Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Алтанцэцэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Цэндсүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Цэндсүрэнгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201526031009 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Дагвасүрэнгийн Алтанцэцэг, 1990 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Элеганьс тауны 44в-27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙК90051909/;

Д.Алтанцэцэг нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МЧБС” ХХК-ийн “Соёл вейлнесс” төвд ресепшнээр буюу тус байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцан ажиллаж байхдаа 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд байгууллагад тушаавал зохих таксын орлогоос 23,115,000 төгрөгийг хувьдаа завшиж, тус байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээтэй байхдаа зөрчиж 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориудаар зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Д.Алтанцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Алтанцэцэгийг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Алтанцэцэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Алтанцэцэгийн цагдан хоригдсон 18 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “МЧБС” ХХК-ийн кассын бүртгэлийн дэвтэр 6 ширхэг, хяналтын камерийн бичлэг бүхий хард диск 3 ширхэг, “МЧБС” ХХК-ийн санхүүгийн тооцооны баримт 46 ширхэг зэргийг хохирогч “МЧБС” ХХК /төлөөлөгч Г.Төгсмандах/-нд буцаан олгож, Д.Алтанцэцэгээс “МЧБС” ХХК-нд тушаасан тооцооны баримт 16 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн 201526031009 тоот хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх зааснаар Д.Алтанцэцэгт оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Д.Алтанцэцэгт хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж, Д.Алтанцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Цэндсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон атлаа энэ тохиолдолд гарах шийдвэр ямар хэлбэртэй байвал зохих асуудлыг тодорхойлсон хэм хэмжээ буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн холбогдох зүйл заалтыг удирдлага болгоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэв.

ХЯНАВАЛ:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын гаргасан эсэргүүцлээс үл хамааран хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Алтанцэцэг нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МЧБС” ХХК-ийн “Соёл вейлнесс” төвд ресепшнээр буюу тус байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцан ажиллаж байхдаа 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд байгууллагад тушаавал зохих хураамжийн орлогоос 23,115,000 төгрөгийг хувьдаа завшиж, тус байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч “МЧБС” ХХК-ийн төлөөлөгч Г.Төгсмандахын: “...Д.Алтанцэцэг манай байгууллага 2015 оны 2 дугаар сард ресепшнээр ажилд авч байсан. ...10 дугаар сарын дундуур бид нар хяналтын камерийн бичлэг шүүж ...бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгаа иргэдийн тоог гаргаж дансаа тулгаж үзтэл кассчин Д.Алтанцэцэг тэмдэглэгээг буруу хийн хувьдаа мөнгө ашигладаг байсан болох нь тогтоогдсон. ...Д.Алтанцэцэгээс манай Соёл Вейлнесс төвд учруулсан 24,075,000 төгрөгөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 1,075,000 төгрөг буюу нийт 6,075,000 төгрөгийг бэлнээр өгч барагдуулсан. Харин үлдэгдэл 18,000,000 төгрөгөнд тооцон манай байгууллага Д.Алтанцэцэгийн эгч Байгалмаагийн нэр дээр байдаг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Барилгачдын гудамж 41Б-28 тоот хаягт байрлах 18 мкв талбайтай автомашины зогсоолыг худалдаж авахаар тохиролцоод “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь би өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авахаар болсон байгаа. ...Д.Алтанцэцэгийн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орлого болох 1,110,000 төгрөгөөс 150,000 төгрөг тушаагдсан байсан. Манай компанийн зүгээс тухайн өдрийн орлогын үлдэгдэл 960,000 төгрөгийг Д.Алтанцэцэг нь хувьдаа завшсан гэж ойлгож байсан боловч үлдэгдэл 960,000 төгрөгийг Д.Алтанцэцэгтэй сөөлжиж ээлжинд гардаг ресепшн Нандин-Эрдэнийн нэр дээр 960,000 төгрөг тушаагдсан гэж санхүүгийн албанаас мэдэгдсэн. Иймээс Д.Алтанцэцэгийн хувьдаа завшсан гэх 24,075,000 төгрөгөөс 960,000 төгрөгийг хасч тооцох нь зөв. Д.Алтанцэцэгийн дутаасан, хувьдаа завшсан мөнгө нь 23,115,000 төгрөг юм...” /1-р хх-ийн 107, 2-р хх-ийн 1, 52-53, 62/ гэх,

