Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1227

 

2019         08         01                                         2019/ШЦТ/1227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч О.Багшбаяр,

          шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

          шүүгдэгч Ч.Л , түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.О , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Л  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0642 41419 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол улсын иргэн, Б.О /РД:/,

          2. Монгол улсын иргэн, Ч.Л  /РД:/ 

          Холбогдсон хэргийн талаар:

          1. Б.О  нь /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ ганцаараа 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Х д хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Галакси-Эс-6” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт,

          Мөн 2018 оны 06 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбийн гудамжинд хамтран амьдрагч Б.Б нгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          Мөн Ч.Л той бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.О ад хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Эс-6 Эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт,

          2. Ч.Л  нь Б.О тай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.О ад хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс-6 Эдж маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О  мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр худгаас ус авах гэж явж байгаад, Золбоогоос мөнгө байна уу гэж асуухад байхгүй гэсэн. Тэгээд Дарь Эхийн дунд голын буудалд манай найз 3 охинтой байна гэхээр нь яваад очтол байхгүй байсан. Худаг орж ус уух гээд доошоо явж байтал 17, 18-тай хоёр хүүхэд явж байхаар нь утсаараа нэг яриулчих гэж хэлээд, утсыг нь гэдсэнд нь цохиод хүч хэрэглэж авсан. Утсыг нь ломбарданд тависан. Байцаагч намайг ирээрэй гэтэл миний цээж идээлсэн байсан тул би 5 хоног очоогүй. Халтарнохой хамт байсан. Би утсыг нь аваад алгаж унагаагаа явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л  мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр худгаас ус уух гэж явж байсан. Гэмт хэрэг хийнэ гэж бодоогүй. Ус гэж явж байгаад хохирогчтой тааралдсан. Гэрч Золбоог ус уух гээд дагуулаад явж байсан. Тэгээд мөнгө байна уу гэж асуусан чинь байхгүй гэж хэлсэн. Дарь Эхийн шинэ буудлын ард Б.О  надаар Заан гэдэг ломбрданд утас тавиулсан” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.О ын өгсөн: “…2018 оны 07 дугаар сарын 31-ний 12 цаг өнгөрч байхад найз Д.Золбоогийн хамтаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн автобусны буудал орчим явж байхад өндөр намаараа 165-170 см орчим өндөртэй, зүүн нүднийхээ хөмсөг дээрээ од мэт шивээстэй туранхай, хүзүүнийхээ зүүн хэсэгт Монгол бичгээр бичсэн Монгол гэсэн шивээстэй хүн тод өнгийн цэнхэр малгайтай махлаг, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн цамц, цагаан өнгийн гуталтай байсан. Махлаг царайтай онигор нүдтэй эрүүн доороо ямаан сахалтай хоёр хүн ирээд хөмсгөн дээрээ шивээстэй ах намайг “утсаа өг” гэхэд нь яах юм, яах юм ах аа би яараад байна гэж хэлээд явах гэтэл араас зүүн мөрнөөс татахад нь эргээд хартал зүүн гартаа хурц үзүүртэй зүйл бариад зогсож байсан. Тэгээд намайг шууд утсаа өг гэхэд нь би яах юм бэ ах аа гэтэл баруун гараараа миний элэг рүү цохиход би амьсгаа авч чадахгүй элгээ бариад газар унахад миний баруун талын шортны халаасанд байсан “Самсунг Галакси Эс-6 Эдж Плас” маркийн гар утсыг минь халааснаас ухаж аваад Дарь-Эхийн хуучин эцэс рүү гүйгээд явсан. Харин нөгөө хамт явж байсан ах нь болохоор манай найз Золбоог дагуулан хашааны булан эргээд явсан. Би дээрэмдүүлсэн гар утсаа 2018 оны 03 дугаар сарын эхээр 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Дээрэмдүүлсэн гар утасны содон шинж тэмдэг нь шаргал өнгөтэй гэргүй, дэлгэцний ар хэсэг хагарч бутарсан байгаа.”,

