Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 00218

 

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг 10-53 тоотод  оршин суух иргэн Дамбын Оюунтөгсийн /ДП-/ нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг 1-11 тоотод оршин суух иргэн Самбуудоржийн Сэлэнгээд /ПЯ- холбогдох байрны түрээсийн хөлс 1.941.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч *******эгийн байрны засвар үйлчилгээний хөлс 2.049.970 төгрөгнийг *******өөс гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь 2015 оны 05 сарын 15-ны өдөр өөрийн эзэмшилд байх 9-р байрны 30 тоот байрыг өрөө тус бүрээр нь үнэлж түрээсэлдэг байсан юм. *******эг түрээслье, 3 сар түрээсэлж байгаад худалдаж авна гэх саналыг хүлээн авч түрээсэлсэн боловч эхний 2 сар түрээсээ цувуулан байж хэд хэд хувааж төлсөн болоод дараа сарын түрээсээ төлөөгүй. Иймд бид хоёрын хийсэн гэрээний хугацаа ч дуусгавар болсон гэрээнд заасан дагуу түрээсээ өгөөгүй учир гарахыг шаардсан. *******э нь 3 сар түрээсээ өгөөгүй дээр нь хувийн орон сууцыг минь дур мэдэн хана, тааз, шкаф, банн дүш буулгаж цаашид түрээслэх боломжгүй болгож 3 сар сул зогсоосон. Энэ хугацаанд гарсан байрны бохир, цэвэр усны, хогний мөнгийг ч би төлсөн. Тэгээд иргэн *******эс олон дахин банн суулгаж өгөхийг шаардсан боловч тавьж өгөхгүй хойшлуулсаар байсан тул өөрийн хөрөнгөөр банн тавьж түрээсийн хүн суулгаж байна. Одоогоор хоёр өрөөг нь ашиглаж байна. Хана буулгасан өрөөг ямарч ашиглах боломжгүй болсон байгаа.

Үүнээс гадна: Даацын хана буулгаж? Шкаф, банн буулгаж байрны бүтэц зохион байгуулалтыг их өөрчилсөн бас гэрлийн унтраалаг, Разетка, энэ бүгдийн ухаж аваад гарсан байсан.

Жич: *******тэй гэрээ хийж байх үед 3 өрөө байрны үнэ 53 сая байсан. Одоо 3 өрөө байрны үнэ 45 сая болж буурсан. *******э нь надад сэтгэл санаа болон эд материалын их хохирол учруулсан болно. *******эгээс хүү алданги тооцоогүй болно.

