Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 010

 

Д.Хэрлэнгийн нэхэмжлэлтэй

                       иргэний хэргийн тухай

    Хэргийн индекс 132/2015/00461/и

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 469 дугаартай шийдвэртэй,

Д.Хэрлэнгийн нарын нэхэмжлэлтэй Л.Михайл, Л.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох 1500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Л.Мөнх-Эрдэний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Д.Хэрлэн

Хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга М.Баасандорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Хэрлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Хэрлэн миний бие нь 2007 оноос 2012 онд Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байхдаа өөрийн охин Х.Хулангийн нэр дээр Хаан банкны 5270320683 тоот данс нээлгэж бүх орлогоо шилжүүлж хадгалуулдаг байсан. Тухайн үед Р.Лхагвадорж нь миний хадам аав байсан ба 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр машин авах гээд мөнгө хүрэхгүй байна. 1500000 төгрөг зээлээч гэхэд нь би зөвшөөрч мөнгийг охин Хулангийн данс руу шилжүүлэхэд хадам аав  Р.Лхагвадорж нь 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр  өөрөө гарын үсэг зурж охины данснаас авсан байсан. Намайг Солонгос улсаас 2012 оны 10 дугаар сарын сүүлчээр ирэхэд эхнэр Л.Мөнх-Эрдэнэ өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж надаас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл Орхон аймгийн шүүхэд гаргаад өөрийн эцэг Р.Лхагвадорж болон хүүхдүүдийн хамт шинэ нөхрийндөө амьдарч байсан. Хадам аав Р.Лхагвадоржоос мөнгөө нэхэхэд Мөнх-Эрдэнээс асууя гээд  миний мөнгийг өгөхгүй аргацаагаад байсан. Би 2013 оны 06 дугаар сард Булган аймаг дахь Сум дундын шүүхэд хандаж Р.Лхагвадоржоос 1500000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг шийдэгдэхээс өмнө түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнх-Эрдэнэ Булган аймгийн Сум дундын шүүхээс татгалзаж Дархан-Уул аймгийн шүүх рүү шилжсэн. Тэгж байтал 2013 оны 09 дүгээр сард хадам аав Р.Лхагвадорж нас барж маргаантай үүрэг нь өв залгамжлагчид шилжээгүй гэх үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2015 оны 10 дугаар сард Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хадам аав Р.Лхагвадоржийн мал нь хүү Л.Михайлын нэр дээр тоологдсон гэх сургаар очиж уулзан 1500000 төгрөгийг өгөхийг шаардсан боловч өгөөгүй. Иймд Р.Лхагвадоржийн мал хүү Л.Михайлын нэр дээр тоологдсон, уг малыг Л.Мөнх-Эрдэнэ захиран зарцуулж байгаа гэж байгаа тул өв залгамжлагч Л.Михайл, Л.Мөнх-Эрдэнэ нараас  1500000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Л.Михайл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу  тайлбартаа: 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай эцэг нас барсан. 2013 онд мал тооллогоор аавынхаа малыг тоолуулах гэсэн боловч манай дүү тухайн орон нутгийн харьяалалтай биш байсан болохоор 100 гаруй хонь, 3-4 бод мал миний нэр тоологдсон. Дараа жилийн мал тооллогоор миний нэр дээр тоологдоогүй. Уг мал нь манай Орхон сумын малчин Оюунбаатар гэх айлд байсан. Бид ах дүү нараараа ярилцаж байгаад отгон дүү болох Л.Мөнх-Эрдэнэдээ ааваас үлдсэн хэдэн малаа өвлүүлж ар гэр, амьдралд нь тус болог гээд өгсөн юм. 2013 онд над дээр тоологдсон боловч захиран зарцуулах эрх нь Л.Мөнх-Эрдэнэд байгаа. Манай аав амьд сэрүүн байхдаа малаа охин Мөнх-Эрдэнэд өгнө гэж ярьдаг байсан. Талийгаач эцэг Р.Лхагвадорж нь Д.Хэрлэнгээс 1500000 төгрөг зээлсэн эсэх асуудлыг би мэдэхгүй. Одоо хичнээн тооны мал үлдсэн, хаана байгаа зэргийг дүү Л.Мөнх-Эрдэнэ мэднэ.  Уг малыг захиран зарцуулах эрх нь түүнд шилжсэн. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Аавынхаа үлдээсэн малыг ах эгч нар зөвшилцөөд надад захиран зарцуулах эрх өгсөн. Ямар нэгэн гэрээслэл энэ тэр байхгүй. Би аавынхаа малыг аваад ах эгч нартаа тодорхой хэмжээгээр хувь хүртээсэн. Би жил бүр хүүхдүүдийнхээ сургалтын зардалд 3 сая төгрөг зарцуулдаг байсан. 2015 оны хавар үлдсэн малаа бүгдийг нь зарцуулж дууссан. Хэрлэн бид 2 гэр бүл байсан бөгөөд Солонгос улсад хамт ажиллаж байсан. Хэрлэнгийн цуглуулсан гэх мөнгөнд миний хөдөлмөрийн хөлс багтсан байгаа. Бид хоёрыг гадаадад байхад бидний 2 хүүхдийг манай аав Р.Лхагвадорж харж хандаж байсан бөгөөд бид хүүхдүүдийнхээ хэрэглээний мөнгийг шилжүүлдэг байсан. Хэрлэнгийн нэхэмжилж байгаа 1500 000 төгрөг бол хүүхдүүдийн хэрэгцээнд  зарцуулсан мөнгө учир төлөх үүрэг байхгүй гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 469 дугаар шийдвэрээр

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 528 дугаар зүйлийн 528.1, 535.1-д заасныг баримтлан Л.Мөнх-Эрдэнээс 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хэрлэнд олгож, Л.Михайлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 /гучин найман мянга  есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Мөнх-Эрдэнээс 38950 / гучин найман мянга  есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хэрлэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...хариуцагч Л.Мөнх-Эрдэнээс нэхэмжлэлийн шаардлага хангуулж 1500.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 528 дугаар зүйлийн 528.1, 535.1-д заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Шүүх намайг талийгаач аавынхаа өвлөгч гэж үзсэн. Би өвлөгч биш бөгөөд өвийн асуудал одоо болтол шийдвэрлэгдээгүй. Учир нь би ааваасаа 6 лаа бөгөөд энэ асуудал шийдвэрлэгдээгүй байхад би хөрөнгийг хамгаалж анхаарал тавьж байсан билээ. Гэтэл намайг шууд өвлөгч гэж үзсэн нь дээрх хуулийн заалтыг үндэслэлгүй хэрэглэлээ гэж үзэж байна. Би талийгаач ааваасаа тусдаа амьдардаг байсан” гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Хэрлэн нь Л.Михайл, Л.Мөнх-Эрдэнэ нарт холбогдуулан 1500000 төгрөг гаргуулах нэхэмжлэл анхан шатны шүүхэд гаргажээ.

 Хэрэгт цугларсан нотлох баритмаас үзэхэд нэхэмжлэгч Д.Хэрлэн нь Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа охин Х.Хулангийн дансанд мөнгө шилжүүлж, хадам аав Р.Лхагвадорж нь 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 5270320683 тоот данснаас 1500000 төгрөг авсан болох нь зохигчдын тайлбар, Хаан Банкны депозит дансны  дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсон байх ба Хэрлэн Р.Лхагвадорж нарын хооронд тухайн үед зээлийн гэрээний харилцаа (Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 284 дүгээр зүйлийн 284.4) үүссэн гэж үзэх үндэслэлтэй байхад зөвхөн өв залгамжлалын холбогдох заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах боломжтой гэж үзэж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ нь 1500000 төгрөгийг аав зээлж авсан гэдгийг мэдэхгүй хэрэв авсан бол хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулсан байх гэж маргаж байгаа боловч баримтаар нотлож чадаагүй байна.

Мөн би талийгаач аавын өвлөгч биш өвийн асуудал шийдэгдээгүй, ах дүү нар ярьж байгаад аавын гэх цөөн тооны малыг нь намайг захиран зарцуулж бай гэсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар хууль ёсны өвлөгч мөн төдийгүй  мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар өв хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

      Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турай хуулийн   167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4”, гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Л.Мөнх-Эрдэнийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                                                                       М.ХҮРЭЛБААТАР