| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 131/2016/00030/И |
| Дугаар | 213/МА2016/00006 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 213/МА2016/00006
Т.Төмөртогоогийн нэхэмжлэлтэй
Ж.Юмжирмаад холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2016/00539 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Туваандоржийн Төмөртогоогийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Жамбалсүрэнгийн Юмжирмаад холбогдох
Талийгаач нөхөр Н.Даваагийн Баянхонгор суманд байрлах V-0320002507 улсын дугаартай 2 өрөө байрны өв залгамжлагчаар хууль ёсны эхнэр нэхэмжлэгч Т.Төмөртогоо намайг болон төрсөн хүүхдүүд охин Д.Гэрэлтуяа, Д.Жаргалмаа, Д.Дайриймаа, хүү Д.Амгалан, Д.Батжаргал нарыг тогтоож,
хариуцагч Ж.Юмжирмаа, Б.Хандсүрэн нар талийгаач нөхрийн өмч болох 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр нэмэгдсэн хууль бус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, талийгаач нөхөр болох Н.Даваагийн эрх залгамжлагчийг тогтоох,
2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр эхнэр Т.Төмөртогоо намайг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ж.Юмжирмаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 20-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ж.Юмжирмаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Жаргалмаа, нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
Нэхэмжлэгч Туваандоржийн Төмөртогоогоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нөхөр асан Нямхүү овогтой Даваатай 1978 оны 09 дүгээр сарын 27 ны өдөр гэр бүл болж 5 хүүхэд төрүүлсэн. Нөхөр бид хоёр амьдралын шаардлагаар тусдаа амьдарч, тусдаа амьдрах хугацаанд бид хоёр эхнэр, нөхрийн үүргээ гүйцэтгэж, нөхөр маань эцэг хүнийхээ үүргийг хүлээж хүүхдүүдтэйгээ байнгын харилцаатай байсан.
Н.Даваад түүний ажиллаж байсан газраас Баянхонгор сумын Номгон багт байрлах 20 дугаар байрны 4 тоотод байршилтай 2 өрөө байрыг өгсөн юм. Н.Даваа нь амьд сэрүүн байхдаа Ж.Юмжирмаа гэх хүнтэй хамтран амьдарч байсан байдаг. Иргэн Ж.Юмжирмаа талийгаач Н.Даваа нар нь хамтран амьдрах хугацаандаа хууль бусаар гэрлэлтээ батлуулж улмаар талийгаач Н.Даваагийн хоёр өрөө байрны хамтран өмчлөгчөөр Ж.Юмжирмаа болон түүний ач охин Б.Хандсүрэн нар нь орж энэхүү байрыг хууль бусаар өмчилж байна. Талийгаач Н.Даваагийн өмч болох 2 өрөө орон сууцыг хууль ёсны эхнэр болон төрсөн хүүхдүүд нь хуулийн дагуу өмчилж авах болон түүний эрхийг залгамжлах эрхтэй билээ. Талийгаач нөхөр болох Н.Даваагийн эрх залгамжлагчийг тогтоолгох, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр эхнэр Т.Төмөртогоо намайг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Төмөртогоогоос анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Манай хүн нас барчихаад би хүүхдээ гадаад явуулах гээд Иргэний мэдээллийн төв дээр очиж тодорхойлолт авах гээд очтол өөр гэр бүл гэж гарч ирсэн. Энэ Ж.Юмжирмаа гэдэг хүнтэй гэрлэчихсэн гэх баталгаа гарч ирж бид мэдсэн.
Тэгээд л миний нөхөр гээд яриад байдаг юм. Үр хүүхэд, хань ижил нь байж байхад тэгмээргүй байх юм. Надад үнэндээ маш хэцүү дарамттай байна.
Миний гэр бүл болсон нөхрийг маань миний нөхөр гэж дайраад янз бүрийн юм яриад байхаар нь тэвчиж чадахгүй байна. Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Жамбалсүрэнгийн Юмжирмаа шүүхэд гаргасан тайлбартаа:
Би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талийгаач нөхөр Н.Даваатай 2004 оны сүүлээс танилцаад дотно болж манай гэрт хамт амьдарч байгаад иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хоёулаа биечлэн очиж албан ёсоор өргөдлөө гаргаж, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан.
