Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 372

 

 

Б.Чойнямд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Чойнямын өмгөөлөгч Т.Баярцэцэг,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч   прокурор Д.Мөнхцэцэгийн бичсэн улсын яллагчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 19 тоот эсэргүүцлээр, Б.Чойнямд холбогдох 201626030587 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар  сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ламганжав овогт Батмөнхийн Чойням, 1997 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 354 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,   /РД:ЙЕ97012639/;

Б.Чойням нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө, Сонсголонгийн 20-702 тоотод Б.Тэгшжаргалын “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнтэй маргалдаж, өөрийг нь хутгалсныг мэдмэгц шүүгээн дээрээс хутга авч, улмаар Б.Тэгшжаргалыг хутгалж, биед нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Чойнямд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болон 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1281 дугаартай прокурорын яллах дүгнэлтэд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Чойнямд холбогдох хэргийг шалган тогтоох ажиллагаа бүрэн биш, өөрөөр хэлбэл энэ хэргийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал”-д заасан нотолбол зохих асуудлуудыг нотлох ажиллагаа дутуу хийгдсэн байх тул түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Учир нь, хохирогч Б.Тэгшжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би тухайн үед Б.Чойнямыг зодох гээд дайрсан. Тухайн үед хэрэлдэж байсан болохоор уур хүрээд Б.Чойнямыг заамдаж аваад цохих гэж байсан. Би түр гарчихаад орж ирэхдээ “зайлцгаа” гэж хөөсөн. Д.Чинзориг “гэртээ авчирчихаад гэрээсээ хөөдөг, овоо пидза вэ” гээд хэрэлдэж байсан чинь Чинзориг Алтантуяаг сэрээх гээд бид хоёрын дундаас гараад явсан. Түүнийг гараад явах үед нь Чойням бид хоёр хэрэлдээд л байсан. Тэгээд Чойнямыг цохих гээд заамдаж аваад зүүн гараараа хутганыхаа ишээр цохих гээд далайх гэхэд хутгалагдсан. Би хутгатай гараараа хутганыхаа ишээр нь цохих гээд далайсан.” гэж мэдүүлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Д.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэгшжаргал нь Алтантуяа, Чойням бид 3-ыг зайл гээд байсан. Тэгээд би хэвтэж байгаад нэг хартал Тэгшжаргалын гарт хутга байсан. Нэг мэдсэн хутгалсан байсан. Тэгшжаргал, Чойням хоёрын дунд зогсож байхад л хутгалсан юм шиг байсан. Тэгшжаргал Чойням руу дайраад байсан. Би Тэгшжаргал, Чойням хоёрын дунд зогсож байгаад Алтантуяаг сэрээх гээд явах хооронд Тэгшжаргал Чойнямыг хутгалсан. Тэгшжаргалыг салгах үед мэдсэн, Чойнямаас цус гарсан байсан. Тэгшжаргал Чойням руу дайраад давшлаад байсан. Зайлцгаа гэхэд нь Чойням зайллаа гээд байсан. Намайг Тэгшжаргалын гарыг барьсан байхад Чойням руу 2-3 удаа цохих гээд байсан...” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ боловч хохирогч Б.Тэгшжаргал мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор болон сэжигтнээр “...Гэр лүүгээ ороод пизданууд зайлцгаа гэсэн чинь Шинээ уурлаад байхаар нь би гэрийнхээ гал тогооны тавиур дээр байсан 3 ногоон өнгийн иштэй хутганы жижиг хутгыг нь бариад зогсож байсан чинь Чойням гэнэт босч ирэхээр нь өөдөөс нь тэвэрч аваад мөлхөө тавилга руу түлхэхдээ баруун гартаа байсан нөгөө хутгаар Чойнямын нурууг хутгалчихсан юм. Шинээ “яаж байгаа юм бэ” гээд миний гарыг бариад байж байхад Чойням намайг дахиад хутгалах гээд байна гэж бодоод миний барьж байсан ком хутганы том хутгыг нь бариад миний цээжний зүүн талын хөхний доод талд нэг удаа хутгалсан...

...Би байшин руугаа ороод хөөсөн чинь Чойням босоод ирэхээр нь нуруунаас нь тэврээд унагаах гэж байгаад гартаа байсан хутгаараа нурууг нь хутгалчихсан байсан. Тэгээд Шинээ “боль” гээд салгаад байж байтал Чойням намайг ирээд хутгалчихсан...

...Миний уур хүрээд байсан. Чинзориг ах миний хоёр гараас бариад тавихгүй байсан. Гэхдээ би хутгалъя гэж анхнаасаа бодоогүй. Мөн дахин дайрах үедээ хутгатай гараараа биш нөгөө сул байсан гараараа Чойнямыг цохихоор нь нэг л удаа далайсан...” /1-р хх-33-35, 85-86, 185-186/ гэж,

Гэрч Д.Чинзориг мөрдөн байцаалтын шатанд “...Тэр хоёр намайг харахад толгойгоо нийлүүлээд зогсчихсон юм яриад байсан. Гэнэт Чойням “яаж байна аа, пизда минь” гэхээр нь би очоод Тэгшжаргалыг бариад авсан чинь түүний гарт хутга байсан. Чойнямын зүүн талын бөөр хэсэгт нь хутгалчихсан цус их гарч байсан. Тэгээд Б.Тэгшжаргалыг дахиад Чойнямыг хутгалах гээд байхаар нь болиулаад байж байтал Чойням шүүгээнээс нь хутга гаргаж ирээд Тэгшжаргалын цээж рүү хутгалчихсан...

