Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 123/2017/0052/З |
Дугаар | 221/МА2020/0047 |
Огноо | 2020-01-15 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2020/0047
Нэхэмжлэгч Б.Б нарын нэр бүхий 9 иргэний
итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э н х” ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0031 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц-ий давж заалдах гомдлын дагуу Б.Б нарын нэр бүхий 9 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э н х” ТББ-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0031 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б, Ч.Ц, Б.Э, Б.Б, Э.Б, Ч.Ц, Т.Э, Ч.Н, Ж.З нарын нэр бүхий 9 иргэний төлөөлөн нэхэмжлэгч “Э н х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гаргасан Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо “...Маргаан бүхий захиргааны актын тухайд хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс “...2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус 2 дугаар хурлаас 01 болон 02 тоот тогтоол гарсан, 09 дугаартай тогтоол гараагүй, энэ нь дугаарлалтын алдаа болсон байх...ийм тогтоол бол гараагүй” гэсэн тайлбарыг гаргаж, уг захиргааны акт нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй, гэвч шүүхээс зөвшөөрлийг батлахаас татгалзаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн.
Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан эсэх, уг хуралдаанаар хэлэлцэж гарсан 02 тоот тогтоолын хууль зүйн үндэслэл зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж, уг дүгнэлтээ шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Хариуцагч нь 09 тоот тогтоолыг гаргаагүй, ээлжит бус хуралдаанаар 9 хүртэлх асуудлыг шийдвэрлээгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолын дараагийн дугаар авагдсан байх, одоо ямар нэгэн эрх зүйн үйлчлэлгүй акт гэж тайлбарлаж байгаа нь уг захиргааны байгууллага тодорхойгүй, утга агуулгын илэрхий алдаатай болохыг нотолж байгаа юм.
Маргаан бүхий захиргааны акт нь тухайн нутаг сумын нутаг дэвсгэрээс бичил уурхайн зориулалтаар ашиглахаар тусгай хэрэгцээнд авсан, нийтээр дагаж мөрдөх буюу тухайн сумын иргэд бүхэлдээ мөрдөж, үйлчлэл нь давтагдаж байгаа тул хэм хэмжээний актад хамаарахаар байна.
Захиргааны хэм хэмжээний актын хувьд тусгай хэрэгцээнд авсан асуудлыг 2 өөр тогтоолоор шийдвэрлэж байгаа уг актын утга агуулгын илэрхий алдааг нотолж байгаа болно” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э н х” ТББ-иас анх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж[1], 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”, [2] 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09, 2017 оны 07 –ны өдрийн 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах”[3]-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Улмаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр “Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж[4], шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор[5] “...1-д “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг”, 2-т “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрыг 5 жилийн хугацаатайгаар”, 3-т “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газарт үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан нөхөрлөлүүдэд хууль, журмын хүрээнд гэрээ байгуулж ажиллахыг”, 4-т “Бичил уурхайн чиглэлээр гарсан Засгийн газрын журмын хэрэгжилтэд хяналт тавьж, төсөвт орох татварыг гэрээнд заасан хугацаанд төвлөрүүлж, заавар, зөвлөмж өгөх”, 5-д “Нөхөрлөлийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн үр дүнтэй байлгах үүднээс аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах”, 6-д “Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих”-ыг тус тус үүрэг болгосон байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо “...Хариуцагч нь 09 тоот тогтоолыг гаргаагүй, ээлжит бус хуралдаанаар 9 хүртэлх асуудлыг шийдвэрлээгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолын дараагийн дугаар авагдсан байх, одоо ямар нэгэн эрх зүйн үйлчлэлгүй акт гэж тайлбарлаж байгаа нь уг захиргааны актыг гаргасан байгууллага тодорхойгүй, утга агуулгын илэрхий алдаатай болохыг нотолж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2-д зааснаар илт хууль бус захиргааны акт болно” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоол[6] болон маргаж буй захиргааны акт болох Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаар тогтоолууд[7] нь утга агуулга, үг үсэг, хавсралтын хувьд бүгд ижил, харин дугаарлалтын хувьд өөр байна.
Дугаарлалтын хувьд өөр байгаа тухай хариуцагчаас “...02 дугаар тогтоол манайхаас гарсан, харин 09 гэж тогтоол гараагүй, энэ нь техникийн алдаа байсан учраас бид Ашигт малтмал, газрын тосны газар руу буруу дугаарласан 09 гэсэн тогтоолыг залруулж 02 тогтоолыг хүргүүлсэн” гэж тайлбарлаж буй үндэслэл нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142 дугаар албан бичгүүдээр[8] 09 болон 02 дугаар тогтоолуудыг хүргүүлсэн нь тогтоогдож байна гэж анхан шатны шүүхээс дүгнэж, нотлох баримтыг үнэлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “Утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.2-д “Бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй” гэж тус тус зааснаар маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж маргасан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж зааснаар хариуцагч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан, мөн уг захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл бүрдээгүй байна.
Харин маргаан бүхий захиргааны актын дугаарлалт буруу байснаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2-д зааснаар илт хууль бус гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд зөвшөөрлийг батлах ёстой” гэж тайлбарлаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/9250 дугаартай албан бичгээс үзвэл Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг үндэслэн Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дахь “Бор өндөрийн өвөр” нэртэй солбицол бүхий талбайд бичил уурхайн зориулалтаар ашиглах талбайн дүгнэлт гарчээ.
Эндээс үзвэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2019/0031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтас 1-3 хуудас
[2] 1 хавтас 232 хуудас
[3] 2 хавтас 121 хуудас
[4] 4 хавтас 185 хуудас
[5] 4 хавтас 119-120 хуудас
[6] 1 хавтас 120 хуудас
[7] 4 хавтас 119 хуудас
[8] 4 хавтас 122 хуудас