Иймд *******эс одоо 3 сарын мөнгө болох 900.000 төгрөг, үүдний шкаф 450.000 төгрөг, банн 100.000 төгрөг, суурилуулах хөлс 100.000 төгрөг, материалын үнэ 135.000, Гавшгай ус ХХК, орон сууцны өр 214.000 төгрөг, тог 12.000 төгрөг, СӨХ 30.000 төгрөг нийт 1.941.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Самбуудорж овогтой ******* миний бие Оюунтөгсийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжилж байгаа мөнгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. 1.941.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: ... Би Сэлэнгэ эгчтэй анх 2015 оны 05-р сарын 15-аас эхлээд байр түрээслэх гэрээ хэлэлцээр хийсэн. 2015 оны 05-р сарын 25-нд гэж байсан боловч 2015 оны 05-р сарын 15 болгож урагшлуулаад байрныхаа засварыг хийж байрандаа орж үйл ажиллагаагаа эхлүүлмээр байна гэж гуйсны дүнд бид хоёр гэрээ хийсэн. Анх орон сууц түрээслэх гэрээгээр орсон. Бид хоёр ярилцаж байгаад орон сууц түрээслэх гэрээ хийсэн. Сарын 300.000 төгрөгөөр 2015 оны 05-р сарын 15-аас 2015 оны 09-р сарын 15 хүртэл нийт 5 сарын хугацаатай түрээслэхээр болсон. Хугацаандаа төлнө гэж гэрээндээ заасан боловч хугацаандаа огт төлж байгаагүй. Цувуулж өгнө, 100.000, 200.000 төгрөг гэж хувааж эхний 3 сар л түрээс өгсөн. Сэлэнгэ эгч манай байрны ханын шкафыг буулгаж тавилга хийсэн байсан. Дээр нь нойлын өрөөний ханыг буулгаж урт коридор болгосон байсан. Банн хуулаад хүүхдийн жижиг нойл суулгасан байсан. Паркетан шалыг хуулсан байсан. Энэ талаар нэхэмжлэл дээрээ дурдаагүй. Тэгээд баннгүй болохоор үргэлжлүүлээд байраа түрээслэх боломжгүй. Тийм учраас 4 сар сул зогссон. Тэр хугацааны цэвэр бохирын мөнгө манайх төлсөн. Би хэд хэдэн удаа Сэлэнгэ эгч дээр очиж банн суулгаад өгөөч, би байраа үргэлжлүүлээд түрээслэх боломжгүй болчихлоо банн суулгаад өг гэж хэлээд дээр нь шкафаа авъя гэсэн чинь шкафны чинь оронд 2 хавтан өгье банныг ямарч байсан суулгаж өгнө гэдэг байсан. Түрээсийн мөнгөө бас өг гэхэд өгнө гээд 4, 5 сар явсан. Тэгээд хуулийн байгууллагад хандсан. Манай нөхөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байхад нь Сэлэнгэ эгч түрээсийн хугацаа дуусаагүй байхад хөөж гаргасан гэсэн худал мэдүүлэг өгсөн байсан. Би 2015 оны 10-р сарын 26-нд гаргасан. Бид хоёрын хийсэн гэрээ дуусаад нэг сар хүлээгээд тэгээд гаргасан. Сэлэнгэ эгч манай байрыг ашиглаж цэцэрлэгийн эрх авсан давуу тал өөрт нь байгаа. Тэгээд би Сэлэнгэ эгчид та байр худалдаж авах нь тодорхой байна уу? би танд ордероо суллаад өгөх үү? гэхэд одоохондоо боломж алга чи үргэлжлүүлээд барьцаанд тавьхаар бол тавьж бай гэж хэлэхэд нь би худалдаж авах бодолгүй байна гэдгийг ойлгоод түрээсийн хугацаа дуустал хүлээсэн. Сэлэнгэ эгчийг 11 дүгээр байранд байхад нь нөхөр бид хоёр очиж түрээсийн мөнгө банн шкафаа нэхэхэд та нар гэрт дураараа орж ирлээ гээд хөөж гаргасан. Би одоо сарын 300.000 төгрөгөөр бодоод 3 сарын мөнгө 900.000 төгрөг, шкавны 450.000 төгрөг, банны 100.000 төгрөг, суурилуулах хөлс 100.000 төгрөг, материалын үнэ 135.000 төгрөг, тогны мөнгө 12000 төгрөг, сөхийн мөнгө 30.000 төгрөг нийт 1.941.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: ... Миний бие Оюунтөгстэй орон сууц цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх гэрээ хийсэн байгаа. 2016 оны 09-р сарын 25-нд хамгийн сүүлд орж ирсэн. Тэгэхэд нь би түрээсийн чинь мөнгийг 3 сараар нь бөөнд нь өгье энэ байрыг яваандаа худалдаж авъя гэсэн. Тухайн үед нөхөр маань цэргийн тэтгэвэрт гарах гэж байсан. Байрыг авахын тулд нөхрөө тэтгэвэрт нь гаргасан. Тэтгэмжийнх нь мөнгө 3 сарын эхээр ирсэн. Тэр хугацаанд би Оюунтөгсд хэлсэн. За миний дүү энэ боломжгүй боллоо 3 сарын мөнгөө худалдаж авахдаа нэмж өгье гэсэн чинь за гэж тохирчихоод удаагүй буцаж орж ирээд манай хүүхэд авгай авч байна. Та энэ байрыг худалдаж авахгүй юм байна. Тийм учраас та байраа маргааш гэхэд надад суллаж өгөх хэрэгтэй байна гэсэн. Тэр үед би хүний нялх хүүхдүүдийг аваад хаашаа явахаа мэдэхгүй явж байж өөр байр олоод түрээслэж орсон. Энэ нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:  Иргэн Оюунтөгс бид нар харилцан тохиролцож 9-р байрны 30 тоот гурван өрөө байрыг түрээслэн ашиглаж байгаад улмаар худалдаж авах гэрээ байгуулсан. Түрээслэх явцдаа түрээсийн гэрээг харилцан тохиролцож 3 сараар бөөнд нь өгөхөөр 9 сарын 20-нд тохирцон боловч 9 сарын 25-ны өдөр гэнэт орж ирээд өнөөдөр манай байрыг суллаж өгөөрэй манай хүү эхнэр авч байгаа учир байраа зарахаа болилоо гэсэн тэгэхээр нь би яагаад тохирсоноороо байхгүй байгаа юм бэ энэ байрыг чинь худалдаж авна гээд маш их хөрөнгө зарцуулж зассан байгаа чи миний засвар хийсэн мөнгийг өгөөрэй гэж хэлээд маргааш нь өөр байранд цэцэрлэгээ нүүлгэж орсон. Үүнээс хойш Оюунтөгс тааралдсан ч юу ч яриагүй болохоор байранд хийсэн засварын мөнгийг түрээсэндээ суутгаад таарч байга юм байхдаа гэж бодоод орхисон. Иймд 9-р байрны 30 тоотыг цэцэрлэгийн зориулалтаар засаж тохижуулахад зарцуулсан материалын үнэ ажлын хөлс болох нийт 2,049,970 төгрөгийг иргэн Оюунтөгсөөс гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантулга  сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сум дахь Сум дундын шүүхэд хариуцагч ******* нь 2.049.970 төгрөгний нэхэмжлэл гаргасныг Д.Оюунцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантулга би танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.******* нь манай гэр бүлийн хүн болох *******тэй 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь 1-р баг 9 дүгээр байрны 30 тоот байрыг 2015 оны 05 сарын 15-наас 2015 оны 09 сарын 15-ныг хүртэлх хугацаанд сар бүр 300.000 төгрөгөөр түрээслэх орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан юм. Гэтэл ******* нь түрээсний гэрээгээ байнга зөрчсөн ба түрээсний мөнгө өгөхгүй байнга нэхэл дагал болоод, байрны бохир, цэвэр усны мөнгө төлөхгүй гээд олон асуудал гарсан тул эхнэр ******* бид хоёр ярилцаад байраа буцааж авахаар болж өөрт нь хэлж байраа суллаж авсан юм. Бид гэрээ хийхдээ хана, таац, шкаф, банн, дүш зэргийг буулгах, авах ямар нэгэн өөр бүтэц зохион байгуулалт хийх тухай гэрээ хийгээгүй. Мөн гарахдаа гэрлийн унтраалга, разетка зэргийг ухаад аваад явсан нь гэрээний ...2- түрээслэгч тал нь байраа хүлээлгэн өгөхдөө байрны эд зүйлийг, бүрэн бүтэн байдлыг шалган үзэж хүлээлгэн өгөх гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд ******* нь бидний өмчлөлийн эд хөрөнгийг санаатайгаар устгасан байдаг. Тус гэрээний түрээслэгч талын хүлээх хариуцлагын... 2-т байрыг түрээслэн ажиллах хугацаанд байрны бүтэн байдлыг бүрэн хариуцан ажиллах

