Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0054

 

  “Х м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

зөрчлийн хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0610 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Л-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0610 дугаар шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х м” ХХК-иас гаргасан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Л 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 0005525 дугаартай “Х м” ХХК-д 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Э давж заалдах гомдолдоо: “... “Туушин зочид буудал” ХХК-ийн нийтэд ил болгон, өөрийн bestwesternmongolia.mn, www.facebook.com/bwptuushin/ сайтуудаар хэрэглэгчдэд түгээж байгаа мэдээллийг хүрээ.мн сайтад байршуулж, уг сайтын хэрэглэгчид “Туушин зочид буудал” ХХК руу харилцах, уг зочид буудлын үйлчилгээг авах боломж олгосон үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. “Х м” ХХК нь зар сурталчилгаа явуулсан зүйл огт байхгүй, зар сурталчилгаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй, уг зөрчил гэж үзсэн үйл ажиллагаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн зорилт, холбогдох заалтуудтай нийцэхгүй байгаа тус хуулийг баримтлан зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус бөгөөд шүүх уг зөрчилд холбогдож буй үйлдлийн талаар ялган салгаж, хуулийн зорилт, үйлчлэх хүрээ, хуулийн зохицуулалтын агуулгын талаар үнэн зөвөөр дүгнээгүй.

“Зар сурталчилгаанд ашиглах” гэдэг нь үйлдлийг “мэдээлэл цуглуулах, түгээх , мэдээлэл хайх” үйлдлээс ялгаатай авч үздэг. Өөрийн бараа бүтээгдэхүүнийг таниулах, борлуулалтыг идэвхжүүлэх зорилготой зар сурталчилгааг Зар сурталчилгааны тухай хуулийн 3.1.1-д тодорхойлсон байдаг. “Х м” ХХК ийм зар сурталчилгаа захиалаагүй, бүтээгээгүй, түгээгээгүй, ийм зар сурталчилгаанд Туушинг ашиглаагүй юм. Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д дурдсаны дагуу зар сурталчилгаа мөн гэж үзэхдээ ямар бараа бүтээгдэхүүний сурталчилгаа вэ гэдгийг шүүх тодорхойлоогүй байгаа нь зар сурталчилгаан мөн гэж үзэх үндэслэлгүй гэдгийг харуулж байна.

“Х м” ХХК нь өөрийн зар сурталчилгаанд “Туушин зочид буудал” ХХК-ийн нэр, бэлгэдэл зэргийг ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих тохиолдолд дээрх заалтыг хэрэглэх ёстой. Зочид буудлын нийтэд ил мэдээллийг өөр сайтад байршуулсны улмаас уг зочид буудлын ямар эрх ашиг хөндөгдөж, ямар хохирол учирсан, эсхүл “Х м” ХХК үүнээс ямар ашиг орлого олсон, хэрэглэгч яаж хохирсон эсэхийг тогтоож байж дээрх заалтыг хэрэглэх ёстой. Өөрийн зочид буудлын мэдээллийг нийтэд түгээхийг Аялал жуулчлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 ба 10.1.3-д заасны дагуу зочид буудлуудад үүрэг болгосон бөгөөд ийм мэдээллийг “Х м” түгээх нь Туушин зочид буудалд ашигтай, уг зочид буудалд учирсан ямар ч хохирол байхгүй. “Х м” ХХК мэдээллийг түгээснээр хэрэглэгчээс төлбөр, хураамж авдаггүй, иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулаагүй. Мөн иргэдийг төөрөгдүүлсэн гэх гомдлыг нотлоогүй, тус компанийн гомдолтой холбоотойгоор иргэдээс мэдээллийн төөрөгдөлд орлоо гэсэн гомдол мэдээлэл гарч байгаагүй, энэ талаар шүүх дүгнээгүй.

Түүнчлэн уг “Туушин зочид буудал” ХХК-ийг нийтэд танил, нэр хүндтэй хуулийн этгээд гэж тогтоосон баримт бичиг, албан ёсны зөвшөөрөл, нийтэд түгээсэн зүйл байхгүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нөхцөл байдлыг харгалзан дүгнээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

Иргэд ямар мэдээллийг ямар аргаар олж авахаа өөрсдөө сонгодог үе ирсэн бөгөөд тухайн “Туушин зочид буудал” ХХК-ийн үйл ажиллагааг байгаа байдлаас нь дордуулж, илтээр бусдад түгээж, мэдээллийн шинж байдлаар ашигласан зүйл байхгүй.

