Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 435

 

Б.О, Ч.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор О.Багшбаяр,

            шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

            шүүгдэгч Ч.Л, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.О, Ч.Л нарт холбогдох эрүүгийн 1806064241419 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. ...................., 1993 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 33 дугаар гудамжны 1788 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 15 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн;

            2. ....................., 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 22 дугаар гудамжны 1470 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, РД:....................../;

            Б.О, Ч.Л нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатад хүч хэрэглэн 288.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн,

            Б.О нь ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт, насанд хүрээгүй хохирогч Г.Халтарнохойд хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6” маркийн гар утсыг дээрэмдсэн,

            мөн 2018 оны 6 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбийн гудамжинд хамтран амьдрагч Б.Батсолонгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.О, Ч.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Лийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б.Оыг ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, мөн ганцаараа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ч.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагт шилжүүлэн тооцож 90 хоногийг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.От оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, Ч.Лид оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оын цагдан хоригдсон нийт 192 хоногийг, Ч.Лийн цагдан хоригдсон 30 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О, Ч.Л нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч Жамбацэрэнгийн Батцэрэнд Б.Оаас 160.000 төгрөгийг, Ч.Лоос 40.000 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэж, Б.От цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ч.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг тус өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Прокурор О.Багшбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт Ч.Лийн үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтыг дурьдаагүй, ямар нотлох баримт нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэний улмаас зүйлчлэл өөрчилсөн эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Б.Орхонбатын “зүүн хөмсөг дээрээ 5, 6 ширхэг жижиг од мэт дүрс шивүүлсэн, мөн хүзүүнийхээ хажуу хэсэгт Монгол бичгээр Монгол гэсэн үг шивүүлсэн”, Б.О нь хохирогч Б.Орхонбатын “миний элэг рүү цохиход амьсгалж чадахгүй элгээ бариад газар унахад баруун талын шортны халааснаас гар утсыг авсан. Харин Ч.Л буюу ямаан сахалтай залуу нь гүйгээд зугтаачихсан” гэх мэдүүлгээс дүгнэхэд хохирогч Б.Орхонбатын гар утсыг авахад идэвхитэй үйлдлээр дээрэмдэх үйл явцад оролцоогүй гэж дүгнэсэн нотлох баримт ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Гэтэл хавтас хэрэгт насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатын “...2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг өнгөрч байхад найз Д.Золбоогийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим явж байхад зүүн нүдний хөмсөг дээрээ од шиг шивээстэй, хүзүүнийхээ зүүн хэсэгт Монгол бичгээр Монгол гэсэн шивээстэй туранхай эрэгтэй хүн, махлаг царайтай онигор нүдтэй, эрүүн дороо ямаан сахалтай 2 хүн ирээд хөмсөг дээрээ шивээстэй ах нь “утсаа өг” гэхээр нь би “яах юм бэ, яараад байна” гэж хэлээд явах гэтэл араас зүүн мөрнөөс гараараа татахаар нь эргээд хартал баруун гараараа миний элэг рүү цохихоор нь би амьсгаа авч чадалгүй газар унасан. Тэгээд миний баруун талын халаасанд байсан “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг халааснаас ухаж аваад Дарь-Эхийн хуучин эцэс тал руу гүйгээд явсан” гэх мэдүүлэг /хх-11-15/, гэрч Д.Золбоогийн “... 2018 оны 7 дугаар сарын 31-ний өглөө намайг гэртээ буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 48-2355 тоотод байж байтал манай найз Б.Орхонбат манай гэрт орж ирсэн. Тэгээд бид 2 хамт манай гэрээс гарч Б.Орхонбатын ажиллаж байсан машин угаалгын газар очиж малгай авах гээд явсан. Ингээд явж байтал 10-11 цагийн үед Орхонбат бид 2 Дарь-Эхийн дунд буудлын ар талд байдаг цагаан худагны ойролцоо явж байтал араас үл таних эрэгтэй хүн хөөе гээд Орхонбат бид 2-ыг дуудсан. Бид хоёрыг нааш хүрээд ир гээд дуудаад байсан ба бид 2 очилгүй яваад өгсөн. Тэгээд цаашаа хараад алхаж байтал араас ирээд Орхонбатын ардаас нь татаад эргүүлсэн ба тэр үед Орхонбатыг татаж эргүүлсэн хүн зүүн талын хөмсөг дээрээ 5, 6 ширхэг жижиг од мэт зүйл шивүүлсэн, мөн хүзүүнийхээ хажуу хэсэгт Монгол бичгээр Монгол гэсэн үг шивүүлсэн, хар өнгийн цамцтай, саарал хар өмдтэй, улаан пүүзтэй залуу байсан. Энэ үед тэр залуугийн хажууд эрүүндээ ямаан сахалтай, цэнхэр өнгийн саравчтай малгайтай, цагаан цамц, саарал өмдтэй, 20-25 орчим насны залуу зогсож байсан. Хөмсөг дээрээ шивээстэй Отгонбаатар гэх залуу нь манай найзыг утсаараа ганц яриулчих гэж хэлсэн ба манай найз яах юм бэ? гэж хэлээд гаргаж өгөөгүй. Гэтэл хөмсөг дээрээ шивээстэй залуу манай найзыг хүзүүдэж аваад цааш дагуулаад хашааны булан руу явсан. Харин хажууд нь байсан ямаан сахалтай залуу намайг хүзүүдэж аваад өөр хашааны булан руу очоод надаас мөнгө байна уу гэж асуухаар нь би байхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл тэр залуу миний цээж рүү гараараа зөөлөн цохиод байсан. Тэгж байгаад намайг тавиад цаашаа Орхонбат руу явсан. Энэ үед цаанаас шивээстэй залуу нь гүйгээд явсан ба араас нь нөгөө ямаан сахалтай залуу нь гүйгээд явсан. Тэгээд би Орхонбат дээр яваад очиход гар утсыг нь аваад зугтаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-4/, эд зүйлийн үнэлгээ /хх-25-30/ зэрэг нотлох баримтууд авагдсан байхад уг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар үгүйсгэн няцааж зүйлчлэл өөрчилж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Үүнээс үзэхэд шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Ч.Л “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

