Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 105

 

                              

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л, шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох 1835002900103 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Увс аймгийн ... суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ... оршин суух, С.Т

Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 8 дугаар сарын 12-ний өдөр хохирогч С.Б-ын өмчлөлийн ... байрны ... тоот буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч “Самсунг эс-6” загварын 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утас, “Самсунг галакси жи-1” загварын 194.000 /нэг зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утас хулгайлж, хохирогч С.Б-т 594.000 /таван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Гэм буруугийн талаар: 

   Шүүгдэгч С.Т нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хохирогч С.Б-ын “...Би 2018 оны 08 сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд тус аймгийн ... сумын ... баг ... байрныхаа ... тоотод байх гэртээ эхнэр хүүхдийнхээ хамтаар унтаж амарсан. Би унтахдаа өөрийнхөө “самсунг галакси эс-6” загварын гар утсаа орныхоо урд талд тавьчхаад унтсан харин “самсунг жи-1” гар утсаар манай хүүхдүүд тоглоом тоглож байсан. Унтаж байтал хаалга дуугарах чимээ гарахаар нь сэрээд өндийж харахад шар өнгийн хувцас өмссөн эмэгтэй байсан ба “энэ байранд З нэртэй эмэгтэй байдаг уу” гэж асуухаар нь “тийм хүн энд байхгүй” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй гэрийн хаалгыг хаагаад цааш яваад өгсөн. Тэгээд өөрийнхөө гар утсыг орныхоо урдаас авах гэтэл байхгүй байсан. Тухайн үед “хүү гарч гүйхдээ дуу сонсохоор аваад явсан юм байна” гэж бодоод хайлгүй байж байтал хүү гаднаас орж ирэхээр нь би “аавынхаа гар утсыг авч явсан юм уу?” гэж асуухад хүү “би таны гар утсыг авч яваагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэр дотроосоо Самсунг галакси эс-6, Самсунг галакси Жи-1 загварын гар утаснуудаа хайхад байхгүй байсан ба манай гэрт хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

... Самсунг жи-1 загварын гар утасны сим картны үүрэнд ... гэсэн мобикомын дугаар, самсунг эс-6 гар утасны сим картны үүрэнд ... гэсэн скайтелын дугаар байсан. Уг Самсунг жи-1 загварын гар утас нь хар өнгийн их биетэй, дэлгэцдээ кодтой, самсунг эс-6 гар утас нь шаргал өнгийн их биетэй, ямар нэгэн ил харагдах эвдрэл гэмтэлгүй, дэлгэцдээ ямар нэгэн цоож түгжээгүй, самсунг эс-6 загварын гар утас нь ... гэсэн имей кодтой зэрэг содон шинж тэмдэгтэй байсан. Харин самсунг жи-1 загварын гар утасны имей кодыг хэлж мэдэхгүй байна. ...Манай гэрийн хаалгыг татаж онгойлгосон  эмэгтэйг би дахин харвал нүүрний ерөнхий хэлбэрээр нь танина...

...2019 оны 05 сарын 07-ны өдөр С.Т гэгчтэй би уулзахад Т надад “би 2018 оны 08 сарын 12-ны өглөө З байр луу айл хайж яваад танай гэрийн хаалга онгорхой байхаар нь ороход та эхнэртэйгээ унтаж байх шиг байсан, тэгээд хартал танай гэрийн коридорт ширээн дээр самсунг эс-6, жи-1 гар утаснуудыг давхарлаад тавьчихсан байхаар нь би аваад гарчихсан юм. Тэгээд би айл хайгаад олохгүй болохоор танай гэр лүү ороод З гэдэг нэртэй эмэгтэй байдаг уу гэж танаас асуусан тэгээд та тийм хүн байхгүй гэхээр нь би гараад явчихсан. Тэгээд би самсунг эс-6 загварын гар утсыг өөрийнхөө аав Ц.С-д барьж бай гээд өгсөн, харин нөгөө гар утсыг нь би гээчихсэн” гэж надад хэлсэн. Тэгээд тухайн өдөр С.Т надаас уучлалт гуйж миний хулгайд алдсан ... самсунг жи-1 гар утасны мөнгийг төлж өгсөн юм. Миний хулгайд алдсан ... самсунг эс-6 загварын гар утсыг цагдаагийн байгууллагаас хайж олж өгсөн бөгөөд тухайн гар утас нь С.Т-ийн төрсөн аав болох Ц.С-д байсныг хураан авч надад өгсөн байсан ...” /хх-ийн 47-50 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