...Би Тэгшжаргал руу хараад хоёр гарнаас нь бариад Чойням руу нуруугаа харуулсан байдалтай зогсож байсан. Би Тэгшжаргалыг барихгүй л бол дахиж Чойнямыг хутгалчих гээд байсан. Тэгшжаргал хутгатай гараа савлаад Чойням руу дайраад байсан. Тэгшжаргал Чойням руу хутгатай гараараа мөн нөгөө талын гараараа далайгаад “чи эндээс зайл” гэж хөөгөөгүй бол Чойням хутгалахгүй л байсан байх...” /1-р хх-43-45, 489-491/ гэж илт зөрүүтэй мэдүүлж байх тул шүүх хохирогч, гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үндэслэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Иймд мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэн, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Чойнямд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030587 дугаартай хэрэгт  нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Чойнямд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар 15-ны өдрийн 124 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Батхуягийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 50 дугаартай магадлалд “...Б.Чойням нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоотод Б.Тэгшжаргалын “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, өөрийг нь хутгалсныг мэдмэгц шүүгээн дээрээс хутга авч, улмаар Б.Тэгшжаргалыг хутгалж, биед нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодитой тогтоох талаар уг хэрэгт шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгджээ. ...Б.Чойнямд холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шаардлагатай хохирогч, гэрч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулж, тэдний мэдүүлгийн зөрүүг арилгах замаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тодруулсны эцэст шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Чойнямд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б.Чойнямд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 65 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Түүнчлэн шүүхийн тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх Б.Чойнямд холбогдох хэрэгт хамааралтай хуульд заасан арга хэрэгслээр авагдсан, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн, бодит байдлаар хянаж дүгнэлт хийж чадаагүй, зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Тэгшжаргал, гэрч Д.Чинзориг, шүүгдэгч Б.Чойням нарын өгсөн (хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй) мэдүүлгийн зөрүүг арилгуулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Б.Чойнямын өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаасны дараа анхан шатны шүүх хуралдаан гэрч, хохирогч нар ирээгүй гэх шалтгаанаар нийтдээ таван удаа хойшилсон бөгөөд өмгөөлөгч миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Б.Чойням анхнаасаа нэг л байр суурийг илэрхийлж байсан бол хохирогч Тэгшжаргалын мэдүүлэг зөрүүтэй байсан. Тэрээр хэрэг гадаа гарсан, дотор гарсан гэх зэргээр зөрүүтэй мэдүүлгүүд өгч байсан. Түүнээс “Аль гараараа хутгалсан бэ” гэж асуухад хутгалсан гарны байрлалыг зөв хэлдэг ч анхнаасаа огт дайраагүй юм шиг эсхүл хутганы араар цохих гэж дайрсан юм шиг зөрүүтэй зүйл ярьж байсан. “Чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлснийг нь би чамайг алаагүй шүү дээ гэж сонссон юм шиг байна” гэдэг байдлаар мэдүүлсэн. Шүүхийн зүгээс шаардлагатай гэрч, хохирогч нарыг байлцуулж, хэргийг шийдвэрлэх ёстой гэдэг үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж байсан ч гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй байсан. Иймд мөрдөн байцаалтын ажиллагааг дахин хийж, мэдүүлгийн зөрүүг арилгах хэрэгтэй гэж шийдвэрлэсэн. Хамгийн анхны байцаалтад намайг оролцуулаагүй. Дараагийн удаа гэрч, хохирогч, сэжигтэн нарыг байцаахад өмгөөлөгчийн хувьд байлцах хэрэгтэй байх...” гэв.

ХЯНАВАЛ:

Б.Чойнямд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 65 тоот шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Б.Чойням нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоотод Б.Тэгшжаргалын “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнтэй маргалдаж, өөрийг нь хутгалсныг мэдмэгц шүүгээн дээрээс хутга авч, улмаар Б.Тэгшжаргалыг хутгалж, биед нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болсон үйл баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийжээ.

Шүүхийн тогтоолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, Б.Чойнямд холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шаардлагатай хохирогч, гэрч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан түүнийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Түүнчлэн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 50 дугаар магадлалаар уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байхад хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлнэ.” гэснийг зөрчжээ.

Иймд улсын яллагч Д.Мөнхцэцэгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны  өдрийн 19 тоот эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, Б.Чойнямд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр  сарын 18-ны өдрийн 65 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Чойнямд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол Б.Чойнямд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй  болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                Н.БАТСАЙХАН