          “...Гэтэл дунд буудлын тэнд байдаг цагаан худгийн хажууханд явж байтал Золбоо бид хоёрын араас нэг эрэгтэй хүн хөөе гээд дуудсан юм. Тэгээд Золбоо бид хоёр тоолгүй цаашаа эргээд алхаж байтал нөгөө ардаас дуудаад байсан хүн ирээд миний мөрнөөс гараараа татаж эргүүлсэн юм. Тэгээд эргэж хартал Дарь-Эхийн тэр хавьд яваад байдаг хөмсөг дээрээ од мэт шивээстэй Шоовоо гэх залуу хажуудаа өөр нэг танихгүй залуутай хамт байсан ба хөмсөг дээрээ шивээстэй Шоовоо гэх залуу нь гартаа шөвөг шиг урт нарийн төмөр зүйл барьчихсан байсан ба тэр зүйлээ миний биеийн баруун хавирга хэсэгт тулаад байсан юм. Тэгээд эрүүндээ ямаан сахалтай цэнхэр өнгийн шорттой, улаан өнгийн кеттэй ах нь манай найз Золбоог хүзүүдээд цаашаа авч явсан. Харин нөгөө хөмсөг дээрээ од мэт шивээстэй Шоовоо гэдэг залуу нь намайг дагуулаад алхаж байгаад утсаараа ганц яриулчих гэхээр нь би агаа яах юм бэ надад нэгж байхгүй гэж хэлэхэд миний элэг рүү нэг удаа элэгдсэн юм. Тэр үед би амьсгаа авч чадахгүй өвдөг сөгдөж газар унасан юм. Тэр үед би жинсэн шорттой шортныхоо халаасанд “Самсунг Галакси Эс-6 Эдж” маркийн гар утсаа хийчихсэн байсан юм. Гэтэл намайг газар сөхөрч суух үед нөгөө ах миний шортны халаасанд байсан гар утсыг булааж аваад зугтаарай гэж хэлээд манай найз Золбоог дагуулж явсан залуутайгаа хоёулаа хамт зугтаагаад явчихсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14, 15 дугаар тал/,

          Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-4 дүгээр тал/,

          Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 25-30 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Д.Золбоогийн өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 31-ний өглөө намайг гэртээ буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 48-2355 тоотод байж байтал манай найз Орхонбат манай гэрт орж ирсэн юм. Тэр үед ойролцоогоор 10 цаг л болж байсан байх. Тэгээд Орхонбат бид хоёр хамт манай гэрээс гарч Орхонбатын ажиллаж байсан машин угаалгын газарт очиж малгай авах гээд явсан юм. Ингээд явж байтал өглөө 10-11 цагийн үед Орхонбат бид хоёр Дарь-Эхийн дунд буудлын ард талд байдаг цагаан худагны ойролцоо явж байтал араас үл таних эрэгтэй хүн хөөе гээд Орхонбат бид хоёрыг дуудсан юм. Тэгээд эргэж харахад 23-25 орчим насны үл таних 2 эрэгтэй хүн байсан юм. Тэгээд Орхонбат бид хоёрыг нааш хүрээд ир гэж дуудаад байсан ба бид хоёр очилгүй яваад өгсөн юм. Тэгээд цаашаа хараад жаахан алхаж байтал араас ирээд Орхонбатыг ард талаас нь татаад эргүүлсэн ба тэр үед Орхонбатыг татаж эргүүлсэн хүн нь зүүн талын хөмсөг дээрээ 5-6 ширхэг жижиг од мэт дүрс шивүүлсэн, мөн хүзүүнийхээ хажуу хэсэгт Монгол бичгээр Монгол гэсэн үг шивүүлсэн, хар өнгийн цамцтай, саарал хартай өмдтэй, улаан пүүзтэй залуу байсан ба тэр залуу гартаа шовог шиг үзүүртэй зүйл барьчихаад Орхонбатын биед тулгаад байсан юм. Энэ үед тэр залуугийн хажууд эрүүндээ ямаан сахалтай, цэнхэр өнгийн саравчтай малгайтай, цагаан цамц, саарал өмдтэй 23-25 орчим насны залуу зогсож байсан ба хөмсөг дээрээ шивээстэй залуу нь манай найз Орхонбатыг утсаараа нэг яриулчих гэж хэлж байсан ба манай найз Орхонбат яах юм бэ гээд утсаа гаргаж өгөхгүй байсан юм. Гэтэл тэр Б.О  гэх хөмсөг дээрээ шивээстэй залуу нь манай найз Орхонбатыг хүзүүдэж аваад цаашаа дагуулаад хашааны булан руу явсан юм. Харин хажууд нь байсан ямаан сахалтай залуу нь намайг хүзүүдэж аваад цаашаа өөр хашааны булан руу очоод надаас мөнгө байна уу гэж асуухаар нь би байхгүй гэдгээ хэлсэн юм. Гэтэл тэр залуу миний цээж рүү гараараа зөөлхөн зөөлхөн цохиод байсан. Тэгж байгаад намайг тавиад цаашаа Орхонбат руу очих гээд явсан ба энэ үед цаанаас нөгөө шивээстэй залуу нь гүйгээд явсан ба араас нь нөгөө ямаан сахалтай залуу нь гүйгээд зугтаачихсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 дүгээр тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Г.Х н өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед би гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байтал нэг үл таних ах дээшээ өгсдөг замаас гарч ирсэн. Тэр ах намайг “наашаа хүрээд ир гээд байгаа юм биш үү, яагаад том дуу гаргаад байна аа” гэх мэтчилэн намайг өдөөд байсан. Тэгэхээр нь би яасан ч үгүй шүү дээ гэсэн чинь хажуу талаас нь манай хөрш Тэмүүжин ах гарч ирсэн ба намайг чи энд юу хийж байгаа юм, гэр рүүгээ яваач гэсэн тэгэхээр нь би уг нь хэлэх санаатай нүдээрээ дохиод байсан юм. Тэгээд Тэмүүжин ах миний дохиог ойлгоогүй шууд гэр рүүгээ яваад өгсөн юм. Тэгээд би араас нь явж байсан чинь намайг дуудаад байсан ах миний араас ирээд шууд намайг шанаадаж унагаасан. Тэгээд би газар унахдаа гартаа байсан гар утсаа алдчихсан ба миний гар утас газар унасан хойно нь миний утсыг аваад зугтаачихсан юм. Тэгээд би араас нь хөөгөөд гүйж байтал ахин Тэмүүжин ах таарсан ба хамт хөөгөөд гүйцээгүй алдсан юм.”,

          “...Тухайн хүний цохилтын улмаас миний зүүн талын нүдний хэсэгт жаахан хөндүүртэй болчихсон байсан. Нэг их хүнд гэмтээгүй учир шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44, 45 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Тэмүүжингийн өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны орой 16-17 цагийн үед гэрээсээ гараад доошоо гудамжаар буугаад дэлгүүр орчихоод буцаад гэр рүүгээ харих гээд алхаж байтал манай хөрш хашаанд байдаг айлын хүүхэд буюу манай дүүгийн найз гээд яваад байдаг Халтарнохой гэх хүүхэд нь нэг сонин хүнтэй уулзаад зогсож байсан юм. Тэгээд би тэр хоёр дээр явж очоод би Халтарнохойг чи энд юу хийж байгаа юм бэ гэж асуусан ба хажууд нь зогсож байгаа хүнийг харахад зүүн талынхаа нүдний хөмсөг хэсэгт одны шивээстэй, мөн шилэн хүзүүн дээрээ шувууны далавч мэт хэлбэрийн шивээстэй, хар өнгийн цамцыг нуруундаа тохож өмссөн залуу байсан юм. Тэгээд гайгүй л юм шиг байхаар нь би тэр хоёрыг орхиод гэртээ орж гар утсаа авах гээд явчихсан юм. Тэгээд гэртээ орчихоод эргэж гараад алхаж байтал Халтарнохой миний өөдөөс сандарсан байдалтай гүйгээд ирсэн ба юу болсон талаар нь асуухад гар утсаа алдчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би Халтарнохойтой хамт нөгөө утсыг нь авч явсан хүний араас хөөж гүйгээд барьж авч чадаагүй ба ингэж гүйж байхдаа би гар утсаараа цагдаагийн газрын 102 дугаарт залгаж цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48 дугаар тал/,

          Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 51-56 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ж.Батцэрэнгийн өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай ломбардны зээлийн ажилтан Батмэнд гэх залууг ажиллаж байх үед буюу орой 19:20 цагийн үед УЗ:93040241 дугаарын регистр хэлсэн Бямбахүү овогтой Б.О  гэх залуу ирж “Самсунг Галакси Эс-6” маркийн хөх өнгийн гар утсыг 14 хоногийн хугацаатайгаар 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан юм. Ингээд байж байтал 2018 оны 08 дугаар сарын дундуур манай барьцаалан зээлдүүлэх газарт цагдаагийн ажилтан ирж дээрх хоёр гар утсыг дээрмийн хэргийн улмаас хохирсон иргэдийн гар утас байна, утаснуудыг зарж үрэхгүйгээр хураалгаарай гэсэн тул би өөрийн биеэр дээрх 2 утсыг авч ирж хураалгаж байна. Би дээрх хоёр хүнийг урд өмнө нь харж байгаагүй, нэр усыг нь мэдэхгүй, огт танихгүй байгаа ба гар утаснуудыг барьцаалж зээл олгохдоо хулгай дээрмийн эд зүйл байсныг нь огт мэдээгүй авчихсан байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-18 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б  өгсөн: “...Такси дотор Б.О  намайг гичий, янхандаад явсан биз дээ гэж хэл амаар доромжилж эхэлсэн...жолоочид би 1000 төгрөг өгөөд түрүүлээд буучихсан. Тэгсэн чинь Б.О  араас бууж ирээд машин зам дээр дээгүүрээ өмссөн байсан цагаан өнгийн цамцаа тайлаад гараа дэлгээд орилоод байсан. Би үхнэ ээ гээд зам дээр хөдөлгөөнд саад учруулж орилоод байсан. Тэгээд би ойролцоо байсан Сэлбийн гудамж руу гүйгээд явсан. Тэгэхэд Б.О  нь араас гүйж ирээд харанхуй гудамжинд одоо би чамайг ална, харин дараа нь би үхнэ гэж хэлсэн. Тэгээд намайг үснээс зулгааж, Сэлбэ голын эрэг рүү чирээд явсан. Тэгээд намайг үсдэж дарж байгаад газраас чулуу аваад миний толгой руу 3 удаа чулуугаараа цохиод чулуугаа гол руу шидчихсэн. Тэгээд дахиад нэг чулуу аваад намайг цохих гээд байхаар нь би одоо больё хайраа гэртээ харья гэж хэлсэн. Тэгээд Б.О  намайг зодохоо больж, бид хоёр Б.О ын гэр рүү явахаар болсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-67 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7543 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

          1. Б.Б нгын биед дагзны хуйханд шарх, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун хацарт хуучин зулгаралтын сорви, зүүн бугалга, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх дагзны хуйханд шарх, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх зүүн шуу, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун хацарт хуучин зулгаралтын сорви, зүүн бугалга, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /1-р хх-ийн 70 дугаар тал/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          1. Б.О  нь ганцаараа 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Х д хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Галакси-Эс-6” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт,

          Мөн 2018 оны 06 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбийн гудамжинд хамтран амьдрагч Б.Б нгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          Мөн Ч.Л той бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.О ад хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Эс-6 Эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт,

2. Ч.Л  нь Б.О тай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.О ад хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс-6 Эдж маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.О т покуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ч.Л ид прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Б.О ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, Ч.Л ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

             Шүүгдэгч Ч.Л  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О  нь 359 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ч.Л  нь 197 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.