Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0074

 

                                        “Б к” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

                                           захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0700 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн захирал Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0700 дугаар шийдвэрээр: “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн захирал Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нар давж заалдах гомдолдоо: “...Маргааны гол зүйл болох А/187 дугаар тушаал нь захиргааны акт эсэх талаар шүүх дүгнэлт өгөөгүй. Хэрэв тус тушаал нь захиргааны акт бол захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй, захиргааны актыг хүчингүй болгохоос өөр процесстой, захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх учиртай. Захиргааны байгууллага хуулийг биелүүлэх үүрэгтэйг орхигдуулсан. А/84 дүгээр тушаалын хавсралт 13 хуудас бүхий, бүхэлдээ захиргааны хэм хэмжээ тогтоосон агуулгатай. Түүний хавсралт дахь захиргааны хэм хэмжээний актын шинжгүй 3.9 дахь заалтыг үйлчлэлгүй болгохын тулд бусад хэм хэмжээ тогтоосон заалтуудыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэж буй нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт хийсэнгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “Б к” ХХК-иас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/187 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...А/187 дугаар тушаал нь захиргааны акт эсэх талаар шүүх дүгнэлт өгөөгүй, хэрэв тус тушаал нь захиргааны акт бол захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй, захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож байгаа бол хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх учиртай, А/84 дүгээр тушаалын хавсралт дахь захиргааны хэм хэмжээний актын шинжгүй 3.9 дахь заалтыг үйлчлэлгүй болгохын тулд бусад хэм хэмжээ тогтоосон заалтуудыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэж буй нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт хийсэнгүй” гэж маргаж байна.

Маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаалаар[1] “...Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газарт хууль тогтоомжоор олгогдсон захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх хэмжээнд халдаж, эрх хэмжээгээ хэтрүүлэн, хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хууль зөрчиж  2015 онд А/84 дугаартай “Заавар батлах тухай” илт хууль бус тушаал гаргасан, мөн тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, хүчин төгөлдөр биш байх тул хууль дээдлэх болон хуульд үндэслэх зарчмуудыг баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дугаартай “Заавар батлах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй” болгосон байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 162 дугаар тогтоолоор[2] маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болсон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/84 дүгээр тушаалыг “...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр заасан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга өөрийн бүрэн эрхэд биш, хуульд зааснаар Засгийн газрын бүрэн эрхэд хамааралтай асуудлаар шийдвэр гаргасан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж гаргасан тушаалаар батлагдсан заавар нь хэрэгжих үндэслэлгүй, уг тушаалын улмаас ямар нэгэн  эрх зүйн үр дагавар бий болохгүй” гэж дүгнэжээ.

Дээрх тогтоолоос үзвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалыг хууль бус болохыг дүгнэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул уг тушаалыг хүчингүй болгосон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаалыг илт хууль хууль бус болохыг тогтоосноор 2015 оны А/84 дүгээр тушаалыг хуульд нийцсэн гэж дахин дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаал илт хууль бус байлаа гэхэд, түүний үр дагавраар хариуцагчийн 2015 оны А/84 дүгээр тушаал хууль ёсны байх, хуульд нийцсэн байх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Тиймээс дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж илт хууль бусад тооцох боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн захирал Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн захирал Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

 

 


[1] Хавтаср хэргийн 65 хуудас

[2]  Хавтаст хэргийн 53-63 хуудас