Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 19

 

С.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолтой, С.Т-д холбогдох эрүүгийн 1835002900103 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ...багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй,  Б овогт С-гийн Т.

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 8 дугаар сарын 12-ний өдөр хохирогч С.Б-ын өмчлөлийн Залуус өргөө байрны 1-20 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч “Самсунг эс-6” загварын 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утас, “Самсунг галакси жи-1” загварын 194.000 /нэг зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утас хулгайлж, хохирогч С.Бт 594.000 /таван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Борлууд овогт Самданхүүгийн Туяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Борлууд овогт Самданхүүгийн Туяад 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж” шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үйлчүүлэгч С.Т нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр С.Бын өмчлөлийн Залуус өргөө байрны 1-20 тоот байранд нэвтэрч “Самсунг эс-6” загварын 400.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, “Самсунг галакси жи-1” загварын 194.000 төгрөгийн үнэ бүхий гар утас хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэсэн.

С.Тд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хэд хэдэн үндэслэл байгааг анхаарч үзнэ үү. С.Т хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн байцаалт болон эрүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн гэмшиж, хохирогч С.Бын 2 гар утасны 594.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа арилгасан. С.Т нь 1 нас 7 сартай эрэгтэй хүүхэдтэй ба амьдралын шаардлагаар хүүгээ өөрийн ээж, аавдаа үрчүүлсэн бөгөөд тэрээр 2019 оны 6 сарын 17-ны өдөр Тэс сумын 4 дүгээр багийн иргэн Н.Жамъян гэх залуутай гэр бүл болоод удаагүй байсан.

Иймээс үйлчүүлэгч С.Т-д Эрүүгийн хуүлийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдлын хувьд насанд хүрээгүй бага хүүхэдтэй, дөнгөж гэр бүлтэй болж амьдрал зохиож байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг багасгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.З-д зааснаар хорих ялыг 1 жил болгон өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Т-гийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Т-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдварлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Т нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг “Залуус өргөө“ байрны 1-20 тоот С.Бын гэрт хууль бусаар нэвтрэн орж, самсунг-эс загварын 400.000 төгрөгний үнэ бүхий гар утас, мөн самсунг галакси жи-1 загварын 194.000 төгрөгний үнэ бүхий гар утас тус тус хулгайлж нийт 594.000 төгрөгний хохирол учруулсан нь хохирогч С.Б, гэрч Ц.С, Ж.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Мобиком корпорацийн албан бичиг, эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан, гар утсанд үзлэг хийсэн, зургаар таньж олуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Тгийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн С.Тд холбогдох эрүүгийн 1835002900103 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Т-гийн өмгөөлөгч Б.Лхагважавын  “...шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү“ гэх гомдлын хувьд:

Анхан шатны шүүх С.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

С.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын “С.Тд шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Тгийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3 дугаар заалтуудын 1 жил 6 сар гэснийг 1 жил гэж тус тус өөрчлөн,тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. С.Т-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 56 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

               ШҮҮГЧИД                                        Л.АЛТАН

       Н.МӨНХЖАРГАЛ