2. Гэрч Ц.С-гийн “...би 2018 оны 8 дугаар сарын эхээр аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай охин С.Т над дээр ирээд бронз шиг шаргал өнгөтэй самсунг эс-6 загварын андройд гар утас авч ирж өгөөд ... “манай найз энэ утсыг 100.000 төгрөгөөр зардаг гэнэ та авах уу” гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн үед гар утасгүй байсан учраас С.Т-д 100.000 төгрөг өгч явуулаад тухайн гар утсанд өөрийн ... гэх дугаарын сим картыг хийж ашиглаж байсан юм...” /хх-ийн 57-58 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

3. Гэрч Ж.Б-ын “...2018 оны 08 сарын 11-ний өглөө гэрээсээ гараад явчихсан байсан бөгөөд би орой ажлаасаа ирэхэд С.Т байгаагүй юм. Тэгээд тэр орой С.Т гэртээ хоноогүй бөгөөд маргааш өглөө би ажилдаа явчхаад гэртээ ирэхэд Т нь архи үнэртүүлчихсэн байдалтай согтуу гэртээ ирчихсэн унтаж байсан юм. Тэгээд С.Т нь самсунг эс-6 загварын шаргал өнгийн гар утсыг гаргаж ирээд надад “манай найз охин зарна гэнэ, 100.000 төгрөг гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би тэгвэл наад утсаа аавдаа үзүүлээч, аав чинь утасгүй байгаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд С.Т нь тэр утсыг аваад гэрээс гарсан бөгөөд тухайн үед манай нөхөр Ц.С нь нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгээд С.Т нь эмнэлэг рүү ороод нөгөө гар утсыг аав болох Ц.С-д өгчхөөд гараад ирсэн байсан бөгөөд Ц.С  худалдаж авахаар болоод 100.000 төгрөгийг би С.Т-д өгсөн юм. Тэр өдрөөс хойш С.Т нь гэрээсээ гарч яваагүй бөгөөд гэртээ ... байсан бөгөөд 2-3 хоногийн дараа С.Т нь дахин хар өнгийн их биетэй, самсунг загварын андройд үйлдэлтэй гар утас гаргаж ирээд надад “ээжээ энэ гар утасны кодыг гаргуулмаар байна, би энэ гар утсыг баримаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.Т-д “болио ямар гар утас юм бэ, эзэнд нь өг” гэж хэлсэн.

... Тэгээд С.Т нь тухайн хар өнгийн их биетэй андройд гар утсыг өөртөө байлгаж байгаад Улаанбаатар хот руу явахдаа 2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр аваад явсан бөгөөд С.Т нь Улаанбаатар хотод 7 хоноод ... ирэхдээ эндээс авч явсан хар өнгийн их биетэй гар утсыг авч ирээгүй бөгөөд тухайн гар утсыг гээчихсэн гэж хэлж ирсэн юм ...” /хх-ийн 59-60 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

  1. . Мобиком корпораци ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 18/5099 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 28 дугаар хуудас/,

5. Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 31 дүгээр хуудас/,

6. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/,

7. Хэрэг бүртгэлтийн 183500290 дугаартай хэрэгт зургаар таньж олуулсан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 42-45 дугаар хуудас/,

8. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “..Увс аймгийн Улаангом суманд 2018 оны 8 сарын байдлаар самсунг жи-1 гар утас 194.000 төгрөг, самсунг галакси эс-6 гар утасын зах зээлийн дундаж үнэ 400.000төгрөг болохыг тодорхойлов" гэх Гэрэгэ эстимэйт ХХК-ны УВ/01/479 дугаартай тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/,

