Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 378

 

 

 

 

С.Мөнгөнтуяад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун  даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор П.Болормаа,

Ялтан С.Мөнгөнтуяа /цахим сүлжээгээр/,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Алтантуяа даргалж, шүүгч И.Ганбат, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан С.Мөнгөнтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201726010106 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар  сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Сүхбаатарын Мөнгөнтуяа, 1992 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багийн Тээл гэх газар оршин суух бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ92061963/,

С.Мөнгөнтуяа нь согтуурсан үедээ 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод иргэн Э.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн хажуу хэсэгт нэг удаа хутгалж биед нь “хэвлийн хөндийд нэвтэрч хэвлийн гялтан, дэлүүг гэмтээсэн цээжний зүүн хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт” бүхий амь биед нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.Мөнгөнтуяад холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Мөнгөнтуяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар түүнд  5 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Мөнгөнтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Батбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Мөнгөнтуяагаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан С.Мөнгөнтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Хохирогч Э.Батбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ уг хэргийг 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр болсон гэж худал мэдүүлэн он сарын зөрүүг ялгаж салгаж чадахгүй атлаа тухайн өдөр болсон явдлыг бүгдийг нь санаж байгаа гэж мэдүүлдэг. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр анхны мэдүүлгээ өгсөн байдаг. Хохирогч болон түүний эхнэр үгсэн тохирч өгсөн мэдүүлэг бүр нь зөрүүтэй бөгөөд зүүн бөөрөнд нэг, зүүн даланд хоёр удаа хутгалсан гэж худал мэдүүлсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр даланд хоёр удаа хутгалсан гэх гэмтэл тогтоогдоогүй. Ийнхүү эрх зүйн байдлыг минь дордуулж худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Хохирогч Э.Батбаатар нь үг хэлээр доромжлон хамтран амьдрагч Э.Индэртийн эх Т.Жамбаад гар хүрснээс уг хэрэг гарсан. Тухайн үед би тэднийг гэртээ дуудаагүй байхад өөрсдөө ирсэн. Э.Батбаатар нь хохирлоо баримтаар нэхэмжлээгүй учир хохирол барагдуулах боломжгүй байсан. Миний бие хүнд гэмт хэрэгт холбогдож бусдын биед хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байгаа. Миний эрүүл мэндийн байдал муу, байнга толгой өвдөж, татаж унадаг. Хэрэг болох үед Э.Батбаатар нь гаднаас согтуу орж ирэн хэл амаар доромжилж хамтран амьдрагчийн маань гэмтэлтэй хэсэгт цохиж, хөгшин настай хүнийг үсдэх, алгадах зэргээр балмад авир гаргаж гэр бүлээр маань дээрэлхсэнд бачимдаж болчимгүй алхам хийсэндээ маш их гэмшиж байна. Иймд хэрэг гарсан шалтгаан, хэргийн бодит байдлыг бүхий л талаас нь шинжлэн судалж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Ялтанд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй тул ялтан С.Мөнгөнтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзэн шийдвэрлэлээ.

Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх ба шүүхээс ялтны гэм бурууд дүгнэлт өгөх бүрэн боломжтой, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан С.Мөнгөнтуяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод иргэн Э.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн хажуу хэсэгт нэг удаа хутгалж биед нь “хэвлийн хөндийд нэвтэрч хэвлийн гялтан, дэлүүг гэмтээсэн цээжний зүүн хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт” бүхий амь биед нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Э.Батбаатарын “...Т.Азжаргал эгч Э.Мөнгөнтуяагийнх руу очъё гээд Х.Ариунсэтгэлийн хамт бид гурав Цамбагаравын ар талд гэр хороололд 2 давхар тоосгон байшинтай хашааны гадна очсон. Т.Азжаргал эгч ороод ирье гээд гэртээ задлаад талыг нь уусан байсан Улаанбаатар нэртэй, 0.75 граммын архиа аваад орсон. Тэгээд нилээн удаад гарч ирэхгүй болохоор нь дуудахаар орсон. Би ороод Азаа эгчийг явъя гэтэл настай эмэгтэй босч ирэнгүүтээ намайг шууд алгадсан. Тэгэхээр нь “та яаж байгаа юм” гээд уг эмэгтэйг түлхсэн чинь С.Мөнгөнтуяа “миний эхийг яаж байгаа юм” гээд дайрсан. С.Мөнгөнтуяа намайг ал ал гээд орилоод байсан. Тэгтэл Мөнгөнтуяа гал тогооны дээрээс хөх иштэй хутга шүүрээд авахаар нь би зугтаах гэтэл настай эмэгтэйн хүү нь намайг зуураад барьчихсан байсан учраас би зугтааж чадаагүй. Ямар ч байсан миний зүүн тал руу нэг хатгаж авсан. Өрөөнөөс гарахад буйдан дээр сууж байсан эмэгтэй намайг зуурчихаад тавихгүй шатанд тулсан. Тэгтэл миний зүүн бөөр лүү хүйт оргиод байхаар нь тэмтэрч үзсэн чинь фудволк цус болсон байсан. Гараад Х.Ариунсэтгэлд “энийг хардаа” гэхэд “хутгалсан байна” гэж хэлээд дуудлага өгсөн. Түргэний эмч үзээд намайг шууд эмнэлэгт хүргэж ирээд дотуур цус алдалттай байна гээд тэр оройдоо хагалгаанд орсон...” /хх-25-27/,