            гэрч С.Навчаагийн “...Д.Алтанцэцэгийг хувьдаа мөнгө завшиж үрэгдүүлж байсан талаар би мэддэггүй байсан. Д.Алтанцэцэг ажлаас гарахдаа надад би мөнгө идсэн ...дахин битгий утасдаарай гэж хэлчихээд түлхүүрээ аваад гараад явсан. ...Д.Алтанцэцэг нь ээлж аваад буух хүртлээ бүх бүртгэлийг хөтөлж өглөө нь санхүүд тооцоогоо нийлээд буудаг байсан. ...Алтанцэцэгийн эзгүй үед хүмүүсийн төлбөрийг хамгаалагч юм уу эсвэл би тусад нь цаасан дээр бичиж үлдээгээд Алтанцэцэгийн ирэх үед нь өгдөг байсан. Алтанцэцэг тухайн цаасан дээр тэмдэглэснийг кассын дэвтэр дээр хуулж бичдэг байсан. Хамгаалагч бид хоёр кассын дэвтэр дээр тэмдэглэгээ хийдэггүй байсан..” /1-р хх-ийн 113-114/ гэх,

            гэрч Г.Тулгын “...Би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16-107 тоот албан бичгээр өмнө нь аудитын дүгнэлтэд ороогүй бичгийг шүүхийн шатанд хүргүүлсэн. ...Бичгийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй...” /2-р хх-ийн 64/ гэх,

            гэрч Б.Мөнхтөрийн “...Алтанцэцэг өөрөө өглөө нь ажлаасаа буугаад кассын бүртгэлийн дэвтрээ оруулж ирээд бичсэн бичилттэй нь тулгалт хийгээд буудаг байсан. ...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Д.Алтанцэцэгийн 1.110.000 төгрөгийн орлогыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу Даваа гарагт кассанд тушаах ёстой байсан. Уг тушаалт нь буруу тушаагдсаны улмаас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д.Алтанцэцэг нь хяналтын камерийн бичлэгээр 960.000 төгрөгийг хувьдаа завшсан гэж харагдаж байгаа юм...” /1-р хх-ийн 115, 2-р хх-ийн 65/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 619 тоот дүгнэлтэд “1-р “Кассын дэвтэр”-ийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн бүртгэл 67-70-р хуудас, 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн бүртгэл 75-79-р хуудас, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 80-85-р хуудас, 2-р “Кассын дэвтэр”-ийн 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн бүртгэл 30-33-р хуудас, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэл 51-54-р хуудас, 3-р “Агуулахын бүртгэл”-ийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн бүртгэл 21-27-р хуудас, ...гараар бичсэн бичвэрүүд нь Д.Алтанцэцэгийн гар бичвэр мөн байна...” /1-р хх-ийн 124-166/ гэх дүгнэлт,

            “Нийслэл-Аудит” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Хараат бус аудиторын тайлан /1-р хх-ийн 41-61/, хяналтын камерийн дүрс бичлэг болон кассын дэвтрийг тулган үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 63-100/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 101-103/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 104/, Д.Алтанцэцэгийг ажилд томилох тухай тушаал /1-р хх-ийн 192/, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 193-194/, хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 195-196/, хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 249-250/ зэргээр,

            Мөн Д.Алтанцэцэг нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа зөрчиж 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /1-р хх-ийн 167-170/, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 214/, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 215/, Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 222/, Гадаадын иргэн, харьяатын газрын лавлагааны хариу /1-р хх-ийн 235/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.

 Шүүхээс Д.Алтанцэцэгт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг шалгасан, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлд  заагдсан “тогтоол хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой  зөрчсөн зөрчил” тогтоогдохгүй байх тул прокурорын гаргасан  “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн эсэргүүцлийг хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Л.Цэндсүрэнгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Л.Цэндсүрэнгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                               

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН                                                     

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                        

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