Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

                                   

Б.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                  

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч Б.Оы өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

хохирогч Х.Талгат, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг,  

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулж,

                      

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд  даргалж, шүүгч Д.Чинзориг, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Од холбогдох 1807004570084 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.О нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буян-Налайх худалдааны төвийн орчим 2018 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 03 цагийн үед Х.Талгаттай маргалдан, улмаар зэвсгийн чанартай зүйл болох чулуугаар толгойн дух хэсэгт 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Оыг 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Од холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Талгат нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх прокуророос Б.Оыг “...зэвсгийн чанартай зүйл болох чулуугаар толгойн дух хэсэгт цохиж...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэлэлцээд зэвсэг хэрэглэсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, гэм буруутайд тооцож байгаатай маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр сууринаас шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхдээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “...зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ... гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж зааснаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Тодруулбал: Прокурор чулууг зэсвгийн чанартай зүйл гэж үзэхдээ “тусгайлан бэлтгэсэн” гэснийг хамтад нь бус салгаж, тусад нь буюу дангаар хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хүний биед гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийн аль төрөлд хамруулсан нь ойлгомжгүй гэж өмгөөлөгч дүгнэснийг бүрэлдэхүүн дүгнээгүй атал зэвсэг хэрэглэсэн гэж хэрэгт авагдсан баримтууд болох оролцогч нарын мэдүүлгээр хохирогчийн биед чулуугаар гэмтэл учруулсан гэж үзэж байгаа, ямар үндэслэлээр зэвсэгийн “галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн” ангилалын аль төрөлд хамааруулж үзэж хэрэглэсэн гэж өөрчилж байгаа нь ойлгомжгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Зэвсгийн чанартай зүйл, зэвсэг гэдэг ойлголт нь өөр өөр ойлголт болохыг хуулийн заалтад болон хуулийн тайлбарт тодорхой заасан байхад чулууг зэвсэг гэдэг ойлголтод ямар үндэслэлээр хамааруулж байгааг тогтоолд тодорхой заагаагүй учир өмгөөлөгчийн зүгээс хуулийг төсөөтэй хэрэглэж байна гэж үзэхээс аргагүй байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хянаж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зэвсгийн чанартай зүйл гэж үзэхдээ, зэвсгийн чанартай, тусгайлан бэлтгэсэн гэснийг хамтад нь хэрэглэх ёстой гэж үзэж байна. Тухайн үед тусгайлан бэлтгэх шаардлагагүйгээр зэвсэг болгон хэрэглэж хохирогчийн биед гэмтэл учруулсан гэдэг нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.   

 

Хохирогч Х.Талгат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Би маш их хохирсон. ...” гэв.  

 

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн хувьд шүүгдэгчийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хохирогчийн биед хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Учир нь, шүүгдэгч Б.О нь хохирогч Х.Талгатыг цохисон гэх чулууг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан зүйл хэрэгт байдаггүй. Зодолдох явцдаа чулууг өөр газраас авчирч толгойд нь цохисон нөхцөл байдал харагддаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хамтад нь үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүхээс хохирогчийн биед хүнд гэмтэл санаатайгаар зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Зэвсэг нь бүтцийн хувьд аливаа зүйлийг устгах, гэмтээх зүйлийг хамааруулж үзэх учир зэвсэг хэрэглэх гэдгийг хууль хэрэглээний хувьд зөв гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.О нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буян-Налайх худалдааны төвийн орчим 2018 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 03 цагийн үед Х.Талгаттай маргалдаж, улмаар чулуугаар толгойн дух хэсэгт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Х.Талгатын: “...2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ... шөнийн 03 цаг өнгөрөөгөөд баарнаас гарч гэр рүүгээ харих гээд Буян-Налайх үйлчилгээний төвийн урд талын таксины зогсоол дээр такси барих гээд зогсож байтал бид нарын ардаас засмал зам гараад 5 залуу хүрч ирээд бид нартай хэрүүл маргаан хийхээр нь би нэг залуутай нь уулзаад нөгөө хэдээс холдож байгаад ахынх нь төрсөн өдөр болж байна, найзуудыгаа аваад явчих гэсэн чинь хэрүүл маргаан хийгээд хасагууд гээд доромжлоод бид 2 бие биенээ түлхээд маргалдаад байж байсан чинь ард чимээ гарахаар нь хартал манай найз Берекбол, Хуанш хоёрыг нөгөө 4 залуу нь зодож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгаад дөрвүүлээ Ордонгийн тийшээ алхаж явсан чинь бид нар руу чулуу шидээд тэгээд бид нар буцаж очоод дахиад зодолдсон. Бид нар хоорондоо салж нийлээд 3 удаа зодолдсон. Тэгээд хамгийн сүүлд явган хүний зам дээр манай найз Бевитханыг 3 залуу газар унагаачихсан өшиглөөд зодож байхад нь би гүйж очоод салгаад найзыгаа босгох гээд хойноос нь 2 гараараа суганых нь тэндээс бариад тонгойгоод өргөж байхад нэг хүн май чи гэж хэлэх шиг болоод миний толгойд тас буугаад нүднээс гал бутраад явчихсан. Хэсэг зуур ухаан балартаж сэргэхэд 2 талаас хөл, гар, хэвлий хэсэгт өшиглөж дээрээс дэвсэж байхад нь цагдаа дуудаарай хүн аллаа гэж хашгирахад зугтаад явцгаасан. ...Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа Налайхын эмнэлэгт хэвтэж байхад Б.Оы найз нь гэх 109 дүгээр сургуульд галч хийдэг нэг залуу ирээд таныг Б.О чулуугаар цохисон. Б.Оаас гарцаа байхгүй. Өөр хэн ч таныг толгойд чинь цохиогүй гэж хэлсэн. ...” /1 хх 32/,

