Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 32

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                                                    Б.Батзориг

Шүүгчид                                                                  С.Оюунцэцэг

                                                                                                    Г.Давааренчин

Оролцогчид:

            Нэхэмжлэгч                                                              Д.Оюунтөгс

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                   П.Буманзаяа

Хариуцагчийн өмгөөлөгч                                     Н.Тэрбиш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 218 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Оюунтөгсийн нэхэмжлэлтэй, С.Сэлэнгэд холбогдох “байрны түрээсийн хөлс 1.941.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Сэлэнгээгийн “байрны засвар үйлчилгээний хөлс 2.049.970 төгрөгийг Д.Оюунтөгсөөс гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие нь 2015 оны 05 сарын 15-ны өдөр өөрийн эзэмшилд байх 9-р байрны 30 тоот байрыг өрөө тус бүрээр нь үнэлж түрээсэлдэг байсан юм. С.Сэлэнгээг түрээслье, 3 сар түрээсэлж байгаад худалдаж авна гэх саналыг хүлээн авч түрээсэлсэн боловч эхний 2 сар түрээсээ цувуулан байж хэд хэд хувааж төлсөн болоод дараа сарын түрээсээ төлөөгүй. Иймд бид хоёрын хийсэн гэрээний хугацаа ч дуусгавар болсон гэрээнд заасан дагуу түрээсээ өгөөгүй учир гарахыг шаардсан. С.Сэлэнгээ нь 3 сар түрээсээ өгөөгүй дээр нь хувийн орон сууцыг минь дур мэдэн хана, тааз, шкаф, банн дүш буулгаж цаашид түрээслэх боломжгүй болгож 3 сар сул зогсоосон. Энэ хугацаанд гарсан байрны бохир, цэвэр усны, хогний мөнгийг ч би төлсөн. Тэгээд иргэн С.Сэлэнгээс олон дахин банн суулгаж өгөхийг шаардсан боловч тавьж өгөхгүй хойшлуулсаар байсан тул өөрийн хөрөнгөөр банн тавьж түрээсийн хүн суулгаж байна. Одоогоор хоёр өрөөг нь ашиглаж байна. Хана буулгасан өрөөг ямарч ашиглах боломжгүй болсон байгаа. Үүнээс гадна: Даацын хана буулгаж, Шкаф, банн буулгаж байрны бүтэц зохион байгуулалтыг их өөрчилсөн бас гэрлийн унтраалаг, Разетка, энэ бүгдийн ухаж аваад гарсан байсан.

Жич: С.Сэлэнгэтэй гэрээ хийж байх үед 3 өрөө байрны үнэ 53 сая байсан. Одоо 3 өрөө байрны үнэ 45 сая болж буурсан. С.Сэлэнгээ нь надад сэтгэл санаа болон эд материалын их хохирол учруулсан болно. С.Сэлэнгээгээс хүү алданги тооцоогүй болно.

