраас шүүгдэгч Б.Н-ын хутга тулгасан гэх үйлдлийг мэдээгүй, хараагүй юм. Гэтэл шүүгдэгч нар дээрмийн гэмт хэргийг ямар байдлаар, яаж үйлдэх талаар хоорондоо хэрхэн ярилцсан эсэх ямар ч мэдүүлгийг мөрдөн шалгах явцад аваагүй, энэ талаар шалгаагүй, эргэлзээгүй нотлоогүй юм. Б.Г-ээс ч хутганы талаар асууж, ямар ч байцаалт аваагүй байдаг.

 

Гэвч дээрмийн гэмт хэргийн улмаас хохирогч Сүн Шью Чү-д хутгаар зүссэн байдалтай хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлт болон шинжээч эмчийн байцаалтад тодорхой тогтоогдож байгаа учраас шүүгдэгч нарын зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн хэргийг зүйлчилсэн зүйлчлэлтэй шүүгдэгч нар маргаагүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг юм. Эцэст нь Б.Г-ийг хүнд хутга хэрэглэснийг мэдэж байсан, хутга хэрэглэснээ үгүйсгэсэн гэсэн үндэслэлээр ял шийтгэлийг хүндрүүлэн шийдвэрлэсэнтэй санал нийцэхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Н-гийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хөнгөрүүлж, хорих ялыг нь бага ч гэсэн хугацаагаар доош нь татаж өгнө үү. Шүүгдэгч О.Н- нь эхнэр болон 3 настай хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Холбогдсон хэргийн шинж, нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хоригдсон өдрөөсөө хойш гэмшиж байгаа. Гэр бүл гэдэг ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгосон. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай асуудал нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэрэг мөн тухайн зүйл анги, гэм буруугийн асуудал дээр огт маргаангүй байх тухай ойлголтыг агуулсан байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар зүйчлэлийг зөвшөөрдөггүй. Энэ талаар шүүх хуралд оролцож хүлээн зөвшөөрсөн гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хэргийг анх шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан байдаг. Шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байж анхан шатны шүүх хуралд орж ирээд ял шийтгэлээс зайлсхийх зорилгоор хэлбэрийн төдий үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэдэг. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Б.Г-, О.Н- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Г-, О.Н- нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 19/а байрны 4 дүгээр давхарт Хятад улсын иргэн Сүн Шью Чүн-д хүч хэрэглэн, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, 6.000.000 төгрөг, 951.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,

Б.Г- нь О.Н-, Б.Н- нарын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 19/а байрны 4 дүгээр давхарт Хятад улсын иргэн Сүн Шью Чүн-д хүч хэрэглэн, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж 6.000.000 төгрөг, 951.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэмт хэргийг санаачилж, удирдан төлөвлөж, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилан, зохион байгуулагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С Ш Ч-ны “... лифтэнд суугаад 4 давхарт гарахад үл лифтний үүдэнд үл таних 2 хүн зогсож байсан. Тэгээд лифтнээс буухад уг 2 залуугийн нэг нь шууд миний үүргэвчийг булаах гэж оролдсон. Тэгэхээр нь би “намайг дээрэмдэх гэж байна” гэж ойлгоод цүнхээ өгөлгүй шууд доошоо шатаар гүйхэд...тэгээд тэр 2 залуу миний цүнхийг аваад шууд доошоо шатаар зугтаагаад явчихсан. Ингээд би орцноосоо гараад харахад тэр 2 залуу байхгүй байсан....” гэх /1хх-44/,

гэрч Г.Д-н “...би 2 дугаар сарын 25-ны өдөр ажлаас гарахдаа “Сүн Шью Чүнг хамт ажлаас гарч байна” гэж хэлээд манай нөхөр ажлын гаднаас гэр хүртэл нь дагаж яваад хаягийг нь мэддэг болсон. Би өөрийн нөхөр Ганпүрэвийг гэмт хэрэг үйлдэх гэж байгааг мэдэж байсан... мөн мөнгийг нь авчихаад гэртээ ирээд манай нөхөр Ганпүрэв надад хэлэхдээ “манай 2 найз лифтний хаалган дээр нь хүлээж байгаад ороод ирэхээр нь мөнгийг нь аваад манай нөхөр гадна нь хүлээж байгаад орох гэсэн чинь урдаас нь гараад ирсэн” гэж хэлсэн...” гэх /1хх-55/,

Б.Г-ийн “...тэр үед цүнх нь газар унахаар нь би цүнхийг нь аваад зугтаасан чинь Н- араас дагаад гүйх шиг болсон. орцноос гарч ирээд гурвуулаа гурван өөр тийш зугтаасан...дотроос нь эд зүйлүүдийг нь гаргаж ирээд мөнгийг нь тоолоход 6.000.000 төгрөг байна гээд 2, 2 сая төгрөгөөр нь гурвуулаа хувааж авахаар болоод би яг 2.000.000 төгрөгийг бэлнээр тоолоод авсан...” гэх /2хх-55/,

хохирогч С Ш Ч-ны бусдад дээрэмдүүлсэн гэх эд хөрөнгийг хураан авч үзлэг   

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-187/ болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч Б.Г-, О.Н- нарын үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Прокуророос шүүгдэгч Б.Г-, О.Н- нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэгээс “Б.Г- нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх  заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл 15 жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар хуульчилжээ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрх нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд хэрэгжих боломжтой гэж үзнэ.  

Шүүгдэгч Б.Г-, О.Н- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, тус бүр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, энэ талаарх шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг, шүүгдэгч О.Н-гийн өмгөөлөгч Д.Чинзоригийн “шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай” саналыг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тэдний үйлдэл оролцоог гүйцэтгэгч, зохион байгуулагч зэргээр нь ангилж зөв дүгнээгүй орхигдуулсан тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвтгөн шийдвэрлэлээ. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/572 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын: “... О.Н-г бүлэглэн, зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай...” гэснийг “... О.Н-г бүлэглэн, зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.” гэж,   

“... Б.Г-ийг бүлэглэн, зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.” гэснийг “... Б.Г-ийг бүлэглэн зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

3 дахь заалтын: “О.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жил 1 сар хорих, Б.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “ О.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 5 сар хорих, Б.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                       ШҮҮГЧ                                                                     М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                                Б.ЗОРИГ