Гэрч Х.Ариунсэтгэлийн “... “...18 цагийн орчим Т.Азжаргал эгч 34-ийн гүүрний хойд талын нийтийн байранд байх С.Мөнгөнтуяагийн гэрт нь очсон. Э.Батбаатарыг машинд үлдээгээд Т.Азжаргал эгч бид хоёр гэрт нь ороход С.Мөнгөнтуяа, түүний нөхөр, нөхрийнх нь эх, өөр нэг залуу, хүүхэн зэрэг хүмүүс байсан. Т.Азжаргал эгч ороод С.Мөнгөнтуяаг үнсээд юм яриад байсан. Э.Батбаатарыг гадаа үлдээчихсэн болохоороо би гарч яваад түүнийг аваад эргэж орж ирсэн. Тэгтэл Э.Индэртийн эх нь босч ирэнгүүтээ Э.Батбаатарыг алгадсан. Э.Батбаатар түүний дух руу гараараа цохиход тэнд байсан хүмүүс манай нөхөр рүү дайрсан. С.Мөнгөнтуяа гал тогооны тавиур дээрээс хутга аваад Э.Батбаатарыг хүмүүстэй зууралдаж байхад араас нь хутгалсан. Тэгээд би түргэн, цагдаад дуудлага өгсөн. Түргэний эмч ирж үзээд шууд эмнэлэгт хүргэж ирсэн. Хэвлий рүү нэвтэрсэн цус алдалт байгаа учраас хагалгаанд шууд оруулсан...” /хх-30-32/,

Гэрч Т.Жамбаагийн “...17 цагийн орчимд Цагаанаагийн найз хүүхэн болох Оюунаа гэх эмэгтэй ирсэн. ...19 цагийн орчим хаалга нүдээд нээтэл С.Мөнгөнтуяагийн салсан нөхрийнх нь эгч, нөхрийнхөө дүү болох Э.Батбаатар, түүний эхнэр гэх шар хүүхэн согтуу байдалтай нэг шил 0.75 граммын “Улаанбаатар” нэртэй архи бариад орж ирсэн. Тэгтэл С.Мөнгөнтуяа яах гэж ирж байгаа юм бэ, балай юм дагуулж ирээд гэж хэлсэн. Тэгэхээр нь би айлд орж ирсэн юм байна, цай уугаад гар, ийшээ суу гээд цай хийж өгсөн. С.Мөнгөнтуяа хоолоо хийж байсан чинь Э.Батбаатар түүний толгой руу хуруугаараа тоншиж “чи муу хэзээ ийм сүрхий болчихсон юм бэ янхаан” гэсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, яагаад хүүхэд доромжилоод байгаа юм, зайл, гарцгаа” гэхэд “чи муу авгай юу юм бэ” гээд миний дух руу цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь самардсан. Энэ үед Э.Индэрт бие засаад гаднаас орж ирэхдээ намайг өмөөрч Э.Батбаатарын нүүр лүү нь цохисон. Тэгтэл Э.Батбаатар Э.Индэртийн боолттой хацар луу нь цохисон. Тэгээд нэг мэдэхэд цагдаа орж ирчихсэн байсан...” /хх-34-35/,