            Шүүгдэгч Б.О “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

            Шүүгдэгч Ч.Лийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.О, Ч.Л нарын бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатад хүч хэрэглэн 288.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын үед хийгдсэн шалгалт, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгээр Ч.Л нь насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатын гар утсыг дээрэмдсэн үйлдэлд оролцоогүй болох нь тогтоогдсон. Тийм учраас шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл болгон өөрчилсөн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.О нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ, шүүгдэгч Б.О, Ч.Л нарын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатад хүч хэрэглэн 288.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн гэх үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Хохирогч Б.Орхонбат “...зүүн нүдний хөмсөг дээрээ од шиг шивээстэй, хүзүүнийхээ зүүн хэсэгт Монгол бичгээр Монгол гэсэн шивээстэй туранхай эрэгтэй хүн, махлаг царайтай онигор нүдтэй, эрүүн дороо ямаан сахалтай 2 хүн ирээд хөмсөг дээрээ шивээстэй ах нь “утсаа өг” гэхээр нь би “яах юм бэ, яараад байна” гэж хэлээд явах гэтэл араас зүүн мөрнөөс гараараа татахаар нь эргээд хартал баруун гараараа миний элэг рүү цохихоор нь би амьсгаа авч чадалгүй газар унасан. Тэгээд миний баруун талын халаасанд байсан “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг халааснаас ухаж аваад Дарь-Эхийн хуучин эцэс тал руу гүйгээд явсан.” гэж /1хх-13-14/, гэрч Д.Золбоо “...хөмсөг дээрээ шивээстэй залуу манай найзыг хүзүүдэж аваад цааш дагуулаад хашааны булан руу явсан. Харин хажууд нь байсан ямаан сахалтай залуу намайг хүзүүдэж аваад өөр хашааны булан руу очоод надаас мөнгө байна уу гэж асуухаар нь би байхгүй гэдгээ хэлсэн.” гэж /хх-19/ тус тус мэдүүлжээ.

Дээрх хохирогч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлийг нотлох баримтад тулгуурлан заалгүйгээр, Ч.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн нь үндэслэлгүй болжээ.

Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, хохирогчид сэтгэхүйн болон бие махбодид хүч хэрэглэсэн байдал зэргийг анхааран үзэж, бүлэглэсэн байдалд хууль зүйн дүгнэлт өгвөл зохино.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор О.Багшбаярын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.О, Ч.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О, Ч.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.О, Ч.Л нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