 

гэрч Ө.Берэкболын: “...Буян-Налайх худалдааны төвийн гаднаас такси барих гээд зогсож байтал хойноос хэсэг залуучууд гүйж ирээд “та нар яагаад байна” гэж хэлээд үгийн зөрөө байхгүй намайг нүүрэн тус газарт цохиод тонгойх үед гараараа гэдэс, цээж, нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохиж зодоод байхад уг баарны захирал гэж залууд цагдаа дуудаад өг гэж хэлээд зогсож байтал араас нөгөө залуучууд чулуу шидээд байсан. Энэ үед нэг чулуу баруун чихэнд цохисон юм. Ингээд Хуаншийн утсаар эхнэр Розатай яриад байж байтал цагдаагийн машин ирсэн юм. ...” /1 хх 43/,

 

гэрч Г.Бевитханы: “...Буян-Налайхын урд талын таксины зогсоол дээр ирээд такси барих гээд зогсож байснаа санаж байна. Би их согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь намайг хатуу зүйлээр ардаас цохиод би ухаан алдаад уначихсан. Ухаан алдаж унаснаасаа хойшоо юу ч санахгүй байна. ...” /1 хх 46/,

 

гэрч А.Хуаншийн: “...би маш их согтоод ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн чинь гадаа гарчихсан нэг залуу намайг цохиод байх шиг байсан. Тэрнээс хойшоо юм санахгүй байна. Нэг мэдсэн чинь манай найз Берекбол намайг алгадаад хөөе босоорой хөгшөөн явъя гэхэд нь би сэргэсэн. Тэгээд босоод ирсэн, хамарнаас цус гарчихсан, нүүр хөндүүртэй болчихсон байхаар нь Берекбол бид хоёр эмнэлэг рүү явсан. ...” /1 хх 47/,

 