Гэрч Т.Азжаргалын “...Арваад хоногийн өмнө Мөнгөнтуяатай ярихад толгой дээр юм гараад гэхээр нь эргэж очно гэсэн байсан. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн орчимд нөхрийн дүү Батбаатар, түүний эхнэр Х.Ариунсэтгэл бид гурав Мөнгөнтуяагийн очоод  Батбаатарыг машинд үлдээд, 0.75 грамм Улаанбаатар архи нэг шилийг аваад Х.Ариунсэтгэл бид хоёр түрүүлж гэрт нь орсон. Батбаатар, Х.Ариунсэтгэл бид гурав манай гэрт 0,75 гр Улаанбаатар архи хоёрыг, пиво зэргийг уусан, нилээн согтуу байсан. Мөнгөнтуяагийнд ороход Жамбаа эгч, Мөнгөнтуяа, түүний найз залуу нар байсан. Цай хийж өгөхөөр нь авч орсон архиа задлаад уусан. Би нилээн согтуу байсан учраас авч орсон архинаасаа ямар хэмжээтэйг ууснаа санахгүй байна. Тэгээд Батбаатар бидний араас орж ирээд “намайг явья” гэж байсан. Нэг мэдсэн чинь Жамбаа эгч Батбаатарыг алгадсан. Тэгтэл Индэрт эхийгээ өмөөрсөн байх, нэг мэдэхэд Батбаатар хутгалуулчихлаа гээд түргэн, цагдаа болчихсон байсан. Мөнгөнтуяаг Батбаатарын хаана нь хутгалсаныг ч мэдээгүй...” /хх-36/,

Гэрч Э.Индэртийн “...2017 оны 1 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн орчим хөлсөлж амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-27 тоотод эх Т.Жамбаа, С.Мөнгөнтуяа, найз Цагаанаа, Л.Оюун-Эрдэнэ нарын хамт хоол хийж идэх гээд байж байтал хаалга тогшсон. Тэгтэл Т.Азжаргал, танихгүй эмэгтэйн хамт 0.75 граммтай бага зэрэг уусан бололтой архи бариад орж ирсэн. С.Мөнгөнтуяа “яаж гэр мэдсэн юм бэ” гэсэн чинь “хайсаар байгаад олоод ирлээ” гээд эгчдээ архинаас аяганд хийгээд өг гээд ширээн дээр архиа тавьсан. Тэгэхээр нь би аяганд жаахан архи хийж өгсөн. Тэд нэлээн согтуу байсан. С.Мөнгөнтуяа Азжаргалд “та ирвэл ганцаараа ирэхгүй яах гэж хүн дагуулж ирсэн юм бэ” гэж байсан. Би бие засахаар гарахад согтуу залуу коридорт зөрөөд өнгөрсөн. Тэгээд гэртээ ороход зөрөөд өнгөрсөн залуу манайд ороод ирчихсэн С.Мөнгөнтуяагийн толгой руу цохиж “чи муу хэзээ ийм болчихсон юм бэ, янхан минь” гэж хэлсэн. Тэгтэл манай эх “чи яахаараа хүний охиныг цохидог юм бэ” гээд босоод ирэхэд түүний дух руу гараараа цохисон. Тэгэхээр нь “чи яахаараа миний эхийг маань цохидог юм бэ” гэсэн чинь эргэж хараад миний зүүн талын оёдолтой хацар луу нэг удаа цохисон. Тэгээд миний энгэрээс заамдаж барьчихаад мөргөх гээд дайраад байхаар нь “хөөе наад оёдол” гээд би өөрийгөө хамгаалж түүний хүрэмнээс нь барьж аваад чирээд гарсан. Тэгтэл коридорт эхийг маань үсдэж аваад дарсан. Тэгэхээр нь би түүнийг салгасан. Т.Азжаргал “манай машиныг битгий яваарай, байж бай” гээд хэлчих гэхээр нь би хэлэх гээд гарсан чинь хашаан дотор Э.Батбаатар хүрмээ зүүн бөөрнийхөө орчим сөхөөд “намайг хутгалчихлаа шүү дээ” гэхэд хажууд нь зогсож байсан эхнэр нь С.Мөнгөнтуяаг хутгалсан гээд зогсож байсан...” /хх-37-38/,