Иймд С.Сэлэнгээс одоо 3 сарын мөнгө болох 900.000 төгрөг, үүдний шкаф 450.000 төгрөг, банн 100.000 төгрөг, суурилуулах хөлс 100.000 төгрөг, материалын үнэ 135.000, Гавшгай ус ХХК, орон сууцны өр 214.000 төгрөг, тог 12.000 төгрөг, СӨХ 30.000 төгрөг нийт 1.941.000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Самбуудорж овогтой С.Сэлэнгэ миний бие Оюунтөгсийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжилж байгаа мөнгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. 1.941.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Хариуцагч С.Сэлэнгэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Иргэн Оюунтөгс бид нар харилцан тохиролцож 9-р байрны 30 тоот гурван өрөө байрыг түрээслэн ашиглаж байгаад улмаар худалдаж авах гэрээ байгуулсан. Түрээслэх явцдаа түрээсийн гэрээг харилцан тохиролцож 3 сараар бөөнд нь өгөхөөр 9 сарын 20-нд тохирцон боловч 9 сарын 25-ны өдөр гэнэт орж ирээд өнөөдөр манай байрыг суллаж өгөөрэй манай хүү эхнэр авч байгаа учир байраа зарахаа болилоо гэсэн тэгэхээр нь би яагаад тохирсоноороо байхгүй байгаа юм бэ энэ байрыг чинь худалдаж авна гээд маш их хөрөнгө зарцуулж зассан байгаа чи миний засвар хийсэн мөнгийг өгөөрэй гэж хэлээд маргааш нь өөр байранд цэцэрлэгээ нүүлгэж орсон. Үүнээс хойш Оюунтөгс тааралдсан ч юу ч яриагүй болохоор байранд хийсэн засварын мөнгийг түрээсэндээ суутгаад таарч байга юм байхдаа гэж бодоод орхисон. Иймд 9-р байрны 30 тоотыг цэцэрлэгийн зориулалтаар засаж тохижуулахад зарцуулсан материалын үнэ ажлын хөлс болох нийт 2,049,970 төгрөгийг иргэн Оюунтөгсөөс гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү...”гэв.

Хариуцагч Д.Оюунтөгс сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“.... Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй. Тэрнээс илүү хохирол байр орон сууцанд учирсан...” гэв.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 218 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хариуцагч С.Сэлэнгээс 1.418.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 523.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, С.Сэлэнгээгийн сөрөг нэхэмжлэлтэй байранд засвар үйлчилгээ хийсний төлбөр 2.049.970 төгрөгийг хариуцагч Д.Оюунтөгсөөс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46006 төгрөг, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 47750 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 37638 төгрөгийг хариуцагч С.Сэлэнгээс гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунтөгсөд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ хэт нэг талыг барьж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй. Учир нь: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт байгаа нотлох баримт буюу 2015 оны 06-р сарын 10-ны өдөр хийгдсэн “Түрээсийн гэрээ”-г нотлох баримтанд үнэлээгүй ба уг гэрээ нь түрээслэгч, түрээслүүлэгч нар нь харилцан тохиролцож уг гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд уг гэрээг анхан шатны шүүх хурлын мэтгэлцээний үед хэлэлцүүлэх талаар саналаа оруулсан боловч шүүх нэхэмжлэгчийн шаардлага өөрөө 2015 оны 05-р сарын 15-ны өдрийн гэрээтэй холбоотой учир хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна гэсэн тайлбар өгсөн. Гэвч нэхэмжлэгч тал 2015 оны 06-р сарын 10-ны өдрийн гэрээгээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй.

2015 оны 05-р сарын 15-ны өдрийн гэрээг нэхэмжлэгч тал болох Оюунтөгсийн хүсэлтээр тухайн үед хүчингүйд тооцож, дахин 2015 оны 06-р сарын 10 өдөр дахин шинээр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд шүүх хүчин төгөлдөр бус гэрээг нотлох баримтанд үнэлж байгаа нь илт нэг талыг барьж, хуулийг буруу хэрэглэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн дугаар 218 тоот шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Би С.Сэлэнгэ эгчтэй 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Үүнээс хойш сарын дараа С.Сэлэнгэ эгч цэцэрлэгийн гэрчилгээ авах гээд байна түр нэг гэрээ хийгээдэхье гэж намайг нотариат дээр дуудсан, тэгээд 2015 оны 06 дугаар сарын 10-нд гэрээ байгуулсан. Надад үүнийгээ тайлбарлахдаа цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах эрх авахад ийм гэрээ хэрэг болоод байна, удахгүй танай байрыг худалдаж авна гэж хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж хариуцагч үзээд байна. 2015 оны 05 дугаар сард байгуулсан гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ юм. Хариуцагч С.Сэлэнгэ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. Учир нь хариуцагч цэцэрлэгийн лицензээ авахын тулд 2015 оны 06 дугаар сарын 10-нд гэрээ байгуулсан.

