Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0012

 

 

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0672 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу М.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0672 дугаар шийдвэрээр: “... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.1, 3.1.2, мөн хуулийн 11,12 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.5.3, Төрийн албаны тухай /шинэ/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-т заасныг тус тус баримтлан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Б-ийн урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий М.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгчийн хувьд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд анх томилогдохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Хөрөнгө орлого, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан мэдүүлэг гаргасан бөгөөд уг мэдүүлэгт Монголын тогооч нарын холбооны үүсгэн байгуулагч болохоо мэдүүлсэн, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05/3060 тоот албан бичгээр уг албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэсэн хариу ирүүлсэн зэргээс үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Гэтэл шүүхээс энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дурдагдаагүй хууль болох Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17 дахь заалтыг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг албан тушаал бууруулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу томилогдсон гэх албан тушаалд ажиллах улсын ахлах байцаагчийн эрх олгогдоогүй байхад Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн бүтэц, орон тоонд байхгүй Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч албан тушаалд томилсноор ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болгож, төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн байхад шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч нь Монголын тогооч нарын холбооны үүсгэн байгуулагч бөгөөд 2017 оны 03 дугаар сарын буюу Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсоноосоо хойш уг холбооны бүх гишүүдийн хурал хуралдаагүй учир Холбооны Удирдах зөвлөлийн даргын сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх боломжгүй байсан тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.

Захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, явуулах нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй бөгөөд маргаан бүхий акт гаргах өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчтэй өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан ярилцсаныг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл сонсох ажиллагааны зорилт хангагдаагүй, маргаан бүхий акт гаргахад шаардлагатай дээрх нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс маргаан бүхий акт хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Гэтэл шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийг сонсох ажиллагаа огт явуулаагүй гэж буруутгах боломжгүй гэсэн нь үндэслэлгүй юм.

Хариуцагчийн зүгээс Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/3805 дугаар албан бичгийн дагуу ямар нэгэн ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг тогтоолгүй, Төрийн албаны хуулийг хэрэглэлгүй шууд захиргааны акт гаргасан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын дээрх албан бичиг нь захиргааны байгууллагыг төрийн албан хаагчийн эрхэд шууд халдах үндэслэлийг бий болгохгүй бөгөөд захиргааны акт гаргаж, төрийн албан хаагчид хариуцлага тооцоход шаардлагатай нөхцөл байдлыг тогтоох, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах үүргээс чөлөөлөхгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэв.   

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Э нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 02-01/1672 дугаар албан бичгээр[1] Авлигатай тэмцэх газарт хандан “Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасны дагуу хандаж байгаагүй”, мөн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02-0/1038 дугаар албан бичгээр[2] “...Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б нь “Монголын тогооч нарын холбоо” ТББ-ын тэргүүн бөгөөд тус хэлтсээс “Монголын тогооч нарын холбоо”-ны 25 жилийн ойд 10 сая төгрөгийг хандивласан бөгөөд уг 10 сая төгрөгийг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч нараас хандив нэрээр цуглуулсан байх тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж өгнө үү” гэж хандсан байна.   

Үүний дагуу Авилгатай тэмцэх газраас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/3805 дугаар албан бичгээр[3] “...Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б нь удирдах албан тушаалтан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажиллаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан хориглолтыг зөрчсөн байх тул өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцож хариу ирүүлнэ үү” гэх хариуг хүргүүлжээ.  

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Э нь дээрх албан бичиг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3, 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А/165 дугаар тушаалаар[4] Сүхбаатар дүүрэг Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Б-ийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр “Монголын тогооч нарын холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэж, ашиг сонирхлын зөрчил үүссэн байх тул албан тушаал бууруулан Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...уг албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэсэн хариу ирүүлсэн, мөн Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн бүтэц орон тоонд байхгүй албан тушаалд томилсон, үүнээс гадна төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтны ажлаа хүлээлгэн өгөх боломжгүй байсан, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй бөгөөд Төрийн албаны холбогдох заалтыг хэрэглээгүй” гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх “...М.Б нь төрийн жинхэнэ албан тушаалтныхаа хувьд хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байхыг хуулиар үүрэг болгосон байхад өөрийн үндсэн ажлаас гадуур ажил эрхэлсэн нь хууль бус байна” гэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 “Хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг” хэлнэ гэж заасан.  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар[5] нэхэмжлэгч М.Б-ийн 02-01-016 дугаартай улсын байцаагчийн эрхийг олгосон байна.

Монголын тогооч нарын холбооны дүрэмд[6] зааснаар “Монголын тогооч нарын холбоо” ТББ-ын үүсгэн байгуулагч нь М.Б байна. Мөн уг холбооны зорилго нь “Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх хэвшлийн хоолны газруудын үйл ажиллагааг дэмжиж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ технологи, менежмент, маркетингийг боловсронгуй болгох...” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь улсын ахлах байцаагчийн эрхтэй атлаа өөрийн хяналт шалгалтын хүрээний байгууллагын үүсгэн байгуулагчаар ажиллаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэхээр байна.  

Нөгөө талаар Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д “Багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх” нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх бөгөөд 37 дугаар зүйлийн 37.1.17-д “Үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” нь нийтлэг үүрэг байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч нь багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс бусад тохиолдолд өөр ажил, үүрэг давхар эрхлэхгүй байхаар хуульчилсан. 

Эндээс үзвэл нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд үндсэн ажил буюу Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаас хуулиар зөвшөөрснөөс бусад өөр ажил, үүрэг эрхлэхийг хуулиар хориглосон байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг гүйцэтгэж болохоор зохицуулжээ.

            Нэхэмжлэгч М.Б-ийн тухайн албан тушаалд анх томилогдох үед Авлигатай тэмцэх газраас[7] “...уг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй...” талаар албан бичгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад хүргүүлж байсан хэдий ч албан тушаалтан өөр бусад хуулиар зөвшөөрсөн арга хэлбэрээр буюу эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж болохыг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна.      

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт шалгалт мониторингийн хэлтсийн дарга М.Д, тус хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Ж нар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сонсох ажиллагаа[8] хийсэн байх бөгөөд энэ талаар сонсох ажиллагааг хуулийн дагуу огт явуулаагүй байна гэж үзэж шууд буруутган маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн бүтэц орон тоонд байхгүй албан тушаалд томилсон” гэж гомдол гаргасан байх боловч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн[9] орон тоо байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн уг гомдол нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг өөрийн эрх хэмжээний хүрээнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3, 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасантай нийцүүлэн гаргасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалт, 12 дугаар зүйлд шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох үндэслэлүүдийг тусгасан байх бөгөөд уг зүйлд тусгасанчлан албан тушаалтны захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбоотойгоор талууд маргаагүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг шалгахад ач холбогдолгүй, дээрх хуулийн зүйлүүдийг баримтлан шүүхийн шийдвэр гаргасан нь маргааны зүйлд хамааралгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0672 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3, 29 дүгээр зүйлийн 29.2.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17, 38 дугаар зүйлийн 38.1.6-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Б-ийн урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” тухай М.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

 


[1] 1 хавтас 31 хуудас

[2] 1 хавтас 37 хуудас

[3] 1 хавтас 38 хуудас

[4] 1 хавтас 27 хуудас

[5] 1 хавтас 94 хуудас

[6] 1 хавтас 198-202 хуудас

[7] 1 хавтас 93 хуудас

[8] 1 хавтас 29 хуудас

[9] 1 Хавтас 150 хуудас