Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

 

    С.Содовцэрэнд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Анхбаяр,

иргэний хариуцагч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Содовцэрэнд холбогдох 201624000685 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Сарантуяагийн Содовцэрэн, 1978 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 7 дугаар гудамжны 249 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Амбан оломын 1 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЦЕ78040215/

 

С.Содовцэрэн нь 2016 оны 7 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7  дахь хэсгийг зөрчиж согтуугаар “Toyota mark-2” загварын, 08-80 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ мөн дүрмийн 8.2 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжэ авна” гэж тус тус заасныг зөрчиж Д.Болормаагийн жолоодож явсан 21-13 УБЦ улсын дугаартай, “Toyota Rav-4” загварын тээврийн хэрэгслийг мөргөж 473,000 төгрөгийн шууд, 703,000 төгрөгийн нийт хохирол, Б.Батцагааны жолоодож явсан 82-74 УНҮ улсын дугаартай, “Toyota prius” загварын автомашиныг мөргөж 863,000 төгрөгийн шууд, 1,378,000 төгрөгийн нийт хохирол учруулж, Б.Батцагааны биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаж, зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан,

2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр “Гадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас С.Содовцэрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Содовцэрэнг зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 88 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Дашдоржоос 1,758,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Батцагаанд 863,000 төгрөг, Б.Болормаад 895,000 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Д.Батцагаан нь баримтаа бүрдүүлж гэм хорын зөрүүг иргэний хариуцагч Б.Дашдоржоос, иргэний хариуцагч Б.Дашдорж нь шүүгдэгч С.Содовцэрэнгээс гэм хорд төлсөн нийт төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу тус тус нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжилсэн Б.Дашдоржийн эзэмшлийн “Toyota mark-2” загварын, 08-80 УБЦ улсын дугаартай, JZX1006040521 арлын дугаартай, цагаан өнгийн автомашиныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С.Содовцэрэн бид хоёрын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэсний дагуу тухайн автомашиныг худалдан авагч шилжүүлэн авсны дараа бий болсон аливаа эрсдлийг худалдан авагч хариуцах буюу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заагдсан субъект нь худалдан авагч болох С.Содовцэрэн юм.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно”, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт “Дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ: 111.2.1 дэх хэсэгт “өмчлөх эрх олж байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” гэсэн нь тухайн автомашин С.Содовцэрэнгийн эзэмшилд шилжсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг шилжүүлж гэрээ байгуулагдсан байна.

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас учирсан гэм хорыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар “тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч” арилгах үүрэгтэй гэсэн байх бөгөөд “Toyota mark-2” загварын, 08-80 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь С.Содовцэрэн тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэснийг хэрэглэх боломжгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдврийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.” гэв.

 

            Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн осол гарах үед С.Содовцэрэнгийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл болох 08-80 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Б.Дашдоржийн эзэмшилд байсан. Шүүхээс хэргийг өмнө мөрдөн байцаалтад буцааж Б.Дашдоржийг иргэний хариуцагчаар татаж Иргэний хуульд заасан гэм хорын хохирлыг төлүүлэхээр зааж буцааж байсан. Үүний дагуу ажиллагаа хийсэн. Тухайн осол гарах үед тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Дашдорж байсан гэдэг нь тогтоогдсон. Б.Дашдорж аман гэрээгээр тээврийн хэрэгслийг зарагдсан гэж ярьж байгаа боловч энэ нь хуульд нийцээгүй, нотлох баримтаар нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2 дахь хэсгүүдэд заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг анхан, давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоосон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн захирамж гарган томилно.” гэж заажээ.

 

Гэтэл С.Содовцэрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярыг мөн шүүхийн шүүгч С.Батгэрэлийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр захирамжаар томилсон нь /2-р хх-58/ шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмыг тогтоосон дээрх хуулийн зүйл, хэсгийг зөрчиж байна.

 

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийг томилох эрх зөвхөн тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид олгогдсон байхад энэ эрхийг өөр шүүгч эдэлж, түүний томилсон Ерөнхий шүүгч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагч нь тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний захирамжаар томилогдсоноор шүүхийн ажиллагааг удирдан явуулах, эрүүгийн хэргийн талаар эрхийн акт гаргах эрх үүсдэг бөгөөд ийнхүү томилох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй этгээд, хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг томилсон байвал шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон дарааллын дагуу томилсон байсан ч хууль бус бүрэлдэхүүн гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 дэх заалтад заасны дагуу “шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан” ноцтой зөрчилд тооцно. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Содовцэрэнд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан шийтгэх тогтоолоос иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүссэн иргэний хариуцагч Б.Дашдоржийн давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Содовцэрэнд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол С.Содовцэрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.                       

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

М.ПҮРЭВСҮРЭН