Хариуцагч уг байрыг түрээслэж байх хугацаандаа нь тодорхой хэмжээнд эвдсэн тул эвдсэн зүйлийг нэхэмжилсэн...” гэв.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Д.Оюунтөгс нь хариуцагч С.Сэлэнгээс орон сууцны хөлс болон хохирол 1.941.000 төгрөг гаргуулах, С.Сэлэнгэ нь нэхэмжлэгч Д.Оюунтөгсөөс байрны засвар үйлчилгээний төлбөр 2.049.970 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус  шүүхэд гаргасан байна.

 Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг  судлан үзвэл: Хэргийн зохигчид нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.Оюунтөгсийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 4 сарын хугацаагаар, сарын 300,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохирч гэрээ байгуулсан байх ба гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Оюунтөгс нь орон сууцыг С.Сэлэнгийн эзэмшилд шилжүүлж, хариуцагч нь  гэрээний төлбөрт 600.000 төгрөг төлжээ. Талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсноор С.Сэлэнгэ нь орон сууцыг Д.Оюунтөгсийн эзэмшилд буцаан шилжүүлсэн байна.

 Нэхэмжлэгч Д.Оюунтөгс нь хариуцагч С.Сэлэнгэ орон сууцыг нь гэрээгээр эзэмшиж байх хугацааны хөлс төлөөгүй, орон сууцанд өөрийнх нь зөвшөөрөлгүй зохион байгуулалтыг нь өөрчилж, зарим эд хөрөнгийг устгаж үгүй хийсэн гэсэн үндэслэлээр хохирол гаргуулахыг шаарджээ. 

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц түрээслэх гэрээ, 2015 оны 06 сарын 10-ны өдрийн түрээсийн гэрээ болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл хөлслөн авсан орон сууцанд хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах, хөлслөх гэрээний хугацаа дууссаны дараа  хөлслөн авсан орон сууцыг худалдах худалдан авахаар талууд тохиролцсон гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т хөлслөгч нь энэ хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд тухайн орон сууцанд хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах чиглэлийн дагуу зохих засвар хийсэн болох нь тогтоогдож байх тул   нэхэмжлэгчийн “…хариуцагч С.Сэлэнгэ нь хэлж мэдэгдэхгүйгээр хөлслөн авсан орон сууцны зохион байгуулалтыг өөрчлөн засвар хийсэн…” гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Иймд орон сууцанд зохих засвар үйлчилгээ хийсэн нь гэрээний талуудын хүсэл зорилгод нийцсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн /Д.Оюунтөгс/ засварын зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин  хариуцагч С.Сэлэнгэ нь орон сууцыг хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор хөлсөлж байгаагаа мэдэж байсан, тухайн үйл ажиллагаатайгаа уялдуулан орон сууцанд зохих засвар хийсэн гэж үзэх үндэслэлтэй, түүнийг орон сууцыг засч сайжруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Хариуцагч С.Сэлэнгэ нь гэрээний дагуу орон сууцны 2 сарын түрээсийн төлбөр төлөөгүй бөгөөд орон сууцны банныг авч өөрчилсөн болох нь тогтоогдсон тул түүнээс түрээсийн төлбөр 600.000 төгрөг, банны үнэ 100.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж байна.

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 218 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:

1 дэх заалтын:

“...С.Сэлэнгээс 1.418.000 төгрөг гаргуулж…” гэснийг “…700.000 төгрөг гаргуулж…” гэж, “…нэхэмжлэлийн шаардлагаас  523.000 төгрөгийг…”  гэснийг “…нэхэмжлэлийн шаардлагаас 1.241.000 төгрөгийг…” гэж,

2 дахь заалтын:

“...хариуцагчаас 47750 төгрөг гаргуулж…” гэснийг “...хариуцагчаас 21650  төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т   зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93756 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                             С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                       Г.ДАВААРЕНЧИН