гэрч Б.Пунцагцэрэнгийн: “...Буян-Налайх дээр хүн буулгачихаад Стар төвийн урд Тэрэлж рүү явдаг зогсоол дээр Тэрэлж явахаар тохирсон хүнээ хүлээгээд зогсож байсан. Тэгээд зогсож байсан чинь М клубээс манай багын найз Б.О гарч ирээд нэг гэзэгтэй казак залуутай муудалцаад байсан. Тэгээд Отгоо намайг хүрээд ир гэж дуудаад байсан. Тэгэхээр нь би яршиг гэж бодоод очоогүй. Тэгээд нөгөө гэзэгтэй залуу дөрвүүлээ зам гараад явсан. Отгоо тэр казак залуучуудыг дагаад явж байсан. Тэгээд замын цаана гараад нөгөө гэзэгтэй казак залуу Отгоог цохиод унагачихаар нь би Бадрах, Шинээ, Мөөгий бид 4 Отгоогийн хойноос зам хөндлөн гарч очоод салгасан чинь нөгөө гэзэгтэй казак залуу намайг зүүн гараараа баруун шанаа руу 1 удаа цохихоор нь би нөгөө казак залуутай хэрэлдээд нөгөө гэзэгтэй залуу бацаанууд минь та нарыг боовоороо дарж ална шүү гээд доромжлоод намайг шилэн хүзүүн дээр цохиод танай найз намайг бааран дотор ингээд байсан. Та нарыг ингээд байвал ямар байна гээд Бадрахыг бас шилэн хүзүүн дээр цохиод байсан. Тэгээд нөгөө казак залуу та нарыг хаана бол хаана зодно шүү, боовоороо дарж ална шүү гээд дарамтлаад байсан. Тэгээд дахиад гэзэгтэй залуу Отгоог алнаа гээд гүйж очоод цохиод авахаар нь бид нар салгах гээд очсон чинь гэзэгтэй залуутай хамт явж байсан казак залуучууд бид нар руу дайраад бид нар хоорондоо харилцан зодолдсон. Би гэзэгтэй залууг баруун гараараа шанаа руу нь 2 удаа цохисон. Тэгсэн чинь нөгөө залуу зодоон болж байсан газраас зугтаж явган хүний замын тийшээ гүйгээд гартаа том чулуу бариад буцаад хүрээд ирсэн. Тэгээд чулуу бариад ирэхээр нь би арагшаа болоод, манай найз Шинээ зам хөндлөн гарч Гродок явдаг таксины зогсоол руу гүйгээд нөгөө гэзэгтэй залуугаас зугтаасан. Гэзэгтэй казак залуу том чулуу барьчихаад бид нарыг бүгдийг нь хөөгөөд тэгээд тарцгаасан. Тэгээд зодоон гайгүй намжаад Буян-Налайхын урд талын такси гардаг хэсэг цаад талын явган хүний замын 2 талд бид нар хуваагдаад зогсоцгоосон. Тэгээд зогсож байсан чинь Отгоо дундуур гүйж гараад саарал цамцтай, саравчтай малгайтай залууг цохисон чинь газарт зүүн талаараа унаад өгсөн. Тэгээд дахиад хэсэг бужигнаж зодолдоод салцгаасан. Тэгээд хоёр тийш салцгаагаад байж байсан чинь нөгөө залуучууд бид нар руу чулуу шидээд  байхаар нь бид нар холдоод яваад өгсөн. ... Х.Талгатыг хэн цохиж зодож байгааг хараагүй. Сүүлд колонк дээр ирэхдээ Б.О нэгийг нь цохиж унагасан гэж ярьсан. ...” /1 хх 48, 83/,

 

 гэрч Б.Наранбадрахын: “...Отгоо 4-5 казак залуутай муудалцаад байж байсан. Тэгээд юу болов, яав ийв гээд очтол гэзэгтэй казак ах Отгоотой муудалцаад зогсож байсан. Тэгтэл тэр хоёр муудалцаад зодолдох гэж байхад нь зодолдох шаардлага байхгүй шүү дээ учраа олоод салцгаа гэсэн гэзэгтэй залуу Пуугийг шилэн хүзүү дээр нь цохисон. Тэгэхээр нь би “та яагаад байгаа юм бэ” гэсэн чинь намайг бас шилэн хүзүүн дээр цохиод ингээд байвал ямар байна гэж хэлэнгүүтээ Отгоог цохиод унагачихсан. ... Тэгээд гэзэгтэй залуу Отгоо хоёрыг салгах гэсэн чинь нөгөө казак залуучуудын хэн нь цохисоныг мэдэхгүй байна. Намайг хажуу талаас баруун шанаа руу хэд хэдэн удаа цохисон, бас гэдэс рүү өшиглөөд байсан. Тэгээд Отгоо нөгөө гэзэгтэй залуу хоёрыг салгаад байж байсан чинь Отгоо нөгөө казак залуучуудын нэг цайвар цамцтай залууг цохиод унагачихсан чинь нөгөө казак залуучууд бид нар руу чулуу шидээд байсан. Тэгээд Отгоо нөгөө казак залуучуудтай зууралдаад  байж байсан чинь замын цаана 5-н шарын байрны тэндээс гэзэгтэй залуу бид нар руу том чулуу бариад хүрээд ирэхээр нь бүгд тал тал тийшээ зугтаасан. Би Наран төвийн тийшээ зугтаачихсан. ... яг цохисоныг бол хараагүй Б.О Голомт цогцолбор сургуулийн ойролцоо зодоон болоход чулуу барьчихсан явж байсан. ...Би Б.Оыг барьж явсан чулуугаараа цохьсон гэж бодож байна. ...” /1 хх 55, 59-60/,

 

гэрч М.Мөнхбаатарын: “...Би зодоон дунд ороод жижиг биетэй залууг хэд хэдэн удаа цохисон. Тэгээд зодоон салаад замын хоёр тал руу гарсан. Нөгөө талын үсээ боочихсон залуу чулуу бариад дайраад байсан. ...Х.Талгатыг хэн нэгэн цохиж зодож байгааг хараагүй. Шинэбаяр, Наранбадрах нарын яриагаар Б.О цохисон гэдгийг сонссон. Тэр 2 мэдэж байх ёстой. ...” /1 хх 61, 80/,

 

гэрч Б.Шинэбаярын: “...Буян-Налайхын урд зогсож байсан таксинууд бүгд яваад бид нар бас харанхуйд чулуу шидээд байхаар нь машин машин руугаа явцгаасан. ... Би Наранбадрахыг салгаж авах гээд Б.Оы зүүн талаар гүйгээд хажуугаар нь зөрөхөд Б.О зүүн гартаа чулуу барьчихсан байсан. ...Х.Талгат гэх залууг Б.О духанд нь чулуугаар цохиж, уг залуу хойшоо бөгсөөрөө суух үед Б.О, Наранбадрах хоёр өшиглөж эхэлсэн. ...” /1 хх 62, 66, 70/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн: “Х.Талгатын биед дух ясны цөмөрсөн ил хугарлын ясыг авч тархины дарагдлыг чөлөөлсөн, их тархины баруун дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авсан мэс заслын дараах байдал /2018.8.9/, тархины эдийн няцрал, их тархины баруун тал бөмбөлөгийн урд, баруун дух хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /1 хх 107/ 08 шэ/401 дугаартай дүгнэлт,  

гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 91-94/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1 хх 96-97/, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /1 хх-98-99/, “Альфа-Долгион” мэдрэлийн хувийн эмнэлгийн тодорхойлолт болон тархины цахилгаан бичлэг /1 хх 238-240/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Оы хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;...” гэсэн хүндрүүлэх шинжийг заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оы хохирогч Х.Талгатын эрүүл мэндэд хүнд гэмтлийг чулуугаар учруулсан ба чулууг зэвсэг гэж үзээд Отгончулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;...” гэдгийг хууль тогтоогчоос тайлбарлажээ.

 

Уг тайлбарт “...Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан ба чулуу нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн гэсэн зэвсэгт ордоггүй, байгаль дээр оршин байдаг зүйл юм.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн “...Зэвсгийн чанартай зүйл, зэвсэг гэдэг ойлголт нь өөр өөр ойлголт болохыг хуулийн заалтад болон хуулийн тайлбарт тодорхой заасан байхад чулууг зэвсэг гэдэг ойлголтод хамааруулсан нь үндэслэлгүй...” талаарх давж заалдах гомдрол үндэслэлтэй байна.

 

Иймд чулууг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, хэрэгсэл биш төдийгүй, чулуу нь хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгсэл байна гэж анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжтэй гэж үзсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжгүйгээр “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг Б.Од оногдуулахаар шийдвэрлэв.

 

Б.Оы үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, хорих ялын төрлөөс Б.Од хорих ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин Б.Оы анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хохирогч Х.Талгатын “...ялыг нь хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг доод хэмжээгээр  оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо, хохирогч Х.Талгатын дан ганц эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нь заасныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөн Х.Талгат гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой  нотлох баримтаа гарган  Б.Оаас нэхэмжлэх эрхтэй гэсэн өөрчлөлтийг оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Чонос овогт Баярбаатарын Отгончулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Чонос овогт Баярбаатарын Отгончулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Оыг 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,  

 

 тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж,

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Талгат нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний үнийн дүнг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй...” гэснийг “...Хохирогч Х.Талгат нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич Б.Оаас нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй...” гэж тус тус өөрчилсүгэй.  

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

    ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 

    ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