Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/104

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

хохирогч Б.О

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Бт холбогдох эрүүгийн 1907002130087 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, оршин суух, Боржигон овогт Н.Б /РД:**********/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед ******* дүгээр гудамжинд улсын дугаартай “Х.Акцент” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож гэрийнхээ хашааны хаалгаар орохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчин гэрийнхээ үүдэнд зогсож байсан 2 настай Б.Мийг гэртэй нь цуг мөргөж амь насыг нь хохироосон,

мөн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед *******, дүгээр гудамжинд улсын дугаартай “Х.Акцент” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож хашааны хаалгаар орохдоо зам тээврийн осол гарган Монгол Улсын замын хөдөлгөөний 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээн: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр , хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би охиноо дайрчихаад ингэж явснаас үхсэн нь дээр гэж бодоод тэргээ асаагаад гараад явсан. Тэгээд замдаа боож үхье гэж бодоод хоолойгоо боох гэтэл болж өгөхгүй байсан. Тэр хавиар хүмүүс яваад байхаар нь тэргээ асаагаад цааш явсан. Гэтэл замд 2-3 залуу таараад дөхөөд бууж болох уу гэхэд нь би тэг тэг гээд суулгатал ахаа би таны тэргийг бариад явъя гэхээр нь бариулсан. Тэгээд намайг замын цагдаа нарт аваачаад өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

           

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Охинтойгоо гэртээ байж байхад аав гаднаас машинтайгаа хашаа руу орж байхад охин өөдөөс нь гараад гүйхэд мөргөсөн. Охиноо аваад эмнэлэг рүү явахад өнгөрчихсөн байсан. Маргааш нь аавтайгаа уулзахад аавын хүзүү улайсан байхаар нь асуухад аав нь амиа хорлох гэж байсан юм гэж байсан. Би аавыгаа хэргийн газрын албаар орхиж яваагүй гэж бодож байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Н.Б нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ...хашааны гадаа байсан машин дотор сууж байгаад архиа ууж дуусгаад дахиад нэг шил архи авч уухаар болоод би машинаа жолоодоод дэлгүүр ороод би нэг шил 0.5 литрийн Хараа архи аваад тэрийгээ хувааж ууж дуусгаад нөгөө залуу буугаад яваад өгөхөөр нь би хашаандаа машинаа оруулж тавихаар асаагаад хөдлөөд хашаа руу ороод гэрийн үүд рүү шахаж тавих гээд дөхөөд явж байтал гэрийн хаалга онгорхой дотроос нь талийгаач ач охин маань гүйгээд намайг тосоод гарч ирж байгаа нь харагдсан. Ингээд би тормос гишгэх гэж байгаад андуураад хаазан дээрээ гишгээд машин урагшаа ухас хийгээд маш хурдан хөдлөхөөр нь буцаагаад тормоз дээр гишгэхтэй зэрэгцээд л гэрээ мөргөсөн. Ингээд би буугаад иртэл О уйлаад талийгаачийг машин доор байна гээд татаж гаргаад иртэл толгой болон хамраас нь цус гарсан байсан ба хамар хашааны хоёр залуу гарч ирээд эмнэлэг рүү залгахад дуудлагатай явж байна гэхэд нөгөө хоёр залуу миний машинаар явъя гээд машинаа асааж гарч ирээд шууд эмнэлэг рүү явсан. Ингээд би ач охиноо мөргөсөн болохоор өөрийгөө зүхэж харааж байгаад ерөөсөө өөрөө үхье гэж бодоод машинаа асаагаад хөдлөөд уурхайн гол руу орж яваад одоо хаана гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан машин дотор байсан хар өнгийн уяагаар машины хаалганы дээд рамнаас уяж байгаад хоолойгоо боогоод доошоо суухад боолт орохгүй болохоор нь өндөр газраас өөрийгөө дүүжлье гэж бодоод дахиад машиндаа суугаад боломжтой газруудыг хараад явсан боловч мод тааралдахгүй би ч дотроо ач охиноо бодож уйлж явсаар байгаад нэг мэдэхэд Багахангай дүүрэг өнгөрсөн. Тэгтэл зам дээр танихгүй 2 залуу гар өргөхөөр нь би зогсоход надаас та хаа хүрч яваа юм гэхээр нь мэдэхгүй байна гэж хэлсэн чинь нэг залуу нь та цаашаа суучих гэхээр нь би хажуу талын сандалдаа суухад шууд Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн постон дээр авчираад өгсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд манай аав талийгаач охин Б.М нар хоёулхнаа байсан. Ингээд би хоолоо хийгээд байж байтал 16 цагийн үед аав гараад явсан ба охин бид хоёр гэртээ байж байтал гэрт орж ирэлгүй хашаанаас машинаа аваад гараад явсан. Ингээд 30-40 минутын дараа байх хашааны хаалга дэлгээтэй гэрийн хаалга онгорхой байсан болохоор хашааны хаалгаар орж ирж байгаа машин харагдаж байсан ба манай охин М хоолоо идэж байснаа өвөө ирж байна гээд гэрийн хаалгаар гүйгээд гарахтай бараг л зэрэгцээд намайг ширээний зүүн талд суугаад хоолоо идэж байтал тас буугаад явчихаар нь хартал гэрийн хаалга хэсгийг машин мөргөөд ороод ирэхээр нь би босоод машины хамар дээгүүр давж гараад охиноо хартал машины доор хэвтэж байхаар нь татаад гаргахад хамар хашааны хоёр залуу гүйж орж ирээд 103 руу залгаад дуудлага өгсөнөө манай машинаар гялс эмнэлэг явъя гээд шууд тэр хоёр залуугийн хамт Налайх дүүргийн эмнэлэг дээр ирэхэд охиныг нас барсан байна гэсэн удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

