Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00770

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо,
40с-н 2 тоот хаягт оршин суух Алаг адуу овогт Амарсанаагийн Тунгалагтамир /РД:ЙР80041169/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ариунзаяа, гуравдагч этгээд А.Батпүрэв, гуравдагч этгээд Мөнх-Оргил трейд ХХК-ийн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.  

 

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төлбөр төлөгч А.Тунгалагтамир би Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дугаартай шийтгэх тогтоолын дагуу төлбөр авагч А.Батпүрэвт 26 788 400 төгрөгийг төлөхөөр болсон. Ингээд тогтоолын дагуу 2 500 000 төгрөгний төлбөрөөс шийдвэр гүйцэтгэлийн дансаар төлж байтал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин гэм хорын нөхөн төлбөр гэж 52 000 000 төгрөгний нэхэмжлэлийг Батпүрэв гаргаж, энэ иргэний хэрэг нь 2015 оны 9 сарын 2-ны өдрийн 102/ШШ2015/05258 дугаартай шийдвэр гарснаар бидний маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд буюу 2014 оны 12 сарын 25-ны өдөр би охин Т.Зулсаранг төрүүлж, бага насны хүүхдээ асарч байсан. 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хөршүүдээсээ дуудлага худалдаа болох гэж байгаа талаар мэдээд шийдвэр гүйцэтгэгчтэй очиж уулзаад СХД-н 8-р хороо, Зүүн Баян Цагаан 12 дугаар гудамжны 45 Г тоотын хувийн сууц гараж бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 123 410 000 төгрөгөөр оруулсан болохыг мэдсэн. Би энэ талаар мэдээд ШШБЕГ-н дэд дарга хурандаа н.Туулхүү, ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар, ШШГАлбаны дарга Энхбат нартай орж уулзсан боловч шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг хуулбарлан авах хүсэлт гаргахад хуулбарлан өгөхөөс татгалзсан. Би хаягандаа байнга оршин суудаг, нялх хүүхэдтэй учраас ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баасан гаригт хаягандаа байдаггүй гэсэн тодорхойлолтыг хавсаргасан байдаг. Дуудлага худалдааг зарлахдаа надад мэдэгдээгүй, шуудангаар илгээсэн гэх боловч баримт нь байдаггүй. Надаас үнийн санал огт аваагүй, үнэлгээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг огт танилцуулж асууж гарын үсэг зуруулаагүй. Миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж хохироогоод байгаа төдийгүй, хууль зөрчин албадан дуудлага худалдааг зохион байгуулаад байгааг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсээр байтал дараагийн албадан дуудлага худалдааг 2015 оны 11 сарын 26-ны өдөр дахин зарлаж, үнэ бууруулан 88 150 000 төгрөгөөр худалдан борлуулахаар зарлаад байна. Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян Цагаан 12 дугаар гудамжны 45Г тоот хувийн орон сууц, гаражийн хамт 176 300 000 төгрөгөөр 2015 оны 9 сарын 28-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

           

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дүгээр шийтгэх тогтоолоор Амарсанаагийн Тунгалагтамираас 26 788 200 төгрөгийг гаргуулж А.Батпүрэвт олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А.Тунгалагтамирын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Зүүн баян цагааны 12 дугаар гудамжны 45/Г тоотод байрлах хувийн сууц, гараж, гэр бүлийн хэрэгцээний газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 145/01 дугаартай эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 145/02 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал өгөх тухай 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3/32005 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй. Төлбөр авагч А.Батпүрэв нь шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох санал гаргасан байна. Иймд хөрөнгийн үнэлгээний Мөнх Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх хувийн сууц, газар нь 176 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн болно. Төлбөр төлөгч А.Тунгалагтамирт 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 3/34490 дугаартай үнэлгээний мэдэгдлийг хүргүүлж, үнэлэгдсэн үнэ болох 176 300 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 12 дугаар гудамжны 45/Г тоот хувийн сууц, гараж, гэр бүлийн хэрэгцээний газрыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2015 оны 10 дугаар сарын 23-ны 3/36809, 3/36810, 3/36811 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь буюу 88 150 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч А.Тунгалагтамир нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38357 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны талаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/40056 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул А.Тунгалагтамирын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэр гаргахыг шүүхээс хүсье” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Батпүрэв шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө зөндөө мэдэгдсэн боловч ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Мөнх-Оргил трейд ХХК-ийн төлөөлөгч Б.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу маргааны зүйлийн үнэлгээг гаргасан. 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний тайлан бэлтгэсэн. Үнэлгээг хийхдээ үнэлгээний стандарын дагуу зардлын болон зах зээлийн харьцуулаптын аргаар үнэлсэн. Ижил төстэй байдал, чанарыг харгалзан үзэж үнэлгээг гаргасан. Ийм учраас манай хийсэн үнэлгээ нь үнэлгээний стандартыг зөрчөөгүй. Бие даасан байдлаар үнэлгээг гаргасан. Манай хийсэн үнэлгээ үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Тунгалагтамир нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь заалтад “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дүгээр шийтгэх тогтоолоор А.Тунгалагтамираас 26 788 200 төгрөгийг гаргуулж А.Батпүрэвт олгохоор шийдвэрлэжээ /хх-37 тал/.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 805 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-36 тал/ бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, А.Тунгалагтамирын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201018359 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагаан 12 дугаар гудамжны 45/Г тоот хаягт байрлах хувийн орон сууц, гаражийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-47 тал/-оор битүүмжилж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/02 тоот эд хөрөнгө хураасан тогтоол /хх-49 тал/-оор хураасан байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3/32005 дугаар мэдэгдлээр эд хөрөнгийн үнийг төлбар авагчтай хаирлцан тохиролцож тогтоон 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх, тохиролцоогүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоолгох талаар А.Тунгалагтамирт мэдэгдсэн байна /хх-52 тал/.

 

Нйислэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 86 дугаартай шинжээч томилох тухай тогтоол /хх-54 тал/-оор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь заалтад “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасантай нийцсэн байна.

 

Шинжээч “Мөнх-оргил трейд" ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 176 300 000 төгрөгөөр үнэлж, үнэгээний тайланг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна /хх-55-65 тал/.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 3/34490 дугаартай мэдэгдэл /хх-66 тал/-ээр А.Тунгалагтамирт эд хөрөнгө 176 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь заалтад заасны дагуу 70 хувиар буюу 123 410 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдсэн байна.

 

Мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр А.Тунгалагтамирт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 12 дугаар гудамж, 45/Г тоот, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 15 дугаар гудамж 31 тоот, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40с-02 тоот хаягуудаар шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шуудангийн мөнгөн тооцооны хуудас /хх-74 тал/-уудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.Тунгалагтамир нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг үнэлгээ болон дуудлага худалдааны доод үнийн талаарх мэдэгдлийг хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш тооцоход 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлийг хүлээж аваагүй гэсэн тайлбарыг нэхэмжлэлдээ бичсэн байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч  шаардлагаа баримтаар нотлоогүй, үнэлгээ бодитой бус хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан А.Тунгалагтамирын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38 357 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Б.УУГАНБАЯР