Гэтэл одоо яахаараа Т.Төмөртогоо нь Н.Давааг нас бараад 4 жил болж байхад шүүхэд хандаад өөрийгөө хууль ёсны эхнэр гээд бид хоёрын хууль ёсны гэрлэлтийн баталгааг хууль бус гээд байгаа нь ойлгомжгүй байна.
Тухайн үед сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан нарийн шалгаад дээд газраасаа асууж тодруулаад нэгдсэн санд өмнөх гэрлэлт хүчинтэй гэсэн мэдээлэл алга байна, та хоёрын гэрлэлтийг батлахад хууль зөрчихгүй гээд гэрчийг байлцуулан эмнэлгийн шинжилгээний бичиг бид хоёрын өргөдөл зэрэгт үндэслэн гэрлэлтийг бүртгэсэн. Талийгаач маань 2012 оны 12 сарын 04-ний өдөр хүнд өвчний учир нас барсан. Би буян номын ажлыг нь өөрийн хэр чадлаараа болон хамт олон найз нөхөд ах дүү хамаатан садангийн тусламжтайгаар гүйцэтгэж ирээд байж байтал охин Жаргалмаа нь аав маань бидэнд энэ биеийг минь төрүүлж өгснөөр өөр ямар илүү өглөг ааваасаа хүсэх вэ дээ эгч та түүний энэ байрыг эзэмшиж явна биздээ гэж надад хэлж үлдээж байсан юм.
Хариуцагч Ж.Юмжирмаагаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би үнэн зөвийг нь олъё гэж бодож байна. Би хууль бус юманд ерөөсөө дургүй. Би улсад 30 гаран жил ажиллахдаа буруу юм хийж байгаагүй. Тэр хүн гэнэт нас бараагүй, хүнд алуулаагүй, осолд ороогүй, орондоо үхээгүй, өвчнөөр үхсэн. Тэр хүн жил гаран өвчнөөр шаналаад байж байхад нь нэг нь ч эргэж тойрч ирээгүй гэдгийг хэлмээр байна.
Би тийм сайхан хүнтэй амьдарч байсандаа сэтгэл хангалуун л байдаг юм. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа хоёулаа Б.Хандсүрэнг орхилтой нь биш дээ. Өнчин хоцорсон хүүхдийг орхиод яахав, гурвуулаа л амьдарч байгаа юм чинь нэрийг орхиод яахав гэж байгаад л бичсэн юм. Тэрнээс би хууль бус юм хийгээд, худлаа үнэн юм яриад, ар өврийн хаалгаар ер нь би тийм юм хийж үзээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Жаргалмаа шүүхэд гаргасан тайлбартаа:
Бидний ээж Т.Төмөртогоо нь тус шүүхэд Баянхонгор сумын Номгон багт байрлах 1-20-4 тоотод байршилтай Ү-0320002507 улсын дугаартай 2 өрөө байрны өв залгамжлагчаар хууль ёсны эхнэр Т.Төмөртогоо, охин Д.Гэрэлтуяа, Д.Жаргалмаа, Д.Дариймаа, хүү Д.Амгалан, Д.Батжаргал нарыг тогтоож өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан. Бидний аав Н.Даваа, ээж Т.Төмөртогоо нар нь 1978 онд гэр бүл болж 5 хүүхэдтэй болсон бөгөөд би 2 дахь охин болох Д.Жаргалмаа нь юм. Бидний хувьд бусдын адил халуун дулаан уур амьсгалтай, байнгын харьцаа холбоотой байсан. Би 1993 онд оюутан болоод хотруу ээжтэйгээ хамт явсан. Аав геологитоо ажлаа хийгээд арын асуудлыг мэдэхээр үлдсэн. Энэ нь гэр бүл салах буюу тусдаа амьдрах болсон шалтгаан биш байсан. Аав минь эцэг хүний үүргээ ээж минь эх хүний үүргээ биелүүлж биднийг асран хүмүүжүүлж өдий хүргэсэн. Аав маань геологиос болон ажлаас нь 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 28м2 бүхий 2 өрөө байрыг хувьчилж олгосон. Энэ байр нь бидний гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд захиран зарцуулах эсэх нь бидний шийдвэрлэх ёстой асуудал, хуулийн дагуу бидэнд ирэх ёстой хөрөнгө юм. Иймд ээж Т.Төмөртогоогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэхь хэсэгт заасныг баримтлан Н.Даваагийн эрх залгамжлагчаар түүний эхнэр Т.Төмөртогоо, охин Д.Гэрэлтуяа, Д.Дариймаа, Д.Жаргалмаа, хүү Д.Амгалан, Д.Батжаргал нарыг тогтоож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан талийгаач Н.