Гэрч Л.Оюун-Эрдэнийн “...Э.Индэртийнд очиход С.Мөнгөнтуяа, Э.Индэрт, түүний эх, Цагаанаа нар байсан. Тэд архи уусан бололтой Э.Индэрт эрүүл, С.Мөнгөнтуяа, Цагаанаа хоёр нилээн согтуу байсан. С.Мөнгөнтуяа хоол хийх гээд сууж байхад Т.Азжаргал эгч танихгүй хүүхэнтэй хамт гаднаас гартаа дээрээс нь уусан бололтой 0.75 литрийн “Улаанбаатар” архи барьсаар орж ирсэн. Тэрээр нэлээн согтуу байсан. ...С.Мөнгөнтуяа “чи одоо болиоч дээ, наадах чинь нийтийн байр шүү дээ” гэж хэлж байсан. Тэгтэл тэр залуу С.Мөнгөнтуяаг “чи хэзээ ийм болчихсон юм бэ” гээд толгойг нь түлхээд байсан. Тэр залуу их согтолттой байсан чанга, чанга дуугараад далчигнаад байсан. Тэгтэл Т.Жамбаа эгч “чи айлд согтуу орж ирээд яагаад байгаа юм бэ” гээд босоод ирсэн. Түүнийг Э.Индэртийн эх гэж мэдээгүй байх. Тэгтэл тэр залуу Т.Жамбаа эгчийн цээж рүү түлхээд түүнийг үсдээд доош нь дарсан байсан. Э.Индэрт, С.Мөнгөнтуяа хоёр уурлаж “чи муу миний эхийг ингэдэг хэн бэ” гээд дайрсан. Тэгтэл Э.Индэртийн боолттой байсан хацар луу нь цохисон. С.Мөнгөнтуяа гал тогооны тавиур дээрээс хутга аваад тэр залуугийн нуруу руу нэг удаа хатгасан. Ямар ч байсан зүүн бөөр орчим нь харагдсан. Тэгтэл Э.Индэрт С.Мөнгөнтуяаг хараад “яаж байгаа юм бэ чи” гээд хутгыг нь булааж аваад цааш нь хураасан. Тэгж байхад байрны эзэн настай ах орж ирээд биднийг хөөж гаргасан...” /хх-40-41/,

Гэрч С.Гал-Эрдэнийн “...Уг хаяган дээр очиход хутгалуулсан залуу нь эхнэрийнхээ хамт хашааны гадна машин дотор сууж байсан. Хутгалуулсан залууг Э.Батбаатар гэж байсан. Өөрийгөө Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг 10-09 тоотод оршин суух хаягтай, бэр эгч Т.Азжаргал, эхнэр Х.Ариунсэтгэл нарын хамт С.Мөнгөнтуяагийн гэрт ирсэн. Тэд архи уугаад маргалдсанаас С.Мөнгөнтуяа намайг хутгалсан гэж ярьж байсан. Э.Батбаатар, Х.Ариунсэтгэл нар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. С.Мөнгөнтуяагийнд ороход гэрт нь Т.Азжаргал, Э.Индэрт, Т.Жамбаа, С.Мөнгөнтуяа гэх хүмүүс байсан. Т.Азжаргал, Т.Жамбаа нар архи уугаад сууж байсан. Э.Индэрт хоол хийж байсан. С.Мөнгөнтуяагаас “яагаад иргэн Батбаатарыг хутгалж байгаа юм бэ” гэж асуухад “би хутгалаагүй, манайд хутгалсан хүн байхгүй” гэж хэлсэн. Гэр дотор хутга байж болох газруудыг харахад гал тогооны тавиур дээр саван дотор хөх бариултай хутга ил харагдсан. Ингээд гэрт байсан хүмүүсийг аваад гэрийг нь түгжүүлээд “Бүргэд-10” дээр авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Тэднийхээс гарч ирэхэд 103 ирсэн байсан. Батбаатарыг эмч үзээд эхнэртэй нь хамт аваад явсан. Батбаатар хутгалуулсан гээд машинд сууж байхад нь “хаана чинь хутгалсан юм” гэж асуухад зүүн бөөрний дээр хутгалуулсан шарх цус гарсан байдалтай байсныг хувцсаа сөхөж харуулсан. Тухайн үед би нэг л газар хутгалсан юм байна гэж ойлгосон. Тэдний гэрт ороход цэвэрхэн, зодоон болсон гэх шинж тэмдэг байгаагүй. Гэрт нь Индэрт, Азжаргал, Мөнгөнтуяа, Жамбаа нараас өөр хүн байгаагүй...” /хх-43/,

