Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1991

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00770 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХнд холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Төлбөр төлөгч Х би Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дугаартай шийтгэх тогтоолын дагуу төлбөр авагч ХХХт 26 788 400 төгрөг төлөхөөр болсон. Ингээд тогтоолын дагуу 2 500 000 төгрөг шийдвэр гүйцэтгэлийн дансаар төлж байтал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин гэм хорын нөхөн төлбөр гэж 52 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг ХХХ гаргаж, энэ иргэний хэрэг нь 2015 оны 9 сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/05258 дугаартай шийдвэр гарснаар бидний маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд буюу 2014 оны 12 сарын 25-ны өдөр би охин ХХХХг төрүүлж, бага насны хүүхдээ асарч байсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөршүүдээсээ дуудлага худалдаа болох гэж байгаа талаар мэдээд шийдвэр гүйцэтгэгчтэй очиж уулзаад ХХХХХХХ-н ХХ-р хороо, ХХХХХХХХХХХХХХХХХ тоотын хувийн сууц гараж бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 123 410 000 төгрөгөөр оруулсан болохыг мэдсэн. Би энэ талаар мэдээд ШШБЕГ-н дэд дарга хурандаа ХХХХ, ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХХХХ, ШШГАлбаны дарга ХХХХХ нартай орж уулзсан боловч шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг хуулбарлан авах хүсэлт гаргахад хуулбарлан өгөхөөс татгалзсан. Би хаягандаа байнга оршин суудаг, нялх хүүхэдтэй учраас ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баасан гаригт хаягандаа байдаггүй гэсэн тодорхойлолтыг хавсаргасан байдаг. Дуудлага худалдааг зарлахдаа надад мэдэгдээгүй, шуудангаар илгээсэн гэх боловч баримт нь байдаггүй. Надаас үнийн санал огт аваагүй, үнэлгээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг огт танилцуулж асууж гарын үсэг зуруулаагүй. Миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж хохироогоод байгаа төдийгүй хууль зөрчин албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгааг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсээр байтал дараагийн албадан дуудлага худалдааг 2015 оны 11 сарын 26-ны өдөр дахин зарлаж, үнэ бууруулан 88 150 000 төгрөгөөр худалдан борлуулахаар зарлаад байна. Иймд ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоот хувийн орон сууц, гаражийн хамт 176 300 000 төгрөгөөр 2015 оны 9 сарын 28-ны өдөр “ХХХХХ” ХХК-ийн үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХны шүүхэд гаргасан тайлбарт:    

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дүгээр шийтгэх тогтоолоор Хаас 26 788 200 төгрөг гаргуулж ХХХт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Хын өмчлөлийн ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоотод байрлах хувийн сууц, гараж, гэр бүлийн хэрэгцээний газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 145/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 145/02 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Талуудад Иргэний хуулийн 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал өгөхийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3/32005 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч үнийн санал өгөөгүй. Төлбөр авагч ХХХ нь шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох санал гаргасан байна. Иймд хөрөнгийн үнэлгээний “ХХХХХ” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх хувийн сууц, газар нь 176 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн болно. Төлбөр төлөгч Хт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3/34490 дугаартай үнэлгээний мэдэгдлийг хүргүүлж, үнэлэгдсэн үнэ болох 176 300 000 төгрөгөөр ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХ тоот хувийн сууц, гараж, гэр бүлийн хэрэгцээний газрыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2015 оны 10 дугаар сарын 23-ны 3/36809, 3/36810, 3/36811 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн болно. Иргэний хуулийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь буюу 88 150 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч Х нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38357 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны талаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/40056 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул Хын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХ шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Дуудлага худалдааг зохион байгуулахаас өмнө зөндөө мэдэгдсэн боловч ирээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХХХХгийн тайлбарт: 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу маргааны зүйлийн үнэлгээг гаргасан. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний тайлан бэлтгэсэн. Үнэлгээг хийхдээ үнэлгээний стандарын дагуу зардлын болон зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлсэн. Ижил төстэй байдал, чанарыг харгалзан үзэж үнэлгээг гаргасан. Ийм учраас манай хийсэн үнэлгээ нь үнэлгээний стандартыг зөрчөөгүй. Бие даасан байдлаар үнэлгээг гаргасан. Манай хийсэн үнэлгээ үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан Хын ХХнд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38 357 дугаартай "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамжийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х давж заалдах гомдолдоо:

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дахин хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Шүүхээс шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой маргааны үйл баримт,  хэрэглэвэл зохих хуулийг зөв дүгнэн тайлбарлаж хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

 

Хариуцагч ХХны Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дүгээр шийтгэх тогтоолыг үндэслэн Хаас 26 788 200 төгрөг гаргуулж ХХХт олгохоор явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгзэр сарын 22-ны өдрийн 805 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Хын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй ХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХ хаягт байрлах хувийн орон сууц, гаражийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/02 дугаар тогтоолоор хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

  Тэрээр хариуцагч тал 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3/32005  дугаар бүхий албан бичгээр төлбөрт хураагдсан эд  хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр  авагчтай харилцан тохиролцож тогтоон 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дотор мэдэгдэх, энэ хугацаанд үнэлгээг тохиролцоогүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоолгох талаар төлбөр төлөгч Хт мэдэгдсэн, үүнийг баримтжуулсан албан бичиг, шуудангийн мөнгөн тооцооны баримт нь хэргийн 52, 74  дугаар талд авагдсан, уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд эд хөрөнгийн талаар үнийн санал ирүүлээгүй байх бөгөөд ХХ төлбөр төлөгчийн хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 86 дугаартай тогтоолоор “ХХХХХ” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37  дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь заалтад "төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ" гэж заасантай нийцсэн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

ХХ нь шинжээч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 176 300 000 төгрөгөөр тогтоосон тухай 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 3/34490 дугаартай албан бичгийг төлбөр төлөгч Хт 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь болох 123 410 000 төгрөгөөр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдах тухай мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус шуудангаар төлбөр төлөгч Хын хаягаар хүргүүлсэн байх тул шийдвэр гүйцэтгэгчийг төлбөр төлөгчөөс төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаар үнийн санал аваагүй, шинжээчээс тогтоосон үнэлгээ болон эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах талаар гаргасан шийдвэрийг мэдэгдээгүй гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүх, нэхэмжлэгч талыг ХХнаас эд хөрөнгийн үнэлгээний болон үнийн санал ирүүлэх талаар хүргүүлсэн мэдэгдэх хуудас, албан бичгийг хүлээж аваагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй, эд хөрөнгийн үнэлгээнд шүүхэд гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЗОЛЗАЯА

                                                                                            

                                             ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

                

                                                                                                       А.МӨНХЗУЛ