            Гэрч А.Игийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ ах Онцгойбаяр, ээж Нансүрэн нарын хамт байж байтал хажуу талын хашаанд машин асаад хүчтэй хаазлаад юм мөргөх шиг болохоор нь ах Онцгойбаярын хамт гараад хартал саарал өнгийн аксент машин гэрээ мөргөчихсөн охин нь уйлчихсан машин доороос хүүхдээ гаргаж байхаар нь бид хоёр гүйж очоод Онцгойбаяр ах машиных нь хаалгыг онгойлгоод түлхүүрийг нь сугалж авсан. Тэгтэл охин нь түргэн дууд гээд байхаар нь манай ээж гар утсаараа түргэн рүү залгахад Налайх дүүргийн 5 дугаар хороонд дуудлагатай явж байна гэхээр нь өөрсдийн машинаар Налайх эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт хүргэсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

            Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2018 оны 01 дүгээр сард миний бие Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж хорих 461 дүгээр ангид 5 сарын хугацаатай хоригдож байхдаа хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаад гараад ирэхэд О нь өөр хүнтэй болсон байсан ба бид 2 нийлээд хамт амьдарсан боловч гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаад 2018 оны 10 дугаар сард шүүхээр ороод салсан. Энэ цагаас хойш ер нь бол уулзахаа болиод хааяа нэг охинтойгоо уулзах гээд очихоор их хүйтэн хөндий ханддаг байсан болохоор очихоо больсон. Тэгтэл 2019 оны 05 дугаар сард О над руу залгаад М нас барчихлаа гэхээр нь шууд гэрт нь яваад очиход өвчинөөр нас барчихлаа гэж хэлж байснаа сүүлд нь хадам аавыг согтуу машинаараа дайрсан гэдгийг хэлсэн. Ингээд ажил явдлыг нь дуусгаад дахиж очоогүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08/49 дугаар:

            “1. Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл: баруун чамархай яс, суурь ясны баруун их далавч, баруун чулуулаг яс, турк эмээл, зүүн их далавч, зүүн чулуулаг ясаар үргэлжилж зүүн чамархай ясанд хүрч төгссөн шугаман хугарал, дагз ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн гэмтлүүд байна.

            4. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

            5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08шэ/260 дугаар:

            “1. Н.Бийн биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь уян зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

             4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

             5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2873 дугаар:

            “1. Шинжилгээнд “” гэж хаягласан хуруу шилтэй 5 мл орчим цусыг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн “” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 2,2 промилли спиртийн агууламж илэрсэн.

            3. Цусан дахь 2,2 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-44 дүгээр хуудас/,

 

            Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар:

            “1.Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дэх хэсэг, 1.2.17 дах заалт, нийтлэг үндэслэл зэрэгт заасны дагуу зам тээврийн осол гэж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дах хэсэгт заасны дагуу “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байх тул зам тээврийн осол мөн.

            2. Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээн: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр , хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 3.7 дугаар хэсэг жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.М нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна.

            3.Н.Б нь дугаарын Б ангилалын жолооны үнэмлэхтэй байна. Мөн 2015 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хугацаа дууссан байна.

            4. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

            хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-9 дүгээр хуудас/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-13 дугаар хуудас/,

            Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-48 дугаар хуудас/,

            Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №10514 /хх-68 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-69 дүгээр хуудас/,

Н.Бийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-70 дугаар хуудас/,

            Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-72 дугаар хуудас/,  

            Н.Бийн тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 73-74 дүгээр хуудас/,

            Налайх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /хх-84 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангий 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

            Учир нь уг гэмт хэргийн сэдэлт , зорилгыг  Эрүүгийн хуульд зааснаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч нь зориуд зугтаах үйлдлээ өөрийн үйл ажиллагааг нуух, хохирогчид тусламж үзүүлэхээс зайлсхийх, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг санаатай байдлаар үйлдснээр хуульчилсан байдаг.