3т. Түрээслэн ажиллах хугацаанд сар бүрийн төлбөрийг сар бүрийн 15-20-ны дотор бүрэн хийж байх гэсэн заалтуудыг зөрчсөн байдаг.

******* нь байрыг маань 53 сая төгрөгөөр худалдаж авна гэж гэрээ хийж /халхавчилж/ биднийг төөрөгдүүлж байсан нь түрээсийн мөнгө өгөхгүй суусан байрны ус, хог, тогны мөнгө төлөхгүй байгаагаар харагддаг. С.Сэлэнгийн нэхэмжилсэн 2.049.970 төгрөгийг төлөх боломжгүй юм. Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний 6т гэрээг зөрчсөн тохиолдолд түрээслүүлэгч тал түрээслэгч талаас хийсэн засвар үйлчилгээний төлбөр, материал дээр гарах хохирол барагдуулахгүй гэж хоёр талаас хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа тул С.Сэлэнгийн нэхэмжилсэн 2.049.970 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: .... Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй. Тэрнээс илүү хохирол байр орон сууцанд учирсан гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эс байрны түрээсийн төлбөр болон банны мөнгө, банн суурилуулах болон материалын  үнэ, Гавшгай ус ХХК-ийн орон сууцны өр, тог , сөхийн мөнгө нийт 1.941.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь байрны засвар үйлчилгээний төлбөр 2.049.970 төгрөгийг *******өөс гаргуулахаар шаардсан байх ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

            2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохигчид хоорондоо тохиролцож орон сууц, түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан байна.

            Талууд гэрээгээ түрээсийн гэрээ гэж нэрлэснээс үл хамаараад хоосон өрөө тасалгааг ашиглахаар гэрээ байгуулсан нь эд хөрөнгө хөлслөх тэр дундаа орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

            Орон сууц хөлслөх гэрээгээр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах 9 дүгээр байрны 30 тоот 3 өрөө байрыг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатайгаар нэг сарын 300.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байна.

            Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд хариуцагч ******* нь байрны хөлсийг  эхний хоёр сарын буюу 6, 7 дугаар сарын мөнгийг төлсөн ба үлдсэн хоёр сарын мөнгийг төлөөгүй байгаа нь гэрээний түрээлэгч талын хүлээх хариуцлагын 3-рт заасныг буюу түрээслэн ажиллах хугацаанд сар бүрийн төлбөрийг сар бүрийн 15-20-ны дотор бүрэн хийж байх гэсэн заалтыг зөрчсөн байна.

            2015 оны 8, 9 дүгээр сарын орон сууцны хөлс 600.000 төгрөгийг төлөөгүй гэдгээ хариуцагч *******  нь хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хэн аль нь энэ талаар маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.Сэлэнгийг орон сууц хөлслөх явцдаа даацын хана буулгаж, шкаф, банн буулгаж, байрны бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн бөгөөд цаашид бусдад хөлслүүлэх боломжгүй байдалд оруулсан гэж шкапны үнэ 450.000 төгрөг, банн худалдаж авахад 100.000 төгрөг, суурилуулах хөлс 100.000 төгрөг, материалын үнэ 135.000 төгрөг, Гавшгай ус суваг ХХК-ийн орон сууцны өр 214.000 төгрөг, тогны 12000 төгрөг, Сөхийн 30.000 төгрөг нийт 1.941.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүх хариуцагч *******эс 2015 оны 8, 9 дүгээр сарын орон сууцны хөлс 600.000 төгрөг, банн худалдан авахад 100.000 төгрөг, суурилуулах хөлс 100.000 төгрөг, материалын хөлс 135.000 төгрөг, байр хөлслөх хугацаанд буюу 2015 оны 6, 7, 8, 9 сард гарсан Гавшгай ус суваг ХХК-ын байрны төлбөрт 168.680, Шкафны үнэ 315.000 төгрөг нийт 1.418.000 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь хэрэгт цугларсан нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан иргэн Г.Батсайхан, Г.Баттүшиг нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн “хувцасны шкаф 315.000 төгрөг” гэсэн үнэлгээний комиссын акт, Гавшгай ус суваг ХХК-ийн тооцоо нийлсэн акт, барилгын материалын үнэ 135.000 төгрөгний зарлагын баримт зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.

Нэхэмжлэгч нь анх шкапны үнэ 450.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд гаргасан “хувцасны шкаф 315.000 төгрөг” гэсэн үнэлгээний комиссын актын дагуу 315.000 төгрөгөөр, Гавшгай ус суваг ХХК-ын орон сууцны төлбөр 214.000 төгрөг анх нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаан дээр гаргасан тооцоо нийлсэн актаар 2015 оны 6, 7, 8, 9 сарын төлбөр 168.680 төгрөг байх тул дээрх нотлох баримтын дагуу хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн болно.

            Харин тогны мөнгө 12000 төгрөгний нотлох баримт байхгүй, Сөхийн төлбөр 30.000 төгрөгийн мэдэгдэх хуудсанд дурдагдснаар “2016 оны 08 сарын 30-ны өдрийн байдлаар 30.000 төгрөгний өртэй байна”... гэх бичиглэл бүхий байдал нь хариуцагч С.Сэлэнгийг байр хөлсөлж байх үед гарсан Сөхийн төлбөр гэдэг нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн 2015 оны 6,7 дугаар сарын байрны хөлс 600.000 төгрөгийг  хариуцагч төлсөн, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.     

            Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Би Оюунтөгстэй цэцэрлэг ажиллуулах зориулалттай орон сууц түрээслэх гэрээг 4 сарын хугацаатай байгуулсан. Цэцэрлэг ажиллуулна гэдгийг Оюунтөгс анхнаасаа мэдэж байсан. Засвар хийж байхад хүртэл Оюунтөгс орж ирээд “ямар гоё болж байнаа. Ёстой сайхан цэлгэр болж байна” гэж хүртэл хэлж байсан. Мөн өрөөнд байсан шкафыг надаа өгчих би ашиглаад юм хийж болох юм уу? гэсэн чинь Оюунтөгс болно тэг тэг гэж хэлсэн. Тэгээд дараа нь надаас шкаф нэхээд байх юм. Би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь  шүүх хуралдаанд  тайлбарлахдаа ...Би Сэлэнгээ эгчтэй гэрээ хийхдээ байрны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх талаар тохиролцоогүй, Шкафыг би хэрэглэж бай гэсэн болохоос биш хүүхдийн ширээ сандал хийхийг зөвшөөрөөгүй гэж мэтгэлцэж байна.

            Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хөлслөгч нь энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохиролоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ.

            Иргэний хуулийн 289.1.3-т зааснаар хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх, 289.1.4-т зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч ******* нь байрны бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн нь хуульд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь байранд засвар хийж байгааг явцын дунд мэдсэн боловч анх тохиролцохдоо буюу гэрээ хийхдээ байрны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх талаар гэрээндээ тусгаагүй буюу зөвшөөрөөгүй байх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохиролоо хариуцагчаар төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

            Хариуцагч ******* нь би орон сууц хөлслөх хугацаандаа Гавшгай ус сувгийн байрны мөнгийг төлсөн, бас тогны мөнгийг төлсөн учраас төлөхөөс татгалзаж байна гэж мэдүүлж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд татгалзаж байгаа үндэслэл, нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй тул байрны мөнгө болон тогны мөнгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан нотлох баримттай холбоотойгоор иргэн Г.Батсайхан, Б.Баттүшиг нарын  гаргасан тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулж нотлох баримтаар шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа нь хуульд нийцэхгүй буюу хавтаст хэргийн 12, 13 дугаар хуудсанд авагдсан нотлох баримт болох Г.Батсайхан, Б.Баттүшиг нарын тодорхойлолтод зурагдсан гарыг үсэг биш байх тул нотлох баримтаас хасуулах,