Даваагийн хууль ёсны өвлөгчөөр түүний эхнэр Т.Төмөртогоо, охин Д.Гэрэлтуяа, Д.Дариймаа, Д.Жаргалмаа, хүү Д.Амгалан, Д.Батжаргал нарыг тогтоож, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 43 дугаар зүйлийн 43.2- дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Н.Даваагийн 2010 оны 08 сарын 24-ний өдрийн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэр, шаардлагыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 108 дугаар зүйлийн 108.1, 520 дугаар зүйлийн 520.6, 521 дүгээр зүйлийн 521.1-д заасныг тус тус баримтлан Баянхонгор сумын 1-р баг 20-р байр 4 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-3220002507 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгөөр талийгаач Н.Даваагийн эхнэр Т.Төмөртогоо, охин Д.Гэрэлтуяа, Д.Дариймаа, Д.Жаргалмаа, хүү Д.Амгалан, Д.Батжаргал болон иргэн Ж.Юмжирмаа, Б.Хандсүрэн нарыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардалд нэхэмжлэгч хариуцагч нараас тус бүр 25.000 төгрөг гаргуулж шинжээч Д.Энхтуяад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.Юмжирмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний бие Нямхүүгийн Даваа гэгч хүнтэй танилцахад Н.Даваагийн эхнэр Төмөртогоо нь Өвөрхангай аймгийн холбоон дээрээс Н.Даваатай утсаар ярихдаа Сүхбаатарын район дээр шүүхээр ороод чамаас гэрлэлтийн баталгаагаа салгачихлаа чи амьдралаа бодоорой гэж ярьсан гэж байсан.
Манай нөхөр Н.Даваад 2004 оны 4 сард тус компаниас олон жил үр бүтээлтэй ажилласан гэж Гео ХК-иас байрыг шагнал болгож өгсөн, чамтай танилцаад байр минь минийх боллоо гэж билэгшээж баярлаж байсан билээ. Иймд 2 настай хүмүүс гэрлэлтээ батлуулж албан ёсны гэр бүл болъё, асуудал байвал цэгцлэе гэж бид хоёр лавлагаа авсан. Гэр бүлгүй гэж гарч ирэхэд Т.Төмөртогоо баталгаа салгуулсан гэсэн нь үнэн байна шүү гэж хэлж байсан.
Анхан шатны шүүх 6 хүний гэрчийн мэдүүлгийг дүгнэж үзээгүй төрсөн эгч болон бусад хүмүүсийн мэдүүлэг бодит үнэнийг гэрчилж байхад анхаарч үзэлгүй, хууль зөрчин буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нөхөр маань амьд сэрүүн эрүүл саруул байхдаа надтай албан ёсоор гэрлэж, үл хөдлөх хөрөнгийн газар наториатаар өөрийн биеэр орж, ямар ч дарамт шахалтгүй хөндлөнгийн ямар нэгэн нөлөөгүйгээр байраа захиран зарцуулж албан ёсоор өөрсдийн нэр дээр болгосон билээ. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 18-ны өдрийн 131/ШШ2016/00539 дугаартай шийдвэрийг дахин хянаж хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анх тус байрыг 2005.1.25-ны өдөр “Баянхонгор гео” ХК-с иргэн Даваад хувьчилсан нь нотлогддог бөгөөд энэ нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар Н.Даваагийн хуваарьт хөрөнгө байсан. Хамгийн анх хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл 2010 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл хийсэн байдаг бөгөөд Н.Даваагийн амьд сэрүүн үедээ хүсэл зоригоо илэрхийлж хийсэн тус Хамтран өмлөгч нэмж оруулах тухай хэлцэлд /хх-ийн 56-57 дугаар тал/ гэр бүл болох Ж.Юмжирмаа, ач охин Б.Хандсүрэн нар уг байранд тогтмол сууж уг хөрөнгийг байнга хамран эзэмших болсон тул хамтран өмчлөгчөөр нэмж оруулахаар гэр бүлийн гишүүдтэй тохирч энэхүү гэрээг байгуулав гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Энэ хэлцэл бол Н.Даваагийн амьд сэрүүн байх үеийн хүсэл зоригийн илэрхийлэл юм.