С.Мөнгөнтуяагийн сэжигтнээр өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим хаалга тогшихоор нь онгойлгоход Т.Азжаргал эгч бэр Х.Ариунсэтгэлийн хамт орж ирсэн. Тэд 0.5 грамм Улаанбаатар архи 1 шилийг барьж орж ирсэн. Нэг нэг татаж амжаагүй байхад Э.Батбаатар гаднаас орж ирсэн. Намайг хоол хийгээд сууж байхад миний толгой руу тогшиж “чи хэзээ ийм болчихсон юм бэ, янхан” гэх зэргээр хэлэхэд Э.Индэртийн эх Т.Жамбаа “чи яагаад хүн доромжилоод байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл Э.Батбаатар, Т.Жамбаа эгчийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд Т.Жамбаа эгч өөдөөс нь алгадсан. Э.Индэрт “хөөе чи болиоч” гэтэл Э.Батбаатар Э.Индэртийн зүүн хацар руу гараараа цохиод авсан. Тэгээд би нэг мэдсэн чинь уурандаа хоолны шүүгээн дотроос хутга авч Э.Батбаатарыг хутгалсан байсан...” /хх-74/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1786 дугаар “Э.Батбаатарын биед хэвлийн хөндийд нэвтэрч хэвлийн гялтан, дэлүүг гэмтээсэн цээжний зүүн хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 588 дугаар дүгнэлт /хх-51/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8/, хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-13/, өвчний түүх /98-108/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудаар С.Мөнгөнтуяаг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, зүйлчлэл зөв, шүүхээс түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

С.Мөнгөнтуяагийн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн хэвлийн хөндийд нэвтэрч хэвлийн гялтан, дэлүүг гэмтээсэн цээжний зүүн хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр хөдөлбөргүй нотлогдсон төдийгүй шүүх эмнэлгийн шинжилгээ хуульд заасан журмын дагуу хийгдсэн, энэ хэрэгт нэмж шалгах зүйлгүй байна.

Ялтан С.Мөнгөнтуяа “...Хохирогч Э.Батбаатар нь үг хэлээр доромжлон хамтран амьдрагч Э.Индэртийн эх Т.Жамбаад гар хүрснээс уг хэрэг гарсан. Э.Батбаатар нь хохирлоо баримтаар нэхэмжлээгүй учир хохирол барагдуулах боломжгүй байсан тул хэрэг гарсан шалтгаан, хэргийн бодит байдлыг бүхий л талаас нь шинжлэн судалж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Э.Батбаатарын “...С.Мөнгөнтуяа гал тогооны тавиур дээрээс хөх иштэй хутга шүүрээд авахаар нь би зугтаах гэтэл настай эмэгтэйн хүү нь намайг зуураад барьчихсан байсан учраас би зугтааж чадаагүй. Ямар ч байсан миний зүүн тал руу нэг хатгасан...”, гэрч Л.Оюун-Эрдэнийн “...С.Мөнгөнтуяа гал тогооны тавиур дээрээс хутга аваад тэр залуугийн нуруу руу нэг удаа хатгасан. Ямар ч байсан зүүн бөөр орчим нь харагдсан...”, гэрч С.Гал-Эрдэнийн “...Гэр дотор хутга байж болох газруудыг харахад гал тогооны тавиур дээр саван дотор хөх бариултай хутга ил харагдсан. Э.Батбаатар хутгалуулсан гээд машинд сууж байхад нь “хаана чинь хутгалсан юм” гэж асуухад зүүн бөөрний дээр хутгалуулсан шарх цус гарсан байдалтай байсныг хувцсаа сөхөж харуулсан…” гэсэн мэдүүлгүүд нь С.Мөнгөнтуяагийн “...Би нэг мэдсэн чинь уурандаа хоолны шүүгээн дотроос хутга авч Э.Батбаатарыг хутгалсан байсан...” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байгаа бөгөөд тэрээр өөрийн хийж буй үйлдлийнхээ үр дагавар, түүнээс үүсэх хор уршгийг хүсээгүй боловч уурандаа хутга авч хохирогчийн бөөр рүү нь санаатайгаар хатгасан энэхүү үйлдлээрээ хохирогчид уг гэмтлийг зориуд учруулсан нь нотлогдон тогтоогджээ.

Түүнчлэн хохирогч Э.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт хагалгааны зардалд 330.000 төгрөг төлсөн, үүнийг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн ба түүний эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй, ялтан С.Мөнгөнтуяа нь хохирогчид учирсан зайлшгүй гарах зардлыг төлөөгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс ялтан С.Мөнгөнтуяад оногдуулсан 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдалд тохирсон байх тул ялтан С.Мөнгөнтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Мөнгөнтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Д.ОЮУНЧУЛУУН

                                    ШҮҮГЧИД                                           Ц.ОЧ

                                                                                                Н.БАТСАЙХАН