Шүүх “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Х м” ХХК нь huree.mn веб сайтыг эрхлэн явуулдаг байх... сайтынхаа эзэмшлийн 76117899 дугаарыг Туушин зочид буудлын борлуулалт, марктенгийн ажилтан н.С-ийн 9907.... дугаар руу шилжих үйлчилгээгээр шууд холбогдох автомат тохируулга хийсэн үйлдлүүд нь тус тус тогтоогджээ” гэж үзсэн боловч хэрхэн нотлогдож байгаа тухай дурдаагүй. Ингэж холболт хийгдэж байгаагүй бөгөөд хэргийн материалд энэ тухай нотлох баримт байхгүй. Хэрвээ ингэж холболт хийгдсэн байлаа гэхэд энэ нь холбогдох хуулийг хэрхэн зөрчсөн тухай дүгнээгүй.

Анхан шатны шүүхээс нэн тэргүүнд байцаагчийн шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх учиртай боловч, шүүхийн шийдвэрт холбогдох хуулийг тайлбарлаагүй, маргааны үйл баримтуудыг жагсаан бичиж, зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар гомдлыг хянан шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар үйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлж, нотлох баримт цуглуулах ажиллагаа бүрэн гүйцэт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг нотолж байна.

Тодруулбал “Х м” ХХК-ийн зүгээс “Туушин зочид буудал” ХХК-тай хамтран ажиллах буюу тухайн компанийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, явуулж буй үйл ажиллагааны цар хүрээг олон нийтэд илүү товч түргэн шуурхай хэрэгсэл ашиглан мэдээлж, түгээх зорилгоор хамтран ажиллах саналыг холбогдох албан тушаалтантай ажил хэргийн хүрээнд уулзалт тохирч харилцан санал солилцож, туршилтын хугацаанд хамтран ажиллахаар болж, манай зүгээс ямар ч үнэ хөлс, өөр болзолгүйгээр тус компанийн тодорхой төрлийн мэдээллийг ердийн журмаар huree.mn веб сайтад-д 2017 оны 12 дугаар сараас хойш байрлуулсан. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдээлэл гаргагч компаниас манайхаас санал тавьж байсныг мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүхийн зүгээс зөрүүтэй тайлбар мэт дүгнэлт өгч, уг мэдүүлгийг зөвтгөх ажиллагаа буюу н.С гэх хүнийг гэрчээр асууж тодруулаагүй атлаа зөрчил үйлдсэн гэж дүгнэж хийсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүхийн шийдвэрт хэрэгт авагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй буюу хуулийн хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болох Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 дугаар тогтоолыг үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 65, 66 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй эрх зүйн баримт бичгийг ашигласан нь өөрөө хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Мөн маргаан бүхий байцаагчийн 0005525 дугаартай шийтгэлийн хуудсын хуулийн үндэслэлд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 дугаар тогтоолыг огт баримтлаагүй бөгөөд хариуцагч нь уг тогтоолыг тайлбарлаж маргаагүй байхад шүүх огт хамааралгүй харилцаанд, хуулийн шаардлага хангаагүй дээрх тогтоолыг үндэслэж дүгнэлт өгсөн нь хууль ёсны байх шаардлагыг мөн хангаагүй гэж үзэж байна” гэв. 

ХЯНАВАЛ: 

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “... “Х м” ХХК нь “Туушин зочид буудал” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, тус компаниас зөвшөөрөл аваагүй атлаа Туушин зочид буудлын ресторан, хүлээн авалтын заалны зохион байгуулалтын зураг, үнэ, тариф, заалны түрээс зэрэг мэдээллийг байршуулсан, түүнчлэн сайтынхаа эзэмшлийн 76117899 дугаарыг Туушин зочид буудлын борлуулалт, марктенгийн ажилтан н.С-ийн 9907 дугаар руу шилжих үйлчилгээгээр шууд холбогдох автомат тохируулга хийсэн үйлдлүүд тогтоогдож байх тул 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005525 дугаартай шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй” гэж үзэн шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчаас “...”Х м” ХХК нь зар сурталчилгаа явуулсан зүйл байхгүй, шүүх ямар бараа, бүтээгдэхүүний сурталчилгаа вэ гэдгийг тодорхойлоогүй, “Туушин зочид буудал” ХХК-д учирсан хохирол байхгүй, ингэж мэдээлэл түгээснээр “Х м” ХХК нь төлбөр авдаггүй, мөн тус компанийн гомдолтой холбоотойгоор иргэдээс мэдээллийн төөрөгдөлд орлоо гэсэн гомдол мэдээлэл гарч байгаагүй, “Туушин зочид буудал” ХХК-ийг нийтэд танил, нэр хүндтэй хуулийн этгээд гэж тогтоосон баримт бичиг, албан ёсны зөвшөөрөл, нийтэд түгээсэн зүйл байхгүй, мөн huree.mn сайтын дугаараас “Туушин зочид буудал” ХХК-ийн борлуулалтын албаны ажилтны утасруу шууд холбогдож байна гэж шүүх дүгнэсэн боловч хэрхэн нотлогдож байгаа талаар дурдаагүй, гэрчээр асуугаагүй, мөн шүүхийн шийдвэрт холбогдох хуулийг тайлбарлаагүй, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоолд хуулбар үнэ тэмдэг дарж баталгаажуулаагүй, мөн процессын явцад манай талыг хэргийн материалтай танилцуулаагүй, шүүхийн шийдвэрт хэрэгт авагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй буюу хуулийн хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээ буюу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 дугаар тогтоолыг үндэслэл болгосон” гэж давж заалдах гомдолдоо дурджээ.

“Туушин зочид буудал” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Huree.mn” сайтыг эрхлэн явуулж байгаа этгээдийг Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн тул зохих арга хэмжээ авч өгнө үү”[1] гэсэн гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргасан байх бөгөөд үүний дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Л 2018 оны 05 дугаар сарын25-ны өдөр 25 дугаартай зөрчлийн хэрэг нээжээ[2]. Үүний дараа 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр[3], 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр[4] тус тус зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгасан байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Л нь хяналт шалгалт хийж “Х м” ХХК нь “Туушин зочид буудал” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байхгүй, албан ёсны зөвшөөрөлгүй, зөвшөөрөл авахгүйгээр Туушин зочид буудлын нэр, танхимын зураг, үнэ тарифыг байршуулж, хэрэглэгчдэд түгээсэн нь Huree.mn сайтын мэдээлэл зураг, холбогдогчийн мэдүүлэг, бусад материалаар тогтоогдож байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2.3-т үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005525 дугаар шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2.3-т “Нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.” “Зар сурталчилгаа түгээгч” гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээдийг хэлнэ  тус тус заасан.

Huree.mn сайтад Туушин рестораны мэдээлэл, мөн уг мэдээлэлд “Х м” ХХК-ийн холбогдох утасны дугаар  байршсан, энэ талаар “Туушин зочид буудал” ХХК-иас зөвшөөрөл аваагүй нь холбогдох зөрчлийн хэргийн баримтуудад авагджээ.

Үүнээс гадна Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2.3-т зааснаас үзвэл “Туушин зочид буудал” ХХК-ийг нийтэд танил, нэр хүнд бүхий компани биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, мөн хохирол учирсан байх, иргэдээс гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд торгууль оногдуулахыг шаардаагүй байна.  

Иймд “Туушин зочид буудал” ХХК-иас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр тус байгууллагын мэдээллийг зар сурталчилгаанд ашигласан зөрчил гаргасан гэж үзэн “Х м” ХХК-д  торгууль оногдуулсан  2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005525 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР      ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА

 

 


[1] Зөрчлийн хэргийн 6 хуудас

[2] Зөрчлийн хэргийн 1 хуудас

[3] Зөрчлийн хэргийн 2 хуудас

[4] Зөрчлийн хэргийн 4 хуудас