Иргэн Н.Даваа, Ж.Төмөртогоо нарыг 1973 онд гэрлэж байсан гэдэгтэй маргахгүй. Харин Н.Давааг өөртөө байргүй байхад Ж.Төмөртогоо тусдаа амьдрах болсон, улмаар гэрлэлтээ цуцлуулсан гэдэг нь иргэний бүртгэлийн газраас Н.Даваа, Ж.Юмжирмаа нарыг гэрлэлтээ батлуулах үед улсын бүртгэлийн газраас баталгаатай гэрлэлт байхгүй байна гэсэн лавлагаа авагдсан байна.
Хэнийг өмчлөгчөөр нэмэх, хэнийг хасах эрх нь нээлттэй байсан бөгөөд энэ эрхийн дагуу 2010 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хамтран өмлөгч нэмж оруулах тухай хэлцэл хийж өөрийн гэр бүл болох Ж.Юмжирмаа, ач охин Б.Хандсүрэн нарыг нэмж оруулан нотариатаар батлуулан улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 131/ШШ2016/00539 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь эрх ашиг нь хөндөгдсөний улмаас тухайн хэрэгт маргааны зүйлийн талаар тусдаа шаардлага гаргасан этгээд байхыг заасан байдаг. Гэтэл /хх-ийн 105-106 дугаар тал/ шүүгчийн захирамжинд Н.Даваагийн төрсөн хүүхдүүд болох Д.Гэрэлтуяа, Д.Жаргалмаа, Д.Дайриймаа, Д.Амгалан, Д.Батжаргал нарыг маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татаж, оролцуулахдаа тухайн этгээд нь ямар эрх ашиг нь хөндөгдсөн учраас ямар шалтгаанаар, ямар үндэслэлээр татан оролцуулж байгаа нь тодорхойгүй. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь өөрөө хүсэлт гаргасан, эсхүл зохигчдын хэн нэгний хүсэлтээр хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байтал өмгөөлөгчийн хүсэлтээр оролцуулсан. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж оролцдог тул энэ талаар захирамжиндаа дурьдаагүй.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь хэрэгт ямар шаардлага гаргаад байгаа нь тодорхойгүй, зөвхөн нэхэмжлэгч Т.Төмөртогоогийн нэхэмжлэлийн шаардлагыг л дэмжиж хэрэгт оролцоод байгаа нь тухайн хэргээс нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болон гуравдагч этгээдүүдийн тусдаа гаргаж байгаа шаардлага хоёрын ялгаа зааг харагдахгүй болжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Төмөртогоогийн нэхэмжлэлийн шаардлага түүний хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй байна. Талийгаач Н.Даваагийн эрх залгамжлагчийг тогтоох, Н.Даваагийн өв залгамжлагчийг тогтоох, байрны өмчлөгчөөр тогтоох гэдэг нь тус тусдаа үр дагавартай асуудлууд байхад ялгааг нь гаргалгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйлүүдийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч, хариуцагч талууд хэн хэнийхээ гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтийг энэ хэрэгтэй хамт болон тусдаа шийдвэрлүүлэх боломжтой байхад анхаараагүй байна.
Өмгөөлөгч нараас гаргаж байгаа хүсэлтүүдийг анхан шатны шүүх хүлээж авч хэрэгт хавсаргасан боловч хүсэлтүүдийг шүүх хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй, дардас, тэмдэглэл байхгүй. Хэргийн оролцогч болон өмгөөлөгч нараас гаргаж байгаа хүсэлтүүдийг хүлээн аваад анхан шатны шүүх 6-7 захирамж гаргасан боловч шүүгчийн захирамжууд болон байрны үнэлгээ хийсэн шинжээчийн тайланг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Сонгинохайрхан дүүргийн шүүхээс даалгавар гүйцэтгээд ирүүлсэн материалыг Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх 2016 оны 4 дүгээр сарын 25-нд хүлээн авч хэрэг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан байхад бүтэн 3 сар гаран хугацаанд хэргийг сэргээгээгүй, ямар ч ажиллагаа хийлгүй байж байгаад 2016 оны 8 дугаар сарын 8-нд хэргийг сэргээсэн зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргажээ.
Өмгөөлөгч Р.Уранцэцэгээс хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг шүүхээр гаргуулах хүсэлт /хх-ийн 169 дүгээр тал/ гаргасан байхад шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсын бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргийг биелүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Ж.Юмжирмаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2016/00539 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Ж.Юмжирмаагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Г.УЛАМБАЯР