Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/0517/З |
Дугаар | 221/МА2020/0046 |
Огноо | 2020-01-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2020/0046
Баянгол дүүргийн прокурорын газрын
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд
хяналт тавих албаны хяналтын
прокурор М.Н-ын
дүгнэлттэй зөрчлийн хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын ахлах байцаагч Л.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 128/ШШ2019/0821 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дүгнэлт гаргагчийн давж заалдах гомдлын дагуу Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н-ын дүгнэлттэй, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э-т холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0821 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.6 дугаар зүйлийн 10.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н-ын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.
Дүгнэлт гаргагч Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл, ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.О нар нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-01/68 дугаартай “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Варьете диско клубын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн. Дээрх шалгалтаар “Дуганхад жуулчин” ХХК-ийн “Эргэн дурсахуй” диско клубын хоол үйлдвэрлэлийн явцад хөргөгчинд болгосон болон түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан талаарх эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл мөн холбогдогчоос авсан мэдүүлэг зэрэгт тусгагдсан.
Дээрх зөрчлүүдэд “Дуганхад жуулчин” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж прокурорын дүгнэлт бичсэн.
Хоол үйлдвэрлэлийн явцад хөргөгчид болгосон болон түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн хадгалаагүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 6.1.7, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус зөрчсөн” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэв.
Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Н “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э-ийн 0146262 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч “Дуганхад жуулчин” ХХК-ийн “Эргэн дурсахуй” диско клубын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох, зүйл хэсэг заалтаар шийтгэл оногдуулах тухай дүгнэлт гаргасан байх бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэлийн хуудсаар “Дуганхад жуулчин” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Анхан шатны шүүх “... “Дуганхад жуулчин” ХХК-ийн “Эргэн дурсахуй” диско клуб нь хөргөгчинд болгосон, түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж, эрүүл ахуйн шаардлага хангуулахаар хуулиар хориглосон журмыг зөрчсөн талаар холбогдогч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд зөрчилд шийтгэл оногдуулсан” гэж үзэн шийдвэрлэжээ.
Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н давж заалдах гомдолдоо “... “Дуганхад жуулчин” ХХК нь “Эргэн дурсахуй” диско клубын хоол үйлдвэрлэлийн явцад хөргөгчинд болгосон, түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийн шинжтэй үйлдлүүд нь “Эрүүл ахуйн тухай хууль бус хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн” гэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” 6.17-д “Эрүүл ахуйн тухай хууль зөрчих” хуулийн зохицуулалтыг тусгасан байна.
Хэрэгт авагдсан баримт болох холбогдогчоос авсан мэдүүлэг[1], хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн тэмдэглэл[2], фото зураг[3] болон холбогдох бусад баримтаас үзвэл анхан шатны шүүхээс “Дуганхад жуулчин” ХХК нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан гэж шийтгэл оногдуулсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 0146262 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалт буюу Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2, 6.17 дугаар зүйлийн 9-д заасан заалтуудыг баримтлаагүй, мөн хамааралгүй зүйл болох Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1-г баримталсан байна.
Иймд анхан шатны шүүх захиргааны актын үндэслэл болон дүгнэлтийн шаардлагад хамааралтай холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй шүүхийн шийдвэр гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0821 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.15 дугаар зүйлийн 5.2, 6.17 дугаар зүйлийн 9-т заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н-ын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, дүгнэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 12 хуудас
[2] 19-20 хуудас
[3] 18 хуудас