9. Яллагдагч С.Т-ийн “... Би 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ... 21:00 цаг өнгөрч байхад Их наяд бааранд орсон юм. ...тухайн бааранд бүжиглэж байгаад танихгүй 3 залуустай танилцаад нэг ширээн дээр сууцгааж хамт шоудсан юм. Бид нар уг бааранд 0.75 литрийн 1 шил Соёрхол гэх нэртэй архийг хувааж ууцгааж бүжиглэж байгаад орой 23:50 цагийн үед баарнаас гарцгаасан юм. Тэгээд бид нар нэлээд согтуу байсан бөгөөд тэр орой бид дөрөв З байрны гадна саравчинд 2,5 литрийн 5 сав пиво хувааж ууцгаасан ... бөгөөд үүр цайтал сууцгаасан юм. Би тухайн үед нэлээд согтсон байсан бөгөөд Залуус өргөө байрны хажуу талын буланд очиж бие засахаар явсан бөгөөд нөгөө гурван залуу намайг бие засахаар явж байхад саравчнаас гараад тухайн байр луу орж байх шиг надад харагдсан юм. ...тэгэхээр нь би тэр гурван залууг байрны орцонд байгаа юм байх гэж бодоод уг байрны 1 орц руу орсон юм. Тухайн үед 06:00-07:00 цаг болж байсан байх. Тэгээд би уг орцоор ороод нөгөө гурван залууг хайгаад шатаар дээшээ дөрвөн давхар луу гарсан бөгөөд ... шатны урдаас харсан айлын бор өнгийн төмөр хаалга хагас онгорхой байсан юм. Тэгээд би тэр гурван залууг тухайн айл руу орсон байх гэж бодоод тэр айлын хаалга хэсгээр ороход гэр дотор нь надтай хамт явсан гэх гурван залуу байгаагүй бөгөөд гэр дотор хажуу талын өрөөнд хүмүүс унтаж байх шиг байсан тухайн үед намайг тэдний гэрт ороход гэрийн коридорт байсан жижиг ширээн дээр шаргал өнгийн самсунг эс-6 загварын гар утас, мөн хар өнгийн самсунг жи-1 загварын гар утас байсан юм. Тэгээд би тухайн 2 гар утсыг аваад халаасандаа хийчхээд тэр айлд унтаж байсан нэг танихгүй ахаас Золоо гэдэг эмэгтэй байдаг уу гэж асуусан. Тэгтэл тэр ах энэ байранд тийм хүн байдаггүй гэж хэлэхээр нь би гараад явчихсан юм. Тэгээд би тухайн гар утаснуудыг аваад байрнаас гараад гэр лүү харьсан ... Тэгээд би тухайн өдөр өөрийн ээж Ж.Б-д хулгайлсан самсунг эс-6 загварын гар утсыг манай найз 100.000 төгрөгөөр зарна гэж байна та авах уу гэж асуухад манай ээж надад аавдаа очиж үзүүл гэж хэлсэн. Тухайн үед манай аав Ц.С нь нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгээд би тухайн гар утсыг тэр өдөр аав Ц.С-д үзүүлээд манай аав тухайн гар утсыг авахаар болоод 100.000 төгрөгөөр авсан юм. Харин нөгөө самсунг загварын хар өнгийн жи-1 загварын гар утсыг өөртөө хадгалж байгаад тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу ... явахдаа тухайн гар утсыг авч явж байгаад гээчихсэн юм ...” /хх-ийн 88-89 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч С.Б-ын өмчлөлийн З байрны ... тоот буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч “Самсунг эс-6”загварын 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утас, “Самсунг галакси жи-1” загварын 194.000 /нэг зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утас хулгайлж хохирогч С.Б-т 594.000 /таван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч С.Б, гэрч Ц.С, Ж.Б нарын мэдүүлэг, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хэрэг бүртгэлтийн 183500290 дугаартай хэрэгт зургаар таньж олуулсан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-т  “Гэрэгэ эстимэйт” ХХК-ний Эд хөрөнгийн зах зээлийн үнийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн УВ/01/479 дугаартай тодорхойлолтоор 594.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчтой сайн дураараа эвлэрч, хохирлыг бүрэн барагдуулсан болох нь хохирогч С.Б-ын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...С овогтой Т-тай сайн дураараа эвлэрсэн. Мөн хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан болно” /хх-ийн 136 дугаар хуудас/ гэх хүсэлтээр тогтоогдож байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч С.Т нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гэм буруутайд тооцогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан гэрч Ж.Б-ын мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Дээр ноогдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь хорих ялаар шийтгүүлсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА