Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00495

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: 1964 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6А хэсгийн 15-9 тоотод оршин суух, Баахай овогт Мижиддоржийн Эрдэнэчимэг /РД:ГН64022404/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Булган аймгийн Боловсрол соёлын газарт холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00461/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн /0-403/,

хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1969 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эмэгтэй, 47 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Булган аймгийн Боловсрол, соёлын газарт төсвийн мэргэжилтэн ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 16-1-2 тоотод оршин суух, Борнууд овогт Гончигийн Ихбаяр /РД:ГК69022868/ нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн биеийн тамир, спортын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагын орон тоонд бүтцийн өөрчлөлт орж намайг аймгийн Боловсрол, соёлын газарт шилжүүлж, мэргэжилтнээр ажиллах тушаал гаргасан юм. Би тушаалаа аваад Боловсрол, соёлын газарт очсон боловч дарга Д.Цогоо манайд цалингийн сан байхгүй гээд ажилд аваагүй. Үүний дагуу би Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул би давж заалдсанаар шүүхийн магадлал миний талд гарсан тул би Боловсрол, соёлын газрын даргад дахин хандаж ажилдаа оръё гэсэн боловч өнөөдрийг хүртэл намайг ажилд аваагүй байна. Би орон тоотойгоо, цалинтайгаа ирсэн ажилдаа оръё, цалингаа авъя гэсэн боловч намайг шүүхэд ханд гэсэн. Би 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж байна. Би Биеийн тамир, спортын газарт ТЗ-5 шатлалаар цалинжиж байсан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед цалингаа тооцоход 12381450 төгрөг болж байсан ба шүүхийн шийдвэр гартал ажилгүй байсан хугацааны цалин 13870990 төгрөг болж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Булган аймгийн Боловсрол, соёлын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1а/1369 тоот албан бичгээр зөвлөмжилснөөр Улсын их хурлаар Засгийн газрын бүтцийн тухай хууль 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдсантай холбогдуулан салбарын төсвийн ерөнхийлөн захирагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын асуудлыг бүхэлд нь хариуцахаар болсон. Үүнтэй уялдуулан аймгийн Боловсролын газарт зөвхөн соёлын арга зүйчийн нэг орон тоо болон цалингийн сан нэмэгдэж байгаа болно гэсний дагуу батлагдсан төсөвтөө багтааж өмнө нь тухайн байгууллагад ажиллуулахаар явуулсан мэргэжлийн нэг мэргэжилтэнг ажиллуулсан болно. Мөн М.Эрдэнэчимэгийн үндсэн мэргэжил нь УБДС-ийн Түүх, пионерын удирдагч тул соёлын мэргэжилтний орон тооны ажлын байрны шаардлага хангахгүй болно. М.Эрдэнэчимэгийн хувьд Боловсролын газарт ажилд орсон, гарсан тушаалгүй тул мөнгийг нөхөн төлөх боломжгүй юм. 2016 онд Боловсрол, соёлын газрын цалингийн сан өмнөх оноос 10 хувь буурч батлагдсан. Одоогийн байдлаар цалин, нийгмийн даатгалын шимтгэлд өр үүсч, амралтын цалингуудаа дутуу олгоод байна. Иймд Боловсрол, соёлын газрын зүгээс М.Эрдэнэчимэгийн нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ихбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай байгууллага 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд хариу тайлбар өгсөн. Үүнд тодорхой дурьдсан. Мөн Боловсрол соёлын газрын 2016 оны цалингийн сан батлагдахдаа өмнөх оноос 10 хувь буурч батлагдсан тул одоо ажилчдынхаа цалинг өгч чадаагүй, зарим хүмүүсийн ээлжийн амралтын мөнгийг олгоогүй байгаа тул нэмж хүн авч ажиллуулах боломжгүй байна. Биеийнн тамир, спортын газар татан буугдаж манайд нэг мэргэжилтэн шилжүүлнэ гэсэн чиг үүрэг гарсан болохоос заавал М.Эрдэнэчимэгийг Соёлын өв хариуцсан мэргэжилтнээр авч ажиллуул гэсэн хууль эрх зүйн акт байхгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө үндсэн цалингаа 785000 төгрөг гэж үзээд байна. Тэгвэл яг үндсэн цалин нь 785000 төгрөг мөн эсэхийг судлах шаардлагатай байна. Миний цалин 670000 төгрөг байдаг. Тэгэхээр 785000 төгрөгийн цалинтай гэхэд би эргэлзэж байна. Манай байгууллагын хувьд 8 дугаар сард зарим ажилчдын цалинг өгөөгүй, 9 дүгээр сарын байдлаар зарим ажилчны амралтын мөнгийг өгөөгүй, нийгмийн даатгалыэ шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, цалингийн өр ихтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь Булган аймгийн Боловсрол, соёлын газарт холбогдулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 12381450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1489540 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 13870990 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаар магадлалаар нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийг Булган аймгийн Боловсрол, соёлын газарт өмнө эрхэлж байсан Соёлын өв хариуцсан мэргэжилтэн-ний ажил, албан тушаал, эсхүл түүнтэй адилтгах албан тушаалд томилохгүй байгаа тус газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, зохих ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Шүүх М.Эрдэнэчимэгийг Булган аймгийн Боловсрол, соёлын газарт өмнө эрхэлж байсан Соёлын өв хариуцсан мэргэжилтэн-ний ажил, албан тушаал, эсхүл түүнтэй адилтгах албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн байхад хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөг хүрсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Ажилгүй байсан хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай юм. Ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийг ажил олгогч өнөөг хүртэл биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь 2015оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөг хүртэл хүртэл ажилгүй байж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь түүний эрхийг ажил олгогч зөрчсөөр байсан байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн27.2.3-т зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. Түүнчлэн мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийн ажилгүй байсан хугацааны ажлын 381 өдрийн /2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2117210 : 3 сар = 705736 : 21.5 ажлын өдөр= 32825 х 381 өдөр = 12506325төгрөг/ 12506325 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлохдоо ажлаас халагдсан 03 дугаар сарыг оруулахгүй 2, 1, 2015 оны 12 дугаар сарын цалингийн дундажаар тогтоох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 14252 төгрөгийг нөхөн төлүүлж Төрийн санд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасныг баримтлан М.Эрдэнэчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 12506325 /арван хоёр сая таван зуун зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг Булган аймгийн Боловсрол, соёлын газраас гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлээс 1364667 /нэг сая гурван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай..

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан М.Эрдэнэчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Боловсрол, соёлын газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213053 /хоёр зуун арван гурван мянга тавин гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгээс 14252 /арван дөрвөн мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг, хариуцагч Булган аймгийн Боловсрол соёлын газраас 215051 /хоёр зуун арван таван мянга тавин нэг/төгрөгийг тус тус гаргуулан Төрийн санд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