-Сөх-ийн мэдэгдэх хуудсанд 2016 оны 08 сарын 30 өдрийн байдлаар 30.000 төгрөгийн өртэй гэсэн байна. 2015 оны 09-р сарын 25-нд энэ байрнаас гарсан. Тэрнээс хойш яагаад бүтэн 11 сарын дараа СӨХ 30.000 төгөрөгийн *******эгээс нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй тул нотлох баримтаас хасуулах,

 -Гавшгай ус ХХК 9-30 тоот Нарлаг цэцэрлэг гэсэн баримт байна. Энэ өөрөө нотлох баримт болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хасуулах,

-Шүүх хуралдаанд гаргасан байрны өмнөх болон дараахь байдлыг харуулсан зурагнууд нь нотлох баримт болохгүй гэж маргаж байх бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн буюу нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотлож буй нотлох баримт гэж үзсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-т зааснаар хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй нотлох баримт гэж үзэхгүй байх тул нотлох баримтаас хасах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Сөхийн 30000 төгрөгний мэдэгдэх хуудас нь хариуцагч *******эг байр хөлсөлж байх үеийн төлбөр гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Сөрөг нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: ...*******өөс байрыг худалдаж авна гэж тохирсон бөгөөд байрыг худалдаж авна гэсэн итгэл үнэмшилтэй байсан учраас чин сэтгэлээсээ засвар хийсэн. Худалдах худалдан авах гэрээ бол хийгээгүй, түрээсийн гэрээндээ дурдаж өгсөн байсан. Иймд миний байранд засвар үйлчилгээ хийсний төлбөр 2.049.970 төгрөгийг *******өөс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэж нэхэмжилж байна.

Орон сууц хөлслөх гэрээний түрээслэгч талын хүлээх үүрэг хариуцлагын 1-рт Түлээслэгч тал нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тус 3 өрөө байрыг сарын 300.000 төгрөгөөр  түрээслэн ашиглаж байгаад гэрээний хугацаа дуусгавар болмогц худалдан авах гэрээнд шилжүүлнэ, 2-рт түрээслэн ажиллах хугацаа дуусмагц байрыг худалдан авч 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байрыг худалдан авсны төлбөр 53.000.000 төгрөгийг тоот дансанд саадгүй шилжүүлэх ба шилжүүлээгүй тохиолдолд худалдагч талын хохирлыг бүрэн барагдуулна... гэж заасан бөгөөд ******* болон *******  нарын хооронд байгуулагдсан  гэрээнд орон сууц хөлслүүлэх гэрээг үргэлжлүүлэн худалдах, худалдан авах гэрээнд шилжүүлнэ гэж заасан боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, өмчлөх эрх *******эд шилжээгүй байхад хууль буюу гэрээнд заагаагүй эрхийг эдэлж байрны бүтэц зохион байгуулалтыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн өөрчилсөн тул байрны засвар үйлчилгээтэй холбоотой зардал болох 2.049.970 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Мөн гэрээний 6-рт зааснаар “гэрээг зөрчсөн тохиолдолд түрээслүүлэгч тал түрээслэгч талаас хийсэн засвар үйлчилгээний төлбөр, материал дээр гарах хохирлыг барагдуулахгүй” гэж заасан байх тул ******* нь *******өөс засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг шаардах эрхгүй байна.

Иймд С.Сэлэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ийнхүү дээр дурьдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46006 төгрөг, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 47750 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 37638 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгох нь үндэслэлтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3,  116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон               

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч *******эс 1.418.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 523.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, *******эгийн сөрөг нэхэмжлэлтэй байранд засвар үйлчилгээ хийсний төлбөр 2.049.970 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46006 төгрөг, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 47750 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 37638 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулж нэхэмжлэгч *******өд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ДЭЛГЭРСАЙХАН