 

            Гэвч шүүгдэгч Н.Б нь уг гэмт хэргийн газраас явахад хохирогчийг эмнэлгийн тусламж үзүүлэхээр аваад явсны дараа өөрийн үйлдлийн хор уршигаас хамааран сэтгэл санаа тогтворгүйтэн улмаар амиа хорлохоор явсан байдал нь Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би охиноо дайрчихаад ингэж явснаас үхсэн нь дээр гэж бодоод тэргээ асаагаад гараад явсан. Тэгээд замдаа боож үхье гэж бодоод хоолойгоо боох гэтэл болж өгөхгүй байсан гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: ... Маргааш нь аавтайгаа уулзахад аавын хүзүү улайсан байхаар нь асуухад аав нь амиа хорлох гэж байсан юм гэж байсан гэсэн мэдүүлгээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судласан:...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08шэ/260 дугаар: 1. Н.Бийн биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь уян зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан гэх гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

            Мөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг болсон он сар өдрийг зөрүүтэй буюу 2019 оны 05 дугаар сарын 03 ны өдөр уг гэмт хэрэг гарсан байдлаар мөрдөгчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилсон тогтоол, шинжээч томилсон тогтоол , эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, яллагдагчийн мэдүүлэг, мэдээлэл гаргуулах тухай Прокурорын тогтоол зэрэг эрхийн актуудын тодорхойлох хэсэгт бичигдсэн байх ба талууд болон хэргийн оролцогч нар хэрэг гарсан өдрийн талаар зөрүүгүй байдлаар буюу уг гэмт хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02 ны өдөр гарсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Улсын яллагч нь шүүгдэгчид холбогдож үйлдсэн яллах дүгнэлтээ уг үйл явдлыг  2019 оны 05 дугаар сарын 02 ны өдөр 16 цагийн орчим гарсан гэж үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаахгүйгээр шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед ******* дүгээр гудамжинд улсын дугаартай “Х.Акцент” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож гэрийнхээ хашааны хаалгаар орохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчин гэрийнхээ үүдэнд зогсож байсан өөрийн зээ охин 2 настай Б.Мийг гэртэй нь цуг мөргөж амь насыг нь хохироосон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хаалга онгорхой дотроос нь талийгаач ач охин маань гүйгээд намайг тосоод гарч ирж байгаа нь харагдсан. Ингээд би тормос гишгэх гэж байгаад андуураад хаазан дээрээ гишгээд машин урагшаа ухас хийгээд маш хурдан хөдөлхөөр нь буцаагаад тормоз дээр гишгэхтэй зэрэгцээд л гэрээ мөргөсөн. Ингээд би буугаад иртэл О уйлаад талийгаачийг машин доор байна гээд татаж гаргаад иртэл толгой болон хамраас нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...охин М хоолоо идэж байснаа өвөө ирж байна гээд гэрийн хаалгаар гүйгээд гарахтай бараг л зэрэгцээд намайг ширээний зүүн талд суугаад хоолоо идэж байтал тас буугаад явчихаар нь хартал гэрийн хаалга хэсгийг машин мөргөөд ороод ирэхээр нь би босоод машины хамар дээгүүр давж гараад охиноо хартал машины доор хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч А.Игийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хажуу талын хашаанд машин асаад хүчтэй хаазлаад юм мөргөх шиг болохоор нь ах Онцгойбаярын хамт гараад хартал саарал өнгийн аксент машин гэрээ мөргөчихсөн охин нь уйлчихсан машин доороос хүүхдээ гаргаж байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08/49 дугаар, Замын Цагдаагийн Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хуралдаанд хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Бт холбогдох хохирогчийг согтуугаар дайрсан гэмт хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс Боржигон овогт Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.-т зааснаар согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Н.Бт холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар  5 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 2 жилийн хорих ял оногдуулах тухай ялын дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн өөрийн өсгөсөн охиноо болгоомжгүй дайрч хохироосон байдлаас хамаарч өөрийнхөө амиа хорлохоор завдсан, сэтгэл санааны болон насны байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан ялаас доош ял оногдуулахаар санал тус тус гаргажээ.

 

            Шүүх талуудын санал дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан шүүгдэгч 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хуульд зааснаас доогуур буюу 1 жил 4 сарын хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

            Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зориуд зугтаасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Боржигон овогт Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 / таван/ жилийн хугацаагаар хасаж, түүнийг 1 / нэг/ жил 4 /дөрвөн/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шүүгдэгчийн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
  6. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  7.  Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  9.  Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД